| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2016/00325/и/ |
| Дугаар | 332 |
| Огноо | 2016-09-16 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 332
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст багийн Дэвшил 7-02 тоотод оршин суух Буяндэлгэрийн Эрдэнэбатад холбогдох
Торгуулийн мөнгө 384.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Одбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Цагдаагийн газар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Есөнбулаг сумын Жинст багийн Дэвшил 7-02 тоотод оршин суух Буяндэлгэрийн Эрдэнэбат нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргаж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар 384.000 төгрөгөөр торгуулсан боловч торгуулийн мөнгийг одоог хүртэл төлөхгүй байх тул торгуулийн мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Эрдэнэбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цагдаагийн газраас нэхэмжилсэн торгуулийн 384.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газар нь торгуулийн мөнгө 384.000 төгрөгийг гаргуулахаар Б.Эрдэнэбатад холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч Б.Эрдэнэбат нь хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарсны дараа торгуулийн мөнгө 384.000 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй бөгөөд 384.000 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Эрдэнэбатаас улсын тэмдэгтийн хураамж 12.170 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй, торгуулийн мөнгө 384.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Эрдэнэбат нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Эрдэнэбатаас улсын тэмдэгтийн хураамж 12.170 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасны дагуу энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН