| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2019/0043/Э |
| Дугаар | 48 |
| Огноо | 2019-05-02 |
| Зүйл хэсэг | 18.5.1., 24.5.1., |
| Улсын яллагч | Э.Болор |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 48
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж,
Нарийн бичгийн дарга Ц.А
Улсын яллагч Э.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.А
Орчуулагч Л.О
Шүүгдэгч В.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн
Шүүгдэгч: Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, ам бүл 2, аавын хамт амьдрах, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө засах орны Бугат хот, хэрэгт холбогдох үедээ Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, В.Д-д холбогдох эрүүгийн 1920000070146 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/
Шүүгдэгч В.Д нь 2018 оны 07 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг давсгэрт байрлах “Д ХХК-ний ажилчдын амрах байранд тусгай зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Ховор амьтны жагсаалтанд багтсан хүрэн баавгайн соёо 4 ширхэг түүхий эд зүйлийг худалдан авсан, хадгалсан гэмт хэрэг,
мөн 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор Улаанбаатар Эрээн чиглэлийн 34 дүгээр галт тэргээр зорчиж явахдаа Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн 379 дүгээр тогтоолоор баталсан “Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах конвенцийн хавсралт” Монгол Улсын хилээр хязгаарлалт тогтоосон бараа буюу хүрэн баавгайн соёо 4 ширхэг, саарал чонын соёо 12 ширхэг түүхий эд зүйлийг зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч В.Д шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Би 2018 оны 07 дугаар сард Д компанийн ажлын байранд байхдаа танихгүй хүнээс соёонууд худалдан авсан. Тухайн эд зүйлийг хилээр гарахыг хориглосон байдаг гэж мэдээгүй. Ингээд 12 сард нутаг буцах гээд вагонд явж байгаад гаалийн шалгалтаар орсон, биед чинь юу байгаа вэ гэж асуухаар нь байгаа зүйлээ гаргаж өгсөн. Монгол Улсын хууль тогтоомж зөрчиж буруу юм хийснээ ойлгосон. Би Д компанид ажиллаж байхдаа сардаа 7,000 юаны цалин авдаг байсан ба цалингаа заримдаа бэлнээр, заримдаа картаар авч байсан, миний цалин картанд байгаа. Аавтайгаа хамт амьдардаг, аавыг надаас өөр харж хандаж хүнгүй байдлыг харгалзан үзэж хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэв. ” гэсэн мэдүүлэг,
16 ширхэг амьтны шүднүүдийг хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-20/
Иргэний нэхэмжлэгч Ц.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Шинжлэх ухааны академийн Ерөнхий болон сорилийн биологийн хүрээлэнгийн Хөхтөний экологийн лабароторийн дүгнэлтээр 4 ширхэг соёо нь хүрэн баавгайн 1 бодгалийнх болох нь, 12 ширхэг соёо нь саарал чонын 3 бодгалийнх болохыг тус тус тогтоосон байна. Хүрэн баавгай нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын хавсралтаар ховор амьтны жагсаалтад орсон, харин саарал чоно нь нэн ховор болон ховор амьтны жагсаалтад ороогүй элбэг тархацтай амьтанд хамаардаг. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээг тогтоосон байдаг бөгөөд эр бодгаль хүрэн баавгай нь 6,500,000 төгрөгийн, эм бодгаль хүрэн баавгай нь 7,500,000 төгрөгийн үнэлгээтэй байдаг, харин саарал чонын эр бодгаль нь 510,000 төгрөг, эм бодгаль 600,000 төгрөгийн үнэлгээтэй байдаг. Шинжээчийн дүгнэлтээр соёоноос эр, эмийг тогтоох боломжгүй гэсэн байна. Тэгэхлээр эр бодгалиар нь тогтоож хүрэн баавгай нь 6,500,000 төгрөг, саарал чоно 1,530,000 төгрөг, нийт 8,030,000 төгрөг болж байна. Гэхдээ Монгол Улсын Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар тухайн амьтны адил үнэлж нөхөн төлбөр тооцно гэж заасан , мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-д экологи эдийн засгийн үнэлгээг нөхөн төлүүлэхдээ 2 дахин нэмж өсгөж тооцохоор заасан байдаг, энэ хэрэгт төрийн өмнөөс төлөөлөн оролцож байгаа учраас гэмт буруутай этгээдээр 8,030,000 төгрөгийг хоёр дахин үржүүлэн 16,060,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33/
Гэрч Н.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Манай оффис маань СХД-ийн нутаг дэвсгэрт байрладаг хуучин 22-ын товчооны дэргэд байдаг юм. 2018 оны 07 сарын дундуур наадмын дараахан ажил тарахын үед 17 цагийн орчим оффисын өрөөндөө байж байхад приус 11 маркийнх шиг санаж байна, чернилэн ягаан өнгөтэй машинтай нэг эмэгтэй ирээд та нар чонын соёо авах уу гээд гартаа барьчихсан орж ирсэн. Яг хэдэн ширхэг соёо байсныг нь мэдэхгүй байна гартаа нэлээн хэдэн ширхэг соёо барьчихсан байсан. Тэгээд ороод ирэхээр нь өө авахгүй, авахгүй гэж хэлсэн юм аа, угаасаа тийм юм сонирхдоггүй болохоор би төвөгшөөсөн юм. Тухайн үед Н компьютер дээр суугаад байж байсан. Яг тэр үеэр сэлбэгийн өрөөнөөс В гарч ирэх нь таараад нөгөө соёонуудаа В.Д-д үзүүлж байгаад В.Д-г дагуулаад машин руугаа явсан. Гадаа машин руу гарахад нь араас нь харахад машин дотор нь урд талд нь нэг хүн сууж байгаа нь харагдсан гэхдээ машинд хэдэн хүн сууж байсныг мэдэхгүй байна. Оффис дотроосоо л харж байгаа юм л даа. В.Д-тай машиныхаа дэргэд зогсож байгааг нь харахад В.Д-д тооны машинаар дүн үзүүлээд байсан тэгэхээр нь аа энэ хоёр мөнгө төгрөгөө тохиролцож байгаа юм байна даа гэж бодсон. Тэгээд нээх юм бодоогүй өнгөрөөсөн юм. Ажил тараад явахын үед би В.Д-тай таараад чи яасан түрүүний хүнээс соёо авсан юм уу гэхэд авсан гэж байсан тэгэхээр нь би чи аягүй бол нохойн соёо авчихсан даа гээд инээгээд л өнгөрсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-47/
Гэрч С.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 07 сарын дундуур наадмын дараахан ажил тарахын үед 17 цагийн орчим оффисын өрөөндөө О эгчтэй хамт байж байхад хар нүдний шилтэй, хар бараан хувцастай, намхан нуруутай, махлагдуу эмэгтэй хүн орж ирээд үүдний хэсэгт зогсоод чонын соёо авах уу гээд гартаа соёо барьчихсан асуусан. .. В.Д сэлбэгийн өрөөнөөс гарч ирэх нь таараад шууд нөгөө соёонуудаа үзүүлээд В.Д-г дагуулаад гараад явсан.Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Би В.Д-тай хэл нэвтрэлцэхгүй болохоор юм яриад байдаггүй л дээ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49
Гэрч Я.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ажил үүргийн хуваарьтай Замын-Үүд сумын гаалийн газрын өргөн төмөр замын гаалийн хяналтын бүсэд ажиллаж байсан. Энэ үед өглөөний 10 цагийн орчим Улаанбаатар БНХАУ-ын Эрээн хотын чиглэлийн суудлын галт тэрэгний зорчигч нарыг шалгаж байх үед БНХАУ-ын иргэн В.Д нь олон халаастай куртиктэй байсан нь сэжиг бүхий санагдсан учир уг иргэнтэй харьцаж таны халаасанд ямар нэг эд зүйл байна уу гэж асууж шалгасан. Гэтэл В.Д нь куртикны дотор талын халааснаас хар өнгийн гялгар уутаар боож багласан эд зүйл гаргаж надад өөрөө өгсөн. Уг боодолтой зүйлийг задалж үзэхэд дотроос нь амьтны гэхээр 4 ширхэг том, 12 ширхэг жижиг шүд соёонууд гарч ирсэн. Тэр үед нь гар утсаар зургийг нь авч баримтжуулаад хурааж авч шалгах ажиллагааг явуулаад Дорноговь аймгийн Замын-Үүд сумын прокурорын газарт материалаа хүргүүлж харъяаллын дагуу Төмөр замын Цагдаагийн газарт шилжүүлсэн. Өөр зүйл болоогүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56/
Хүрэн баавгайн соёо 4 ширхэг, саарал чонын 12 ширхэг соёог эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх-ийн 58/
Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 59-61/
Ерөнхий болон Сорилийн биологийн Хүрээлэнгийн Хөхтний Экологийн Лабораторийн Эрдэм шинжилгээний ажилтан, шинжээч Г.Г-н “ 1.Хураагдсан 16 соёо шүдний 4 нь хүрэн баавгай нэг бодгалийн дээд 2, доод 2 соёо шүд байна. Бусад 12 соёо шүд нь Саарал чоно 3 бодгалийн дээд, доод соёо болохыг тогтоов” гэсэн дүгнэлт /хх-ийн 54/
Ерөнхий болон Сорилийн биологийн Хүрээлэнгийн Хөхтний Экологийн Лабораторийн Эрдэм шинжилгээний ажилтан, шинжээч Г.Г-н “ 1. Амьтны соёо шүднээс тухайн бодгалийн хүйсийг тодорхойлох боломжгүй.
2. Амьтдыг хэзээ агнасныг соёо шүднээс тогтоох боломжгүй.
3. Хүрэн баавгайн дөрвөн ширхэг соёо нь нэг бодгальд хамаарах буюу нэг баавгайн дээд хоёр соёо, доод хоёр соёо шүд байна. Хүрэн баавгайн экологи эдийн засгийн үнэлгээ Ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээнд үнэлснээр эр бодгаль 6.500.000 эм бодгаль 7,500,000 төгрөг.
4. Саарал чоно арван хоёр ширхэг соёо нь гурван бодгальд хамаарах бөгөөд бодгаль тус бүрийн дээд хоёр соёо, доод хоёр соёо шүд байна. Саарал чонын экологи эдийн засгийн үнэлгээ Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт болох Ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээнд үнэлснээр эр бодгаль 510,000 төгрөг, эм бодгаль 600,000 төгрөг” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 67/
Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан ан, амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ /хх-ийн 68-69/
Шүүгдэгч В.Д-с ... дугаартай гадаад паспортыг мөрдөн байцаагч С.Д хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 75/
Д ХХК-ний 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “В.Д нь 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 25-ны хооронд хөдөлмөрийн визээр засварчингаар ажиллаж байсан нь үнэн болно” гэсэн 47 тоот албан бичиг /хх-ийн 78/
Цагдаагийн Ерөнхий газрын Төмөр зам дахь цагдаагийн газраас шүүгдэгч В.Д-ны гадаад паспортыг Гадаадын иргэн харъяатын газарт хүргүүлсэн тухай 219 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 14-4в/403 тоот /хх-ийн 84/
Шүүгдэгч В.Д нь ял шийтгэлгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 74/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Гэм буруугийн хувьд:
Шүүгдэгч В.Д нь 2018 оны 07 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг давсгэрт байрлах “Д ХХК-ний ажилчдын амрах байранд байхдаа үл таних хүнээс хүрэн баавгайн соёо 4 ширхэгийг худалдан авч хадгалсан, мөн 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор Улаанбаатар Эрээн чиглэлийн 34 дүгээр галт тэргээр зорчиж явахдаа хүрэн баавгайн соёо 4 ширхэг, саарал чонын соёо 12 ширхэг зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйл баримт болсон байна.
Шүүгдэгчийн бусдаас худалдан авч, хадгалсан 4 ширхэг соёо нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Ховор амьтны жагсаалтанд багтсан хүрэн баавгайн түүхий эд байх бөгөөд тэрээр уг амьтны түүхий эдийг худалдан авах, хадгалах тусгай зөвшөөрөлгүй байна.
Түүнчлэн Амьтны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2-т “...амьтныг амьдаар нь, мөн амьтны гаралтай түүхий эд…ийг гадаад улсад гаргах журмыг төрийн захиргааны төв байгууллага батална” гэж заасны дагуу холбогдох зөвшөөрлийг авч саарал чоно, хүрэн баавгайн түүхий эд болох нийт 16 соёог улсын хилээр нэвтрүүлэх юм. Гэтэл шүүгдэгч В.Д-н хувьд ямар нэг байдлаар зөвшөөрөл авахгүйгээр саарал чонын соёо 12 ширхэг, хүрэн баавгайн соёо 4 ширхэг зэргийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн байна. Иймд шүүгдэгчийг улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан барааг улсын хилээр нэвтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй юм.
Харин прокурор яллах дүгнэлтдээ “ Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн 379 дүгээр тогтоолоор баталсан “Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах конвенцийн хавсралт” Монгол Улсын хилээр хязгаарлалт тогтоосон бараа буюу хүрэн баавгайн соёо 4 ширхэг, саарал чонын соёо 12 ширхэг түүхий эд зүйлийг зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь уг тогтоолоор хүрэн баавгай, саарал чоныг улсын хилээр нэвтрүүлэхэд хязгаарлалт тогтоосноос өөрөөр тэдгээрийн түүхий эдийг хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан тогтоол биш юм.
Иймд шүүгдэгч В.Д-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-д заасан хуульд зааснаар хязгаарлалт тогтоосон барааг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийг, мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д заасан ховор амьтны түүхий эд зүйлийг тусгай зөвшөөрөлгүйгээр худалдан авсан, хадгалсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шинжлэн судалсан гэрч С.Н, Н.О, Я.М нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, 16 ширхэг амьтны шүднүүдийг хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-20/, Ерөнхий болон Сорилийн биологийн Хүрээлэнгийн Хөхтний Экологийн Лабораторийн Эрдэм шинжилгээний ажилтан, шинжээч Г.Г-н гаргасан дүгнэлт /хх-ийн 67/, хүрэн баавгайн соёо 4 ширхэг, саарал чонын 12 ширхэг соёог эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх-ийн 58/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 59-61/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Тээврийн прокурорын газраас шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсгүүд түүний үйлдэлд тохирсон байх тул тухайн гэмт хэргүүдэд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүгдэгч В.Д-д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д “ энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчим, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “ эрүүгийн хариуцлага нь тухай хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим зэргийг эрх зүйн удирдлага болгон гэмт хэрэг тус бүрд нь торгуулийн ял оногдуулан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулах журмыг баримтлах нь зүйтэй байна.
Эд мөрийн баримт болон хохирлын хувьд:
Ерөнхий болон Сорилийн биологийн Хүрээлэнгийн Хөхтний Экологийн Лабораторийн Эрдэм шинжилгээний ажилтан, шинжээч Г.Г нь “хүрэн баавгайн дөрвөн ширхэг соёо нь нэг бодгальд хамаарах буюу нэг баавгайн дээд хоёр соёо, доод хоёр соёо шүд байна. Хүрэн баавгайн экологи эдийн засгийн үнэлгээ Ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээнд үнэлснээр эр бодгаль 6.500.000 эм бодгаль 7,500,000 төгрөг, саарал чоно арван хоёр ширхэг соёо нь гурван бодгальд хамаарах бөгөөд бодгаль тус бүрийн дээд хоёр соёо, доод хоёр соёо шүд байна. Саарал чонын экологи эдийн засгийн үнэлгээ Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт болох Ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээнд үнэлснээр эр бодгаль 510,000 төгрөг, эм бодгаль 600,000 төгрөг” гэсэн дүгнэлтийг гаргасан байдаг.
Иргэний нэхэмжлэгч Ц.Ц нь мөрдөн шалгах ажиллагаанд “ эр бодгалиар нь тогтоож хүрэн баавгай нь 6,500,000 төгрөг, саарал чоно 1,530,000 төгрөг, нийт 8,030,000 төгрөг болж байна Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар тухайн амьтны адил үнэлж нөхөн төлбөр тооцно гэж заасан, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-д экологи эдийн засгийн үнэлгээг нөхөн төлүүлэхдээ 2 дахин нэмж өсгөж тооцохоор заасан байдаг, гэм буруутай этгээдээр 8,030,000 төгрөгийг хоёр дахин үржүүлэн 16,060,000 төгрөгийг нэхэмжилж байна” гэж нэхэмжилдэг бөгөөд шүүгдэгчийн хувьд амьтны эр, эм бодгалийн тал дээр болон үнэлгээн дээр ямар нэг маргаан гаргаагүй болно. Иймд Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасны дагуу шүүгдэгч В.Д-с амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрт 16,060,000 төгрөг гаргуулж, улсын орлого болгох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн хүрэн баавгайн соёо 4 ширхэг, саарал чонын 12 ширхэг соёо зэргийг цаашид ашиглах боломжтой эсэх талаар дүгнэлт хэрэгт авагдаагүй байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд зүйл, эд хөрөнгөгүй, түүний гадаад паспортыг мөрдөн шалгах ажиллагааны явцад Гадаадын иргэн харъяатын газарт шилжүүлсэнийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч В.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-д заасан хуульд заасны дагуу хязгаарлалт тогтоосон барааг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг, мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ховор амьтны түүхий эд зүйлийг худалдан авсан, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч В.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-т зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгийн торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-т зааснаар 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.1-д зааснаар шүүгдэгч В.Д-д оногдуулсан ялын хөнгөнийг хүндэд нь нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 7,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 /долоон сая/ төгрөгийн торгох ялаар тогтоосугай.
4. Шүүгдэгч В.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд зүйл, эд хөрөнгөгүй, түүний ... дугаартай гадаад паспортыг мөрдөн шалгах ажиллагааны явцад Гадаадын иргэн харъяатын газарт шилжүүлсэнийг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн баавгайн соёо 4 ширхэг, саарал чонын 12 ширхэг соёо зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6. Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-д зааснаар шүүгдэгч В.Д-с амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрт 16,060,000 төгрөг гаргуулж, улсын орлого болгосугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гаргахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЦЭРЭНХАНД