Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
Хэргийн индекс | 181/2024/01950/И |
Дугаар | 210/МА2024/01936 |
Огноо | 2024-11-01 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 210/МА2024/01936
2024 оны 11 сарын 01 өдөр | Дугаар 210/МА2024/01936 |
,,,,,,,,,,,ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2024/03206 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ,,,,,,,,,,,ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ,,,,,,,,,, ХК-д холбогдох,
28,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ,,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
,,,,,,,,,, ХК-тай 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр орон сууцжуулах хамтын ажиллагааны гэрээ байгуулж, 500,000 төгрөгийг сар бүр тогтмол төлөх, компани 36 сараас хэтрэхгүй хугацаанд шаардлагад дүйцсэн орон сууцанд оруулж, ашиглалтанд хүлээж авсан тохиолдолд захиалагч нь 2 өрөө байранд 4 сая төгрөгийг нэг удаагийн нэмэлт урьдчилгаа төлбөр төлөхөөр тохиролцсон.
Гэрээнд тусгагдсаны дагуу эхний 25 сарын хугацаанд сар бүр 500,000 төгрөгийг төлсөн. Үүний дараа 25 дахь сараас эхлэн компани байгуулагдсан хугацаа болох 2020 оны 08 дугаар сараас, компанитай гэрээ хийсэн хугацаа болох 2021 оны 01 дүгээр сар хүртэлх нийт 5 сарын төлөлт болох 2,500,000 төгрөг болон гэрээний 2.4-д заасан нэмэлт урьдчилгаа төлбөр болох 4,000,000 төгрөгийг төлсөн тохиолдолд 2023 оны 03 дугаар улиралд ашиглалтанд орох байрнаас сонголт хийж орон сууцанд орох боломжтой гэж компаниас санал тавьсны дагуу 6,500,000 төгрөгийг нэмж төлсөн.
Нийт 23,500,000 төгрөг төлсөн боловч захиалга өгөн хүлээж байсан орон сууц маань 2024 оны 01 дүгээр улиралд ашиглалтад орсныг олж мэдээд энэ тухай тодруулахаар компани дээр удаа дараа очих болгонд хариу өгөхөөс татгалзсан.
Эцэст нь тухайн сонголт хийсэн байрнуудтай захиалгын гэрээ байгуулаагүй гэдгээ хүлээн зөвшөөрч энэ онд ашиглалтанд орох өөр 2 байршилд дахин сонголт хийж болно гэдэг тайлбарыг хариуцагч өгсөн.
Иймд гэрээнээс татгалзаж, бэлэн төлөлт хийсэн 23,500,000 төгрөг болон гэрээний 3 дугаар зүйл, нэмэлтээр төлбөр төлөлт хийсэн зээлийн хүү, энэ хугацаанд мөнгөний болон эд материалын ханшийн зөрүү маш их болсон зэргийг үндэслэн төлсөн мөнгөн дүнгийн 20 хувийн хүү болох 4,700,000 төгрөг, нийт 28,200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,, ХК-тай гэрээ байгуулж, мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн. Энэхүү гэрээ нь хуулийн хүчин төгөлдөр байгаа.
Хууль зүйн хувьд гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг гэрээг цуцалсан, эсхүл татгалзсан тохиолдолд буцаан олгохоор хуульчилсан. Гэтэл иргэн ,,,,,,,,,,,ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээс харвал гэрээг цуцлах, эсхүл татгалзах шаардлагыг гаргаагүй. Түүнчлэн хэргийн нөхцөл байдалд гэрээг цуцалсан, татгалзсан гэх үйл баримт тогтоогдоогүй. Мөн нэхэмжлэлд дурдсанаар мөнгөн төлбөрт хүү тооцож, нэхэмжлэх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ,,,,,,,,,, ХК-аас 23,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,700,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч ,,,,,,,,,,,ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 298,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ,,,,,,,,,, ХК-аас улсын тэмдэгтийн хураамж 275,450 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,д олгож шийдвэрлэсэн.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Гэрээнээс татгалзах, цуцлах, дуусгавар болгоход хуульд заасны дагуу явагдах шаардлагатай. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт "Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй" гэж заасан.
Хууль зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүнд хүрээгүй, бодитоор үр дүн гараагүй бол гэрээнээс татгалзах, дуусгавар болгох үндэслэл болдог. Гэвч нэхэмжлэгч нь нэмэлт хугацаа тогтоож байгаагүй, гэрээнээс татгалзсан тухай мэдэгдэл хүргүүлээгүй нь хуульд заасны дагуу татгалзсан хэмээн үзэх боломжгүй нөхцөл байдлыг бүрдүүлж байна
Хувийн эрх зүйн харилцаанд оролцогчид гэрээг цуцалж эсвэл татгалзах боломжтой. Энэ харилцаанд оролцоогүй шүүх гэрээг цуцлах, татгалзах нь үндэслэлгүй бөгөөд хууль зүйн хувьд боломжгүй.
Нэхэмжлэгч тайлбар, татгалзлаа өөрөө нотлох үүрэгтэй. Нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгчийн дурдаж байгаа үйл баримт нотлогдоогүй бол хуульд заасны дагуу нотлох баримт, талуудын тайлбарыг үндэслэж шүүх шийдвэрлэх ёстой. Нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзсан үйл баримт нотлогдоогүй тул нэхэмжлэл үндэслэлгүй гэжээ.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:
Орон сууц ашиглалтад ороогүй тул төлсөн мөнгөө буцааж шаардсан. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,,, ХК-д холбогдуулан гэрээнээс татгалзсаны үр дагаварт орон сууцны төлбөрт шилжүүлсэн 23,500,000 төгрөг, хүү 4,700,000 төгрөг, нийт 28,200,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь гэрээнээс татгалзсан үйл баримт тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.
3. Зохигчдын хооронд 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр гэрээ байгуулагдаж, уг гэрээний хавсралт болох захиалгын хуудсаар нэхэмжлэгч ,,,,,,,,,,, нь 2 өрөө орон сууц худалдан авахаар захиалга өгч, сар бүр хуваарийн дагуу төлбөр төлөхөөр, хариуцагч ,,,,,,,,,, ХК нь гэрээ байгуулагдсанаас хойш 36 сарын хугацаанд орон сууцыг ашиглалтад оруулахаар харилцан тохиролцсон бөгөөд нэхэмжлэгч нь гэрээний үнэ 23,500,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэн өгсөн үйл баримтыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөв тогтоожээ.
4. Талуудын хооронд байгуулсан гэрээгээр хариуцагч нь мөнгөн хуримтлал үүсгэж, орон сууц авахад зуучлахаар тохиролцсон байх боловч уг гэрээний 6.4-т хавсралт нь гэрээний салшгүй хэсэг байна гэж заажээ.
Нэхэмжлэгч нь сар бүр мөнгө төлж, хариуцагч уг мөнгөн хөрөнгөөр Хан-Уул дүүрэг Эвэл апартмент, А блок, 213 тоот, 49.36 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч талын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон гэрээний агуулгаас үзэхэд биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй, нийтийн зориулалттай орон сууцыг өмчлөлд шилжүүлэх, хэлэлцэн тохирсон үнийг төлөх шинжээрээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаанд хамаарч байх ба гэрээ хүчин төгөлдөр байна.
Анхан шатны шүүх худалдах, худалдан авах гэрээний дээрх шинж, гэрээний агуулгыг анхааралгүй талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж алдаатай эрх зүйн дүгнэлт өгснийг залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулна.
4.1. 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн гэрээний 2.2-т орон сууцыг ашиглалтад орох хугацааг гэрээ байгуулагдсан өдрөөс хойш 36 сараас хэтрэхгүй байхаар заасан боловч энэ үүргээ хариуцагч биелүүлсэн, гэрээний хэрэгжилтийн хугацааг сунгасан үйл баримт хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй.
Ийнхүү гэрээ хэрэгжих 3 жилийн хугацаа дууссан боловч үр дүн гараагүй, хариуцагч нь гэрээний үүргээ зөрчсөн байх тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан гэх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт нийцсэн, хэргийн баримтаар хариуцагчид нэмэлт хугацаа тогтоох шаардлагатай гэж дүгнэх үндэслэлгүй тул гэрээнээс татгалзсан баримт тогтоогдоогүй гэх үндэслэлээр гаргасан гомдлыг хангахгүй орхив.
4.2. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан тул хариуцагчаас орон сууцны төлбөрт шилжүүлсэн 23,500,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
4.3. Нэхэмжлэлээс 4,700,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчмын хүрээнд үүнд эрх зүйн дүгнэлт өгөхгүй.
5. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатын шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2024/03206 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 476 дугаар зүйлийн 476.1, 225 дугаар зүйлийн 225.1 гэснийг 243 дугаар зүйлийн 243.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 274,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
Т.БАДРАХ