Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
Хэргийн индекс | 181/2023/03330/И |
Дугаар | 210/МА2024/01893 |
Огноо | 2024-10-14 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 210/МА2024/01893
2024 10 14 210/МА2024/01893
Т ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
***** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2024/02929 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т ХХК-ийн хариуцагч О СӨХ-нд холбогдуулан ажлын хөлсний үлдэгдэл 24,500,000 төгрөг, алданги 12,250,000 төгрөг, нийт 36,750,000 төгрөг гаргуулах үндсэн, хохиролд нийт 41,701,420 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
1.1. Т ХХК нь О ХХК-тэй 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 20/04 дугаартай бетон шал цутгах өнгөлөх ажлын гэрээ байгуулж, уг гэрээгээр **** м.кв бетон шалны цутгалт болон 4106 м.кв мэргэжлийн өнгөлгөөний ажил, 500 м.кв эпокси будаг хийж өгөхөөр тохиролцсон.
1.2. Гэрээний дагуу О СӨХ нь урьдчилгаа 50,000,000 төгрөгийг ажил эхлэхээс өмнө, үлдэгдэл 50,000,000 төгрөгийг ажил дууссаны дараа буюу 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн сар болгон төлөхөөр тохирсон.
1.3. Гэтэл О СӨХ нь дээрх үлдэгдэл 24,500,000 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй байна. Иймд үлдэгдэл 24,500,000 төгрөг, гэрээний 3.5-д заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцсон алданги болох 12,250,000 төгрөг, нийт 36,750,000 төгрөгийг О СӨХ -ноос гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Манай холбоо, Т ХХК -тай 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 20/01 дугаартай бетон шал цутгах, өнгөлөх ажлын гэрээ байгуулсан. Уг гэрээгээр О СӨХ нь ********************* байрнуудын B1 давхрын /гарааш/ ***** м.кв талбайд мэргэжлийн өнгөлгөө хийх, хүүхдийн тоглоомын талбайн доод талын В1 давхарт **** м.кв талбайд М300 маркийн бетон цутгалт, тэгшилгээ, мэргэжлийн өнгөлгөө, зүсвэр хийх, хүрээтэй явган зам, явган хүний гарц, хогийн цэг гэх мэт хэсгүүдэд зориулалтын эпокси будаг хийх, зорчих хэсгийн хөдөлгөөний тэмдэг, эргэлтийн цэгт дугуй толь суурилуулах гэх мэт шалан дээр хийгдэх бүх тэмдэглэгээг хийх, бүх зогсоолд аөтомашины дугуйн зориулалтын хязгаарлагч хийх, В1 давхрын багана, эргэлтийн хананы булан дээр зориулалтын цацруулагчтай хамгаалалтын резин булан хийх зэрэг ажлуудыг гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцсон. Гэрээний 2.1, 2.3-т заасны дагуу дээрх ажлын гүйцэтгэх үнийн дүнг 100.000.000 төгрөгөөс хэтрэхгүй байхаар тохиролцож, урьдчилгаанд 50,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 50,000,000 төгрөгийг хуваарийн дагуу төлөхөөр тохирсон бөгөөд О СӨХ -ны зүгээс гэрээний үүргээ биелүүлэн нийт 80,500,000 төгрөг төлсөн.
2.2. Ажил гүйцэтгэх хугацааг гэрээний 1.2-т “2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд гүйцэтгэнэ” гэж заасан. Гэвч Т ХХК нь ажлаа гүйцэтгэхгүй удааширсан.
2.3. Гэвч гэрээний 7.1-д заасан 3 жилийн баталгаат хугацаанд гараашийн шалны зарим хэсгийн эпокси будаг олон газар хуурч, шинээр цутгасан бетон шал хагарч, өнгөлсөн шал зарим хэсгээрээ өнгөлгөө алдаж, бүрзийж, тэмдэг, тэмдэглэгээ арилж ажлын үр дүнд чанарыг доголдол гарч эхэлсэн. Энэ талаар бид Т ХХК-ийн захиралд мэдэгдэхэд “...шал угаадаг машинаар цэвэрлэх шаардлагатай” гэхээр нь Sс430 маркийн машиныг Висдом капитал компанаас 11,800,000 төгрөгөөр худалдан авч цэвэрлэсэн боловч дээрх доголдолд үргэлжлэн гарч, нэмэгдсээр байсан. Ингээд дээрх доголдлыг арилгуулах шаардлагыг Т ХХК -д гаргасан боловч доголдлыг арилгаж өгөөгүй. Ингээд бид 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 23/012 дугаартай албан бичгээр Т ХХК -д баталгаат хугацаанд гарсан дээрх асуудлыг танай зүгээс шийдвэрлэж өгөхгүй байгаа удаж байгаа тул бид үлдэгдэл болох 19,500,000 төгрөгийг төлөх боломжгүй тухай мэдэгдэл хүргүүлсэн. Энэхүү мэдэгдэлтэй холбоотой бидэнд ямар нэгэн хариу ирээгүй бөгөөд доголдлыг аливаа хэлбэрээр засварлаагүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
3.1. Т ХХК -аас гэрээгээр тохирсон ажлын үр дүнг хүлээн авснаас хойш баталгаат хугацааны дотор гараашийн шалны зарим хэсгийн эпокси будаг хуурч, бетон шал хагарч, өнгөлсөн шал зарим хэсгээрээ өнгөлгөө алдаж, бүрзийж, тэмдэг, тэмдэглэгээ арилж ажлын үр дүнд биет байдлын доголдол гарсан. Улмаар бетонон шалны тэмдэг, тэмдэглэгээ хууларсан, ховхорсон, арилсан доголдлуудыг засварлуулах ажлын бодит үнийн дүн 49,358,320 төгрөг болохыг хөрөнгийн үнэлгээний “Л” ХХК тогтоосон. О СӨХ нь тус ажилд зориулан Т ХХК -д нийт 78,690,000 төгрөг шилжүүлсэн. Иймд Т ХХК -д төлсөн төлбөрөөс доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ буурсан тул 28,048,320 төгрөгийг Т ХХК -аас буцаан гаргуулж өгнө үү.
3.2. Гэрээний 4.3, 4.4-т “Гүйцэтгэгч тал нь ажлын явцад хэрэглэгдэх тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг бүрэн хариуцна. Гүйцэтгэгч тал нь ажлын явцад хэрэглэгдэх тоног төхөөрөмж багаж хэрэгсэл бодисын урсгал зардлыг бүрэн хангана” гэж заасан. Бид гэрээгээр тохирсон ажилд зориулан 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр О ХХК -д гараашийн шалны тэмдэглэл хийх будагт 758,400 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр иргэн н.Д-т гараашийн шал өнгөлгөөний бетон зуурмагийн үнэ 1,051,000 төгрөгийг тус тус төлсөн. Иймд гэрээний дагуу ажил гүйцэтгэхэд зориулж О СӨХ -ноос гаргасан гараашийн тэмдэглэгээ хийх будгийн зардал 758,400 төгрөг, бетон зуурмагийн үнэ 1,051,000 төгрөг, нийт 1,809,400 төгрөгийг Т ХХК -аас гаргуулж өгнө үү.
3.3. Гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын чанарт доголдол илэрсэн талаар Т ХХК -д удаа дараа мэдэгдэхэд танайх шал угаадаг машин авах хэрэгтэй гэсэн. Ингээд Sс430 маркийн машиныг В ХХК-аас 11,843,700 төгрөгөөр худалдан авч шалыг цэвэрлэсэн. Гэвч гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын үр дүнд доголдол илэрсээр байсан. Ийнхүү Т ХХК-ийн зөвлөсний дагуу шал угаадаг машин авч ашигласан боловч нэгэнт үр дүнгүй байсан тул машин авахад зарцуулсан 11,843,700 төгрөгийг Т ХХК -аас гаргуулж өгнө үү.
Иймд гэрээний дагуу урьдчилан шилжүүлсэн 28,048,320 төгрөг, ажил гүйцэтгэхэд зориулан бодисын урсгал зардал 1,809,400 төгрөг, Nilfisk брэндийн шал угаадаг машин авахад зарцуулсан 11,843,700 төгрөг, нийт 41,701,420 төгрөгийг Т ХХК -аас гаргуулж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:
4.1. Гэрээний 13-т “уг гэрээгээр хийгдэх үндсэн ажил нь 2-рт **** м.кв талбайд шинээр бетон цутгах, 2-рт шинээр цутгасан **** м.кв талбайгаа оролцуулаад нийт ***** м.кв талбайн шалыг өнгөлөх ажлыг хийж гуйцэтгэнэ” гэж тусгасан болохоос хариуцагч О СӨХ -ны шалыг бүхэлд манай компани цутгаад, өнгөлөх ажил биш. Өөрөөр хэлбэл, өнгөлөх ажил нь О СӨХ -ны өмнө нь цутгасан байсан шалыг өнгөлөх ажил буюу засварын ажил голцуу хийж гүйцэтгэсэн. “Л” ХХК-ийн бетон шалыг засварлах шаардлагатай гэж дүгнэсэн 1,121.78 м.кв талбайн хэмжээ нь Т ХХК-ийн бетон цутгалтын ажлыг хийсэн талбайн хэмжээнээс 2 дахин илүү байх тул гүйцэтгэсэн ажлын доголдол гэж үзэх боломжгүй, биднээр цутгуулаагүй хуучин шалны эвдрэл гэмтэл байна.
“Л” ХХК-ийн тайланд “Х” ХХК, “Д” ХХК, “Ж” ХХК-ийн үнийн саналыг харьцуулан үнэлгээний дүнг гаргасан боловч тайланд хавсаргасан баримтаар “А” ХХК-ийн үнийн санал нь тайланд тусгагдсан үнийн саналаас эрс зөрүүтэй байна. Мөн компанийг төлөөлсөн этгээдийн гарын үсэг зурагдаагүй. Баталгаат хугацаа дууссанаас хойш үзлэг хийлгэн, хөрөнгөд учирсан хохирлын байдлыг тогтоож, сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй, О СӨХ нь гэрээнд заасан баталгаат хугацаа дууссанаас хойшхи эвдрэл гэмтлийг хариуцахгүй.
4.2. Гэрээнд зааснаар багаж хэрэгслийн урсгал зардал гэдэг нь ир, точил гэх зэрэг багажинд хамаарах хэсэг болно. Бидний тооцоолж, төлөвлөсөн материалууд бүгд орсон боловч шалны өнгөлгөөний ажил дуусахгүй байсан тул мэргэжлийн байгууллагаар м.кв-ыг тогтоолгоход шалны хэмжээ нь ***** м.кв талбайгаас илүү байсан. Энэ талаар О СӨХ-нд албан бичгээр мэдэгдэхэд талбайн хэмжээ илүү байгааг хүлээн зөвшөөрч, илүү талбайн будгийг өөрсдөө авч өгсөн тул үнэ төлбөргүй тухайн ажлыг хийж гүйцэтгэж өгсөн. Мөн О СӨХ нь гэрээнд заагдаагүй ажил болох орох, гарах гарцыг засварлуулсан тул бетон зуурмагийн үнийг нэхэмжлэх үндэслэлгүй.
4.3. Бусдын өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа шал угаагч машинд хохирол учруулаагүй, түүнийг эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулаагүй шал угаагч машины үнийг нэхэмжилсэн нь ойлгомжгүй байна. О СӨХ нь шалыг цэвэрлэхдээ үртэс асган дэрсэн шүүрээр гараар шүүрдэж цэвэрлэгээ хийж байсан. Энэ нь өөрөө өнгөлгөө хийсэн шалыг эвдэж, гэмтээх аюултай байсан. Иймд эдгээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О СӨХ -ноос нийт 21,309,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК -д олгон, үлдсэн 15,440,600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О СӨХ -ны нэхэмжлэгч Т ХХК -аас нийт 41,701,420 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 341,700 төгрөгийг, хариуцагч О СӨХ -ны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 366,458 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О СӨХ -с улсын тэмдэгтийн хураамжид 264,497 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК -д олгож шийдвэрлэжээ.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
6.1. О СӨХ -ны зүгээс Т ХХК-ийн гүйцэтгэсэн ажилтай холбоотойгоор удаа дараа гомдлын шаардлага гаргаж байсан. Тодруулбал, 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 20/036 дугаартай албан бичгээр шаардлага хүргүүлсэнийг Т ХХК хүлээн зөвшөөрсөн тул бид төлбөр төлөлтийн хуваарийг 1 сараар хойшлуулж 2020 оны 08 дугаар сараас үлдэгдэл төлбөр төлөлтийг төлж эхэлсэн. Мөн 2022 оны 02 сарын 11-ний өдөр гараашийн шал өнгө алдах, будаг нь хуурах, хагарал гарах гэх мэт доголдлыг засварлуулах тухай хүсэлтийг Т ХХК -д утсаар мэдэгдсэн. Үүний дагуу Т ХХК-ийн зүгээс гараашийн шалны нөхцөл байдлыг баримтжуулсан зураг авсан бөгөөд уг баримтыг хэрэгт гаргаж өгсөн. Мөн энэ тухай шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас тодруулахад ийнхүү шалгахаар ирж байсан тухай үгүйсгээгүй. Т ХХК доголдпыг арилгаж өгөхгүй хэвээр байсан тул бид 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр “Баталгаат хугацаанд гарсан асуудлыг шийдвэрлэж өгөхгүй байгаа тул үлдэгдэл болох 19,500,000 төгрөг төлөхөөс татгалзаж буй” тухай хариу шаардлагыг Т ХХК хүлээн авсан. Иймд хуульд заасан хугацааны дотор гомдлын шаардлага гаргасан болох нь тогтоогдохгүй байна гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажил нь чанар, стандартын шаардлага хангасан гэх нотлох баримт байхгүй бөгөөд нэхэмжлэгчийн хийсэн ажил нь чанарын баталгаат засварын хугацаанд үл арилах, арилсан тохиолдолд сэргээн засварлах үүрэгтэй. Бодит байдал дээр В1 давхрын авто зогсоол болон явган хүний замын эпокси будаг арилж, тэмдэг тэмдэглэгээ ялгах боломжгүй болсон тул тэдгээрийг гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжгүй нөхцөл байдал бий болсон. Түүнчлэн, гэрээний 7.1-д “Бетоны тэгшилгээ өнгөлгөөний баталгаат хугацаа заасан 3 жил” гэж заасан. Т ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын баталгаат хугацааны дотор ажлын үр дүнд чанарын доголдол гарч эхэлсэн. Иймд хариуцагч нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-т заасан шаардах эрхийн дагуу төлбөл зохих хөлсийг 49,358,320 бууруулж, илүү төлсөн 28,048,320 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжпэлийн шаардлага гаргасан боловч шүүх уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь алдаатай байна.
6.2. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан бетон шал цутгах өнгөлөх ажлын гэрээний тохиролцооны агуулгыг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн. Гэрээний 2.1, 3, 4.3, 4.4-т ажиллах нөхцөл бололцоогоор бүрэн хангах үүрэгтэй. Дээрх заалтын агуулгыг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасны дагуу үгийн шууд утгаар тайлбарлахад талууд гэрээтэй холбоотой ажлыг гүйцэтгэх үнийг бүхэл дүнгээр буюу 100,000,000 төгрөгөөс хэтрэхгүй байхаар тохиролцсон байх бөгөөд захиалагч нь гүйцэтгэгчийг гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай тог, цахилгаан, ус, бохир ус, хог хаягдлын цэг, ажлын тоног төхөөрөмж хадгалах өрөө, амралтын байраар хангах бол Гүйцэтгэгч нь ажлыг гүйцэтгэхтоногтөхөөрөмж, багаж хэрэгсэл, хэрэглэх бодис, түүний урсгал зардлыг хариуцахаар тохирсон. Уг тохиролцоо нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасанд нийцсэн. Гараашийн шалны тэмдэглэл хийх будагны үнэ 758,400 төгрөг, гараашийн шал өнгөлгөөний бетон зуурмагийн үнэ 1,051,000 төгрөг зарцуулсанд зохигч маргаагүй. Шаардлагатай бараа материал авч өгөхгүй ажлын хүлээлцэх хугацааг алдаж байсан тул бид шал өнгөлж буй хүмүүсийн нэрлэн заасан зарим материалыг өөрсдийн мөнгөөр худалдан авч уг зардлыг Т ХХК -д төлөх төлбөрөөс хасаж тооцсон. Тиймээс гэрээний 4.3, 4.4-т заасны дагуу гэрээт ажлыг гүйцэтгэх бодис, түүний урсгал зардал болох гараашийн тэмдэглэгээ хийх будагны зардал 758,400 төгрөг, бетон зуурмагны үнэ 1,051,000 төгрөг, нийт 1,809,400 төгрөгийг нэхэмжлэгч Т ХХК хариуцах үүрэгтэй.
6.3. Т ХХК-ийн шилжүүлсэн ажлын үр дүн доголдолтой байсан бөгөөд тус компанийн захирлын зөвлөсний дагуу 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр “Дани” улсын Nilfisk брэндийн шал угаадаг Sc430 маркийн машиныг В ХХК-аас 11,843,700 төгрөгөөр худалдан авч шалыг цэвэрлэсэн. Гэвч гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын үр дүнд доголдол илэрсээр байсан. Иймд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасны дагуу 11,843,700 төгрөгийг Т ХХК -аас гаргуулах үндэслэлтэй байсан.
6.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр автомашины зогсоолын талбайд үзлэг хийлгэх хүсэлт гаргасан боловч шүүхээс хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн. Хариуцагч нь хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор удаа дараа хүсэлт гаргахад шүүх ажлын үр дүнтэй холбоотой баримт хэрэгт авагдсан байна гэх атлаа хариуцагчийн маргаж буй шинээр цутгасан бетон шал хагарч, өнгөлсөн шал зарим хэсгээрээ өнгөлгөө алдаж, бүрзийсэн гэх үйл баримтад анхан шатны шүүх дүгнэлт өгөөгүй байна. Хариуцагч ийнхүү хуульд нотлох баримт бүрдүүлүүлэхээр шүүхэд хандсан боловч шүүх хүсэлтийг хангахаас татгалзаж хариуцагчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, мэтгэлцэх эрхийг ноцтой зөрчсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: О СӨХ -оос Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт заасан хугацаанд доголдлын талаар ямар ч гомдлын шаардлага гаргаж байгаагүй. Харин төлбөрөө төлөхийг хойшлуулж өгнө үү гэх хүсэлт гаргаж, 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 25,500,000 төгрөг төлсөн. Хэрвээ доголдолтой ажил гэж үзэж байсан бол яагаад албан бичиг өгснөөс хойш төлбөр төлсөөр байсан вэ, гэрээнд тоо хэмжээний талаар тохиролцсон ч чанарын талаар тохиролцсон зүйл байхгүй. Иймд гараашийн зориулалтын дагуу ашиглаж байгаа талаар хариуцагч болон нэхэмжлэгч нарын зүгээс фото зураг болон бичлэгт үзлэг хийж баталгаажуулсан. Үүгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг няцааж байна. “Л” ХХК нь зар сурталчилгаа болон гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанийн үнэлгээг үндэслэн сөрөг нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Хариуцагч талаас материал гаргаагүй. Манайх туслах материалын зардлыг гаргана гэж байсан бөгөөд түүнийхээ дагуу гаргасан. Илүү м.кв талбайн ажлыг хийгээд өг, гуйж байна гэсний үндсэн дээр илүү ажил хийсэн. Тухайн үед будаг хууларсан хэсэгт цахилгаан мотоцикл тавьдаг хэсэг байсан. Механик гэмтлийн улмаас учирсан хохиролд хариуцлага тооцож чадахгүй тул дахин засварлах боломжгүй талаар хэлсэн. Түүнчлэн, О СӨХ Сэлбэ голын гольдролын дагуу байдаг бөгөөд доороосоо хөрсний ус, чийгтэй. Нойтон гадаргуу дээр хийсэн будаг удаан тэсдэггүй. Энэ талаар Барилгын тухай хууль болон норм, дүрэмд заасан. Усны үйлчлэл ихтэй бол будахгүй, будсан тохиолдолд олон удаагийн сэргээн засварлалт хийгдэнэ гэж барилгын норм, дүрмийн 31.09.01-т заасан. Тиймээс барилгын норм, дүрэм зөрчиж ажил хийсэн мэтээр тайлбарласан нь үндэслэлгүй. **** м.кв талбайг 1 үйлчлэгч цэвэрлэж барахгүй, манайх өөрсдөө шал угаадаг автомашин зардаг, цэвэрлэж чадахгүй бол манай байгууллагаас цэвэрлэгээний автомашин лизингээр авах боломжтой гэж хэлэхэд өөрсдийн санаачилгаар шал угаадаг автомашин авсан байж сөрөг нэхэмжлэлдээ манай байгууллагыг тус мөнгийг төлөх ёстой гэж шаардаж байгаа нь үндэслэлгүй. Өнөөдрийн байдлаар гаражийг хэвийн хэмжээнд ашиглаж байгаа. гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлын хүрээнд хянахад анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч О СӨХ-нд холбогдуулан ажлын хөлсний үлдэгдэл 24,500,000 төгрөг, алданги 12,250,000 төгрөг, нийт 36,750,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хохиролд 41,701,420 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
3. Т ХХК , О СӨХ нарын хооронд 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр №20/04 дугаартай бетон шал цутгах, өнгөлөх ажлын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ажил гүйцэтгэгч Т ХХК нь ***** дүүргийн *** дүгээр хороо, Юнескогийн гудамж "*******" орон сууцны цогцолбор байр, В1 давхрын **** м.кв талбайд М300 маркийн бетон шал цутгалт, шинээр цутгасан **** м.кв талбайг оролцуулан нийт ***** м.кв талбайн тэгшилгээ, мэргэжлийн өнгөлгөө, зүсвэр хийх, 500 м.кв талбайд эпокси будаг хийх, захиалагч О СӨХ гэрээний 2.3-т заасны дагуу хөлс төлөхөөр харилцан тохиролцсон байна./1хх7-9/
4. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь зөв болжээ.
4.1. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч Т ХХК нь "*******" орон сууцны цогцолбор байр, В1 давхрын бетон шал цутгалт, өнгөлгөө, зүсүүр, эпокси будаг хийх ажлыг гүйцэтгэж, 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хариуцагч О СӨХ-нд хүлээлгэн өгсөн, О СӨХ -ноос ажлын хөлсөнд нийт 78,690,600 төгрөгийг Т ХХК -д төлсөн үйл баримтыг анхан шатны шүүх талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн зөв тогтоожээ. /хх31-34, 37-46/
4.2. Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажил гүйцэтгэх гэрээгээр доголдолгүй ажлын үр дүн бий болгох үүргээ биелүүлээгүй зөрчсөн үндэслэлээр уг доголдол буюу бетон ховхлох, зөөх, тэгшилгээ өнгөлгөө, тэмдэглэгээ хамгаалалт өнгөлгөө арилсан доголдлуудыг засварлуулах ажлын бодит үнийн дүн 49,358,320 төгрөг болох нь тогтоогдсон тул ажлын үр дүнгийн үнэ буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажлын хөлсөнд төлсөн 78,690,600 төгрөгөөс 28,048,320 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган шаардсан.
Нэхэмжлэгчийг доголдолгүй ажлын үр дүн шилжүүлэх үүргээ зөрчсөн гэж үзсэн тохиолдолд хариуцагч нь энэхүү доголдлын талаар гомдлын шаардлагыг хуульд заасан хугацаанд гаргах учиртай.
Хариуцагч нь ажлын үр дүнг 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 20/036 дугаартай албан бичгээр доголдлыг засварлуулахаар шаардсан гэх боловч уг албан бичгийг Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч хүлээн авч, хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болсон гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй байна.
Түүнчлэн, 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 23/012 албан бичигт “...Танай компанийн гүйцэтгэсэн ажил зарим хэсэг чанарын шаардлага хангахгүй будсан эпокси будаг олон газар хуурч, шинээр цутгасан бетон шал хагарал их гарч, өнгөлсөн шал зарим хэсгээрээ өнгөлгөө алдаж байгаа талаар 2021 оны 05 дугаар сард бид танайд мэдэгдсэн” гэж тусгасан байх ба уг албан бичгийг нэхэмжлэгч байгууллагын гүйцэтгэх захирал Б.Э хүлээн авсан талаар тайлбарласан, энэ асуудлаар маргаагүй.
Гэвч дээрх албан бичигт тусгагдсан доголдол бодит байдалд гарсан эсэх нь тодорхойгүй буюу энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байхаас гадна уг доголдлыг засварлуулах талаар 2021 оны 05 дугаар сард мэдэгдэж байсан гэх боловч ийнхүү мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байх тул бетон шалны хагарал гарсан талаар 3 жилийн хугацаанд гомдлын шаардлага гаргаагүй гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.
Өөрөөр хэлбэл, О СӨХ -ны 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 23/012 тоот албан бичгийг Т ХХК хүлээн авсан нь 2021 оны 05 дугаар сард доголдлын талаар мэдэгдсэн, уг доголдлыг хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэх үндэслэл болохгүй юм.
Мөн дээрх албан бичигт эпокси будаг хуурч ховхорсон талаар мэдэгдсэн гэх боловч уг доголдол нь барилга, байшингийн дутагдалд хамаарахгүй тул гомдлын шаардлага гаргах хугацаа нь Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт заасан нэг жилийн хугацаа хамаарна. Хэрэгт дээрх доголдлын талаар хуульд заасан хугацаанд мэдэгдэж байсан гэх баримтгүй байх тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, давж заалдах гомдол үндэслэлгүй.
4.3. Иймд хариуцагч О СӨХ нь хуульд заасан хугацаанд гомдлын шаардлага гаргаагүйн улмаас Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-т заасан шаардлага гаргах эрхээ алдсан талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй тул сөрөг нэхэмжлэлээс 28,048,320 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв, энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхино.
5. Иймээс захиалагч ажлын үр дүнг хүлээн авсан бол зохих журмын дагуу хөлсийг төлөх үүрэгтэй байх ба анхан шатны шүүх ажлын хөлсний үлдэгдэл төлбөр болох 21,309,400 төгрөгийг хариуцагч О СӨХ -ноос гаргуулан нэхэмжлэгч Т ХХК -д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн.
6. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас алданги шаардсан хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул талуудын зарчмыг үндэслэн давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх шаардлагагүй.
7. Мөн хариуцагч нь авто зогсоолын шалны тэмдэглэгээ хийх будаг 758,400 төгрөг, шал өнгөлгөөний бетон зуурмагийн үнэ 1,051,000 төгрөг, нийт 1,809,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Уг шаардлагаа “...”О” ХХК, н.Д нарт төлсөн мөнгөний хэмжээ”-гээр тодорхойлсон боловч хэрэгт авагдсан уг баримтад заасан /хх-ийн 35, 36 дугаар тал/ үнийн дүнгээр нэхэмжлэгчид өгсөн материалын үнийг тодорхойлох боломжгүй. Учир нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.1-д гүйцэтгэх ажлын нийт хөлс 100,000,000 төгрөгөөс хэтрэхгүй гэж тохирсон байх тул хариуцагч нь өөр бусад этгээдэд шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг уг ажлын хөлсөнд хамааруулан шаардсан нь үндэслэлгүй.
Тодруулбал, хариуцагч нь нэхэмжлэгч ажил гүйцэтгэхдээ өөрөө материал аваагүйтэй холбоотойгоор илүү зардал гаргасан гэх байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотлоогүй байна. Иймд шүүх нэхэмжлэлийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.
7.1. Нэхэмжлэгч Т ХХК-ийн хийсэн ажил доголдолтой байсны улмаас тус компанийн захирал Б.Э ийн санал болгосноор шал угаадаг машин худалдан авсан ч доголдол арилаагүй, үр дүн гараагүй үндэслэлээр хариуцагч нь дээрх машины үнэ 11,843,700 төгрөгийг хохиролд тооцож шаардсан, уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт зөв.
Учир нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасан. Энэхүү шаардах эрх нь үүрэг гүйцэтгэгчийн үүргийн зөрчил, үүрэг гүйцэтгүүлэгчид учирсан хохирол хоорондоо шалтгаант холбоотой нөхцөлд хэрэгжих боломжтой.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний чөлөөт байдлын зарчмын хүрээнд хариуцагч нь өөрийн хүсэл зоригийн дагуу “Висдом капитал” ХХК-иас 11,843,700 төгрөгийн үнэ бүхий угаалгын машиныг авсан байхаас гадна ийнхүү авах болсон нь гүйцэтгэсэн ажлын доголдолтой холбоотой гэж дүгнэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.
8. Иймд анхан шатны шүүх угаалгын машины үнэ гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол хангагдахгүй.
9. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ***** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2024/02929 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 708,158 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Д.ЦОГТСАЙХАН