Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 1447

 

“**” ТӨААТҮГ-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 06 дүгээр сарын 15-ний өдрийн 182/ШШ2016/00045 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “**” ТӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “**” ТӨХК-д холбогдох,

 

15 542 890 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.**

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “**” **ал нь Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Төрийн өмчит үйлдвэрийн газар бөгөөд захирлын эрх хэмжээнд өртөгт суурилсан төлбөрт үйлчилгээний жагсаалт батлах хэмжээ хамаардаг билээ. Ачаа, шуудан тээврийн цогцолборын үйлчилгээний үнэлгээг тус нисэх буудлын захирлын тушаалаар баталдаг. “**” **лын захирлын 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/107 дугаар тушаалаар 300 кг-аас дээш ачаа, шууданг олгохдоо ачаа хүлээн авагчаас кг тутмаас хоногийн 50 төгрөг байхаар баталж тус үйлчилгээг авдаг байгууллага, аж ахуйн нэгжид албан ёсоор танилцуулсан байна.

Гэтэл “**” ТӨХК нь тухайн нөхцөлийг хүлээн зөвшөөрч үйлчилгээг авсан боловч шуудангийн үйлчилгээний хүнд ачааны төлбөрөө 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд төлөөгүй, уг төлбөр нь 15 542 890 төгрөг болсон бөгөөд энэ нь Иргэний хуульд заасан үүрэг хүлээгч тал гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байгаа үйлдэл юм.

Иймд хүнд ачааны төлбөрт үйлчилгээний хураамж болох 15 542 890 төгрөгийг хариуцагч "**" ТӨХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гадаад шуудан тээвэрлэх үйл ажиллагаа нь дэлхий нийтийн практик болон олон жилийн туршлагаар шуудангийн илгээмжийн үйлчилгээний хөлсийг авиа компаниуд төлдөг өөрийн жишгээ тогтоосон үйл ажиллагаа юм. Тээвэрлэгч авиа компаниуд гэрээ байгуулаад тухайн ачааны очих газар хүртэлх төлбөрийг төлдөг. Гэтэл **лын захирлын 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/107 дугаар тушаалаар гадаадаас ирэх 300 кг-аас дээш ачаа, шууданг олгохдоо хүлээн авагчаас кг тутмаас хоногийн 50 төгрөгийн хураамж авахаар баталсныг манай компани үндэслэлгүй гэж үзэн энэ талаар удаа дараа тус байгууллагад албан бичгээр мэдэгдэж тогтсон стандартын дагуу шийдвэрлэхийг санал болгосон боловч нэхэмжлэгч тал хүлээж аваагүй болно.

Манай компани нэхэмжлэгч талтай дээр дурдсан үйлчилгээг авах тухай ямар нэгэн гэрээ байгуулаагүй тул гэрээний үүргийн асуудал энд тавигдах учиргүй юм. Нөгөөтэйгүүр, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт "Нөгөө тал хүсэл зоригийн илэрхийллийг хүлээж авахаас урьдчилан буюу шууд татгалзсан бол хүсэл зоригийн илэрхийллийг хүчин өгөлдөр бус гэж тооцно" гэж заасан байдаг бөгөөд нэхэмжлэлд дурдсан хураамжийн талаар хоёр тал харилцан хүсэл зоригоо илэрхийлэн хэлцэл хийх замаар шийдвэрлэх ёстой байтал нэхэмжлэгч нь шүүхийг ашиглан өөрийн хүсэл зоригоо нөгөө талдаа тулган хүлээлгэхээр санаархаж хууль, бус шаардлага гаргасан гэж бид үзэж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Шуудангийн тухай хууль, Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын 2008 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 30 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан "Шуудангийн үйлчилгээ үзүүлэхэд мөрдөх дүрэм", "Дэлхийн шуудан холбооны дүрэм" зэрэг бүх нийтээр дагаж мөрдөх хууль, дүрмээр шуудангийн үйлчилгээ, технологи үйл ажиллагааг зохион байгуулах, шуудангийн үндсэн сүлжээ эзэмшигч, түрээслэгч болон өөрийн сүлжээ бүхий шуудангийн үйлчлэгчид болон үйлчлүүлэгчдийн /иргэн, аж ахуйн нэгж, байгууллага/ хоорондын харилцааг зохицуулдаг.

Улс хоорондын шуудангийн үйлчилгээтэй холбоотой харилцааг Монгол Улсын Олон улсын гэрээнд дээр дурдсан дүрэмд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө. Гадаад шуудантай холботой харилцааг Монгол Улсын нэгдэн орсон "Дэлхийн шуудан холбооны байгууллагын дүрэм", 1984, 1989, 1994, 1999 онуудын Дэлхийн шуудан холбооны байгууллагын Бүрэн эрхт төлөөлөгчдийн ээлжит хурлаар батлагдсан протоколууд, Шуудангийн санхүүгийн үйлчилгээний хэлэлцээрээр зохицуулдаг. Буянт-Ухаа дахь "**" **лын захирлын "Төлбөртэй үйлчилгээний хураамж батлах тухай" 2014 оны 12 сарын 16-ны өдрийн А/107 дугаар тушаал нь захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр буюу нийтээр дагаж мөрдөх дүрэм журам тогтоосон шийдвэр юм. Захиргааны хэм хэмжээ тогтоосон акт гэдэг нь хуулиар тусгайлан эрх олгогдсон этгээдийн заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, үйчлэл нь байнга давтагдах шинжтэй, гадагш чиглэсэн шийдвэр байдаг. Төрийн захиргааны байгууллагын дотоод асуудлыг зохицуулсан бус иргэн, аж ахуйн нэгж байгууллага заавал дагаж мөрдөхөөр журамласан зэрэг шинжийг агуулсан байвал нийтээр дагаж мөрдөх акт байна гэж хуульчилсан байдаг.

Иймд **лын захирлын 2014 оны А/107 дугаар тушаал нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд бүх нийтээр заавал дагаж мөрдөхөд чиглэгдсэн шийдвэр учраас "Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам"-д тавигдах дараах шаардлагуудыг хангасан байх ёстой.

Захиргааны хэм хэмжээ тогтоосон акт нь хуулиар тусгайлан эрх олгосон этгээд заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, үйлчлэл нь байнга давтагдаж байх шинжтэй, гадагшаа чиглэсэн байдаг. Ингэхдээ уг шийдвэрийн хүчин төгөлдөр байдлыг хангах дараах үндэслэлүүдийг зайлшгүй тусгасан байх ёстой. Нэгдүгээрт, шийдвэрийн заалт нь хоорондоо эрх бүхий бусад этгээдүүдийн гаргасан заалтуудтай зөрчилдөхгүй байх ёстой. Гэтэл уг тушаал нь Монгол Улсын Шуудангийн дүрэм болон Зам, тээвэр аялал жуулчлалын яамны сайдын 2008 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 30 дугаар тушаалаар батлагдсан Шуудангийн үйлчилгээ үзүүлэхэд мөрдөх дүрмийг зөрчиж байна. Хоёрдугаарт, Үндсэн хууль, бусад хуульд хэрэглэсэн нэр томъёо болон нийтээр хүлээн зөвшөөрсөн утгаар хэрэглэх ёстой. Тэгэхээр авиа компаниуд төлдөг жишиг тогтсон зүйлийг "**" ТӨХК-аар төлүүлэх гээд байна. Гуравдугаарт, шийдвэрийг Хууль зүйн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллага хянаж, бүртгэсэн байх ёстой. Уг тушаал нь өөрөө гадагшаа чиглэсэн захиргааны хэм хэмжээ тогтоосон акт учраас бусад хууль тогтоомжтой зөрчилдөж байгаа эсэх дээр нь Хууль зүйн яам хяналт тавьдаг байтал ямар нэгэн хяналтад аваагүй нь хүчин тегөлдөр бус захиргааны акт гэж үзэж байна. Дөрөвдүгээрт, шийдвэрийн заалт нь өөр хоорондоо болон бусад эрх бүхий этгээдийн гаргасан шийдвэрийн заалттай зөрчилдөхгүй байх ёстой. Гэтэл уг нөхцөлийг хангаагүй тул бид биелүүлэх нь утгагүй, төлбөр төлөх үндэслэлгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, Шуудангийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2-т зааснаар хариуцагч "**" ТӨХК-аас 15 542 890 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч "**" **алд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235 670 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч "**" ТӨХК-аас 235 670 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "**" **алд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн Иргэний xэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

"**" **лын захирлын 2014 оны А/107 тоот тушаалын хүчин төгөлдөр бус гэдгийг зохигчид нотлох бус харин шүүх өөрөө уг шийдвэр хүчин төгөлдөр бус эсэх, хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийх ёстой. Мөн хариуцагч тал нь гадаад шуудангийн хураамжийг төлөхийг анхнаасаа хүлээн зөвшөөрөөгүй маргаж ирсэн учраас уг хураамжийг нэхэмжлэгч талд огт төлөөгүй байхад уг хураамжийг зөвшөөрч төлдөг байсан, талуудын хооронд тооцоо нийлсэн акт хийгдсэн мэтээр дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч “**” ТӨААТҮГ нь хариуцагч “**” ТӨХК-д холбогдуулан ачаа, шуудан, тээврийн цогцолборын төлбөртэй үйлчилгээний 300 кг-аас дээш ачаа хүлээн авагчийн төлбөрт 15 542 890 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч “**” ТӨХК-аас “**” ТӨААТҮГ-ын захирлын 2014 оны 12 дугаар сарын А/107 тоот тушаалыг хүчин төгөлдөр бус гэж маргасан бөгөөд уг захиргааны хэм хэмжээний акт хүчин төгөлдөр болох нь эргэлзээгүй нотлох баримтаар тогтоогдоогүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу юм.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч тал өөрийн эрхийн актыг хуульд заасан журмыг хангасан хүчин төгөлдөр байдлаа нотлоогүй байхад татгалзлаа нотлоогүй гэж шүүх дүгнэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын дагуу явуулах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3 дахь хэсэгт заасныг зөрчжээ.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэзээгүй талаас нь үнэлж чадаагүй ба хариуцагч талаас шүүхэд гаргаж өгсөн Дэлхийн шуудангийн холбооны дүрмийн холбогдох хэсэг, түүний орчуулга гэх 5 хуудас баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтад тавигдах шаардлагыг  хангаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, уг дүрмийн орчуулгын хэсэгчилсэн байдал нь нотлох баримтыг бүрэн эхээр өгсөн гэж үзэхэд учир дутагдалтай байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.5, 168 дугаар зүйлйн 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2016/00045 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь  хэсэгт зааснаар хариуцагч “**” ТӨХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235 670 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Н.БАТЗОРИГ

 

     ШҮҮГЧИД                                        Д.БАЙГАЛМАА

 

Э.ЗОЛЗАЯА