Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 0014

 

                         Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэнийг баталж,   хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

            Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гантуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Булган сумын иргэн М.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Булган аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга /Б.Эрдэнэбаатар/-д холбогдох

“Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/18 тоот тушаалыг хүчингүй болгуулж, соёлын асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилох, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс хойших ажилгүй байсан хугацааны цалин, 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх төрийн алба хаасан удаан жилийн нэмэгдэл 332990 төгрөг гаргуулахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 158/2017/0006/3 дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Эрдэнэчимэг, түүний өмгөөлөгч М.Даваасүрэн, хариуцагч Булган аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Б.Эрдэнэбаатар, түүний өмгөөлөгч М.Ганзориг, гуравдагч этгээд Т.Бэхтөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ангирмаа  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч М.Эрдэнэчимэгээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 167 тоот магадлалаар аймгийн Боловсрол, соёл урлагийн газарт ажлаар хангах болсон хэдий ч цалингийн сан, бүтэц орон тоо байхгүй гэсээр байгаад 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/15 тоот тушаалаар Боловсрол, соёл урлагийн газрын соёлын өв хариуцсан мэргэжилтнээр томилоод, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/18 тоот тушаалаар ажлаас минь чөлөөлсөн. Гэтэл намайг ажилд орсноос хойш шинээр мэргэжилтэн авч ажиллуулсан. Ажилгүй болмогц аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл, аймгийн Засаг дарга нарт гомдол, хүсэлт гаргаад хариу өгсний дагуу аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын даргатай уулзсан. Мөн л орон тоо, цалингийн сан байхгүй гэсэн тул шүүхэд хандаж байна.

Иймээс ямар ч үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/18 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргуулж өгнө үү.

Боловсролын газарт ажиллаж байх хугацаанд Боловсролын бодлого, Захиргаа, удирдлагын алба хариуцсан ахлах мэргэжилтний орон тоо гарахад Д.Цогоо даргатай удаа дараа уулзаж, амаар хүсэлт гаргаж байсан боловч энэ ажилд томилоогүй.

Боловсрол, соёлын газарт соёлын өв хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа аймгийн хэмжээний соёлын байгууллагуудын үйл ажиллагаа, соёлын өв, орон нутаг судлах кабинет зэргийг хариуцаж ажиллаж байсан. Харин соёлын бодлого хариуцсан мэргэжилтэн нь зөвхөн дуу хөгжмийн чиглэлийг дагнан хариуцаж байсан

Соёл, спорт, аялал жуучлалын газраас соёлын асуудал хариуцсан 1 мэргэжилтэн Боловсрол соёлын газарт шилжсэн. Тэгээд урьд ажиллаж байсан Батжаргалыг ажилд аваад намайг ажилд аваагүй. 2015 оны сүүлээр Батжаргал Солонгос улс руу явсан гэж сонсоод Боловсрол соёлын газрын даргатай уулзахад Батжаргал амралтаа аваад явсан гэж байсан. Дараа нь чөлөөгөө сунгасан гэхээр нь дахин очиж уулзахад цалингүй чөлөө аваад явсан. Бүтэц орон тоо, цалингийн сан байхгүй гээд намайг ажилд аваагүй байж байгаад Бэхтөр гэдэг хүнийг ажилд авсан байсан.

Намайг ажлаас чөлөөлсөн аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/18 тоот тушаалын үндэслэл болгосон хуулийн заалтууд нь Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага, Төсвийн тухай хуулийн 16.4.18, 16.5.3 заалт нь төсвийн ерөнхийлэн захирагчийн өөртэй нь холбоотой заалтууд, Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/1 тоот тушаал нь байгууллагын бүтэц орон тоо баталсан тушаал, 2016 оны 11 дүгээр сарын 09-ний А/481 тоот захирамжаар Боловсрол, соёл, урлагийн газрын даргын дүрэм баталсан, Булган аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 154 тоот албан бичиг нь намайг ажлаас чөлөөлөхөд ямар ч холбогдолгүй байна.

Төрийн жинхэнэ албан хаагчийн ажлаас чөлөөлөхөд Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан 1-д тэтгэвэр тогоолгох насанд хүрсэн, 2-т төрийн албан хаах насны дээд хязгаарт хүрсэн, 3-т өөрөө чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэсэн 3 үндэслэлээр чөлөөлөхөөр байна. 

Гэтэл ямарч холбогдолгүй заалтууд баримтлан намайг ажлаас чөлөөлсөн  Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/18 тоот тушаалыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, Соёл, спорт, аялал жуулчлалын газраас шилжүүлсэн соёлын асуудал хариуцсан мэргэжилтний орон тоон дээр томилуулахыг даалгахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх  Төрийн албан хаагчийн удаан жилийн нэмэгдэл буюу 329880 төгрөгийг гаргуулахыг даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.” гэв.

            Хэргийн оролцогчдын харилцан тохиролцож, 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээнд:

“Нэг талаас нэхэмжлэгч М.Эрдэнэчимэг, нөгөө талаас хариуцагч Булган аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Б.Эрдэнэбаатар бид харилцан тохиролцож дараах байдлаар эвлэрэв.

 1. Нэхэмжлэгч М.Эрдэнэчимэг би нэхэмжлэлийн шаардлагаа багасган 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацааны цалинг гаргуулахаар нэхэмжилж, түүнийг хариуцагч Б.Эрдэнэбаатар хүлээн зөвшөөрч, мөн нэхэмжлэгч М.Эрдэнэчимэгийг 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн аймгийн Насан туршийн боловсролын төвд мэргэжилтнээр авч ажиллуулахаар тохиролцов.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн бусад шаардлагаас татгалзсан болохоо үүгээр илэрхийлж байна.

3. Харин хариуцагч ажлын байраар хангахгүй бол шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэхийг ойлгов.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

         Булган сумын иргэн М.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй Булган аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга /Б.Эрдэнэбаатар/-д холбогдох “Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/18 тоот тушаалыг хүчингүй болгуулж, соёлын асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилох, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс хойших ажилгүй байсан хугацааны цалин, 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх төрийн алба хаасан удаан жилийн нэмэгдэл 332990 төгрөг гаргуулахыг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад хэргийн оролцогчид эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч М.Эрдэнэчимэг нь нэхэмжлэлийн шаардлагаа багасган өөрчилж, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацааны цалинг гаргуулахаар нэхэмжилж, түүнийг хариуцагч Б.Эрдэнэбаатар хүлээн зөвшөөрч, мөн нэхэмжлэгч М.Эрдэнэчимэгийг 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн аймгийн Насан туршийн боловсролын төвд мэргэжилтнээр авч ажиллуулахаар, нэхэмжлэгч нэхэмжлэлийн бусад шаардлагаасаа татгалзсан болохоо илэрхийлэн харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

       Иинхүү эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлд заасныг баримтлан хэргийн оролцогчдын эвлэрлийг баталж, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 158/2017/0006/3 дугаарын индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-д “ Нэхэмжлэгч, хариуцагч эвлэрэхдээ шүүхийн зардлыг өөрөөр хуваарилахаар тохиролцоогүй бол шүүх энэ зүйлд заасан журмаар шийдвэрлэнэ.” 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар “...нэхэмжлэгч, хариуцагч эвлэрэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй.” гэж заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111. 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-д заасныг баримтлан Булган сумын иргэн М.Эрдэнэчимэгийн Булган аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга /Б.Эрдэнэбаатар/-д холбогдуулан гаргасан “Боловсрол, соёл урлагийн газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/18 тоот тушаалыг хүчингүй болгуулж, соёлын асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилох, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс хойших ажилгүй байсан хугацааны цалин, 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх төрийн алба хаасан удаан жилийн нэмэгдэл 332990 төгрөг гаргуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгч М.Эрдэнэчимэг нь нэхэмжлэлийн шаардлагаа багасган өөрчилж, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацааны цалинг гаргуулахаар нэхэмжилж, түүнийг хариуцагч Б.Эрдэнэбаатар хүлээн зөвшөөрч, мөн хариуцагч нь нэхэмжлэгч М.Эрдэнэчимэгийг 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн аймгийн Насан туршийн боловсролын төвд мэргэжилтнээр авч ажиллуулахаар, нэхэмжлэгч нэхэмжлэлийн бусад шаардлагаасаа татгалзахаар тус тус тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөөгүй тул нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 158/2017/0006/3 дугаарын индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4, 50 дугаар зүйлийн 50.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд Төрийн сангийн 00041400941 дугаарын дансанд 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.

4. Захирамжийн хувийг хэргийн оролцогчдод хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Булганчимэгт даалгасугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Г.ГАНТУЯА