Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 333

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 4 дүгээр баг Харзат 15 дугаар гудамж 9а тоотод оршин суух, /РД:ДЮ86022510/, Алаг адуу Бямбаабаатарын Хишигдоржийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 1 дүгээр баг Баянхайрхан Дэвшил 3 дугаар байр Б тоотод оршин суух, /РД:ДЮ85020736/, Эрэн Буяндэлгэрийн Эрдэнэбатад холбогдох

Зээлийн үндсэн төлбөр 20.000.000 төгрөг, алданги 10.000.000 төгрөг, нийт 30.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Хишигдорж, хариуцагч Б.Эрдэнэбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Хишигдорж шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Бямбаабаатар овогтой Хишигдорж би найз Буяндэлгэрийн Эрдэнэбатад 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 20.000.000 /хорин сая/ төгрөгийг 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хүүгүй зээлж хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор гэрээ байгуулсан. Эхлээд 2014 оны 08 дугаар сард зээл авч өгсөн. Энэ үедээ байшинг хамтарч барих асуудлаар хэлэлцэж, ярилцаагүй байсан. Мөнгө хэрэгтэй байна туслаач гэхээр нь туслаад гэрээ хийлгүйгээр ээжийнхээ нэр дээр банкнаас зээл авч өгсөн. Одоо 2 жил болж, банкны зээл төлөгдөөд дуусаж байна. Би 1 жилийн дараа мөнгөө нэхсэн боловч өмнөх байшин нь баригдаагүй хэвээрээ байсан учир нотариатаар 20.000.000 төгрөгийг сарын дараа өгөхөөр тохиролцоод гэрээ хийж батлуулсан. Энэ нотариатаар батлуулсан гэрээний дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор байгаа бөгөөд би өргөдөл өгөхөд 35.500.000 төгрөг болсноос 30.000.000 төгрөг нэхэмжилж байгаа. Энэ 30.000.000 төгрөгийг хэзээ өгөх талаар тохирч болно. Байшинг барьж эхэлсэн жилээ барьж дуусгаагүй бол 2, 3 жил дамжсан барилга баригдахад улам хэцүү, мөнгө санхүүгийн хувьд асуудалтай байдаг. Энэ хавар эхлэх ёстой барилгын ажил одоо эхэлж байгаа нь хэзээ дуусах вэ? би энэ мөнгийг дандаа хүнээс зээл болгож авч өгдөг. Миний цалин бол сард гар дээр 600.000 төгрөг нь сарын 1.700.000 төгрөгийн банкны зээл төлж чадахгүй. Ээж маань зах дээр мах зарж уг зээлийг төлж чадахгүй байгаа. Намайг энэ шүүхээс гарахад мөнгө нэхсэн хүмүүс зөндөө байгаа. Энэ барилгын ажил хэзээ дуусаж мөнгө өгнө гэх тал дээр би итгэхгүй байна. Яагаад гэвэл 2 жил болж байна. Би 2 жил найз нөхөд гэж гуйж явсан. Дээрээс нь мөнгөнөөс гадна бараа материалыг өөрийн нэрээр хүнээс зээлж өгсөн зүйл их байгаа. Тийм учраас эхлээд зээлсэн мөнгөө гаргуулах шаардлагатай байна. Алдангийн асуудал ч гэсэн хүнээс мөнгө зээлсэн байсан бол одоо хэд болох байсан бэ? тийм учраас байшин барьж дуусах хүртэл хүлээнэ гэдэг хэцүү байна. Гэтэл Б.Эрдэнэбат нь одоо болтол зээлсэн мөнгөө өгөхгүй байгаа тул алдангийг бодож үзэхээр 35.500.000 төгрөг болж байгаа. Үүнээс миний бие 10.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Нийт 30.000.000 /гучин сая/ төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Б.Эрдэнэбат шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2014 оны 07 дугаар сард найз Б.Хишигдоржтой нийлж байшин барья гэж ярилцаад барилгын ажлаа эхэлсэн. 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 12.000.000 төгрөгийг надад өгсөн. Хадам эгчийнхээ мобайл банкаар 1.000.000 төгрөг, дараа нь 200 ширхэг банзны үнэ болох 1.000.000 төгрөг өгсөн. Ингээд мөнгөний боломжгүй болоод байшингаа барьж чадахгүй өдий хүрсэн. Бид хоёр хоорондоо уулзаад боломжгүй болохоор найз нь өгч чадахгүй байна гэж ярилцаад энэ хугацаанд 1.700.000 төгрөгийг  авгайгаар дамжуулаад ээжид нь өгүүлсэн, өөрт нь 700.000 төгрөг өгсөн. Үүнээс хойш мөнгө өгч чадахгүй явсаар бид хоорондоо уулзаж ярилцаад чи надад зөндөө тус болсон найз нь чамд мөнгийг чинь 20.000.000 төгрөг болгож өгье нотариатаар батлуулсан. 2016 оны 07 дугаар сард манай эхнэр Б.Хишигдоржийн ээжид нь 400.000 төгрөг өгсөн. Өнөөдрөөс миний барилгын ажил эхэлж байна.Одоо энэ хүнд байшингаа барьж байж өгөхөөс түүнээс наана уг мөнгийг өгөх ямар ч боломжгүй байгаа. Намайг банкинд зээлгүй гэж байна. Би банкинд зээлтэй одоо болтол төлж чадаагүй байгаа. Би зээлээ төлж чадахгүй жил гарам болсон. Банкнаас өчигдөр хүмүүс ирээд уулзаад явсан. Нэхэмжлэгчтэй уулзаж, ярилцаж чадаагүй нь миний буруу, би өөрөө банкныхаа зээлийг төлж чадахгүй байхад нэхэмжлэгчийн зээлнээс төлөлцөх ямар ч боломжгүй байсан. Ярьж тохиролцсон учраас би 20.000.000 төгрөгөөс илүү мөнгийг өгөх боломжгүйг энэ хүн мэдэж байгаа. Би алданги төлөх хэцүү байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Б.Хишигдорж нь Б.Эрдэнэбатаас зээл 20.000.000 төгрөг, алданги 10.000.000 төгрөг, нийт 30.000.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

Б.Хишигдорж, Б.Эрдэнэбат нар нь 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр  зээлийн гэрээг байгуулж 20.000.000 төгрөгийг өгч авалцсан болох нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ зэргээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан зээлийн гэрээнд зээлийн хугацааг 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 13 /арван гурван/ хоногийн хугацаатай байгуулсан байх бөгөөд уг зээлийн гэрээгээр тогтоосон хугацаанд зээлийн төлбөр 20.000.000 төгрөгийг төлөөгүй болох нь зохигчдын харилцан зөрүүгүй тайлбараар тогтоогдож байна.

Мөн уг зээлийн гэрээний 2.7-д “...Зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6 дахь заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлнэ...” гэж заажээ.

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээний үүргийн биелэлтийг, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алдангийг төлүүлэхээр тус тус шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг хүлээхээр заасан байдаг ба талуудын 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээний 2.6-д “...үндсэн зээлийг хугацааны эцэст бөөнд нь төлнө...” гэж заасан бөгөөд талууд тус тус гарын үсэг зурж баталгаажуулан, нотариатаар батлуулсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан  зээлийн гэрээгээр нотлогдож байх ба уг гэрээ нь агуулга болон хэлбэрийн хувьд хуульд нийцсэн, гэрээний талууд болон гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг зөрчөөгүй хүчин төгөлдөр гэрээ байна. Гэрээний агуулгын талаар төөрөлдсөн гэх байдал тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч нь гэрээний 3.7-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож, 10.000.000 төгрөгийн алданги нэхэмжилсэн байгааг улс орны болон орон нутгийн төсөв, санхүүгийн хүндрэлтэй байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар алдангийг багасгаж 9.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.  

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч  Эрэн Буяндэлгэрийн Эрдэнэбатаас зээлийн гэрээний үндсэн төлбөр 20.000.000 /хорин сая/ төгрөг, алданги 9.000.000 /есөн сая/ төгрөг нийт 29.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Алаг адуу Бямбаабаатарын Хишигдоржид олгох  үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 307.950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Б.Эрдэнэбатаас  нэхэмжлэлээс хангагдсан хэмжээ 29.000.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 302.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Хишигдоржид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон, ТОГТООХ нь:

   1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч /РД:ДЮ85020736/ Эрэн Буяндэлгэрийн Эрдэнэбатаас зээлийн гэрээний үндсэн төлбөр 20.000.000 /хорин сая/ төгрөг, алданги 9.000.000 /есөн сая/ төгрөг нийт 29.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч /РД:ДЮ86022510/ Алаг адуу Бямбаабаатарын Хишигдоржид олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 307.950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Б.Эрдэнэбатаас  нэхэмжлэлээс хангагдсан хэмжээ 29.000.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 302.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Хишигдоржид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д  зааснаар  нэхэмжлэгч,  хариуцагч,  тэдгээрийн  төлөөлөгч,  өмгөөлөгч  шийдвэрийг  эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                           Ц.ҮЙТҮМЭН