Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 136

 

 

                                         Т.Ц, Г.М нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгч Т.Ц-ийн өмгөөлөгч Д.Дашцэрэн, Г.Адъяатогтох, шүүгдэгч Г.М-ийн өмгөөлөгч А.Адъяасүрэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б, түүний өмгөөлөгч П.Адъяасүрэн, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 39 дүгээр шийтгэх тогтоол, Өвөрхангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 34 дүгээр магадлалтай, Т.Ц, Г.М нарт холбогдох эрүүгийн ____ дугаартай хэргийг шүүгдэгч Т.Ц, түүний өмгөөлөгч Д.Дашцэрэн, Г.Адъяатогтох, шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч А.Адъяасүрэн нарын гаргасан гомдлуудыг үндэслэн 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, 31 настай, тусгай дунд боловсролтой, буудагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст эргүүлийн цагдаагаар ажиллаж байсан, ял шийтгэлгүй Б овогт Т-ийн Ц,

2.Монгол Улсын иргэн, 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газарт гал сөнөөгч, аврагч ажилтай, ял шийтгэлгүй Б овогт Г-ын М.

Т.Ц нь бусадтай бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө 00 цагаас 02 цагийн орчимд Бүрд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр гэх газар малын гоц халдварт шүлхий өвчний хорио цээр тогтоосон хязгаарлалтын бүсийн 4 дүгээр постод ажиллаж байхдаа хамт архидаж хүнд зэргийн согтолттой байсан Б.Ө-ыг биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь мэдсээр байж, “гэр лүү гээ явах гэлээ” гэсэн үл ялих зүйлээр шалтаглан уурлаж түүний цээж, хэвлий, гуя, толгой руу удаа дараа өшиглөж, чирэх байдлаар биед нь халдаж гавал тархины битүү гэмтэл, аалзан бүрхүүлийн доорх тархмал цус харвалт, зүүн уушгины дэлбэнгийн хатгагдсан шарх, баруун 9, 10, 11 дүгээр хавирга, зүүн 6, 7, 8 дугаар хавирганы хугарал, нүүр, толгой, дээд, доод мөч, их биед олон тооны шарх, зулгаралт бүхий бие махбодын зовиур шаналал үүсгэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулан хүнийг онц харгис хэрцгий аргаар алсан,

Г.М нь Т.Ц-тэй бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө 00 цагаас 02 цагийн орчимд Бүрд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр гэх газар малын гоц халдварт шүлхий өвчний хорио цээр тогтоосон хязгаарлалтын бүсийн 4 дүгээр постын гэрийн гадна иргэн Б.Ө-ын нүүр, цээж хэсэг рүү цохиж өшиглөж зүүн уушгины дэлбэнгийн хатгагдсан шарх, баруун 9, 10, 11 дүгээр хавирга, зүүн 6, 7, 8 дугаар хавиргыг хугалж бие махбодын зовиур шаналал үүсгэж хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 39 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т.Ц-ийг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж хүнийг алсан, бүлэглэж бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан,

Г.М-ийг бүлэглэж бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж  хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Т.Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7 дахь хэсэгт зааснаар 12 жилийн хорих, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3-т зааснаар 5 жилийн хорих,

Г.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3-т зааснаар 5 жилийн хорих ялаар тус тус шийтгэж,

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар Т.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3-т зааснаар оногдуулсан 5 жилийн,

Г.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3-т зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ялаас тус тус 2 жилийг өршөөн хасаж,

мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Ц-д оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 15 жилийн хугацаагаар тогтоож, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Прокурорын бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч Т.Ц, түүний өмгөөлөгч Д.Дашцэрэн, Г.Адъяатогтох, Ж.Яринпил, шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч А.Адъяасүрэн, иргэний хариуцагчийн төлөөлөгч Б.О нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хэргийг Өвөрхангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцэж 34 дүгээр магадлалаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:    

1 дэх заалтыг бүхэлд нь “шүүгдэгч Т.Ц-ийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж хүнийг алсан, бүлэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г.М-ийг бүлэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай”,

2 дахь заалтыг бүхэлд нь “шүүгдэгч Т.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7-д зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Г.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй”,

3 дахь заалтыг бүхэлд нь “2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 5 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялаас, шүүгдэгч Г.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 5 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялаас тус тус 2 жилийг өршөөн хассугай”,

4 дэх заалтыг бүхэлд нь “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7-д зааснаар оногдуулсан 12 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх хорих ялыг 15 жилийн хугацаагаар тогтоосугай” гэж тус тус өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээн шийдвэрлэжээ. 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Т.Ц гаргасан гомдолдоо: “Миний бие талийгаачийн амь нас хохирсон явдалд чин сэтгэлээсээ гэмшиж, харамсаж явдаг. Би ар гэрийнхэнтэйгээ ярилцаад бодит хохирол болох талийгаачийн оршуулгын зардал, талийгаачийн хууль ёсны төлөөлөгчийн замын зардал нийт 6,400,000 төгрөгийг бүрэн төлсөн. Талийгаачийн хууль ёсны төлөөлөгч оршуулгын зардал бүрэн төлсөн Ц-с нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлэг өгсөн. Сүүлд иргэний хариуцагч байгууллагаас гэм хорын хохирол нэхэмжилсэн. Талийгаачийн хууль ёсны төлөөлөгч Б ахаас уучлалт гуйж байна. Хэрэг гарсан шөнө 4-р постын гэрт байсан хүмүүс архи уусан байсан нь буруу боловч Монгол улсын нутаг дэвсгэрт малын гоц халдварт шүлхий өвчин гарсан бүсэд ажиллахаар томилогдсон албан хаагч нараа үүрэгжүүлж хяналт, шалгалт тавиагүй удирдлага мөн томилогдон очсон газраасаа хувийн ашиг сонирхлоор хяналтын постоо орхин өвлийн хүйтэн шөнө амь нас, ажил алба эрсдэлд оруулж хууль журмаа зөрчөөд Өвөрхангай аймгийн Бүрд сум явна гээд гэрээс явганаар гараад явсан талийгаачийн буруугаас шалтгаалан уг хэрэг гарсан байгаа... Энэ бүхнийг эргэцүүлэн бодоход хэрвээ талийгаачийн толгойн дагзны ард үүссэн 1см урт шарх М-ийн буруугаас үүссэн бол талийгаачийн амь нас хохирсон асуудал миний буруугаас болсон байх гэж би боддог учир нь 4-р постын гэрт эргэж ирээд талийгаачийг нааран дээр сууж байхад нь би нүүр лүү нь өшиглөсөн шүү дээ магадгүй энэ үед талийгаачийн тархинд гэмтэл үүссэн байх тэгээд түүнийг дагуулаад гэрээс гарч явахад гэмтэл нь хүндрээд миний ард уначихсан ч юм бил үү одоог хүртэл шинжээчийн яг ийм тийм гэж мухарласан нарийн дүгнэлт гараагүй зөвхөн магадлал боломж л яригддаг.

Миний хувьд ямар ч тохиолдолд талийгаачийн амь нас хохирсон хэрэгт хариуцлага хүлээх ёстой этгээд гэж өөрийгөө 100% буруутгаж яваа. Прокурор хэргийг олон янзаар зүйлчилсэн дээд шүүхээс хэргийн зүйлчлэл буруу гэж олон удаа буцсан миний өмгөөлөгч нар хүртэл хоёр өөр байр суурьтай хэргийн зүйлчлэлийн талаар маргах  болсон. Миний бие 10 жилийн боловсролтой хууль сайн мэдэхгүй тул шүүх болсон явдлыг хуулийн зүйлчлэлээр эргэлзээгүй тогтоон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэлд нийцсэн шүүгдэгч нарын бурууд тохирсон хариуцлага хүлээлгэж талуудын маргааныг зогсоож өгнө гэж итгэж явдаг. Өмнө нь хэрэгт холбогдсон байдал, 4 жил хэрэг шалгах хугацаанд 2 удаа баталгаа гаргаж гадуур шалгуулахдаа зөрчил гаргаагүй нийгэм олон түмэндээ ямар нэгэн аюулгүй, дахин гэмт хэрэг хийхгүй зөв шударга амьдрах хүсэл зорилготой байгаа хувийн байдал болон хохирол төлсөн зэргийг харж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ялыг хөнгөрүүлэх хуулийг хэрэглэж надад оногдуулсан 15 жилийн хорих ялаас бага ч гэсэн хасаж, хууль ёсны төлөөлөгчийн сүүлд нэхэмжилсэн гэм хорын хохирлыг иргэний хариуцагч байгууллагаас гаргаж өгнө үү. Өөрийн бурууг ухаарч цаашдаа амьдралд хандах хандлагаа өөрчилж зөв шударга хөдөлмөрлөж явах болно. Төр улсдаа учруулсан хохирлыг өөрийн шударга хөдөлмөрөөр цайруулна гэдгээ та бүхэнд амлаж байна” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Г.М гаргасан гомдолдоо: “Анхан болон давж заалдах шатны шүүхээс надад холбогдох хэргийн үнэн мөнийг олж тогтоож шударга зөв шийдвэр гаргаж чадаагүйг би мэдэж байна. Яагаад гэвэл амь насаа алдсан Б.Ө-ыг ах үг хэлж гэрчилж чадахгүй байгаа учраас Т.Цийн гүтгэлэг арга мэхэнд прокурор, шүүх эргэлзээд яаж ч чадахгүй 18 дахь удаагийн шүүх хурлаар ялтан мөн гэж үзэж байгаад туйлын гомдолтой байна. Би Б.Ө-ыг зодоогүй түүнд гэмтэл учруулаагүй учраас үнэн гэдэг зүйлийг тогтоож өгөхийг хүсэж байна. Т.Цийн шударга бус явдал, гүтгэлэг доромжлол хэрээс хэтэрч хийсэн хэргээ янз бүрээр эргэлзээ төрүүлэх зорилгоор хэрэг гарснаас хойш 1 жилийн дараагаас эхлэн үнэн зөв ярьж байсан мэдүүлгээ өөрчлөн янз бүрээр худал ярих талийгаачийг өшиглөж зодсоноо үгээ зөөлрүүлж мэдүүлэх зэргийг анхааралгүй өнгөрч болмооргүй санагдаж байна.

Т.Ц “талийгаач Б.Ө-ын ногоон үстэй дээл цус мэт зүйлээр бохирлогдсоныг Г.М Б.Ө-ыг зодож болгосон. Хэргээ нуух ул мөрийг баллах гэж архины шил нуусан. Гэрчүүдтэй хуйвалдсан талийгаач Б.Ө-ыг гэрийн босго мөргөөд таг гээд унахад Г.М хажууд нь зогсож байсан. Талийгаач Өлзийбаярын дээлийн энгэрийг өөрөө урснаа мэдүүлсэн мөртлөө намайг урсан. Гэрээс 800 метр зайтай газраас авраарай гэсэн аврал ирсэн дуу гарсан гэж тус тус гүтгэдэг”. Намайг Т.Цийн гомдол мэдүүлгээр яллаж байгаач өөрийнх нь өгсөн дараах мэдүүлэг дээр тодорхой байдаг.

2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Т.Ц “... Би талийгаач Б.Ө-ыг ууц, нуруу хэсэг рүү 2 удаа өшиглөсөн... Талийгаач Б.Ө-ыг чи юу юм бэ гээд над руу дайрсан тэгэхэд нь Б.Ө-ын цээж хэсэг рүү хөлөөрөө тийрсэн... Би очоод Б.Ө-ын хувцаснаас татаж ойролцоогоор 15-20 метр зайд цасан дээр чирээд одоо хөлөөрөө гэр лүү ор гэхэд алхаад гэрт орсон... Б.Ө-ыг өөр хүнд зодуулж байхыг би хараагүй гэж маш тодорхой анхны мэдүүлэгтээ мэдүүлсэн байдаг /1 дэх хавтас, 180-182 дахь тал/.

2018 оны 3 дугаар сарын 24-ний өдөр дахин мэдүүлэг өгөхдөө талийгаач Б.Ө-ыг зодсоноо давхар нотолж хангалттай баталсан байдаг /5 дахь хавтас, 62-64 дэх тал/.

Дээрх Т.Цийн мэдүүлгүүдээс харахад Г.М Б.Ө-ыг зодсон талаар нэг ч үг үсэг хэлээгүй, дээлний цус мэт бохирлогдсон зүйлийн талаар юу ч хэлж яриагүй байдаг мөртлөө яагаад одоо болохоор над руу дайраад гүтгээд байгаа юм.

Би анхны мэдүүлгээс одоог хүртэл болсон зүйлийг үнэн зөвөөр мэдүүлж ирсэн. Гэрч нар 2-3 жилийн дараа эргэн санаж мэдүүлж байгаа учраас үг үсгийн зөрүү гарсан байхыг үгүйсгэхгүй гэхдээ утга санаа нь алдагдаагүй ярьдаг /шүүх хуралдаанд мэдүүлсэн/. Тухайн үед яаж орилж хашхирч араатан шиг загнаж байснаа мартсан юм байхдаа. Гэрч нар үйл явдлыг удаа дараа мэдүүлж байгаа шүү дээ. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Бэхбат гуайн хувьд ганц хүүгийнхээ амь насыг хохироосон эзнийг олохын тулд алдсан хүн арван тамтай гэгчээр хардаж сэрдэж болох ч нотлох баримтан дээр тулгуурлан хуулийн хүрээнд хардах нь зөв байх. Намайг Т.Ц хохирогчид нууцаар мөнгө өгсөн гэж гүтгэдэг. Бас хохирогч Бэхбат гуайг мөнгө авсан гэж давхар гүтгэдэг. Т.Цийн худлаа гүтгэлгээр намайг татаж шалгаагүй биш шалгасан. Шалгаад энэ хэрэгт ямар нэгэн байдлаар холбогдолгүй болохыг тогтоож Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр шийтгэх тогтоолоор надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан.

Мөн шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр шийтгэх тогтоолоор мөн хэрэгсэхгүй болгож 2 дахь удаагаа цагаатгасан байтлаа анхан болон давж заалдах шатны шүүх гэм буруутай гэж ял өгч байгаад гомдолтой байна. Прокурор намайг яллахдаа цустай зүйлээр бохирлогдсон ногоон дээлээр Ц-ийн худал гүтгэсэн мэдүүлгээр яллаж байгаа нь үнэн бодитой хуульд нийцсэн шийдвэр гэж үзэх ямар ч боломжгүй байна. Надад холбогдох хэргийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор /Н.Б, Ш.Б, Т.Б/ нар хэрэгт хяналт тавьж бас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлж байсан ч шүүхээс хэргийг хоёр ч удаа цагаатгаж шийдвэрлэхэд шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд хуульд заасны дагуу хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслээд Г.М-ийг гэм буруугүй гэж шийдвэрлэсэн учир гэм буруутай гэж үзэх шаардлагагүй гэсэн дүгнэлт тайлбар гаргаж байсан.

Хэрэг болоход байсан гэрчүүдийг зохион байгуулалттай худал хэлсэн бас анхнаасаа тайлбар мэдүүлэг авсан албан тушаалтнуудад дарамтлуулсан хууртагдсан гэж үзэж байгаа бол нүгэл нүдтэй гэдэг биз дээ. Хуулийг хэрэглэдэг хуульч нар нь тодорхой нотолгоотой ийм хэргийг 4 жил гаруй хугацаанд шийдэж чадахгүй шүүх хурал дээр прокурор шүүхийг доромжлоод байгаа ч юм шиг үл тоосон байдал гаргаж байгаа Ц-ийн хувийн болон хэргийн байдалд яагаад дүгнэлт хийдэггүй юм болоо гэж бодох юм.

Шийтгэх тогтоол, магадлал үндэслэлгүй, хуулийг буруу хэрэглэсэн, тайлбарласан, ноцтой зөрчсөн гэж гомдож байгаа тул хэргийг хянан үзэж надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү.” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Т.Цийн өмгөөлөгч Г.Адъяатогтох гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1-д заасан “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Т.Ц нь 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Бүрд сумын 2 дугаар багийн нутагт малын гоц халдварт шүлхий өвчин гарсан гэх М, М, Б гэсэн гурван айлын хүн малын хөдөлгөөнд хяналт тавьж хөл хорио тогтоосон бүсэд ажилласан. 2018 оны 02 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 01 цагийн үед Б.Ө-ыг /талийгаач/ Өвөрхангай аймгийн Бүрд сумын төвд байдаг гэр лүүгээ явна охин төрөх гэж байгаа гэхэд постоо орхиж явж болохгүй маргааш дарга нарыг ирэхээр хэлээд яв гэхэд үл тоож гэрээс гараад явсан ба араас нь Г.М эхэлж  талийгаач дээр очиж дараа нь Т.Ц очсон. Талийгаач гэрээс 800 метрийн зайтай засмал замын хажууд явахад нь Г.М араас нь очиж зодсон байсан бөгөөд Т.Ц талийгаачийн цус болсон нүүрийг нь цасаар угааж өгч, буцаж явахыг шаардахад талийгаач эсэргүүцэл үзүүлэхэд нь Т.Ц талийгаачийн хэвлий болон хөл, гуяны ар хэсэг рүү өшиглөсөн талаар мэдүүлдэг. Мөн талийгаачийн биед маш олон тооны шарх үүссэн байдаг, тэр олон шархыг шүүгдэгч нарын хэн нь хэрхэн, яаж үүсгэсэн талаар баттай нотолж тогтоогоогүйгээс гадна Т.Цийн талийгаачийг гэрээс дагуулж гарч зодож гэмтээж үхэлд хүргэсэн гэж шүүхээс дүгнэж байгаа нь учир дутагдалтай байна. Т.Ц нь талийгаачийг авч гараад зодсон гэдгийг хэн ч хараагүй, ямар ч нотлох баримт байхгүй байхад талийгаачийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж түүнийг санаатай алсан гэж үзэж яллаж байгаа нь үндэслэлгүй юм.

Учир нь шинжээч эмч М.Э-ын мөрдөн байцаалтын шатанд “...Хэрэв архи байнга хэрэглэдэг хоол хүнс хэрэглэсэн хүний биеийн физиологи нь архи спирт хүлээн авах чадвар сайтай хүн байсан бол 2.6% согтолттой байхад орчинтойгоо харьцах, хүнтэй маргах, зодоон хийх чадвартай байдаг...энэ байдлаас харахад талийгаач тухайн нөхцөл байдалд өөрийгөө бусдаас хамгаалах бусадтай маргалдах зодоон хийх зэрэг үйл хөдөлгөөн хийх чадвартай...” гэж өгсөн мэдүүлгээр талийгаачийн биеэ хамгаалах чадваргүй байсан гэдэг нь үгүйсгэгдэж байгаа учир Т.Цийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7-д зааснаар зүйлчилснийг хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Т.Цийг цагдаад шалгагдаж, цагдан хоригдож байхад талийгаачийг үхэлд хүргэсэн байж болзошгүй Г.М нь сул чөлөөтэй ажил хөдөлмөрөө эрхэлж явсан байх бөгөөд 2 жилийн хугацаанд гэрчүүдэд яаж ч, ямар ч хэлбэрээр нөлөө үзүүлж, тэднээр худал мэдүүлэг өгүүлсэн байхыг үгүйсгэхгүй. Давж заалдах шатны шүүх нь Т.Цийг тус тусдаа эхлэл, төгсгөлтэй 2 удаагийн үйлдлээр талийгаачийн биед гэмтэл үүсгэж, хүнийг санаатай алсан гэж дүгнэж байгаа ч энэ талаар бүрэн нотлогдож тогтоогдоогүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна", мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэж заасан байдаг ба Т.Цийн үйлдсэн гэмт хэргийг давхардуулан зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 31 дүгээр шинжээчийн дүгнэлтэд “...талийгаач Б.Ө-ыг нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас нас баржээ.” гэж нас барсан шалтгааныг тодорхой тусгажээ. Гэтэл энэ дүгнэлтээр “Хүнийг санаатай алах” гэмт хэргээр зүйлчлэх нь үндэслэлгүй юм. “Хүнийг санаатай алах”, “Хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах” гэмт хэргийг хооронд нь харьцуулж, ялган зүйлчлэхдээ гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилго, мөн хохирогч уг гэмтлийн улмаас үхэлд хүрсэн, эсхүл уг гэмтлээс шалтгаалан бусад хүндрэл үүсэж нас барсан зэрэг нөхцөлүүдийг нарийвчлан тогтоож дүгнэлт өгсний эцэст хэргийн зүйлчлэлийг тогтоох ёстой. Мөн “...тухайн гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн нь тогтоогдсон тохиолдолд зөвхөн түүгээр нь, үгүй бол хуульд заасан бусад хүндрүүлэх шинжийг харгалзан хэргийг хүнд гэмт хэрэгт нь багтаан зүйлчилнэ” гэсэн Улсын дээд шүүхийн тогтоолуудаас үзэхэд Т.Цд бусдыг алах санаа зорилго, сэдэлт байгаагүй нь тогтоогдсон, мөн түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан хүндрүүлэх шинжээр зүйлчилж шийдвэрлэх боломжтой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7-д зааснаар давхар зүйлчлэх шаардлагагүй гэж үзэж байна.

Иймд шүүгдэгч Т.Цийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар зүйлчилж, түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Т.Цийн өмгөөлөгч Д.Дашцэрэн гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж шийдвэр гаргасныг эс зөвшөөрч гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүх хэрэгсэхгүй болгосон тул гомдолтой байна. Т.Цийг ямар нотлох баримтаар буруутгаж байгаа нь тогтоох боломжгүй байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 дахь хэсэгт зааснаар ял оноож байгаа нь Эрүүгийн хуулийн ноцтой зөрчил гэж үзэж байна. Аливаа гэмт хэргийн дөрвөн шинжийн аль нэг нь тохирохгүй бол тухайн гэмт хэргийн зүйлчлэл мөн тохирохгүй болно. Хавтаст хэргийг судлаад үзэхэд объект, объектив тал байна. Харин субъект, субъектив тал нь яг тодорч байгаа эсэх нь маш их эргэлзээ түрүүлдэг. Шинжээч эмч Э.Х-ийн 3653 дугаартай шинжээчийн дүгнэлт /4 дэх хавтас, 136, 137 дахь тал/-ээр талийгаач гавал тархины хүнд зэргийн битүү гэмтэл тогтоогдлоо, ийм гэмтэл авсан нөхцөлд орчинтойгоо харьцах, ярих, хэлэх, ямар нэгэн хөдөлгөөн хийх ямар ч боломжгүй ба 3-4 минутын дотор амьд байх боломжтой гэсэн маш тодорхой дүгнэлт гарсан. Эндээс үзэхэд гэрт байхад өшиглөсөн үйлдлээс болоогүй гэдэг нь тодорхой.

Шинжээч эмч болон шүүх ийм дүгнэлтэд хүрсэн тэгвэл хаана, хэзээ тархины хүнд гэмтэл авсныг нотлох боломжгүй хамгийн сүүлд Ц талийгаачийг дагуулаад гэрээс гарсан, гадаа ямар үйлдэл хийснийг харсан ямар ч гэрч болон нотлох баримт байхгүй байхад ямар үндэслэлийг удирдлага болгон ял оноож байгаа нь тодорхойгүй ердөө л таамгаар Ц-ийг хүн алсан гэж дүгнэхэд хүрлээ. Энэ дүгнэлтээс үзэхэд Ц энэ гэмт хэргийн субъект юм гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй ба субъект үгүй бол субъектив тал мөн л тодорхойгүй /чухам ямар үйлдлээр тархины хүнд гэмтэл учруулсныг тогтоох боломжгүй/ маш их эргэлзээтэй байхад шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх учиртай.

Харин Цагдаагийн албан хаагч бусдын аюулгүй байдлыг хамгаалах үүргээ хангаагүй /дагуулж гарсан бол аюулгүй байдлыг нь хангах үүрэгтэй хайнга хандсан бол хариуцлага хүлээх ёстой/ учир эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ял оноох санал дэвшүүлсэн юм. Иймээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг өөрчилж өгнө үү гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Г.М-ийн өмгөөлөгч А.Адъяасүрэн гаргасан гомдол болон шүүх хуралдаад хэлсэн саналдаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 1.2-т зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр гомдол гаргаж байна. Т.Ц, Г.М нарт холбогдох хэрэг нь 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Бүрд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Өлзийтийн худаг” гэх газар малын гоц халдварт шүлхий өвчний хорио цээр тогтоосон хязгаарлалтын бүсэд болсон байдаг.

Давж заалдах шатны шүүхээс Г.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй... харин Г.Ц Г.М нарын үйлдэл нь хохирогчийн биед хүнд хохирол санаатай учруулах бие махбодид нь зовиур шаналал үүсгэсэн байдал тогтоогдоогүй гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамаарахгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1.1-д зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэж бүхэлд нь хянан үзэж хуульд нийцсэн, үнэн бодитой шударга дүгнэлт гаргаж чадсангүй гэж үзэхэд хүргэж байна.

Т.Ц Г.М-ийг энэ хэрэгт оролцоотой гэж мэдүүлснээс үүдэлтэйгээр Г.М-ийг 2019 оны 11 дүгээр сараас эхлэн хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн шалгах ажиллагаа явуулж шалгасан боловч Г.М-ийн оролцоо тогтоогдоогүй учраас Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 86, мөн 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолуудаар Г.Мд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож цагаатгасан.

Хэрэг 4 жил гаруй хугацаанд шийдэгдээгүй, анхнаасаа хэргийн зүйлчлэлийг прокурор шүүхээс зөв тогтоогоогүй. Анхан болон давж заалдах шатны шүүхээс удаа дараа хэргийг буцаасан нь шүүгдэгч Т.Цийг үйлдсэн хэрэгтээ хандах хандлаг мэдүүлгээ өөрчилж байгаа арга хэлбэр нь шүүгдэгч нарын гэм бурууг үндэслэлтэй эргэлзээгүйгээр тогтооход хүнд болсон учраас прокурор арга буюу хэргийн зүйлчлэлийг хүндрүүлж Г.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Прокурор Г.Мд холбогдох хэргийг шүүхээс 2 удаа цагаатган шийдвэрлэхэд хүлээн зөвшөөрч Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны 86, 2021 оны 8 дугаар сарын 10-ны 56 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхийг санал болгон дүгнэлт, тайлбар, эсэргүүцэл бичиж байсан зэрэг нь прокурорын яллах дүгнэлтийн хууль зүйн үндэслэлийг тодорхойгүй болгож байгааг анхаарах хэрэгтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч Т.Цийн мэдүүлэг дангаараа Г.М-ийг яллах нотлох баримт болж чадахгүй байгаа нь анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 02-ний өдрийн /гэрч, шинжээч нар оролцсон/ 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлүүдээс харагдана./тэнд болсон явдлыг харсан гэрчүүдийн мэдүүлгийг нотолгооны эх сурвалж гэж үзэхээс өөр аргагүй юм./

Т.Цийн яриад байгаа талийгаач Б.Ө-ын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай Г.М учруулсан гэх мэдүүлэг нь Т.Цийн өөрийнх нь өгсөн мэдүүлгүүд, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар үгүйсгэгддэг.

Тухайлбал /2 дахь хавтас, 181 дахь тал/ Т.Цийн мэдүүлгээс үзэхэд талийгаачийг засмал замын хажуунаас 4 дүгээр постын гэр хүртэлх хугацаанд эхэлж биед нь халдаж, хавиргыг нь хугалж талийгаач гэрт орж ирээд Ц-д хандаж чи ахыгаа зодож өшиглөөд яаж байгаа юм бэ хавирга хугарчихсан юм биш үү гэж хэлснээс үзэхэд засмал замын тэнд хэд хэдэн удаа өшиглөхдөө олон хавиргыг хугалсан нь тогтоогдож байгаа улмаар толгой руу нь хүчтэй өшиглөж заамдан чирч гэрээс гаргаад түүний толгойд олон тооны шарх, зулгаралт үүсгэж амь насанд аюултай гэмтэл учруулсан нь тогтоогдсон байна.

1 дэх хавтас, 75-76 дахь тал Г.М-ийн мэдүүлэгт болсон үйл явдлын тухай мэдүүлсэн нь гэрч Б.С, Т.Н Б.Б нарын мэдүүлэгтэй ямар нэгэн зөрүүгүй байдаг.

Шинжээчийн мэдүүлэгт /2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн хавтас хэргийн 140 дэх тал/ талийгаачийн биед үүссэн олон тооны зулгаралт гэмтлүүд нь талийгаачийг газар чирэх үед үүсэх боломжтой гэдгийг хэлсэн. Б.Ө-ын өмсөж явсан ногоон өнгийн үстэй дээлэн дээрх бохирлогдож үлдсэн цусны толбо үүссэн мөн урагдаж ханзарсан байдаг... Г.М-ийн үйлдлийн улмаас Б.Ө-ын цус түүний өмсөж явсан дээлэнд бохирлогдон үүссэн гэх баримт авагдаагүй. Цус мэт зүйл яг хэзээ үүссэн болох нь тодорхойгүй өөрөөр хэлбэл Ц-ийн мэдүүлгээс өөр нотлох баримт байхгүй тухайн шинжилгээ эмнэлгийн зориулалтын нөхцөлд хийгдээгүй учраас шинжилгээний явцад бохирлогдсон байхыг үгүйсгэж болохгүй. Дээл урагдсан ханзарсан нь Ц-ийн үйлдлээс болсон байж болно. Ц-ийн мэдүүлэгт... талийгаачийг татаж босгож нааш цааш зууралдаж байхад энэ гэмтэл урагдалт үүссэн байх гэж бодож байна. /2018 оны 5 дугаар сарын 11-ны өдрийн 63 дахь тал, 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 180-182 дахь тал, 2018 оны 3 дугаар сарын 24-ны өдрийн 49-58 дахь тал Т.Ц өөрөө тодорхой ярьсан байдаг./

Давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.4-т “Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийлгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн шийдвэр гаргасан нь Г.М-ийн эрх зүйн байдлыг илтэд дордуулж байна. Хэрэв шүүх Эрүүгийн хууль энэ хуулийг тайлбарлан хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасныг ч хэрэглэх боломжтой юм. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хууль зүйн үндэслэл тодорхойгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14, 39.7 зүйлийг ноцтой зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байх тул хэргийг хянан хэлэлцэж Г.Мд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү гэв.

Хохирогчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий болсон гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7, 39.8-д заасан зөрчил дутагдал анхан шатны шүүхийн шийдвэрт гараагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т зааснаар  Т.Цийн үйлдлийг бүрэн тогтоосон гэж үзэж байна. Талийгаачийн биед 29 тооны гэмтэл шарх тогтоогдсон. Энэ гэмтэл хамт алба хааж байсан төрийн албан тушаалтнуудын хууль бус ажиллагааны үр дүнд бий болсон. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий болсон бөгөөд Дээд шүүх өнөөдөр энэ асуудлыг хэлэлцэхээр авч байгаад үнэхээр гайхаж байна. Энэ хэрэгт хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил байхгүй. Цагдаагийн байгууллага иргэний хариуцагчаар хохирлыг арилгах ёстой гэж бодож байна гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Амь амьдралыг минь авч явдаг ганц хүүг 29 удаагийн шарх, сорви үлдээж 6 хавиргыг хугалж, их, бага, дунд тархи, бөөрөнд нь цус хуруулах зэргээр зодож амь насыг нь бүрэлгэсэн. Шинжээчийн дүгнэлтээр мохоо, хурц өнцөгтэй зүйлийн олон удаагийн давтамжаар зодсоноос болж тархины аалзан бүрхүүлд цус хуруулж амь насыг нь бүрэлгэсэн гэж дүгнэсэн. Миний гомдож явдаг юм бол энэ хэрэг гарснаас хойш 4 жил 6 сар гаруй хугацаа өнгөрсөн. 18 удаагийн шүүх хуралдаан тэр дундаа хяналтын шатны шүүхээр 3 дахь удаагаа орох гэж байна. Хэрэг бол анхнаасаа тодорхой үйлдлүүд нь илт тод байсаар байхад Өвөрхангай аймаг дээр очсон цагдаагийн ажилтнууд дутуу мөрдсөн. Өөрийн ажилтан байсан цагдаа Ц, Онцгой байдлын ажилтан М нарыг илт хамгаалж байсан гэдгийг миний бие удаа дараа хэлдэг. Шинжээчийн дүгнэлтээр хурц ирмэг бүхий мохоо зүйлээр олон удаагийн давтамжаар амь насыг нь бүрэлгэсэн. Гэтэл хэрэгт авагдсан 49 см  урттай, 4 см улаан 12х12 хэмжээтэй цустай тоосго хэрэгт баримтаар хураагдсан. Хэргийн явцад цустай тоосго цусгүй тоосгоор солигдсон. Үүнийг Хархорины цагдаагийн хурандаа, дарга манай ажилтан учраас бид нар мөрдөнө гээд дутуу дулимаг мөрдсөн байдаг. Талийгаачийг хүн харахад нүд халтирмаар болгож, онц харгис хэрцгийгээр алсан. Миний хүү 10 гаруй жил багш хийж төрийн албанд явж байгаад, үүргээ биелүүлж шүлхий өвчтэй газар 3 удаа очсон. Эхлээд гэр барьсан, дараа нь малын сэг, зэм устгасан, дараа тэр газар хүмүүсийг ойртуулахгүй байх ажиллагаанд үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан. Гэтэл өмгөөлөгч нар хэрэг сунжрахад алуурчдад үг зааж өгч, давж заалдах өргөдөл хүсэлтүүдийг гаргадаг. Би нэг ч удаа гомдол гаргаагүй хэргийг үнэн зөвөөр шийдээд өгөх байх гэж өдийг хүртэл явсан. Би 46 жил багшилсан, ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлыг 30 жил хийсэн, гавьяат багш  хүн.  Ц-ийн хувьд үйлдлээ хүлээн зөвшөөрдөг. М-ийн хувьд эрүүл саруул гараад явсан хүнийг хойноос очиж зодсон. Миний хүү яагаад гараад явсан гэхээр охин нь төрөх гээд зээ хүүхдээ харна харина гэхэд, чи харих гэлээ гэж зодож баруун, зүүн талын хавиргыг хугалж цус алдаж нас барсан. Энэ өмгөөлөгч нар хүний эрх талаас нь ярьдаг болохоос үүрэг талаас нь ярьдаггүй. Цагдаа, онцгой байдлын албан хаагч хүнийг хамгаалах үүрэгтэй төрийн албан хаагчид, тэгэхэд миний хүү үүргээ биелүүлж яваад онц хэрцгийгээр алагдсан. Үхсэн үг хэлэх биш Ц босгон дээр тэглээд савж ойчсон юм гэдэг тэнд нэг цагдаа, онцгой байдал, Бүрд сумын засаг даргын тамгын газар ажилладаг  4 хүний 8 нүд тэр гэр дотор харсан байдаг. Тэр гэр дотор байсан хүмүүсийн хэн ч тэр босгон дээр тээглэж ойчсон гэж хэлдэггүй. Хамгийн гол нь олон удаагийн давтамжтай ирмэг бүхий мохоо зүйлээр гэмтээсэн гэтэл цустай тоосгыг өөр тоосгоор сольсон. Цагдаагийн алба хаагчид энэ хэргийг мөрдөхдөө ийм байдлаар хандсан. Хэрэг хийсэн алуурчин удаа дараагийн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж өргөдөл, гомдол гаргаж хэргээ хөнгөрүүлэх гээд өдий хүртэл явж байна. Эцэст нь хэлэхэд Хархорин сумын 2022 оны 3 сарын анхны шүүх хуралдаан үнэнд нийцсэн шүүх хурал болсон. Энэ шийдвэрийг хэвээр баталж өгнө үү. 5 өнчин хүүхэд гэрт нь үлдсэн ажилгүй эмэгтэй байгаа, өнөөдөр нэг хүүхэд нь их сургуульд ороод 2 жил сураад төлбөрөө төлж чадахгүй гэрийн зүг буцсан. Нэг айл өнөөдөр сүйрч байна. Би өндөр насны тэтгэврээ энэ хугацаанд өгөөд л явсан. Оршуулгын зардлыг төлсөн, гэм хорын хохирлыг энэ хүмүүс юу ч төлөөгүй. 3 жилийн өмнө би гэм хорын хохиролд 10 сая төгрөгийг Цагдаагийн байгууллагаас нэхэмжилсэн. Хэргийг нуусан, өөрийн ажилтныг хамгаалж, эд мөрийн баримт тоосгыг бүгдийг нь байхгүй болгосон. Хохирлыг цагдаагийн байгууллагаас гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Шүүгдэгч  Т.Ц, Г.М нарт   холбогдох  хэрэгт авагдсан нотлох баримтууд нь шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай эсэхийг тогтооход хүрэлцэхүйц хэмжээнд авагдсан, хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагааг боломжит хэлбэрээр хийсэн байна. Анхан болон заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд хэргийн үйл баримтад хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, Эрүүгийн хуулийн буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнэж байна. Шүүгдэгч Т.Ц нь хохирогч Б.Ө-ыг үргэлжилсэн үйлдлээр зодож санаатай алсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7 дахь хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэх нь зүйтэй байна. Шүүгдэгч Э.Ц-ийн үргэлжилсэн үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдэгдсэн тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар давхар зүйлчилсэн нь буруу байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь бүлэглэн иргэн Б.Ө-ын биед хүнд хохирол санаатай учруулсан гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Т.Цийн бусдын биед хүнд хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Шүүгдэгч Г.М-ий хувьд хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгасан боловч шүүгдэгч нь уг гэмт хэргийг үйлдсэн гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээх саналтай байна. Иймд шийтгэх тогтоол түүнд өөрчлөлт оруулсан магадлалд дээрх өөрчлөлтийг оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэв.

                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Өвөрхангай аймгийн Бүрд сумын 2 дугаар багийн нутаг гэх газарт 2018 оны 02 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Б.Ө-ыг нас барсан үйл явдлыг мөрдөн шалгах явцад хуульд заасан бүх арга хэмжээг авч үүнд хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлснээс гадна хийгдвэл зохих бүхий л ажиллагааг бүрэн хийж гүйцэтгэжээ.

Эдгээр нотлох баримтууд нь гэмт хэргийг хэзээ, хаана, хэн, яаж үйлдсэн, гэм буруугийн хэлбэр, хамтран оролцоо байсан эсэх зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн талаар нотолбол зохих байдлуудын нотлоход хүрэлцэхүйц, хангалттай байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд анхан шатны шүүх нь хохирогч Б.Ө-ыг Т.Ц-ийн гэмт халдлагын улмаас нас барсан болохыг болон үйлдэл, үхэл хоёр шалтгаант холбоотойг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоосон боловч шүүгдэгч Т.Ц-ийн үйлдлийн шинж чанар, түүнд холбогдох хэргийг прокурор давхар зүйлчилсэн нь зөв эсэх, уг хэрэгт Г.М хамтран оролцсон эсэх талаар хийсэн хууль зүйн дүгнэлт, гаргасан шийдэл нь үндэслэл муутай болжээ.

Эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт гэмт хэргийг нийлмэл болон нэгдмэл гэж ангилан үздэг ба энэхүү төрлийг гэмт этгээдийн хүсэл зориг, түүндээ хүрэхийн тулд хэрэглэсэн арга, хэрэгсэл гэх мэт гэмт үйлдлийн объектив хийгээд субъектив шинжүүдтэй нь нөхцөлдүүлэн үндэслэлтэй, бодитой тогтоох нь хэргийг зөв зүйлчлэх, ялыг ялгамжтайгаар оногдуулах, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын асуудлыг шийдвэрлэх зэрэгт онцгой ач холбогдолтой юм.

Нийлмэл болон нэгдмэл гэмт хэргийн хувьд нэг буюу хэд хэдэн удаагийн үйлдлээс бүрддэг ижил төсөөтэй талтай байдаг хэдий ч зөвхөн нэгдмэл гэмт хэргийн тухайд үргэлжилсэн, удааширсан үйлдэлтэй гэж ангилан үздэг болно.

Нийтлэг зорилгыг хангах болон нэгдмэл санаа бодлыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн адил төсөөтэй хэд хэдэн үйлдэл хийхийг үргэлжилсэн гэмт хэрэгт хамааруулдаг бол тодорхой хугацааны дотор тасралтгүй үйлдэгдсэн тохиолдолд удааширсан гэмт хэрэгт тооцно.

Аливаа гэмт хэрэг нь хүний үйл ажиллагааны нэг төрөл болохын хувьд хүний бие махбодын ухамсарлагдсан, идэвхтэй үйл хөдлөлөөр илэрдэг бөгөөд тэр нь нэг удаагийн эсхүл хоорондоо залгамж холбоотой хэд хэдэн, түүнчлэн үргэлжилсэн шинжтэй үйлдэл байдаг билээ.

Өөрөөр хэлбэл, гэмт үйлдэл нь хүний идэвхтэй үйл ажиллагааны илрэл болохын хувьд түүний бие махбодын нэг эсхүл хэд хэдэн удаагийн хөдөлгөөнөөр хэрэгждэг бөгөөд түүндээ сэтгэл зүйн хувьд хэрхэн хандсан, ямар хүсэл, зорилго, сэдэлтийг удирдлага болгон хийснийг илтгэн харуулдаг онцлогтой юм.

Шүүгдэгч Т.Ц нь тодорхой хугацааны дотор эхлээд гэрийн гадна, дараа нь гэр дотор хохирогч Б.Ө-ыг цохих, өшиглөх зэргээр хүч хэрэглэн халдсан нь түүний эсрэг бие махбодын хүчирхийлэл үйлдэх нэг санаа зорилгыг агуулж, энэ хүрээнд хэрэгжсэн хэд хэдэн үйлдлээс бүрдсэн нэгдмэл гэмт хэргийн нэг төрөл болох үргэлжилсэн гэмт хэргийн шинжийг агуулсан байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Т.Ц гэрийн гадна болон дотор хохирогчийн эсрэг хүч хэрэглэн халдсан салангид үйлдлүүд нь хоорондоо нягт холбоотойн гадна эхний үйлдэл төгсөж, дараагийн үйлдэл нь нэг объектод халдсан үргэлжилсэн шинжтэй бөгөөд эдгээрийн үр дүнд хүний амь хохирсон нэг хор уршгийг бий болгосон тул түүний үйлдлүүдийг нэгдмэл гэмт хэрэгт тооцож, Эрүүгийн хуулийн нэг зүйлээр зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх дүгнэж, энэ талаар гаргасан прокурорын дүгнэлтийг хангаж, хохирогчийн биед учирсан гэмтлийн шинж чанар болон түүний амь хохирсон үр дагавраар хэргийг хоёр тусад нь зүйлчилсэн болон тус тусад нь ял оногдуулан, Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэсэн, мөн ял нэгтгэж, жинхэнэ эдлэх ялын хэмжээг тогтоосон шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Анхан шатны шүүх Т.Цд холбогдох хэргийг хоёр тусад нь зүйлчлэн ял оногдуулж, эдгээрийг нэмж нэгтгэн 15 жилийн хорих ял оногдуулсныг хяналтын шатны шүүх хэргийг нэгтгэн зүйлчилж, хорих ялын хэмжээг нь анхан шатны шүүхээс тогтоосон хүрээнд хэвээр үлдээх нь хэргийн зүйлчлэл болон ялыг хүндрүүлж буй явдал биш гэж дүгнэв.

Учир нь прокурорын үйлдсэн яллах дүгнэлт болон яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хяналтын шатны шүүх хэргийн зүйлчлэлийг зөвтгөснөөс бус ял сонсгож, яллагдагчаар татаагүй илүү хүнд ялтай зүйлээр хэргийг зүйлчлээгүй, шинээр хэргийн зүйлчлэлийг нэмээгүйн зэрэгцээ анхан шатны шүүхээс тогтоосон 15 жилийн хорих ялын хэмжээг нэмэгдүүлээгүй, уг хэмжээ нь түүний хэргийг зүйлчилсэн Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7-д заасан 12-20 жилийн хорих ялын хязгаарт багтаж байгаа болно.

Хүнийг санаатай алах гэмт хэргийн хүндрүүлэх нэг шинж болох “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” гэдэгт бие махбодын болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах түүнчлэн гэмт этгээдэд идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг ойлгодог ба ийм шалтгаантай хүмүүст насны болон (бага эсхүл өндөр настай) эрүүл мэндийн байдал (өвчин эмгэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй), биеийн ерөнхий хөгжил илтэд сул дорой, эсхүл хүчтэй мансуурсан, согтуурсан болон бусад нөхцөл байдлын улмаас өөрийгөө хамгаалах, хянах чадваргүй этгээдийг хамааруулан үздэг билээ.

Шинжээчийн дүгнэлтээр 2,6 хувийн буюу хүчтэй зэргийн согтолттой байсан, шүүгдэгчийн хүч хэрэглэсэн эхний үйлдлийн улмаас биедээ гэмтэл авсан (шинжээч эмч Э.Х-ийн болон гэрч Б.С, Т.Н нарын мэдүүлэг) хохирогч Б.Ө-ыг нь гэрийн гадна болон дотор шүүгдэгч Т.Ц түүнийг өшиглөх, цохих, чирэх, хүчээр гэрээс авч гарах үед ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй талаар Г.Мэс гадна гэрч Б.С, Т.Н нар мэдүүлсэн бөгөөд эдгээрээс дүгнэхэд анхан шатны шүүх Т.Цийн үйлдлийг “хохирогчийн бие хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” алсан хэмээн хүндрүүлэн зүйлчилсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Түүнчлэн анхан шатны шүүх Т.Цийн хүч хэрэглэсэн үйлдлүүдийн болон хохирогчид учирсан гэмтлийн шинж чанар зэргийг үндэслэн шүүгдэгчийг “онц харгис хэрцгий аргаар” хүнийг санаатай алсан гэж дүгнэж, хэргийн зүйлчлэлийг тогтоосон нь хууль ёсны ба үндэслэлтэй болжээ.

Учир нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт “онц харгис хэрцгий арга” гэдэгт хүнийг алахын өмнө буюу алах явцдаа олон тооны шарх, гэмтэл үүсгэснийг хамааруулан үздэг ба шинжээчийн дүгнэлтэд дурдсан хүнд зэргийн гэмтэл болох хохирогчийн зүүн (6,7,8) болон баруун (9,10,11) хавирганы олон хугарал нь түүнийг өвтгөн шаналгаагүй, тарчилган зовоогоогүй, зовж зүдрэхээр байдал бий болгоогүй гэж үзэх үндэслэлгүй тул энэ талаар давж заалдах шатны шүүхээс хийсэн дүгнэлт гаргасан шийдэл нь хуульд нийцээгүй байна.

Тухайн үед хамт архидан согтуурсан хохирогчийн эсрэг Т.Ц нь хэд хэдэн удаагийн үйлдлээр бие махбодын хүч хэрэглэн санаатай халдсаныг болон эдгээр үйлдлийн улмаас хохирогч нас барсан хор уршигт шүүгдэгч санаатай бус болгоомжгүй хэлбэрээр халдсан гэж дүгнэх үндэслэлгүйн зэрэгцээ мөн хохирогчийн тархинд учруулсан гэмтэл амь насанд шууд аюул учруулах талаар шинжээч эмч Э.Хүрэлсүх тодорхой мэдүүлсэн тул шүүгдэгчийн үйлдлийг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон, эсхүл хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэж зүйлчлэх үндэслэлгүй тул энэ талаар шүүгдэгч Т.Цийн өмгөөлөгч Д.Дашцэрэн, Г.Адъяатогтох нарын гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамтран оролцох ойлголт, мөн зүйлийн 2 дахь хэсэгт хамтран оролцогчдын төрөл, энэ зүйлийн 3 дахь хэсэгт хамтран оролцох хэлбэр болон 3.7 дугаар зүйлд гэмт хэрэг бүлэглэн гүйцэтгэх талаар тус тус тодорхой заасан байна.

Гэмт хэрэгт хамтран оролцох нь үүргээ хуваарилах ба хуваарилахгүйгээр нэг гэмт хэргийг хамтран үйлдэх зорилгоор санаа бодол, үйл хөдөлгөөнөө нэгтгэсэн, зөвхөн өөрсдийн хүсэл зорилгоор гэмт үйлдлийг гүйцэтгэж байгаа, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хоёр болон түүнээс дээш хүний үйл ажиллагааны нэгдэл бөгөөд энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой гэмт хэргийг хоёр болон түүнээс дээш хүн санаатай нэгдэж үйлдсэн тохиолдолд хамтран оролцсон хэлбэр, оролцогч тус бүрийн гүйцэтгэсэн үүргийг заавал тогтоох шаардлагатай бөгөөд энэ нь хэргийн бодит байдлыг тогтооход чухал ач холбогдолтой билээ.

Тухайн үед гэрийн гадна талийгаачид Г.М хүч хэрэглэн халдсан талаар Т.Ц мэдүүлж байгаагүй бөгөөд тэрээр гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 1 жилийн дараа буюу 2019 оны 02 дугаар сарын 26-нд мэдүүлгээ гараар бичихдээ болон 27-нд амаар мэдүүлэхдээ Г.М талийгаачийг гэрийн гадна зодсон гэж өгүүлж эхэлсэн байна. (хэргийн 6 дахь хавтас, 241-249 дэх тал)

Худал мэдүүлэг өгсөн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль сануулагдан байцаагдсан гэрч Б.С, Т.Н нарын хохирогч амьд ахуйдаа Т.Цд хандан өөрийг нь зодсон талаар хэлж байсан гэсэн мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн цагдаагийн газраас албаны шалгалт явуулахад Т.Ц нь Онцгой байдлын газрын албан хаагч Г.М талийгаачийг зодсон талаар юу ч яриагүй гэсэн гэрч Д.О-ын мэдүүлэг зэргээс үзэхэд Г.М-ийг хохирогчид хүч хэрэглэн халдсан талаарх Т.Цийн сүүлд өгч эхэлсэн мэдүүлэгт тулгуурлан Г.М-ийг гэмт хэрэгт хамтран оролцсон гэж дүгнэж, ял халдаасан анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл муутай болжээ.

Түүнчлэн шинжээчийн дүгнэлтээр Г.М (хэргийн 4 дэх хавтас, 169 дэх тал), Т.Н (хэргийн 4 дэх хавтас, 189 дэх тал), Б.Ө-ыг (хэргийн 4 дэх хавтас, 194 дэх тал) нар А(II) бүлгийн цустай болох нь тогтоогдсон бөгөөд Г.М (хэргийн 5 дахь хавтас, 11 дэх тал), Т.Н (хэргийн 5 дахь хавтас, 22 дахь тал) нарын тухайн үед өмсөж явсан хувцаснаас цус илрээгүйн гадна талийгаачийн өмсөж явсан хувцсанд илэрсэн А(II) бүлгийн цус нь (хэргийн 4 дэх хавтас, 232 дахь тал) хохирогчийн бус дээрх хоёр хүний аль нэгнийх нь, тэр дундаа Г.М-ийх болохыг тогтоосон баримт хэрэгт авагдаагүй байна.

Шүүгдэгч Т.Цийн сүүлд өгсөн мэдүүлгээр Г.М-ийг хохирогч Б.Ө-т хүч хэрэглэн халдаж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, нэмэлт нотлох цуглуулах бүхий л ажиллагааг хийж гүйцэтгэсэн боловч одоогийн байдлаар хэрэгт цугларсан баримтат мэдээлэлд тулгуурлан Г.М-ийг гэмт хэрэг үйлдэхэд оролцсон гэж дүгнэх үндэслэлгүй гэж хяналтын шатны шүүх үзэж, энэ талаар гаргасан шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч А.Адъяасүрэн нарын гомдол, прокурор Б.Ууганбаатарын дүгнэлтийг тус тус хангах зүйтэй хэмээн дүгнэлээ.

Анхан шатны шүүх Т.Цийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан ба нөхөн төлүүлэх эдийн хохирлын хэр хэмжээ, түүнийг хариуцан төлөх этгээдийн талаар хийсэн дүгнэлт, гаргасан шийдэл нь үндэслэлтэй болжээ.

Харин хяналтын шатны шүүхээс Г.Мд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж буй тул төлбөрийн зарим хэсэг болох 864,450 төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газраас гаргуулсныг өөрчлөн Цагдаагийн ерөнхий газарт хариуцуулсан төлбөр дээр нэмж шийдвэрлэх нь хууль зөрчихгүй болно.

Давж заалдах шатны шүүх нь энэ тогтоолд дурдсан хууль хэрэглээний алдаа, хэргийн нөхцөл байдал буюу хамтран оролцоог буруу тогтоосон зэргийг зөвтгөн залруулахын оронд хүнийг санаатай алах гэмт хэргийн зарим хүндрүүлэх зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгох байдлаар нэмж алдаа гаргасан байх тул магадлалыг хүчингүй болгохоор тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2, 1.4-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Өвөрхангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 34 дүгээр магадлалыг хүчингүй болгосугай.

2. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 39 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн Б овогт Г-ын М-д холбогдох бүх заалтыг хүчингүй болгож, түүнд прокуророос Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

3.Мөн тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “шүүгдэгч Б овогт Т-ийн Ц-ийг хүнийг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.”,

2 дахь заалтыг “Шүүгдэгч Т.Цд прокуророос Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7-д заасан хэрэгт нь нэгтгэн зүйлчилж, түүнийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7-д зааснаар 15 жил хорих ялаар шийтгэсүгэй.”,

7 дахь заалтын “...Цагдаагийн ерөнхий газраас 10,802,997 төгрөгийг гаргуулж...” гэснийг “...Цагдаагийн ерөнхий газраас 11,667,447 төгрөгийг гаргуулж...” гэж тус тус өөрчилсүгэй.

4.Мөн тогтоолын тогтоох хэсгийн 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэсэн болон ял нэмж нэгтгэсэн 3, 4 дэх заалтуудыг хүчингүй болгосугай.

5.Мөн тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Ц, түүний өмгөөлөгч Д.Дашцэрэн, Г.Адъяатогтох нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

6.Г.М-ийг хорих байгууллагаас нэн даруй суллаугай.

 

                           ДАРГАЛАГЧ                                      Ч.ХОСБАЯР

                           ШҮҮГЧИД                                          С.БАТДЭЛГЭР

                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                            Б.ЦОГТ

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН