Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2024/0005

 

С.Г-ийн нэхэмжлэлтэй,

Оюуны өмчийн газарт холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:                 Г.Банзрагч

            Шүүгчид:                                  Д.Батбаатар

                 Х.Батсүрэн

                                                                 Ц.Цогт                               

            Илтгэгч шүүгч:                      П.Соёл-Эрдэнэ

            Нарийн бичгийн дарга:     Л.Содномдорж

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 634 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 643 дугаар магадлалтай,

Хэргийн оролцогч: нэхэмжлэгч С.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, Б.Д нарыг оролцуулж,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 492 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” гэсэн үндэслэлээр хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: Оюуны өмчийн газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/15, 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/10 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх,

2.Хэргийн нөхцөл байдал: Оюуны өмчийн газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Б/09 дүгээр тушаалаар “бүтцийн өөрчлөлт” гэсэн үндэслэлээр С.Г-ийг Захиргаа, удирдлагын хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлж, Зохиогчийн эрхийн хэлтсийн даргын албан тушаалд томилсон, дараа нь 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/15 дугаар тушаалаар “Оюуны өмчийн газар, Соёл урлагийн газрын удирдлага хооронд харилцан тохиролцсон” гэсэн үндэслэлээр С.Г-ийг Соёл урлагийн газрын мэдэлд шилжүүлсэн байна.

3.Нэхэмжлэгчээс “... байгууллага хооронд шилжүүлэхдээ надаас санал аваагүй, тохиролцоогүй шилжүүлэн ажиллуулсан, удаа дараа ажлаа хүлээлгэн өг гэж дарамт шахалт үзүүлж байсан” гэж, хариуцагчаас “... нэхэмжлэгч нь өөрөө Соёл урлагийн газрын даргатай тохиролцож, тус газрын даргын албан бичгийг өөрийн биеэр авчирч өгсөн. Түүний дагуу 2 удирдлага хооронд санал солилцож, хууль журмын дагуу шилжүүлсэн. Нэхэмжлэгч өөрөө зөвшөөрсөн, газарт хөрөнгө орлогын мэдүүлэг мэдүүлсэн” гэж, гуравдагч этгээдээс “... сул орон тоонд зарласан төрийн жинхэнэ албан хаагчийн тусгай шалгалтад тэнцэж, нэр дэвшүүлснээр томилогдсон” тус тус маргажээ.

4.Анхан шатны шүүхээс дараах үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүнд:

4.1.Соёл урлагийн газрын удирдлагаас ажлын зайлшгүй шаардлагаар, Захиргааны хэлтсийн даргын албан тушаалд шилжүүлэн ажиллуулах хүсэл зоригийг өмнө удаа дараа илэрхийлж байсан талаар, улмаар энэ хугацаанд Соёл урлагийн газрын Захиргааны хэлтсийн даргын албан тушаалд томилогдох хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгээ Соёл урлагийн газрын эрх бүхий албан тушаалтнаар эрх нээлгэх замаар Авлигатай тэмцэх газарт цахимаар урьдчилан гаргасан болохоо түүнчлэн Соёл урлагийн газрын эрх бүхий албан тушаалтнаар эрх нээлгэх замаар Авлигатай тэмцэх газарт цахимаар урьдчилан гаргасан болохоо, Соёл урлагийн газрын удирдлагын зөвшилцөх албан бичгийг удирдлагадаа өөрийн биеэр авчирч өгсөн удирдлагаас нь түүний саналыг сонссон үйл баримт болсныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн, энэ үйл баримттай маргаагүй нь “өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр, Төрийн албан тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д хэсгийг өөртэй нь тохиролцож гэснийг зөрчсөн” гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг үгүйсгэж байна.

4.2.Оюуны өмчийн газрын Зохиогчийн эрхийн газрын даргын албан тушаалыг сул орон тоо гэж үзэж сонгон шалгаруулалт зарласан шийдвэртэй маргаагүй тул уг сонгон шалгаруулалтад иргэн орж, тэнцэн, нэр дэвшүүлснээр томилсон шийдвэр буюу Оюуны өмчийн газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/10 дугаар тушаал нэхэмжлэгчийн эрх, хуулиар хамгаалагдах ашиг сонирхлыг хөндөхгүй. 

5.Давж заалдах шатны шүүхээс дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Үүнд:

5.1.төрийн жинхэнэ албан хаагчийг маргаан бүхий тушаалаар Соёл урлагийн газар шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэхдээ С.Г-той тохиролцож, энэ тухай баримт үйлдэн баталгаажуулах шаардлагатай байсан бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр түүнтэй тохиролцсон баримт байхгүй болох нь нотлогдож байна. Өөрөөр хэлбэл, С.Г нь шилжин ажиллах тухай зөвшөөрлөө илэрхийлэн бичгээр гарган өгч, энэ талаар баримтжуулаагүй.

6.Хариуцагч Оюуны өмчийн газрын дарга Б.Э-аас давж заалдах шатны шүүхийн магадлалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.3-т заасан үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ. Үүнд:

6.1.Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэг болон журмын дээрх заалтаас үзэхэд төрийн жинхэнэ албан хаагч өөрөө биечлэн, амаар бичгээр аль ч хэлбэрээр хүсэлтээ илэрхийлэх эрх нээлттэй байхад давж заалдах шатны шүүх “шилжин ажиллах хүсэлтийг бичгээр баталгаажуулаагүй” гэх хуулийн зохицуулалтыг хэт явцууруулан тайлбарлан, хууль хэрэглээний зөрүүг үүсгэсэн.

6.2.Нэхэмжлэгч нь Оюуны өмчийн газраас Соёл урлагийн газарт шилжин ажиллаж байхдаа төрөөс цалин хөлс авч байсан, өөрийн хүсэлтээр эрүүл мэндийн шалтгаанаар төрийн албанаас түр чөлөөлөгдөх хүсэлт гаргаж, Соёл урлагийн газрын даргын тушаалаар түр чөлөөлөгдсөн бөгөөд одоо Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд төрөөс цалин хөлс авч ажиллаж байхад давж заалдах шатны шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлан “өмнө нь авч байсан дундаж цалин хөлсний зөрүүтэй тэнцэх” олговрыг зохих журмаар тооцон гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зөрчиж байна.

6.3.2023 оны Б/10 дугаар тушаал нь Төрийн албаны зөвлөлийн Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2023 оны 07 дугаар тогтоолыг үндэслэн бөгөөд хэрэгт нотлох баримтаар авагдсан. Эдгээр нотлох баримтад захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн байгууллага болох сонгон шалгаруулалт зарлан, түүний үр дүнгээр гуравдагч этгээдийг нэр дэвшүүлсэн Төрийн албаны зөвлөлийн Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх салбар зөвлөл байсаар байтал хариуцагчаар татан оролцуулаагүй.

6.4.Хууль журмын дагуу нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлийн Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх салбар зөвлөлөөс зохион байгуулсан Оюуны өмчийн газрын зохиогчийн эрхийн газрын даргын тусгай шалгаруулалт, түүнд үндэслэн гарсан уг салбар зөвлөлийн 2023 оны 07 дугаар тогтоолтой холбогдуулан гомдол, нэхэмжлэл гаргаагүй.

6.5.Нэхэмжлэгч нь Оюуны өмчийн дарга надтай болон Соёл урлагийн газрын даргатай тохиролцож шилжин ажилласан атал өөрийг нь мэдээгүй байхад дур мэдэн, зөвшөөрөлгүй шилжүүлэн томилсон мэт нэхэмжлэл шүүхэд гаргаж, хийгээгүй ажлынхаа цалин хөлсийг төрөөс авч, өөрийн хүсэлтээр, өөр газрын даргын тушаалаар төрийн албанаас түр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд байсан хугацааны цалин хөлсийг Оюуны өмчийн газраас гаргуулж, энэ хугацааныхаа эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр болж, хууль журмын дагуу томилогдсон төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдалд хууль бусаар халдсан шүүх хууль хэрэглээний зөрүү үүсгэсэн.

7.Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж бичгээр тайлбар гаргаагүй.

ХЯНАВАЛ:

8.Давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, хуулийг зөв тайлбарлаж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

9.Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно” гэж заасан нь хоёр урьдчилсан нөхцөлийг агуулж байна. Уг зохицуулалтыг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд, “албан ажлын зайлшгүй шаардлага” тогтоогдоогүй, мөн “нэг албан тушаалд 10 ба түүнээс дээш жил ажилласан байх” хуулийн урьдчилсан нөхцөл бүрдээгүй байна.

10.Тодруулбал, нэхэмжлэгчийн тухайд Оюуны өмчийн газарт Захиргаа, удирдлагын хэлтсийн даргаар 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр томилогдон ажиллаж байсан бөгөөд 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Б/09 дүгээр тушаалаар энэхүү албан тушаалаас чөлөөлж, Зохиогчийн эрхийн хэлтсийн даргын албан тушаалд томилсон буюу Зохигчийн эрхийн хэлтсийн дарга, Захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан тушаал нь нэг албан тушаал биш, мөн томилогдоод 10-аас дээш жил болоогүй тул нэхэмжлэгчийг удирдлагын санаачилгаар шилжүүлэн ажиллуулах хууль зүйн үндэслэлгүй байжээ.

11.Нэгэнт хуулийн урьдчилсан нөхцөл бүрдээгүй, удирдлагын санаачилгаар нэхэмжлэгчийг өөр албан тушаалд шилжүүлэх хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч зөвшөөрсөн эсэх нь маргааны үйл баримтад шууд ач холбогдолгүй.

12.Нэхэмжлэгч нь маргаан бүхий тушаалыг эс зөвшөөрч, урьдчилан шийдвэрлэх ажиллагааны дагуу гомдол гаргаж, Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 01/1454 дүгээр албан бичгийг хүлээн авч, 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Гэтэл Оюуны өмчийн газрын дарга нь шүүхэд маргаж байгааг мэдсээр байж, 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 1/663 дугаар албан бичгээр Зохиогчийн эрхийн газрын даргын сул орон тоонд тусгай шалгалт зарлуулах захиалга хүргүүлсэн нь Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.15-д “төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаал бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсантай холбоотой маргааныг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тухайн ажлын байранд томилгоо хийхийг хориглоно” гэж заасныг зөрчжээ.

13.Иймээс хариуцагчийн “хууль журмын дагуу томилогдсон төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдалд хууль бусаар халдсан, шүүх хууль хэрэглээний зөрүү үүсгэсэн” тухай гомдол хуульд нийцээгүй, гуравдагч этгээдийг хууль журмын дагуу томилсон гэж үзэхгүй, маргаан бүхий албан тушаалд хэн ажиллах нь тодорхойгүй, шүүхээр хэлэлцэгдэж байхад сул орон тоо бий болсон гэж үзэхгүй, төрийн албаны тусгай шалгалт зохион байгуулах захиалга хүргүүлсэн нь хариуцагчийн буруу, хуулиар олгогдсон эрх хэмжээгээ хэтрүүлсэн байна.

14.Зохиогчийн эрхийн хэлтсийн даргын албан тушаал нь ТЗ-10, ахлах түшмэл ангилал, зэрэглэлтэй, төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх тусгай шаардлага тавигдаж байна.

15.Гэтэл гуравдагч этгээд Н.С нь Нийтлэг үйлчилгээний газар 2005-2013 онд бичиг хэрэг, архивын эрхлэгч, даргын туслах, ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан, дэс түшмэлийн албан тушаалд ажиллаж байгаагүй, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 02/900 дүгээр албан бичигт “өнөөдрийг хүртэл төрийн албаны ерөнхий шалгалтыг 2019 оноос хойш 8 удаа зохион байгуулахад Н.С нь тухайн шалгалтуудад оролцсон бүртгэл байхгүй” гэснээс[1] үзэхэд ажлын байрны шаардлагыг хангаагүй хүнийг Зохиогчийн эрхийн хэлтсийн даргын албан тушаалд томилсон нь хууль бус болжээ.

16.Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/185 дугаар тогтоолоор Оюуны өмчийн газрын орон тоо, албан тушаалын ангилал зэрэглэлийг шинэчлэн батлахдаа Зохиогчийн эрхийн газрын даргын албан тушаалыг ТЗ-11 болгож, ингэхдээ тусгай шаардлагыг “төрийн албанд 12-оос доошгүй жил үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх” гэж өөрчилсөн, улмаар Оюуны өмчийн газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/39 дүгээр тушаалаар бүтэц орон тоо, шинэчлэн батлагдсантай холбогдуулан хуучин ажиллаж байсан хэлтсийн дарга нарыг газрын даргаар томилсон, нэхэмжлэгчийн тухайд ажлын байрны шаардлагыг гуравдагч этгээдээс илүү хангаж байгаа тул маргаан бүхий албан тушаалд томилогдох эрх нь түрүүлж хамгаалагдах байна.

17.Хариуцагчаас “ажлын байрны шаардлагыг нэхэмжлэгч хангаагүй” гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаж байгаагүй, хяналтын гомдлын үндэслэл болоогүй тул энэ асуудлаар маргаагүй гэж үзэв. Гэхдээ энэ нь хууль тогтоомжид нийцүүлэн газрын даргын албан тушаалын сонгон шалгаруулалт зарлахад саад болохгүй юм.

18.Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учирсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ” гэж заасан тул нэхэмжлэгчийн тухайд Соёл урлагийн газар, Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд ажиллаж байсан хугацааны цалин болон өөрийн хүсэлтээр уг ажлаас чөлөөлөгдсөн хугацааны цалинг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй, энэ хугацааг хохиролд тооцохгүй, эдгээр хугацааг хасч, зохих журмын дагуу цалин хөлсийг тооцон олгоход шүүхийн шийдвэр саад болохгүй, давж заалдах шатны шүүхийн “төрийн сангаас олгосон цалин хөлстэй давхцуулахгүй зөрүү тооцох” тухай дүгнэлт үндэслэлтэй.

19.Иймээс хариуцагчийн “төрөөс цалин хөлс авч ажиллаж байхад давж заалдах шатны шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлан “өмнө нь авч байсан дундаж цалин хөлсний зөрүүтэй тэнцэх” олговрыг зохих журмаар тооцон гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зөрчиж байна” гэх гомдол үндэслэлгүй, шүүхээс нэхэмжлэгчийн шилжин ажилласан буюу Соёл урлагийн газрын Захиргааны хэлтсийн даргын албан тушаалд ажиллаж байсан хугацааны цалинг хасч тооцох, хэрэв зөрүү байгаа бол түүнийг олгохоор заасан, харин өөрийн хүсэлтээр албан тушаалаас чөлөөлөгдсөнөөс хойших хугацааны цалинг олгохгүй, хийгээгүй ажлынхаа цалин хөлсийг төрөөс авах үр дагавар үүсээгүй байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 643 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.БАНЗРАГЧ

                           ШҮҮГЧИД                                                         Д.БАТБААТАР

                                                                                                         Х.БАТСҮРЭН

                                                                                                          Ц.ЦОГТ

                       П.СОЁЛ-ЭРДЭНЭ

 

[1] 1 дэх хавтаст хэргийн 197 дугаар тал