| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2019/0019/Э |
| Дугаар | 19 |
| Огноо | 2018-12-31 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | П.Г |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 31 өдөр
Дугаар 19
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,
Улсын яллагч П.Ганбаатар,
Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бумтан овогт М-н Бд холбогдох эрүүгийн 1809054111268 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Хэнтий аймгийн Бэрх суманд төрсөн, эрэгтэй, 30 настай, тусгай дунд боловсролтой, техникч мэргэжилтэй, “Өнө ирээдүй Констракшн” ХХК-д даамал ажилтай, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Рашааны 08-543 тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй, одоо Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо 21-01 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД: СФ:88101731 / Бумтан овогт М-н Б нь:
2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо 23-01 тоотод хамтран амьдрагч Г.Жаргалмааг хамт архи уусангүй гэх шалтгааны улмаас маргалдан түүний өмчлөлийн Айфоне-6 Эс маркийн гар утсыг хугалж, 440.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Г.Жаргалмаа мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би Бат-Эрдэнэ болон нэг найзын хамт 2 ширхэг 2 литрийн пиво хувааж уусан. Тэгээд ууж байгаад Бат-Эрдэнэ над руу уурлаад гэрээсээ хөөсөн. Би явах гэтэл миний цүнх, утас хоёрыг аваад өгөхгүй байсан. Тэгээд миний гар утсыг барьж өвдгөн дээрээ цохиод эвдэлсэн гэжээ. / хх 4 /
Хохирогч Г.Жаргалмаагийн Айфоне-6 Эс маркийн гар утсыг хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ний 440.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 11-12 /
Гэрч Б.Золзаяа мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: …Бат-Эрдэнэ Жаргалмаа бид хоёрыг хөөгөөд уурлаад байсан. Тэгээд бид хоёр явах гэтэл Бат-Эрдэнэ Жаргалмаагийн гар утас, цүнхийг нуугаад өгөхгүй байсан. Бид хоёрыг зайл гээд хөөгөөд байсан. Тэгээд манай найзын гар утсыг аваад өвдгөн дээрээ цохиод эвдэлсэн гэжээ. / хх 5 /
Яллагдагч М.Б мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Миний бие 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр манай найз бүсгүй болон түүний найз Золоо бид гурав “Сэнгүр” нэртэй 2.4 литрийн 2 шар айраг уусан. Тэгээд би найз охинтойгоо маргалдсан ба гэрээс яв гэж хэлсэн. Маргааны явцад би найз охиныхоо гар утсыг 2 гараараа барьж байгаад өвдгөн дээрээ цохиод эвдчихсэн. Үнэлгээг хүлээн зөвшөөрч байна гэжээ. / хх 22 /
Шүүгдэгч М.Б-г 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр яллагдагчаар байцааж мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 20-23 /
Шүүгдэгч урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгасан тэмдэглэл / хх 31 / зэрэг болно.
Шүүгдэгч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо төлж барагдуулсан. Торгуулийг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. Дахин хэрэг хийхгүй гэв.
Шүүгдэгч М.Б нь 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо 23-01 тоотод хамтран амьдрагч Г.Жаргалмааг хамт архи уусангүй гэх шалтгааны улмаас маргалдан түүний өмчлөлийн Айфоне-6 Эс маркийн гар утсыг хугалж, 440.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: … Бат-Эрдэнэ миний цүнх, утас хоёрыг аваад өгөхгүй байсан. Тэгээд миний гар утсыг өвдгөн дээрээ цохиод эвдэлсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Г.Жаргалмаагийн мэдүүлэг / хх 4 /, ... Бид хоёрыг зайл гээд хөөгөөд байсан. Тэгээд манай найзын гар утсыг аваад өвдгөн дээрээ цохиод эвдэлсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Б. Золзаяагийн мэдүүлэг / хх 5 /, ... “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 11-12 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч М.Б-г бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлсөн тул, түүний учруулсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан прокурорын санал болгосон 750.000 төгрөгийн торгуулийн ялыг оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, М.Б нь цагдан хоригдоогүй бөгөөд хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй / хх 32 / гэсэн тул шүүгдэгчийг төлөх төлбөргүйг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бумтан овогт М-н Б-ийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч М-н Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 / долоон зуун тавин / нэгж буюу 750.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эвдэрхий саарал өнгийн Айфоне-6 маркийн гар утсыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөр болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Б-д оногдуулсан 750.000 төгрөгний торгуулийн ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар М.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. М.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ