Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2024/01935

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2024/01935

 

 

,,,,,,,,,,-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШШ2024/04183 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ,,,,,,,,,,-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч: ,,,,,,,,,,,д холбогдох,

Орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 9,300,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,,,,,,,,,,,,,,, хариуцагчийн өмгөөлөгч ,,,,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Ирээдүй /17071/ Эрчим хүчний гудамж 103 дугаар байрны 11 тоот орон сууцаа ,,,,,,,,,,,д 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан гэрээний дагуу 5 сарын хугацаатай хөлслүүлсэн. Гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч талын хүсэлтийн дагуу үргэлжлүүлэн хөлслүүлсэн бөгөөд гэрээний үүргээ удаа дараа биелүүлэхгүй байсан тул арга буюу 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр байрнаас гаргасан.

,,,,,,,,,,, нь зарим сард дутуу, эсхүл хэд хэдэн сараар, сүүлдээ бүтэн жилээр төлбөрөө төлөхгүй явсаар 2022 оны 04 дүгээр сарын байдлаар 9,300,000 төгрөгийн өртэй болсон. Иймд ,,,,,,,,,,,гаас орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 9,300,000 төгрөг гаргуулж өгнө үү.

Энэ маргаанд бидний компаниараа хамтран ажиллаж байсан асуудал хамааралгүй гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Миний бие түрээсийн төлбөрийг бүгдийг төлж барагдуулсан бөгөөд гэрээний үүрэг дуусгавар болсон тул одоо төлөх төлбөргүй. 2020 оны 03 дугаар сараас би өөрийн ,,,,,,,,,, ХХК-иараа ,,,,,,,,ы ,,,,,,,,,,,,,,, ГХОХХК-тай хамтран ажиллаж байсан. Энэ зорилгод тухайн орон сууцыг агуулах болгон ашигласан. Мөн талууд нэмэлт гэрээний хугацаа сунгасан талаар тохиролцсон зүйл байдаггүй. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ариунсарнайгаас 7,800,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн ,,,,,,,, ,,,,,,,,,,/-д олгож, нэхэмжлэлээс 1,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 163,750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ,,,,,,,,,,,гаас 139,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ,,,,,,,, ,,,,,,,,,,/-д олгож шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Талууд хамтран ажиллах нөхцөлөө амаар тохиролцож маргаан бүхий орон сууцыг хамтын ажиллагаандаа агуулахын зориулалтаар 2020 оноос эхлэн ашиглаж байсан гэх нотлох баримтуудыг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар үнэлээгүй.

1 дүгээр хавтаст хэргийн 50-58-р талд нэхэмжлэгчээс хариуцагч руу төлбөр шилжүүлсэн баримтууд байдаг бөгөөд тухайн төлбөр шилжүүлсэн цаг хугацаа нь 2020 оны 03 дугаар сараас хойш буюу нэхэмжлэгчийн төлбөр шаардсан цаг хугацаанд байх ба хэрэв нэхэмжлэгч хариуцагчаас авлага буюу орон сууцны хөлсийг шаардах байсан бол хариуцагч руу төлбөр шилжүүлэхгүй.

Мөн хариуцагч нь 2020 оноос эхлэн орон сууцыг агуулахын зориулалтаар ашиглаж эхэлсэн учир тухайн цаг хугацаанаас хойш төлбөр төлөх шаардлагагүй болж төлбөр төлөөгүй нь нэхэмжлэгчийн гаргаж өгсөн 1 дүгээр хавтаст хэргийн 67-93-р талд авагдсан дансны хуулгаар нотлогдож байна.

1 дүгээр хавтаст хэргийн 112-р талд авагдсан нэхэмжлэгчийн мессеж аппликэйшнд үзлэг хийсэн баримтаар хариуцагчийн зүгээс 7,800,000 төгрөгөө шивээрэй гэж шаардсан нь нэхэмжлэгч хариуцагчаас авах авлагатай бус өглөгтэй байсан нь тогтоогдож байна.

Гэрч Ц.Билгүүнбаатар нь маргаан бүхий орон сууцыг агуулахын зориулалтаар ашиглаж байсан, хариуцагч нь нэхэмжлэгчээс авлагатай талаар гэрчилсэн мэдүүлэг өгсөн.

Цахим шуудангийн үзлэгээр хариуцагч нь нэхэмжлэгчээс авлагатай байсан, тухайн авлагаа нэхэмжилж байгаа нь тогтоогдсоор байтал шүүх нэхэмжлэлийг хангаж дээрх баримтуудад хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Хамтран ажиллаж байсан асуудал нь орон сууц хөлсөлж байснаас тусдаа харилцаа. Иймд гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн гомдолд заасан үндэслэлээр хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ,,,,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,,,,д холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 9,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч нь хамтран ажиллах гэрээний хүрээнд орон сууцыг ашиглаж байсан үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон байна.

 

3.1. ,,,,,,,, нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Ирээдүй /17071/ Эрчим хүчний гудамж, 103 дугаар байрны 11 тоот хаягт байршилтай 33,7 м.кв талбайтай, нэг өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн бичгээр байгуулсан гэрээний үндсэн дээр ,,,,,,,,,,,д 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаагаар, сарын 300,000 төгрөгөөр хөлслүүлсэн.

 

3.2. Бичгээр байгуулсан гэрээний хугацаа дуусгавар болсон боловч ,,,,,,,,,,, нь орон сууцыг үргэлжлүүлэн хөлсөлж, улмаар 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн.

 

3.3. Зохигчийн хамаарал бүхий ,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,, ХХК-иуд хамтран ажилладаг байсан.

 

3.4. Хариуцагч нь орон сууц хөлслөх гэрээний төлбөрт 9,300,000 төгрөгийг төлөөгүй.

 

4. Талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр бөгөөд бичгээр байгуулсан гэрээний хугацаа дуусгавар болсон ч уг хугацааг сунгаж гэрээний харилцааг үргэлжлүүлсэн гэж анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн байна.

 

4.1. Хэрэгт авагдсан цахим шуудан, утсаар харилцсан зурваст хийсэн үзлэгийн тэмдэглэл, банкны харилцах дансны хуулга зэргээр талууд өөрсдийн хамаарал бүхий ,,,,,,,,,,,,, болон ,,,,,,,,,, ХХК-иар хамтран ажиллаж, энэ хүрээндээ харилцан мөнгөн хөрөнгө шилжүүлж байсан үйл баримт тогтоогдсон.

Гэхдээ энэхүү харилцаа нь тэдгээрийн байгуулсан орон сууц хөлслөх гэрээний харилцаанд хамааралгүй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцсэн байна.

Учир нь дээрх хуулийн этгээдүүдийн хамтран ажиллаж байсан харилцаанд нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцыг ашиглаж байсан үйл баримт тогтоогдоогүй.

Гэрч Ц.Билгүүнбаатар нь талууд хамтран ажиллахдаа дээрх орон сууцыг агуулахын зориулалтаар ашиглаж байсан гэж мэдүүлэг өгсөн боловч түүний мэдүүлэг хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдоогүй учир мэдүүлгийг үнэн зөв, эргэлзээгүй гэж дүгнэх үндэслэлгүй.

 

4.2. Иймд хариуцагчаас орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 7,800,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдэл Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт нийцжээ.

 

4.3. Нэхэмжлэлээс 1,500,000 төгрөг гаргуулах хэсгийг хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчмын хүрээнд үүнд эрх зүйн дүгнэлт өгөхгүй.

 

5. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШШ2024/04183 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 139,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

Т.БАДРАХ