Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2024/01884

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2024/01884

 

******- ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 сарын 21-ний өдрийн 181/ШШ2024/03043 дугаар шийдвэртэй

******- ХХК-ийн нэхэмжлэлтэй, ****- ХХК-д холбогдох

Гэрээний үлдэгдэл төлбөр, алданги нийт 290,908,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч, хариуцагчийн өмгөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Манай компани нь ****- ХХК-тай 2021 оны 02 сарын 01-ний өдөр ****/** тоот- гэрээ байгуулж, Чингэлтэй дүүргийн 4-р хороонд байх Цаг уур, орчны шинжилгээний газрын *******-ын мэдээ хүлээн авах станцын антенны цамхагийн барилга угсралтын ажилд металл цонх, хаалга, металл фасадны ажил хийж гүйцэтгэхээр болсон. Уг ажлыг гүйцэтгэх хугацаанд буюу 2021 оны 07 сарын 29-ний өдөр дахин ****/** тоот- гэрээ байгуулж дээрх барилгын гадна аваарын шатны ажлыг нэмэлтээр хийж гүйцэтгэсэн. Тус 2 ажлыг ямар нэгэн доголдолгүйгээр гүйцэтгэн 2022 оны 05 сарын 23-ны өдөр захиалагчид хүлээлгэн өгсөн. Мөн бидний хооронд Сонгинохайрхан дүүргийн 10-р хороонд баригдаж буй 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлын металл фасад, ганжуулсан шилтэй цонхын ажлыг хийж гүйцэтгэхээр 2021 оны 07 сарын 29-ний өдрийн 2021/16 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, манай компани ажлыг бүрэн гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгсөн.

Манай компанийн хувьд хариуцагчтай байгуулсан гэрээнүүдээр тохиролцсон бүх ажлыг аливаа доголдолгүй гүйцэтгэж, ажил хүлээлцэх актаар хүлээлгэн өгсөн ч ****- ХХК нь төлбөр төлөх гэрээний үүргийн зарим хэсгээ биелүүлэхгүй байсан. Улмаар хариуцагч нь 2023 оны 01 сарын 23-ны өдрийн 2023/01, мөн 06 сарын 12-ны өдрийн 2023/61 тоот албан бичгүүдээр төлбөрийн үлдэгдэл 193,939,200 төгрөгийг хүлээн зөвшөөрч, төлөх хугацааг тогтоосон бөгөөд 2023 оны 06 сарын 12-ны өдөр талууд дээрх ажлуудын үлдэгдэл төлбөрийн талаар тооцоо нийлэхэд 193,939,200 төгрөгийн үлдэгдэлтэй гарч, "****- ХХК уг төлбөрийг 2023 оны 07 сарын 01-ний өдөр бүрэн төлж барагдуулах, тохиролцсон хугацаанд төлөөгүй бол хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх алданги төлөхөөр тохиролцон 2023 оны 06 сарын 12-ны өдрийн 23/18 тоот "Барилга угсралтын ажлын санхүүжилтийн гэрээ" байгуулсан.

Гэвч хариуцагч нь гэрээгээр тохиролцсон хугацаанд төлбөрийг төлөөгүй өнөөдрийг хүрсэн тул 2023 оны 06 сарын 12-ны өдрийн 23/18 тоот гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 193,939,200 төгрөг, гэрээний 3.2-т зааснаар алданги 96,969,600 төгрөгийн /1 хоногийн алданги 581,817 төгрөг бөгөөд хуулийн дагуу тал хувиар тооцсон/ хамт нийт 290,908,800 төгрөгийг хариуцагч "****-" ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгчийн шаардаж буй алдангийг төлж чадахгүйг илэрхийлсэн. Бидний тавьсан шаардлагыг биелүүлсэн нөхцөлд бид мөнгөн дүнг тохиролцсон төлж болохыг эвлэрүүлэн зуучлалын үед хэлсэн. Үүнээс гадна нэхэмжлэгчийн хэлсэнчлэн 2021 онд ажил хүлээлцсэн зүйл байхгүй ба 2022 оны 10 сард улсын комисс тухайн ажилд ажилласан. Бид мөнгийг өгч чадаагүй нь 2022 оны 2 сард энэ ажлын мөнгийг улсын төсвөөс авах байсан ч улс мөнгөө өгөхгүй 1 жилээр хойшлуулж, 2024 оны 2 сараас Сангийн яамны эрх нээгдэхээр олгохоор болсон. Гэсэн ч манай компани мөнгөө авч чадаагүй байгаа.

Бид албан ёсоор тооцоо нийлээгүй ба нэхэмжлэгч манай талтай тооцоо гаргасан гэдэг ба *********- байранд хийсэн ажлууд буюу цонх, гадна фасад, шатан дээр байнга асуудал гардаг. Манай компани нэмэлтийн мөнгө гэж 1,400,000,000 төгрөг авах гээд хүлээж байгаа. Гэтэл нэхэмжлэгчийн хийсэн ажлууд дээр байнга асуудал гарч байгаа. Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны үед нэхэмжлэгч нь 10 сая төгрөгийн хөлс авч хийсэн ажил нь одоо хуулраад уначихсан байгаа ба тал нь ажлаа дуусгаагүй.

Нэхэмжлэгч нь банкинд өгөх нэрийдлээр манай компаниар хийлгэсэн бичиг баримтуудаа шүүхэд нотлох баримтаар өгчээ. Бидний хооронд 193,0 сая төгрөг дээр тохиролцсон зүйл байхгүй, тооцоо ч нийлээгүй. Намайг хөдөө байх үед нэхэмжлэгч нь манай компани дээр очоод /тэр үед манай ээж манай компанийн захирал байсан/ банкинд гаргаж өгөхөд хэрэгтэй гээд бичиг баримт хийлгээд авсан байсан. Мөн улсаас олгогдох санхүүжилт зогссон үед бид алданги тооцсон гэрээ байгуулна гэж байхгүй. Гол нь улс мөнгөө өгөөгүй ба манайх улсаас 3,3 тэрбум төгрөг авах ёстой байсан нь 1 жилээр хойшилсноос болж маш олон хүн манай компаниас өр нэхэж байгаа. Нэхэмжлэгч 1 жилийн хариуцлагаа хүлээвэл бид төлбөрийн талаар тохиролцож төлбөрийг хийнэ гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч ****- ХХК-аас 290,908,800 төгрөг гаргуулж ******- ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,612,500 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч ****- ХХК-аас 1,612,494 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******- ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх хэргийн харьяалал зөрчсөн тухай: Нэхэмжлэгч нь 2021 оны 02 сарын 01-ний өдрийн ****/** тоот- Метал фасад болон металл хаалга, цонхны барилга угсралтын ажлын гэрээ, (тус гэрээг талууд 2022 оны 03 сарын 15-ний өдрийн 2022/10 тоот Метал фасадны барилга угсралтын ажлын нэмэлт гэрээ-г байгуулсан) 2021 оны 07 сарын 29-ний өдрийн ****/** тоот- Гадна аваарын шатны ажлын гэрээ, мөн 2021 оны 07 сарын 29-ний өдрийн 2021/16 тоот Металл фасад болон ганжуулсан шилтэй цонхны барилга угсралтын ажлын гэрээ-г тус тус хариуцагчтай байгуулсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.3 дахь хэсэгт зааснаар гэрээний талууд маргааныг арбитраар шийдвэрлүүлэхээр хэлэлцэн тохиролцоогүй бол шүүхэд хандаж маргааныг шийдвэрлүүлэх хуулийн зохицуулалттай. Дээрх гурван гэрээний 8.2-т Хэрэв маргаантай асуудлаар талууд тохиролцоонд хүрч чадахгүй тохиолдолд аливаа маргааны асуудлыг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Олон улсын ба Монголын Үндэсний хэрэг хянан шийдвэрлэх дүрмийн дагуу Монгол улсад эцэслэн шийдвэрлүүлнэ гэж талууд харилцан тохиролцсон. Иймээс талуудын хооронд байгуулсан гэрээний 8.2-т зааснаар маргааныг арбитраар шийдвэрлэхээр тохиролцсон буюу энэхүү маргаан нь арбитрын харьяаллын маргаан байна. Гэвч шүүх нэхэмжлэлийг хүлээн авахдаа энэ байдлыг анхааралгүй иргэний хэрэг үүсгэж, хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйл. 65.1 дугаар зүйлийн 65.1.1-т заасныг зөрчсөн байна.

4.2. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй, шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолтой нөхцөл байдлыг тодруулаагүй тухайд: Нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үлдэгдэл төлбөр 193,939,200 төгрөг, алдангид 96,969,000, нийт 290,908,800 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь тодорхойгүй, нотлох баримтад үндэслээгүй, шүүх нийтэд илэрхий үйл баримтыг дүгнээгүй. Тодруулбал,

4.2.1. Талууд 2021 оны 02 сарын 01-ний өдрийн ****/** тоот- "Метал фасад болон металл хаалга, цонхны барилга угсралтын ажлын гэрээ"-ний ажлын нийт хөлс 613,002,400 төгрөг, мөн 2021 оны 07 сарын 29-ний өдрийн ****/** тоот- "Гадна аваарын шатны ажлын гэрээ"-ний ажлын нийт хөлс 36,600,000 төгрөг, мөн 2021 оны 07 сарын 29-ний өдрийн 2021/16 тоот "Металл фасад болон ганжуулсан шилтэй цонхны барилга угсралтын ажлын гэрээ"- ний ажлын нийт хөлс 100,000,000 төгрөг, мөн 2022 оны 03 сарын 15-ны өдрийн 2022/10 тоот "Метал фасадны барилга угсралтын ажлын нэмэлт гэрээ"-ний ажлын нийт хөлс 82,440,000 төгрөг байхаар гэрээ байгуулсан. Нэхэмжлэгчийн зүгээс дээрх гурван гэрээнээс хэдэн төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгааг тодорхойлж, тооцоолоогүй бөгөөд энэ талаар анхан шатны шүүх хурал дээр өөрөө мэдэхгүй гэж хариулсан. Мөн нэхэмжлэгч нь тухайн гэрээт ажлын үр дүнг актаар хүлээлгэн өгсөн тул гэрээний төлбөрийг шаардах эрхтэй гэх боловч ажил хүлээлгэн өгсөн акт хэрэгт байхгүй, нэхэмжлэгч ажлыг хүлээлгэн өгснөө нотолж чадаагүй. Иймээс гурван гэрээтэй ажлыг туслан гүйцэтгэгч (нэхэмжлэгч) нь бүрэн гүйцэтгэсэн эсэх, ерөнхий гүйцэтгэгч (хариуцагчаас)-ээс аль гэрээний дагуу хэдэн төгрөг авч, одоо хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй байгаа талаар талууд тооцоо нийлээгүй. Эдгээр нөхцөл байдал тодорхойгүй буюу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй байтал шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулалгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй.

4.2.2. Хариуцагч нь 2020 оны 03 сарын 20-ны өдөр зарласан V.1.8 *******-ын мэдээ хүлээн авах газрын станцын антены цамхгийн байрны төслийн барилга угсралтын ажил төслийн тендерт шалгарч тус барилгын ажлыг хийж гүйцэтгэхээр болсон. Гэтэл дэлхий нийтэд Корона вируст цар тахал гарч бүх нийтийн хөл хорио, хил гаалын зорчих хөдөлгөөнийг хаасан бөгөөд Монгол Улсын Засгийн газраас 2020 оныг дуустал гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж хориг тогтоогдсон. Энэ хугацаанд манай компани гадаад улсаас бараа захиалга хийсэн ч дээрх хоригийн улмаас барилгын материалын эргэлт нэмэгдэж, үнийн өсөлт үүсч компанийн хэвийн үйл ажиллагаанд шууд нөлөөлсөн. Мөн 2021 онд энэ байдал бүрэн арилаагүй тул ****- ХХК-д төрийн санхүүжилтээр хэрэгжиж буй барилгын төслийн санхүүжилт удааширсан, өнөөдрийг хүртэл Цаг-Уур орчны шинжилгээний газраас гэрээний төлбөрөө авч чадаагүй нөхцөл байдалтай байна. Энэ нь талуудын байгуулсан гэрээний 7.1-т заасан нөхцөл байдалд хамаарахыг шүүхээс харгалзан үзээгүй, тодруулаагүй болно.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээг талууд эцэслэн дүгнэж ажил хүлээлцэх акт үйлдээгүй, нэхэмжлэгч өөрийн гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн баримтгүй, энэ тухай нотлоогүй болно. Нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажил (метал фасад угсралт болон ганжуулсан шилтэй цонхны ажил)-ын гүйцэтгэлтэй холбоотойгоор захиалагч төрийн байгууллагаас удаа дараа гомдол ирсэн, ерөнхий гүйцэтгэгчээс ажлын доголдлыг арилгахыг туслан гүйцэтгэгчид гаргасан ч доголдлыг арилгаагүй өнөөдрийг хүрч байна.

4.3. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хууран мэхэлж хийсэн гэрээ, албан бичгийг нотлох баримтаар үнэлэн шийдвэрийн үндэслэл болгосон тухайд: Шүүх шийдвэрээ гаргахдаа 2023 оны 06 сарын 12-ны өдрийн "Барилга угсралтын ажлын санхүүжилтийн гэрээ", 2023 оны 06 сарын 12-ны өдрийн ****/** тоот албан бичиг, 2023 оны 01 сарын 23-ны өдрийн 2023/01 тоот албан бичгийг тус тус үндэслэн талууд гэрээг дүгнэсэн гэж үзэж нэхэмжлэлийг хангасан. Гэтэл нь тус гэрээ, албан бичгийг нэхэмжлэгч талаас хариуцагчийг хууран мэхэлж, хуурамчаар үйлдүүлж авсан гэрээ, бичиг болно.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь дээрх 2 барилгын төслөөс гадна өөр бусад барилгын ажил дээр хамтарч ажиллаж байсан, ажил хэргийн хүрээнд удаан хугацаанд харилцсан. Иймд нэхэмжлэгчийн банкнаас зээлийн авч, эргэн төлөх нөхцөлд бусдаас авах авлага байгаа бол, түүнийг баталгаажуулж банканд өгвөл, зээл гарах магадлал нэмэгдэх юм" гэх гуйлтын дагуу тус компанийн бэлдсэн гэрээ, албан бичгүүдийг гаргаж өгсөн. Мөн 2023.6.12-ны өдөр хариуцагч компанийн захирал, ерөнхий инженер нар компанид байгаагүй, орон нутагт байсан тул гэрээ, албан бичигт гарын үсэг зураагүй байдаг.

Гэтэл тус албан бичгийг талууд тооцоо нийлсэн гэж тайлбарласан нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хууран мэхэлж хийсэн хэлцэл болохыг хариуцагч тал тайлбарласан ч шүүх дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй болно.

Мөн талууд 2021 оны 02 сарын 01-ний өдрийн ****/** тоот- "Метал фасад болон металл хаалга, цонхны барилга угсралтын ажлын гэрээ", 2021 оны 07 сарын 29-ний өдрийн ****/** тоот- "Гадна аваарын шатны ажлын гэрээ", 2022 оны 03 сарын 15-ны өдрийн 2022/10 тоот "Метал фасадны барилга угсралтын ажлын нэмэлт гэрээ"-нд алданги төлөх нөхцөлийг тохиролцоогүй байтал анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 96,969,600 төгрөгийг алдангийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн үндэслэлгүй. Бодит нөхцөлд хариуцагчаас 2023 онд төрөөс ковид 19 цар тахлын хор уршигтай холбоотойгоор барилгын ажлын санхүүжилтийг 1 жилээр хойшлуулсныг мэдсэн тул 2023 оны 06 сарын 12-ний өдрийн 23/18 тоот "Барилга угсралтын ажлын санхүүжилтийн гэрээ"-ний 3.2-т заасан алдангийн зохицуулсан хүсэл зоригийг илэрхийлэл байгаагүй буюу энэхүү гэрээ нь нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу банканд зээлийн бүрдүүлэлт болгон өгсөн бичиг юм.

4.4. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан тухайд: Тус иргэний хэргийг шүүхээс шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2024 оны 08 сарын 21-ний өдөр анх удаа шүүх хурал товлогдож хэргийг шийдвэрлэсэн. Хариуцагчийн төлөөлөгч Н.Ч- шүүх хуралдаанд "нэхэмжлэгч тал өмгөөлөгчтэй оролцож байна, миний зүгээс өмгөөлөгч авах хүсэлтэй байна" гэж өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах хүсэлт гаргасан байдаг. Гэтэл шүүгч хэргийн оролцогчийн хуульд заасан эрхийг ноцтойгоор зөрчсөн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байдаг. Шүүх хариуцагчийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14-т зааснаар хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх үндсэн эрхийг хуулиар олгосон эрхийг шууд хязгаарласанд гомдолтой байна.

Иргэний хэрэгт нэхэмжлэгч нь хууль зүйн туслалцаа авч, өмгөөлөгчийн хамт шүүх хуралд оролцож байхад хариуцагчийн хууль зүйн туслалцаа авах хүсэлтийг шүүх хүлээн аваагүй, өмгөөлүүлэх эрхийг хязгааралсан нь талуудын мэтгэлцэх зарчим алдагдаж, хариуцагчийн татгалзал, түүнийг нотлох баримтыг хуульд зааснаар бүрдүүлж өгч чадаагүй болно. Энэ нь хариуцагчийн төлөөлөгчийн 2024 оны 08 сарын 21-ний өдрийн шүүх хуралд Би гарын үсэг зурах үедээ шүүхийн процедурыг сайн ойлгоогүй байсан. Надад энэ талаар тайлбарлаж өгөөгүй гэх тайлбараас тэнцвэртэй мэтгэлцээн явагдаагүйд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч талын давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн гэж үзэж байна. ******- ХХК нь ****- ХХК-ийн н.Ч-, н.Б-, н.У- гэдэг 3 хүнтэй хамтарч ажилладаг байсан. Санхүүжилтийн гэрээг ****- ХХК-ийн оффис дээр 4, 5-уулаа ярилцаад тооцоо нийлсэн актаа тулгаад гэрээ хийсэн. Түүнээс бид очоод хуурамчаар тамга даруулсан зүйл байхгүй. Захирал нь зөвшөөрсөн тохиолдолд тамга дарагдана, өөрөө байж гарын үсэг зурагдана. Тийм учраас хуурамчаар гэрээ хийсэн гэдгийг ойлгохгүй байна. 2023 оны 06 сард албан бичиг өгнө гэсэн боловч өгөөгүй бөгөөд 2023 оны 08 сард албан бичгээ өгсөн. Бид хэзээ ч банкинд зориулж баримт хийлгэж авсан зүйл байхгүй. Бидний хувьд ******- ХХК-ийн бичиг баримтаар банкнаас зээл авахгүй. Төлбөр төлөгдөхийг олон сар хүлээлээ гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч талын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******- ХХК нь хариуцагч ****- ХХК-д холбогдуулан гэрээний үлдэгдэл төлбөрт 193,939,200 төгрөг, алдангид 96,969,600 төгрөг, нийт 290,908,800 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, хэргийн үйл баримтыг зөв тогтоож, зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв дүгнэсэн байна.

 

4. Талууд 2021 оны 02 сарын 01-ний өдөр байгуулсан ****/** тоот- Металл фасад болон металл хаалга, цонхны барилга угсралтын ажлын гэрээ байгуулж уг гэрээгээр нэхэмжлэгч нь Чингэлтэй дүүргийн 4-р хороонд байх Цаг уур, орчны шинжилгээний газрын *******-ын мэдээ хүлээн авах станцын антенны цамхагийн барилгын металл цонх, хаалга, металл фасадны ажлыг гүйцэтгэхээр, мөн оны 07 сарын 29-ний өдөр ****/** тоот- Гадна аваарын шатны ажлын гэрээ байгуулж, дээрх барилгын гадна аваарын шатны ажлыг нэмэлтээр гүйцэтгэхээр, мөн өдөр 2021/16 тоот Металл фасад болон ганжуулсан шилтэй цонхны барилга угсралтын ажлын гэрээ байгуулж уг гэрээгээр Сонгинохайрхан дүүргийн 10-р хороонд баригдаж буй 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын металл фасад, ганжуулсан шилтэй цонхны ажлыг гүйцэтгэхээр тус тус харилцан тохиролцжээ. Эдгээр гурван гэрээгээр гүйцэтгэх ажил, ажлын цар хүрээ болон хөлс, ажлыг гүйцэтгэх хугацаа зэргийг талууд тохиролцсон байна.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан хариуцагч ****- ХХК-аас 2023 оны 01 сарын 23-ны өдрийн 2023/01 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай, 2023 оны 06 сарын 12-ны өдрийн 2023/61 тоот албан бичгүүдээр дээрх гэрээгээр тохирсон ажлуудыг хийж гүйцэтгэсэн тул ажлын үлдэгдэл хөлс 193,939,200 төгрөгийг 2023 оны 07 сарын 01-ний өдрийн дотор төлж дуусгахаар нэхэмжлэгч ******- ХХК-д мэдэгдэж байжээ. Улмаар талууд 2023 оны 06 сарын 12-ны өдөр байгуулсан 2023/18 тоот Барилга угсралтын ажлын санхүүжилтийн гэрээ-ээр нэхэмжлэгч гэрээнд заасан ажлыг хугацаанд нь гүйцэтгэснийг баталгаажуулж, хариуцагч ажлын хөлс 193,939,200 төгрөгийг 2023 оны 07 сарын 01-ний өдөрт багтаан төлөхөөр тохиролцсон үйл баримт тогтоогдож байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

5. Хариуцагч нь талуудын төлбөр тооцооны талаар тохиролцсон 2023/18 тоот гэрээ болон хариуцагчийн үйлдсэн 2023/01, 2023/61 тоот албан бичгүүд нь хууль бус Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч уг баримтуудыг банкинд өгнө гэж хариуцагчийг хууран мэхэлж хийсэн хэлцэл, мөн талууд тооцоо нийлээгүй, ажлыг хүлээлцээгүй гэж татгалзлаа тайлбарлажээ. Хариуцагчийн захиалгаар нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн *******-ын мэдээ хүлээн авах газрын станцын цамхагийн байр болон Сонгинохайрхан дүүрэг дэх сургуулийн барилгыг улсын комисс хүлээн авсан, энэ талаар зохигч маргаагүй байна.

Нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлыг дүгнэж, хөлс төлөх хугацааг тодорхойлсон хариуцагч ****- ХХК-ийн албан бичгүүд, Барилга угсралтын ажлын санхүүжилтийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох буюу хууль бус гэж дүгнэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй гэж шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудтай харьцуулан дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журамд нийцжээ.

Хариуцагч ****- ХХК нь шүүхэд гаргасан тайлбар, татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн хариуцагч ****- ХХК-ийн захирал М.Ч-т 2024 оны 05 сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хэргийн оролцогчийн эрх, үүрэг болон нөлөөллийн мэдүүлгийг танилцуулсан, хариуцагч мөн өдөр хэргийн материалтай танилцсан байна.

Иймээс хариуцагч хуулийн этгээд нь Иргэний хуулийн 25 дугаар зүйлд зааснаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг өөрөө хариуцах эрх зүйн этгээд учир нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш шүүх хуралдаан хүртэлх 91 хоногийн хугацаанд хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжтой байсан гэж шүүх дүгнэсэн нь хуульд нийцсэн байна.

 

6. Талуудын хооронд байгуулсан 2023 оны 06 сарын 12-ны өдрийн 2023/18 тоот Барилга угсралтын ажлын санхүүжилтийн гэрээгээр хариуцагч нь 193,939,200 төгрөгийг ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт нэхэмжлэгчид төлөхийг, мөн хариуцагчаас 2023 оны 01 сарын 23-ны өдрийн 2023/01, мөн оны 06 сарын 12-ны өдрийн 2023/61 тоот албан бичгүүдээр төлбөр төлөх хугацаа тогтоосон баримтыг үндэслэн анхан шатны шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ****- ХХК-аас ажил гүйцтэгэх гэрээний үлдэгдэл хөлс 193,939,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******- ХХК-д олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Мөн талууд дээрх 2023/18 тоот барилга угсралтын ажлын санхүүжилтийн гэрээний 3.2-т зааснаар үлдэгдэл санхүүжилтийг 2023 оны 07 сарын 01-ний өдрөөс хэтрүүлбэл гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,3 хувийн алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт нийцжээ. Нэхэмжлэгч нь хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг 193,939,200 төгрөгөөс алдангийг хоног тутамд 0,3 хувиар, шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаагаар тооцож 96,969,600 төгрөгийн алданги шаардсан нь мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрээгүй байх тул шүүх алдангийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна. Иймд хариуцагчаас алданги гаргуулж шийдвэрлэсэн нь хэргийн болон тухайн цаг үеийн бодит нөхцөлд нийцээгүй, алданги гаргуулах үндэслэлгүй гэсэн хариуцагч талын тайлбар, давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

7. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргаж хариуцагч талын хуульд заасан эрхийг зөрчсөн талаарх давж заалдах гомдлыг хангахгүй.

7.1. Талууд 2021 онд байгуулсан 2021/14, 2021/15, 2021/16 тоот гэрээнүүдийн 8.2-т зохигчид маргаантай асуудлаар тохиролцоонд хүрч чадаагүй бол Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын Олон улсын Арбитраар маргаанаа шийдвэрлүүлэхээр тохиролцжээ. Мөн гэрээнүүдийн 11.3-т талууд маргаанаа шийдвэрлэж чадахгүйд хүрвэл хуулийн дагуу шүүхээр шийдвэрлэнэ гэж мөн заасан байна. Нэхэмжлэгч нь 2023 оны 04 сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан, шүүх хариуцагчид 2024 оны 05 сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч тал нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэлээ дэлгэрэнгүй тайлбарласан тайлбараа шүүхэд ирүүлэх үүрэгтэй байна. Энэ үүргээ хариуцагч биелүүлж хэргийн харьяаллын талаар маргасан тайлбар, хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй байна. Иймд анхан шатны шүүх Арбитрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт Арбитрын хэлэлцээртэй боловч шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд аль нэг тал тайлбар гаргахаасаа өмнө уг маргааныг арбитрын журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан бол шүүх аль нэг талын хүсэлтээр арбитрын хэлэлцээрийг хүчин төгөлдөр бус, эсхүл биелүүлэх боломжгүй гэж үзсэнээс бусад тохиолдолд шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгоно гэж зааснаар маргааныг шүүхийн харьяалалд авч хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байх тул энэ талаарх гомдол үндэслэлгүй.

7.2. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхойгүй гэх гомдлыг хангахгүй. Нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үүрэгт 290,908,800 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлага тодорхой байна. Уг шаардлагын үндэслэлээ нотолж зохигчийн хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, барилгын ажлын санхүүжилтийн гэрээ, хариуцагчийн гаргасан албан бичгүүдийг шүүхэд гаргасныг үндэслэн шүүх эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэжээ. Иймд шүүх нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-т заасан үндэслэл бий болсон байхад мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т зааснаар хүлээн авахаас татгалзах байсан гэх гомдол үндэслэлгүй болно.

7.3. Хариуцагч ****- ХХК нь хэргийг хянан шийдвэрлэх боломжит хугацаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй талаар өмнө дүгнэсэн. Шүүх хариуцагч ****- ХХК-ийн захирал М.Ч-т 2024 оны 05 сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, түүнд хуульд заасан эрх, үүргийг нь танилцуулснаас хойш шүүх хуралдаан хүртэлх 91 хоногийн хугацаанд нэхэмжлэлийн талаархи тайлбар, нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй байна.

Анхан шатны шүүх энэ үндэслэлээр хариуцагч ****- ХХК-ийн хууль зүйн туслалцаа авах хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаангүй хуулийн этгээдийн хувьд энэ эрхээ шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж эхлэхээс өмнө хэрэгжүүлэх боломжтой байсан гэж дүгнэснийг буруутгахгүй тул хариуцагч талын хууль зүйн туслалцаа авах эрх хязгаарлагдсан гэх гомдол үндэслэлгүй.

 

8. Дээрх үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 сарын 21-ний өдрийн 181/ШШ2024/03043 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч ****- ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,612,500 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Э.ЭНЭБИШ