| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2016/00164/и/ |
| Дугаар | 335 |
| Огноо | 2016-09-19 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 335
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Цогт сумын Рашаант багт оршин суух Бэсүд Өлзийсайханы Сэржмядагийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Цогт сумд оршин суух Ишгэнхүүгийн Эрдэнэд холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгож, эд хөрөнгө гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр шилжүүлэн хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө.Сэржмядаг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан, хариуцагч И.Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ө.Сэржмядаг нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие Өлзийсайханы Сэржмядаг нь 1987 оны 09 дүгээр сарын 06-нд Говь-Алтай аймгийн Цогт сумд төрсөн. Нөхөр болох Ишгэнхүүгийн Эрдэнэтэй 2006 онд гэр бүл болсон юм. Бидний хамтын амьдралын хугацаанд 2007 онд том хүү Өсөхбаяр, 2009 онд дунд хүү Отгонбаатар, 2013 онд бага хүү Жаргалсайхан нар төрсөн. Эхний жилүүдэд амьдрал маань сайхан байсан боловч 2008 оноос эхлэн ядуу хоосон, эд хөрөнгөгүй гэх мэт байдлаар дарамталж зодож дээрэлхэх болсон. Энэ бүх хугацаанд би хүүхдүүдээ бодож тэсдэг байсан боловч их зодуулсаны улмаас тархиндаа гэмтэл авч мөн хөлийн яс цууралттай, бөөр доргилт үүссэн. Одоо миний бие байнгын өвчин шаналгаа ихтэй байгаагийн дээр хүүхдүүдийн сэтгэл санааны байдал тогтворгүй, зан ааш нь өөрчлөгдөх болсон. Иймд миний энэ байдлыг харгалзан үзэж гэрлэлт цуцалж, 3 хүүхдэд насанд хүртэл хуульд заасны дагуу тэтгэлэг тогтоолгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ө.Сэржмядаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2006 онд гэр бүл болж 2007, 2009, 2013 онуудад би төрж гурван хүүтэй болсон. 2014 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа. 2015 оны 08 дугаар сарын 20-ны үед надад 100 ямаа, 100 хонь нийт 200 бог, нэг гэр өгсөн. И.Эрдэнээс гурван хүүхэддээ оногдох зохих хэмжээний хөрөнгийг гаргуулах хүсэлттэй байна. И.Эрдэнээс 1 гэр, 1 мотоцикль, УАЗ469 машиныг 5.000.000 төгрөгөөр үнэлж, уг машиныг И.Эрдэнэд үлдээгээд оногдох хэсэг 4.000.000 төгрөгийг гаргуулах, мөн сумын төвд байрлах 368.4 м2 талбай бүхий газрыг хүү Э.Өсөхбаярын нэр дээр шилжүүлж авах, хамт амьдарч байхад байсан 285 хониноос 228 хонийг авах үүнээс өгсөн 100 хонийг хасаад 64 эр хонь, 64 эм хонь нийт 128 хонь авах, ямаа 247 байгаагаас 196 авах үүнээс өгсөн 100 ямааг хасаад 48 эр ямаа, 48 эм ямаа нийт 96 ямаа авах, 6 адуунаас 3 авах, 23 үхэрнээс 6 үнээ, 7 эр үхэр, 3 бяруу нийт 16 үхрийг гаргуулахаар нэхэмжилж байна. Би малын тоог 2014 оны мал тооллогын дүнгээр тооцож байгаа. 2014 оноос хойш хэрхэн өөрчлөгдсөн талаар мэдэхгүй. Мөн сумын төвд байгаа хашаа, байшинг том хүү Э.Өсөхбаярын нэр дээр авах хүсэлттэй байна. И.Эрдэнэ өөр хүнтэй тусдаа амьдралтай болсон. Бид хоёр нэг гэрт хамтран амьдарч байх хугацаанд тэр хүнтэйгээ уулздаг байсан. Тэр хүнээ мал хариулдаг туслах малчин гэж хүмүүст ярьдаг. Би хүүхдүүдээ өөрийн асрамжид үлдээх хүсэлттэй байна. Хүүхдүүдийнхээ дансанд байсан мөнгийг авчихаад буцааж хийсэн. Мөн бид хоёрын хамтран эзэмшдэг дансанд байсан мөнгөнөөс би 5.000.000 төгрөг авсан. Эрдэнэ намайг авдарт байсан 4.000.000 төгрөг авсан гэж байгаа би тэр мөнгийг огт аваагүй. И.Эрдэнэд өөрт нь авдарын түлхүүр байдаг. Иймд гэр бүлээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, хүүхдүүдээ өөрийн асрамжид үлдээж, эд хөрөнгө гаргуулах хүсэлттэй байна гэжээ.
Хариуцагч И.Эрдэнэ шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Шарнууд овгийн Ишгэнхүүгийн Эрдэнэ нь 1977 онд тус аймгийн Цогт сумд төрсөн. Одоо сумдаа мал маллаж амьдардаг бөгөөд 2006 онд эхнэр Ө.Сэржмядагтай гэр бүл болж бидний дундаас Э.Өсөхбаяр 2007 онд, Э.Отгонбаатар 2009 онд, Э.Жаргалсайхан 2013 онд тус тус 3 хүү төрсөн. Ө.Сэржмядаг нь намайг зодож гэмтэл учруулж байсан байнга зодож дарамталдаг учраас гэр бүлээ цуцлуулна гэсэн нэхэмжлэл гаргасан байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би зодож цохиж гэмтэл учруулж байгаагүй, дарамталдаггүй. Бидний тусдаа амьдрах болсон шалтгаан нь: Манайх ноолуурын мөнгө болох 9.000.000 /есөн сая/ төгрөг авдар дотроо хадгалж байсан бөгөөд бага хүү Э.Жаргалсайханы нэр дээр хадгаламжинд хийх гэж байсан юм гэтэл 7.000.000 нь алга болсон байсан. Энэ талаар 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр эхнэр Ө.Сэржмядагаас асуухад би өөрийнхөө нэр дээр хадгалуулсан гэсэн тэгэхээр нь Жагаагийн /бага хүүгийн/ нэр дээр хийчихгүй гэхэд надад мөнгөний мэдэл байхад яадаг юм гээд уурлаад надруу гэдэс арчиж байсан цусан доторх аяга аваад шидсэнээс болж бид муудалцсан. Ингээд ээжрүүгээ яриад ээж нь ирээд дагуулаад аваад явсан. Үүнээс хойш тусдаа амьдарч байгаа юм. Би эхнэртэйгээ уулзаж эргэж гэртээ ирэхийг удаа дараа ятгаж гуйж байсан боловч ирээгүй. Тэр ч бүү хэл хүүхдүүдтэй хүртэл уулзуулахгүй байгаа. Хүүхдээ санаад хадам ээжийнд очиход намайг хөөж хаалга үүдээ түгжээд оруулдагтүй юм. Миний хувьд 3 хүүхдээ бодоод эхнэрээ хүрээд ирвэл хамт амьдарна, салах хүсэлгүй байна. Энэ хүн сална гэж байгаа бол би хүүхдүүдээ авмаар байна. Манай том хүү Э.Өсөхбаяр нь одоо 8 настай гуравдугаар ангид сурдаг юм. Салж явснаасаа хойш том хүүг сургууль завсардуулж хичээл тасдуулж хоёрдугаар ангийн анги дэвших шалгалтыг нь хүртэл өгүүлэлгүй авч явж байсан бөгөөд 2015 оны есдүгээр сард сургуульд ороход нь буцааж хоёрдугаар ангид суулгана гэснийг манай хүргэн эгч хоёр хөөцөлдөж гуравдугаар ангид нь суулгасан. Харин дунд хүү Э.Отгонбаатар нь 7 настай энэ жил сургуульд суух байсан боловч одоо болтол сургуульд суулгаагүй завсардуулж байгаа. Бага хүү Э.Жаргалсайхан нь 3 настай бөгөөд миний бага хүүгийн даахийг нь авалгүй насыг нь өнгөрүүлсэн. Энэ мэтчилэнгээр хүүхдүүдийн эрх ашгийг ноцтой хохироож байгаа учраас миний бие нь хүүхдүүдээ өөрийн гар дээр авахыг хүсч байна. Мөн миний бие том, дунд 2 хүүгийн нэр дээр ирээдүйд нь хэрэг болно гэж хадгаламж нээж байсныг эхнэр Ө.Сэржмядаг бүгдийг нь авсан байгаа. Энэ мэтчилэнгээр хүүхдүүддээ хийсэн, хийх гэсэн мөнгөнүүдийг авчихсан байсан юм. Энэ хүн нь дээрхийн адил хүүхдүүдийн сурч боловсрох эрхэнд нь халдаж байгаа зэргээс харахад 3 хүүхдээ асрамжилж хамгаалж авч явах чадваргүй гэж үзэж байгаа учир миний бие хүүхдүүдээ өөрийн гар дээр авч өсгөж хүмүүжүүлж сурч боловсроход цаашид анхаарч халамжлах хүсэлтэй байна. Би хүүхдүүдээ цаашид сургууль соёлтой, боловсролтой хүн болгож өсгөж хүмүүжүүлмээр байна. Миний бие нь өөрөө дөрөвдүгээр анги төгссөн бага боловсролтой бөгөөд хүүхдүүдээ өөр шигээ болгомоогүй байна. Эрдэм, боловсролтой хүн болгомоор байна. Ө.Сэржмядаг нь салж явсаныхаа дараа юмаа авмаар байна гэхэд нь миний бие гэрээ тавилгатай нь 200 толгой бог малыг өгсөн бөгөөд Ө.Сэржмядаг нь салж явахдаа гэрт байсан болон хүүхдийн хадгаламжид байсан мөн миний нэр дээр байсан зэрэг нийт 19.000.000 төгрөгийг авч явсан байсан. Энэ хүн өөр хүнтэй холбогдох болсноор ийм зан ааш гаргасан болохыг сүүлд мэдсэн. Тэр хүнийх нь эхнэр нь ч гэсэн салах өргөдөл өгсөн байгаа гэсэн. Тэр хүн манай сумын Отгонзаяа гэгч залуу юм. Би хүүхдүүдээ зодож байгаагүй, худал тайлбар өгсөн байсан. Хүүхдүүдийн хадгаламжид байсан бүх мөнгийг Ө.Сэржмядаг авсан. Хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. Хүүхдүүдээ өөрөө өсгөн хүмүүжүүлнэ. Энэ байгаа эд хөрөнгө миний гурван хүүхдэд үлдэх, зориулж хураасан эд хөрөнгө Ө.Сэржмядагт зохих хэмжээний малыг нь өгсөн. Дөрвөн гэрийн нэг нь хурга хийдэг жижиг гэр байдаг. Түүнээс нэг гэрийг Сэржмядагт өгсөн. Эд хөрөнгө гаргаж өгөхгүй, харин дараа нь хүүхдүүддээ том болохоор нь өгнө. Ө.Сэржмядаг малын тоо болон хөрөнгөө илүү бичсэн байна. Тийм хэмжээний мал хөрөнгө байхгүй. Би өөр хүнтэй суугаагүй, ганцаараа 2 жил амьдарсан маш урт хугацаа өнгөрсөн, хүнтэй суугаагүй эмэгтэй хажуудаа авч малаа маллуулж байгаа гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч Ө.Сэржмядагийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Ө.Сэржмядаг нь И.Эрдэнэд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгож, гэр бүлийн дундын эд хөрөнгө гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч Ө.Сэржмядаг, хариуцагч И.Эрдэнэ нар нь 2006 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ 2006 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн, 2014 оноос тусдаа амьдарч байгаа гэх бодит байдал хэрэгт авагдсан №0033795 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
1. Гэрлэлт цуцлуулах шаардлагын хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.7 дахь хэсэгт зааснаар шүүх урьдчилан шийдвэрлэх арга хэмжээ авч, эвлэрүүлэн зуучлалын журмаар эвлэрэх 1 сарын хугацаа тогтоосон байх боловч эвлэрэл амжилтгүй болсон болох нь Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн эвлэрүүлэн зуучлах ажиллагааны уулзалтын тэмдэглэлээр тогтоогдож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсэгт зааснаар шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээг авсан боловч гэрлэгчид эвлэрээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.5 дахь хэсэгт зааснаар гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.
2. Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох шаардлагын хувьд гэрлэгчдийн дундаас 2007 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүү Эрдэнийн Өсөхбаяр, 2009 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүү Эрдэнийн Отгонбаатар, 2013 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Эрдэнийн Жаргалсайхан нар төрсөн болох нь хэрэгт авагдсан төрсний бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.
Э.Өсөхбаяр, Э.Отгонбаатар, Э.Жаргалсайхан нар нь гэрлэгчдийг тусдаа амьдрах үеэс эхлэн эхийн асрамжид байгаа болон хариуцагч И.Эрдэнийн шүүх хуралдаанд хүүхдүүдээ эхийн асрамжид үлдээж, тэтгэлэг төлөхийг зөвшөөрсөн тайлбар, хүүхдийн санал зэргийг үндэслэн хүү Э.Өсөхбаяр, Э.Отгонбаатар, Э.Жаргалсайхан нарыг эх Ө.Сэржмядагийн асрамжид үлдээж, хуульд заасан хэмжээгээр хүү Э.Өсөхбаяр, Э.Отгонбаатар, Э.Жаргалсайхан нарт тус бүрт нь тэтгэлэг тогтоож эцэг И.Эрдэнээр тэжээн тэтгүүлэх нь үндэслэлтэй байна.
3. Гэр бүлийн дундын эд хөрөнгийн хувьд нэхэмжлэгч Ө.Сэржмядаг нь хариуцагчаас 1 гэр 800.000 төгрөгөөр үнэлж, 1 мотоцикл 700.000 төгрөгөөр үнэлж, УАЗ-469 машиныг 5.000.000 төгрөгөөр үнэлж уг машиныг И.Эрдэнэд үлдээгээд оногдох хэсэг 4.000.000 төгрөгийг гаргуулах, мөн сумын төвд байрлах 368.4 м2 талбай бүхий газрыг хүү Э.Өсөхбаярын нэр дээр шилжүүлж авах, үлдсэн 285 хониноос 228 хонийг буюу үүнээс урд нь авсан 100 хонийг хасаад 64 эр хонь, 64 эм хонь нийт 128 хонь авах, ямаа 247 байгаагаас 196 буюу үүнээс өгсөн 100 ямааг хасаад 48 эр ямаа, 48 эм ямаа нийт 96 ямаа авах, 6 адуунаас 3 авах, 23 үхэрнээс 6 үнээ, 7 эр үхэр, 3 бяруу нийт 16 үхрийг тус тус гаргуулахаар нийт 45.000.000 төгрөгийн эд хөрөнгө нэхэмжилж байна гэжээ.
Дээрх эд хөрөнгө нь гэр бүл болсноосоо хойш хоёр талаас өөрсдийн хөрөнгө болон хөдөлмөрийг хоршиж бий болгосон хууль зүйн утгаараа гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө мөн байна. Дээр дурдсан мал болон бусад эд хөрөнгө нь нэр төрөл, тоо зэргээрээ бодитой байгаа эсэхийг нотлох баримтад үндэслэн дараах байдлаар тогтоолоо.
-Шүүхэд талуудаас малын тооны талаар 2014, 2015 оны мал тооллогын талаарх албан бичиг, дансны хуулгыг гаргасан байх ба 2015 оны мал тооллогоор нэхэмжлэгчид болон бусдад шилжүүлсэн, худалдсан мал зэргийг хассан дүнгээр тоологдсон, харин 2014 онд гэр бүлийн дундын эд хөрөнгөд хамаарах мал нь бодит дүнгээрээ тоологдсон дүн гэж үзэж 2014 оны тооллогын баримтыг нотлох баримтаар үнэлсэн болно. 2014 онд И.Эрдэнэ, Ө.Сэржмядаг нарын дундын өмчлөлд 561 толгой мал байсан болох нь Говь-Алтай аймгийн Цогт сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 01/548 дугаартай албан бичигт “...тус сумын Баян-Өндөр багийн иргэн Ишгэнхүү овогтой Эрдэнэ нь 2014 оны жилийн эцсийн мал тооллогоор адуу-6, үхэр-23, хонь-285, ямаа-247 нийт 561 толгой мал тоолуулсан нь үнэн болно...” гэсэн болон И.Эрдэнийн 2014 оны А дансны хуулбар зэргээр тогтоогдож байна.
Эдгээр малаас 200 толгой малыг нэхэмжлэгчид өгсөн болох нь зохигчдын харилцан зөрүүгүй тайлбараар тогтоогдож байна.
-Мөн гэр бүлийн хөрөнгөд УАЗ469 автомашин 1, иж-5 мотоцикл 1, хятад мотоцикл-1, том гэр 1, жижиг гэр 3, сумын төвд өмчилсөн газар 1 байгаа гэх боловч мотоциклын үйлдвэрлэсэн он, марк, улсын дугаар зэргийг харуулсан бичиг баримт, чанар байдал, үнэлгээ зэрэг нь тодорхойгүй, үнэ чанар байдлын хувьд талууд харилцан өөрөөр тайлбарлаж байгаа зэрэг шалтгаанаар, гэрийн хувьд тооны зөрүүтэй тайлбарлаж байгаагаас 4 гэртэй болох нь тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл нотолгооны хуваарийн дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тэргүүн ээлжинд нотлох үүргээ биелүүлж чадаагүй байна. Газрын хувьд мөн л Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн лавлагаагаар үл хөдлөх хөрөнгө байхгүй болох нь тогтоогдож байна. Харин машины хувьд нэхэмжлэгч 5.000.000 төгрөгөөр үнэлснийг хариуцагч байгааг зөвшөөрч, үнэлгээний хувьд 4.000.000 орчим болно гэсэн тайлбарын дүнгээр үнэлэх боломжтой байна гэж үзлээ.
-Мөнгөн хөрөнгийн хувьд Сэржмядагийн хүүхдүүдийн нэр дээрх хадгаламжаас 12.181.205 төгрөг авсан болох нь хариуцагчийн тайлбар, хүүхдүүдийн нэр дээрх хадгаламжийн дансны гүйлгээг харуулсан хуулга зэргээр тус тус тогтоогдож байна. Мөн хариуцагч тайлбарлахдаа гэрт байсан бэлэн мөнгө 10 гаруй сая төгрөгийг авч явсан байсан гэх боловч нэхэмжлэгч нь 5 сая төгрөгийг авч явсан гэж тайлбарлаж байх тул хариуцагчийн тайлбараас 5 сая төгрөг тогтоогдож байна гэж үзэхээр байна. Харин нэхэмжлэгч уг мөнгийг авч хүүхдүүдийн хадгаламжид хийсэн гэх боловч энэ тайлбар нь мөн баримтаар тогтоогдохгүй байгаа болно.
Дээрх дурдсан нэр төрөл, тоо хэмжээний тогтоогдож байгаа эд хөрөнгө нь гэрлэлтээ албан ёсоор цуцлуулаагүй байхдаа хуваасан байх тул гэр бүлийн нийт хөрөнгөд байгаагаар тооцож эд хөрөнгийг хуульд заасан журмын дагуу хуваахдаа суутган тооцох үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх хөрөнгийн зарим хэсгээ гэрээгээр зохицуулсан гэж үзэхээр байна. Иймд нийт эд хөрөнгийг тодорхойлон хуваарилж, урьд авсан эд хөрөнгийг суутган тооцож, суутгагдсан дүнгээр олгох нь зүйтэй гэж үзсэн болно. Урьд авсан гэх малын тоо толгой, нас, хүйсийг нэхэмжлэгч өөрөө тодорхойлон тайлбарласныг хариуцагч татгалзалдаа нотлоогүй тул нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг баримтлан, засаг даргын албан бичигт тодорхойлсон үнээр тооцоход эм хонь 30 буюу 30*90.000=2.700.000 төгрөг, хурга 31 буюу 31*20.000=620.000 төгрөг, эр төлөг 24 буюу 24*85.000=2.040.000 төгрөг, эр хонь 15 буюу 15*130.000=1.950.000 төгрөг, эр ямаа 55*30.000=1.650.000 төгрөг, ишиг 9 буюу 9*18.000=162.000 төгрөг, охин борлон 19 буюу 19*20.000=380.000 төгрөг, эр ямаа 17 буюу 17*80.000=1.360.000 төгрөг, нийт 10.862.000 төгрөгийн мал авчээ.
Гэр бүлийн хөрөнгийн эрхийг Иргэний хуулийн гуравдугаар дэд бүлэгт зохицуулсан ба Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс гишүүнд ногдох хэсгийг тодорхойлох дөрвөн тохиолдолыг тусгажээ. Энэ тохиолдолд мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь ...бүх гишүүнийг оролцуулан нийт гишүүдэд адил байна. Харин хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т гэрлэлт цуцалсан буюу гэрлэлтийг хүчингүйд тооцсоноос гэр бүлийн нэг гишүүнд ноогдох эд хөрөнгийг тодорхойлохдоо гэрлэгчдийн эрүүл мэндийн байдал, хүүхдийн ашиг сонирхлыг харгалзан шүүх өөрөөр тогтоож болно гэж заажээ. Шийдвэрлэж буй энэ хэргийн хувьд дундын эд хөрөнгө хуваах болсон үндэслэл нь гэрлэлт цуцлуулах асуудал бөгөөд гэрлэгчдийн хувьд бага насны гурван хүүхэдтэй байх тул хүүхдийн ашиг сонирхлын үүднээс Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 129.3-т тус тус заасныг баримтлан ногдох хэсгийг тодорхойлох үндэслэлтэй байна. Харин гэрлэгчид 2014 оноос хойш тусдаа амьдарч байгаа гэх ба хэрэгт авагдсан баримт, шаардлага, татгалзлын үндэслэлд гэрлэгчдийн хэн нэгний эрүүл мэндийн байдлыг харгалзах үндэслэл дурдагдаагүй, тийм үндэслэл болон Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.5-д заасан үндэслэл тогтоогдохгүй байгаа тул Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.4-т “...энэ хуулийн 129.3-т зааснаас бусад гэр бүлийн гишүүнд ногдох эд хөрөнгийн хэсгийг тодорхойлохдоо гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө бий болгоход оруулсан түүний хөдөлмөрийн оролцоо, хөрөнгийн хэмжээг харгалзан багасгах, эсхүл олгохгүй байхаар шүүх шийдвэрлэж болно...” гэж заасныг баримтлан хуваарилах нь зүйтэй байна.
Гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийг дээрх үндэслэлээр хуваахын тулд эд хөрөнгийн нийт үнийн дүнг тодорхойлох шаардлагатай бөгөөд энэ хэргийн хувьд нэхэмжлэгч талаас үнэлгээгээ нотлохоор баримтаар гаргасан Говь-Алтай аймгийн Цогт сумын засаг даргын албан бичиг бүхий тодорхойлолтыг хариуцагч талаас маргаагүй, няцааж үгүйсгээгүй, үнэлгээтэй холбоотой ямар нэг хүсэлт гаргаагүй, шүүх санаачилгаараа шинжээч томилох хууль зүйн үндэслэлгүй тул уг үнийн тодорхойлолт бүхий албан бичгийг шүүх нотлох баримтаар үнэлэн малын үнэлгээг гаргахад 561 толгой мал нь 38.535.000 төгрөг болж байх ба үүн дээр хадгаламжид байсан 12.181.205 төгрөг, бэлэн байсан 5.000.000 төгрөг зэргийг нэмэхэд нийт 55.716.205 төгрөгийн үнийн дүн бүхий эд хөрөнгө болж байна. Үүнээс урьд авсан хөрөнгө нь мал 200 толгой буюу 10.862.000 төгрөг, хүүхдүүдийн хадагаламжид байсан гэх 12.181.205 төгрөг, бэлэн авсан 5.000.000 төгрөг байна. Иргэний хуулийн 129.2-т заасан үндсэн зарчмыг баримтлан тодорхойлоход 55.716.205:5=11.143.241 төгрөгийн эд хөрөнгө гэр бүлийн нэг гишүүнд ногдохоор байна. Иргэний хуулийн 129.3-т заасныг үндэслэн гурван хүүхэд тус бүрт ногдох эд хөрөнгийг хуульд заасан хэмжээгээр нь хуваарилж 11.143.241*3=33.429.723 төгрөгийг олгохоор байна. Дээр дурдсанчлан 200 толгой мал буюу 10.862.000 төгрөгийн мал, 12.181.205 төгрөгийн хадгаламж, бэлэн 5.000.000 төгрөгийг нэхэмжлэгч нь авсан байх тул эдгээрийг суутгах байдлаар хасвал 33.429.723-12.181.205-10.862.000-5.000.000=5.386.518 төгрөгийн эд хөрөнгө хүүхдүүдэд нэмж олгогдохоор байна. Нийт эд хөрөнгөнөөс хүүхдүүдэд ногдох хэсгийн урьд авсан хэсгийг хасахад 55.716.205-28.043.205(12.181.205+10.862.000+5.000.000)=27.673.000 төгрөгийн эд хөрөнгө байх ба үүнээс хүүхдүүдэд оногдох хэсгийн олгогдоогүй дутуу болох 5.386.518 төгрөгийн хөрөнгийг хасан олгож, гэрлэгчдэд ногдох хэсэг буюу 55.716.205-33.429.723=22.286.482 төгрөгийн хөрөнгөнөөс Иргэний хуулийн 129.4-т зааснаар эд хөрөнгө бий болгоход оруулсан хөдөлмөрийн оролцоог / 2014 оноос хойш И.Эрдэнэ нь мал аж ахуйн хөдөлмөрөө ганцаар эрхэлж байгаа/ харгалзан 6.232.328 төгрөгийн эд хөрөнгийг нэхэмжлэгч Ө.Сэржмядагт ногдуулан, өөрөөр хэлбэл хүүхдэд олгогдох мөнгөний зөрүү 5.386.518 нэхэмжлэгчид ногдох 6.232.328 нийт 11.618.846 төгрөгийн эд хөрөнгийг нэхэмжлэгч болон хүүхдүүдэд шинээр олгох үндэслэлтэй байна гэж үзэв.
Нэхэмжлэгч гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөнөөс 45.000.000 төгрөгийн эд хөрөнгө гаргуулахаар нэхэмжилсэнээс дээрх үнийн дүнг нэхэмжлэгчээс гаргасан малын үнийн тодорхойлолтын үнэлгээг хариуцагч татгалзан маргаагүй тул нотлох баримтаар үнэлэн, баримтаар тогтоогдсон хөрөнгө болох машин, малд дүйцүүлбэл УАЗ-469 маркийн автомашины үнэ 4.000.000 төгрөгийн тал болох 2.000.000 төгрөг, үнээ 3 буюу 3*700.000=2.100.000 төгрөг, шүдлэн үхэр 3 буюу 3*500.000=1.500.000 төгрөг, эр хонь 20 буюу 20*130.000=2.600.000 төгрөг, эм хонь 13 буюу 13*90.000=1.170.000 төгрөг, эр ямаа 10 буюу 10*80.000=800.000 төгрөг, эм ямаа 10 буюу 10*30.000=300.000 төгрөг, гүү 1 буюу 1*1.100.000=1.100.000 төгрөг, үлдэх зөрүү 48.846 төгрөгийг мөнгөн хэлбэрээр гаргуулан нийт 11.618.846 төгрөгийн эд хөрөнгийг нэхэмжлэгчид олгохоор тогтов.
Шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө нотлох баримт шинээр бүрдүүлэх цуглуулахтай холбоотой хүсэлт байгаа эсэхийг тодруулж, зохигчдын эрхийг хангасан байгааг тэмдэглэх нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс гэрлэлт цуцлуулах шаардлагад төлсөн 70.200 төгрөг, дундын эд хөрөнгө гаргуулах тухай шаардлагын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 382.950 төгрөг буюу нийт 453.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлэг 985.200 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 28.195 төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын орлогод, гэрлэлт цуцлуулах шаардлагын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, эд хөрөнгө гаргуулах шаардлагаас хангагдсан хэмжээ буюу 39.662.051 төгрөгт ногдох хураамж 356.260 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгч Ө.Сэржмядагт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.5, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Шарнууд Ишгэнхүүгийн Эрдэнэ, Бэсүүд Өлзийсайханы Сэржмядаг нарын 2006 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 65 дугаарт бүртгэгдсэн гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2007 оны 08 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү Эрдэнийн Өсөхбаяр, 2009 оны 05 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү Эрдэнийн Отгонбаатар, 2013 оны 03 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Эрдэнийн Жаргалсайхан нарыг эх Ө.Сэржмядагийн асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн 2007 оны 08 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү Эрдэнийн Өсөхбаяр, 2009 оны 05 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү Эрдэнийн Отгонбаатар, 2013 оны 03 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Эрдэнийн Жаргалсайхан нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Ишгэнхүүгийн Эрдэнээс сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
4.Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3, 129 дүгээр зүйлийн 129.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөнөөс хүүхдүүдэд 33.429.723 төгрөгийн эд хөрөнгө олгохоос урьд авсан хадгаламж 12.181.205 төгрөг, бэлэн 5.000.000 төгрөг, 200 толгой мал буюу 10.862.000 төгрөгийг суутган тооцож, үнийн дүнгийн зөрүү 5.386.518 төгрөгийн эд хөрөнгө болон гэрлэгч Ө.Сэржмядагт ногдуулсан эд хөрөнгө болох 6.232.328 төгрөгийн эд хөрөнгөнд УАЗ-469 маркийн автомашины үнэ 4.000.000 төгрөгийн тал болох 2.000.000 төгрөг, үнээ 3 буюу 3*700.000=2.100.000 төгрөг, эм хонь 13 буюу 13*90.000=1.170.000 төгрөг, шүдлэн үхэр 3 буюу 3*500.000=1.500.000 төгрөг, эр хонь 20 буюу 20*130.000=2.600.000 төгрөг, эр ямаа 10 буюу 10*80.000=800.000 төгрөг, эм ямаа 10 буюу 10*30.000=300.000 төгрөг, гүү 1 буюу 1*1.100.000=1.100.000 төгрөг, үлдэх зөрүү 48.846 төгрөгийг мөнгөн хэлбэрээр, нийт 11.618.846 төгрөгийн эд хөрөнгийг Ишгэнхүүгийн Эрдэнээс гаргуулж, Ө.Сэржмядаг, Э.Өсөхбаяр, Э.Жаргалсайхан, Э.Отгонбаатар нарт олгож, эд хөрөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын зарим болох 5.337.949 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлэгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Ө.Сэржмядагт даалгасугай.
6. Тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч И.Эрдэнэ нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг зориулалтын дагуу зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ө.Сэржмядаг нь И.Эрдэнийг эцгийн хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг дурдсугай.
8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс гэрлэлт цуцлуулах шаардлагад төлсөн 70.200 төгрөг, дундын эд хөрөнгө гаргуулах тухай шаардлагын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 382.950 төгрөг буюу нийт 453.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлэг 985.200 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 28.195 төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын орлогод, гэрлэлт цуцлуулах шаардлагын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, эд хөрөнгө гаргуулах шаардлагаас хангагдсан хэмжээ буюу 39.662.051 төгрөгт ногдох хураамж 356.260 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгч Ө.Сэржмядагт олгосугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН