Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2019/0422

 

2019 оны 08 сарын 14 өдөр

    Дугаар 221/МА2019/0422

        Улаанбаатар хот

 

 

Х.М-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б, гуравдагч этгээд С.Г, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Э, өмгөөлөгч Ч.Ж нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2019/0302 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга, гуравдагч этгээд С.Гнарын гаргасан давж заалдах гомдлоор, Х.М-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Газрын албанд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2019/0302 дугаар шийдвэрээр:

1 дүгээр заалтаар: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 35 дугаар зүйлийн 35.3.3, 37, 38 дугаар зүйл, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.М-ийн эзэмшлийн 30000 м.кв газраас Туул голын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд ороогүй хэсгээр эзэмших эрхийг сэргээсэн захирамж гаргахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалган,

2 дугаар заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дугаар зүйлийн 54.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.М-ийн гаргасан Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 703 дугаар захирамжийн М.Т-д холбогдох Туул голын ундны усны эх үүсвэрийн онцгой хамгаалалтын бүсэд хамаарахгүй хэсгийг хүчингүй болгуулах, маргаан бүхий газрын өмнөх эзэмшигч М.Тгийн 2007 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “АТТП” ХХК-иар үйлдүүлж, Баянзүрх дүүргийн Газрын албанд хүсэлт гаргасан хэмжээгээр Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэхийг Баянзүрх дүүргийн Газрын албанд даалгах нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

Хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх Х.М-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Газрын албанд тус тус холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 0302 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн.

Ийнхүү шийдвэрлэхдээ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 35 дугаар зүйлийн 35.3.3, 37, 38 дугаар зүйл, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.6-д заасныг тус тус баримтлан дүүргийн Засаг даргад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангасан. Хариуцагчийн зүгээс дээрх шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх ёстой.

Анхан шатны шүүхээс дүүргийн Засаг даргад захиргааны акт гаргахыг даалгаж шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт заасны дагуу захиргааны байгууллага нь захиргааны акт гаргахаас татгалзсан, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй гаргасан эсэх, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн эсэхийг тогтоох учиртай.

Дээрх үйл баримтыг анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ дараах байдлаар дүгнэсэн байна.

Үүнд: “...нэхэмжлэгч 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр өөрийн эзэмшил газрын кадастрын зураглалыг гаргуулан авах хүсэлтийг гаргахад Баянзүрх дүүргийн Газрын албаны мэргэжилтэн н.Түвшинбаяр нь 03/04 дугаар хариу өгөх мэдэгдлээр ...онцгой бүстэй давхацсан хэсгийг хасч, талбайн хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг дүүргийн Газрын албанд гаргасныг хариуцагч хүлээн авч шийдвэрлээгүй байна...”, “...Харин хариуцагч хууль ёсны эзэмшигч Х.М-ийн газрын хэмжээг Туул голын усны онцгой бүстэй давхацсан хэсгийг хасч үлдэх хэсэг дахин газар эзэмших эрхийг баталгаажуулж өгөхийн оронд Нийслэлийн Газрын албанаас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 03/2418 дугаар албан бичгээр ирсэн мэдэгдлийн дагуу С.Гэрэлт-Од...нарын газар хүссэн өргөдөл, тухайн маргаан бүхий газар дээр хийлгэсэн кадастрын зураг, холбогдох баримтыг 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авсан нь хууль зүйн үндэслэлгүй..." гэжээ.

Шүүхээс дээрх үндэслэлээр хариуцагч дүүргийн Засаг даргад захиргааны акт гаргахыг даалгасан нь учир зүйн хувьд зөрчилтэй байна.

Учир нь дүүргийн Засаг даргаас 2013 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/115 дугаартай захирамжаар иргэн М.Тгийн газар эзэмших эрхийг нэхэмжлэгч Х.М-ид шилжүүлж шийдвэрлэсэн ба тухайн эзэмшиж буй газрын Туул голын онцгой хамгаалалтын бүстэй давхцаж буй хэсгийг хасч, үлдсэн хэсгийг эзэмшихээр нэхэмжлэгчээс хүсэлт гаргахдаа иргэн М.Тгээс шилжүүлж авсан кадастрын зургийн хэмжээгээр биш гуравдагч этгээд С.Гнарын хүсэлт гаргасан газрыг оролцуулж шинээр кадастрын зураг үйлдэж ирүүлсэн.

Дээрх хүсэлтийг нэхэмжлэгч Х.М- нь дүүргийн Газрын албанд гаргасан ба мөн гуравдагч этгээд нарын хүсэлтийг Нийслэлийн Газрын албанаас дүүргийн Газрын албанд шилжүүлж шийдвэрлэсэн байдаг. Дүүргийн Газрын алба нь удирдлагын хувьд босоо тогтолцоотой бөгөөд дүүргийн хэмжээнд газар эзэмшиж, ашиглахаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гаргасан өргөдөл, хүсэлтийг хүлээн авч бүртгэн холбогдох ажиллагааг явуулах чиг үүрэг бүхий байгууллага юм.

Нэхэмжлэгч Х.М-ийн ирүүлсэн хүсэлт нь гуравдагч этгээд нарын гаргасан хүсэлтээс цаг хугацааны хувьд сүүлд бөгөөд тэдгээрийн хүсэлт гаргасан газартай давхцуулж кадастрын зураг үйлдэж ирүүлсэн нь холбогдох хууль тогтоомж зөрчсөн тул дүүргийн Засаг даргаас талбайн хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлтийг хүлээн аваагүй болно.

Анхан шатны шүүхээс дүүргийн Засаг даргад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ нэхэмжлэгч Х.М-ийн кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн зургаас буюу М.Тгээс шилжүүлж авсан 30.000 м.кв талбай бүхий газраас Туул голын онцгой хамгаалалтын бүстэй давхацсан хэсгийг хасч үлдсэн хэсгийг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн үү эсхүл шинээр үйлдэж ирүүлсэн кадастрын зургийн дагуу дахин газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн үү гэдэг нь тодорхойгүй байна. Мөн түүнчлэн хариуцагч Нийслэлийн Засаг дарга, дүүргийн Газрын албанд холбогдох нэхэмжлэлийн шаардлагын тухайд үндэслэл бүхий дүгнэлт гаргаагүй буюу иргэн М.Тгээс Х.М-ид шилжиж буй газар эзэмших эрх, түүнтэй холбоотой үүсэх бусад эрх зүйн үр дагавар болон анхны эзэмшигчээс одоогийн эзэмшигчид шилжих үйл баримтыг нарийвчлан тодорхойлоогүй байна гэж хариуцагчийн зүгээс үзэж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Гуравдагч этгээд С.Гдавж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Иргэн Х.М-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Газрын албанд холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2019/0302 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч, шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1, 121.2 дэх хэсэгт зааснаар хүчингүй болгуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгуулах, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт зааснаар өөрчлүүлэхээр дараах гомдлыг гаргаж байна.

Нэг. Шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын тухай:

Анхан шатны шүүх “Х.М-ийн эзэмшлийн 30000 м2 газраас Туул голын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд ороогүй хэсгээр эзэмших эрх сэргээсэн захирамж гаргахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгаж" шийдвэрлэснийг дараахь үндэслэлээр эс зөвшөөрч байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох"-оор заасан.

Х.М- нь 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн Өмч газрын харилцааны албанд 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөр огноолсон 30000 м2 газар эзэмших эрхийг шилжүүлэн авах хүсэлт гаргаж, хүсэлтэд М.Тгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тэмүүлэн, Х.М- нарын хооронд 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”, эрхийг нь шилжүүлэн авч буй газрын кадастрын зураг зэрэг холбогдох баримтыг хавсарган ирүүлсний дагуу Баянзүрх дүүргийн Засаг дарга 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/115 дугаар захирамжаар нэхэмжлэгч Х.М-ид агаарын спортын зориулалтаар 30000 м2 газрыг М.Тгээс шилжүүлэн эзэмшүүлсэн.

Мөн дүүргийн Газрын алба нэхэмжлэгчээс өөрийнх нь газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтэд хавсарган ирүүлсэн 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Аэрогеодези ХХК-ийн хийсэн 20000.54 м2 газрын кадастрын зургийг мэдээллийн санд бүртгэсэн бөгөөд дээрх захирамж болон газрын эрхийн бүртгэл нь нэхэмжлэгчийн хүсэлт гаргасны дагуу гарсан, өнөөдөр хүчин төгөлдөр шийдвэрүүд байна

Өөрөөр хэлбэл, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга, Газрын алба нэхэмжлэгчид газар эзэмшихтэй холбоотой захиргааны акт гаргахаас татгалзсан, эсвэл гаргахгүй байгаа эс үйлдэхүй байхгүй байна.

Нэгэнт эс үйлдэхүй байхгүй тул эс үйлдэхүй нь хууль бус болох, эсвэл эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх боломжгүй.

Баянзүрх дүүргийн Засаг дарга нэхэмжлэгчийн газар эзэмшихтэй холбоотой хүсэлтийг тухай бүр ханган шийдвэрлэсэн бөгөөд 2014 оны А/115 дугаар захирамжийн Х.М-ид холбогдох заалт хүчин төгөлдөр хэвээр бөгөөд түүнийг хүчингүй болгосон, эсвэл ямар нэг байдлаар өөрчилсөн шийдвэр байхгүй байхад анхан шатны шүүх "... газар эзэмших эрхийг сэргээсэн захирамж гаргахыг” даалгаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасантай нийцэхгүй, хуулийн үндэслэлгүй шийдвэр болсон.

Нэхэмжлэгч эзэмшил газрынхаа хэмжээг Туул голын хамгаалалтын бүсэд орсон хэсгийг хасч багасган эзэмших хүсэлтэй байгаа бол Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2-т заасны дагуу энэ тухай хүсэлтээ захиргааны байгууллагад гаргаж шийдвэрлүүлэх эрх нь одоо ч нээлттэй, ийм хүсэлт гаргасан тохиолдолд иргэний хүсэлтийг захиргааны байгууллага өөрийн эрх хэмжээнд шийдвэрлэх боломжтой байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Х.М-ийн эзэмшлийн 30000 м2 газраас Туул голын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд ороогүй хэсгээр эзэмших эрх сэргээсэн захирамж гаргахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах” гэж тодорхойлсон хэдий ч шаардлагын үндэслэлийг тайлбарлахдаа гуравдагч этгээдүүдийн 2016 оноос хойш эзэмших хүсэлт удаа дараа гаргасан, нэхэмжлэгчийн эзэмшлийн газрын баруун талд байрлах газрыг “өөрийн эзэмшлийн газар байсан боловч хариуцагч нар энэ газрыг хасч мэдээллийн санд бүртгэсэн” гэж маргасан

Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т “Газар.дээр нь тэмдэглэж газрын кадастрын зурагт буулгасан ерөнхий хил нь газар олгохдоо тогтоосон хилийн цэстэй, оноосон хил нь газрыг хэсгээр дундаа эзэмшигчдийн бичгээр гаргасан зөвшөөрөлд заасан, эсхүл газар олгоход эрх бүхий этгээдээс тогтоосон хилтэй тохирч байна” гэж заасны дагуу иргэн, хуулийн этгээдийн бусдаас эрх шилжүүлэн авч буй газрын хил заагийн солбицлын цэгүүд нь өмнө эрх шилжүүлэгчийн эзэмшилд байсан газрын байршлын солбицолын цэгүүдээр тодорхойлогдох ёстой.

Өөрөөр хэлбэл, эрх шилжүүлж буй газрын ерөнхий хил заагт өөрчлөлт оруулахгүй бөгөөд хэсэгчлэн шилжүүлж буй тохиолдолд зөвхөн аль хэсгээр хувааж буйгаа тохиролцон эрх бүхий мэргэжлийн байгууллагаар зураг үйлдүүлэн хүсэлтэд хавсарган өгөх үүрэгтэй байна.

М.Т, “Ф.М” ТББ-ын хооронд 2007 оны 08 дугаар сарын 20- ны өдөр хийгдсэн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнд Ф.М ТББ нь М.Тд өөрийн эзэмшлийн 100000 м2 газраас баруун талын хэсэг 30000 м2 газрын эрхийг шилжүүлэхээр тохиролцсон, М.Тгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тэмүүлэн ба Х.М-ийн хооронд хийгдсэн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-нд “эрх шилжүүлэгчээс өөрийн эзэмшилд байгаа 30000 м2 газрыг шилжүүлэн авагчид шилжүүлэх”-ээр тус тус тохиролцсон.

“Ф.М” ТББ нь газар дээрх бодит байдлаар өөрийн эзэмшил газрын баруун хэсэг 20000 м2 газрыг М.Тд шилжүүлж, зүүн хэсэгт 10000 м2 газрыг өөрийн эзэмшилд хэвээр авч үлдсэн, М.Т нь дутуу хүлээн авсан 20000 м2 газрыг Х.М-ид шилжүүлсэн болох нь 2007 оны 10 дугаар сарын 02-ны өдөр АТТП ХХК-ийн хийсэн Ф.М ТББ-ын эзэмшлийн газрыг иргэн Ч.С, М.Т, Ф.М ТББ-д 3 хуваасан кадастрын зураг, нэхэмжлэгч Х.М- өөрөө 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Аэрогеодези ХХК-иар хийлгэж Газрын албанд газар эзэмших эрх шилжүүлэн авах хүсэлтийн хамт ирүүлсэн “Иргэн Хоролсүрэн овогтой М- /АД91061813/-ийн нэгж талбарын байршлын кадастрын зураг"-аар тус тус нотлогддог.

М.Т, Х.М- нар нь гэрээгээр тохиролцсон 30000 м2 газраас 10000 м2 газрыг дутуу шилжүүлэн авснаа мэдэж байсан боловч Ф.М ТББ-тай болон хоорондоо өнөөдрийг болтол маргаагүй, дутуу шилжүүлснийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Талууд “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-гээр М.Тгийн эзэмшил газраас 20000 м2 газрыг, үлдсэн 10000 м2 газрыг М.Тгийн эзэмшилд байгаагүй төрийн өмчийн газраас нэмж шилжүүлж, шилжүүлэн авна гэж тохиролцоогүй, ингэж тохиролцох хуулийн үндэслэл байхгүй тул газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнд заасан хэмжээнээс дутуу шилжүүлж хэн нэг этгээдийн өөртөө авч үлдсэн газрыг захиргааны байгууллага нөхөн олгож эзэмшүүлэх үүрэг хүлээхгүй юм.

Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны А/115 дугаар захирамжаар эрх шилжүүлэн нэхэмжлэгчид уг газрыг эзэмшүүлэхдээ эзэмшлийн газрын баруун талын хил заагийг Ф.М ТББ, М.Т нарын эзэмшилд байсан үеийн хил заагаас ямар нэг зөрүүгүй, хэвээр шилжүүлж, нэхэмжлэгчийн өөрийнх нь газрыг хэрхэн хуваасан талаарх Аэрогеодези ХХК-иар хийлгэж ирүүлсэн зургийн дагуу газрын мэдээллийн санд 20000 м2-аар бүртгэж эзэмшүүлсэн үйлдэл нь хуульд нийцсэн байна.

Гэтэл анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг буруу үнэлж, шийдвэрийн үндэслэх хэсэгт “Нэхэмжлэгч Х.М- нь 2013 онд 30000 м2 газрыг М.Тгээс шилжүүлэн авах гэрээг үйлдэж, эзэмшил газрын хил заагийг “АТТП” ХХК-иар ...кадастрын зураг хийлгэж, дүүргийн Газрын кадастрын мэдээллийн санд бүртгүүлэхээр 2014 онд Баянзүрх дүүргийн Газрын албанд өгсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна" гэж үндэслэлгүй дүгнэлт хийсний дагуу шийдвэр гаргасан.

“АТТП” ХХК-ийн М.Тгийн нэр дээр 2007 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хийсэн газрын байршлын кадастрын зураг нь М.Т Ф.М ТББ- аас газар эзэмших эрх шилжүүлэн авах хүсэлт гаргахдаа эрх шилжүүлэгчээс бодит м байдал дээр дутуу шилжүүлэн авсан газрыг баруун тийш 10000 м2-аар сунгаж нөхөн авахаар хүсэлт гаргасан зураг болохоос Х.М-ийн хүсэлтэд хамааралгүй зураг бөгөөд Баянзүрх дүүргийн Засаг дарга М.Тгийн энэ хүсэлтийг 2007 оны 299 дүгээр захирамжаар татгалзаж шийдвэрлэсэн байдаг.

Гэтэл анхан шатны шүүх 2007 оны “АТТП” ХХК-ийн зургийг Х.М-ийн шилжүүлэн авсан 30000 м2 газрын байршлын зураг гэж буруу үнэлснээр гуравдагч этгээдүүдийн хүсэлт болгосон газрыг нэхэмжлэгчийн эзэмшил газар гэж үзэж “Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт ...хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэх заалтыг зөрчих нөхцөл байдал үүсгэсэн" гэж дүгнэж үндэслэлгүй шийдвэр гаргасан болно.

Хэрэгт авагдсан "Ф.М” клубт эзэмшүүлсэн газрын баталгаат хэмжээг тогтоосон акт, 2006 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Аэрогеодези ХХК-ийн хийсэн газрын байршлын кадастрын зураг, 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Аэрогеодези ХХК-ийн хийсэн Х.М-ийн газрын байршлын кадастрын зураг, хариуцагч Баянзүрх дүүргийн Газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн тайлбар зэрэг баримтаар гуравдагч этгээдүүдийн хүсэлт гаргасан газар нь Х.М-ийн эзэмшилд хэзээ ч байгаагүй, захиргааны байгууллага нэхэмжлэгчийн бусдаас эзэмших эрх шилжүүлэн авсан газрын хэмжээг нь хууль бусаар багасгаагүй, харин Х.М- нь газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнд заасан хэмжээнээсээ 10000 м2-аар бага хэмжээтэй газрыг М.Тэмуүжингээс бодитоор хүлээн авсан болох нь нотлогддог.

Харилцан тохиролцсоны үндсэн дээр бусдаас дутуу шилжүүлэн авсан газрыг нөхөн олгож эзэмшүүлэх үүргийг захиргааны байгууллага хууль, гэрээгээр хүлээсэн тул Х.М-ийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дүүргийн Газрын албанд газрын хэмжээ өөрчлүүлэхээр гуравдагч этгээдүүдийн 2016 оноос хойш удаа дараа хүсэлт гаргасан газарт гаргасан хүсэлт нь газар шинээр эзэмших хүсэлт болох юм.

Нэхэмжлэгч өмнөх эзэмшигчийн эзэмшилд байсан газрын хил заагаас илүү гаргаж дахин 1.0 га газар нэмж авахыг хүссэн тохиолдолд Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан журмын дагуу шинээр газар эзэмших хүсэлтийг Засаг даргад гаргаж шийдвэрлүүлэх, харин Засаг дарга Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-т зааснаар тухайн газар эзэмших хүсэлтийг хүлээн авсан өдөр, цаг, минутаар бүртгэн авч хүсэлт гаргасан дарааллын дагуу шийдвэрлэх ёстой. Бусдын эзэмших эрх үүсээгүй газарт гуравдагч этгээдүүд 2016 онд хүсэлт гаргаж, өргөдөл хүсэлтийг захиргааны байгууллагаас хянаж байх явцад нэхэмжлэгч 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр тухайн газрыг эзэмших талаар “газрын хэмжээ өөрчлүүлэх” хүсэлт гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна.

Гэтэл анхан шатны шүүх нотлох баримтуудыг буруу үнэлсний улмаас Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 32.4, 33 дугаар зүйлийн 33.1.2, 38 дугаар зүйлийг буруу хэрэглэж, “Нийслэлийн Газрын албанаас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 03/2418 тоот албан бичгээр ирсэн мэдэгдлийн дагуу ...гуравдагч этгээдүүдийн газар хүссэн өргөдөл, тухайн маргаан бүхий газар дээр хийлгэсэн кадастрын зураг. холбогдох баримтыг хууль зүйн үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т “Өргөдөл, гомдлын талаар төрийн байгууллага, албан тушаалтан дараах нийтлэг үүрэг хүлээнэ: “харьяаллын дагуу ирсэн өргөдөл, гомдлыг заавал хүлээн авах" үүргийг хэрэгжүүлсэн захиргааны байгууллагыг буруутгасан үндэслэлгүй дүгнэлт болж, хууль бус шийдвэрийн үндэслэл болсон байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа М.Тгийн болон өөрийн эзэмшлийн газрын Туул голын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд орсон хэсэгтэй маргаагүй, харин гуравдагч этгээдүүдийн хүсэлт гаргасан газартай маргаж байхад шүүх “Нийслэлийн Засаг даргын 2009 оны “Хамгаалалтын бүс тогтоох тухай” 95 дугаар захирамжийг үндэслэл болгосон бөгөөд энэ захирамжийг ...2016 оны 95 дугаар захирамжаар хүчингүй болгосон байна.

Иймд Баянзүрх дүүргийн Засаг дарга болон Газрын алба нэхэмжлэгч Х.М-ийн эзэмшлийн 30000 м2 газрын хэмжээг хууль бусаар багасган газрын мэдээллийн санд бүртгэсэн нь ...хууль зөрчсөн" гэж дүгнэж, шийдвэрийн үндэслэл болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг зөрчсөн байна. Шүүх хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргад “Х.М-ийн ...газар эзэмших эрхийг сэргээсэн захирамж гаргахыг даалгаж” шийдвэрлэхдээ газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буюу Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын чиг үүргийг тодорхойлсон хуулийн заалтыг үндэслэл болгосон нь хуульд нийцэхгүй байна.

Тодруулбал, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.6-д заасан "аж ахуйн нэгж, байгууллага, иргэний эдлэн газрыг бүртгэлд хамруулан, лавлагааны нэгдсэн зургийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр хөтлөх” үүрэг нь Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүрэгт хамаарах асуудал байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1, 121.2 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож, “Х.М-ийн эзэмшлийн 30000 м2 газраас Туул голын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд ороогүй хэсгээр эзэмших эрх сэргээсэн захирамж гаргахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын тухай: Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтаар нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль ёсны шийдвэр болсон.

Гэвч шийдвэрийн үндэслэх хэсэгт дээрх шийдвэрийн үндэслэлийг “нэхэмжлэгч X.М- нь иргэн М.Тгээс дээрх нэхэмжлэлийн шаардлагуудын хүрээнд захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох итгэмжлэл олгогдоогүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж хүлээн авахаас татгалзав" гэж тодорхойлсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт “иргэн М.Тгийн эзэмших эрхтэй Баянзүрх дүүргийн дугаар хороо, Хар усан тохой 201 тоотод байрлах 30000 м2 газрын эзэмших эрхийн 5 жилийн хугацаагаар сунгасан А/516 дугаар ...захирамжууд нь ямар нэг байдлаар хүчингүй болоогүй, хүчин төгөлдөр үйлчлэлтэй ...байна" гэж дүгнэсэн нь дзэрх шийдвэрийн үндэслэл болсон бөгөөд энэ дүгнэлт нь үндэслэлгүй байна.

Газар эзэмших эрхийг Х.М-ид шилжүүлсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны А/115 дугаар захирамжийн хавсралтын ...дугаарын “Хүчингүй болж байгаа шийдвэрийн огноо, гэрчилгээний дугаар” гэсэн баганад “БЗД-ийн ЗД-ын 2013 оны А/516, гэрчилгээний дугаар 000474182“ гэж бичиж М.Тгийн газар эзэмших эрхийн гэрчилгээг дээрх захирамжаар хүчингүй болгосон тул Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4-т ‘Тазар эзэмших эрх дараах тохиолдолд дуусгавар болно: 39.1.4.газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон” гэж зааснаар М.Тгийн газар эзэмших эрх 2014 онд дуусгавар болсон.

Нэгэнт газар эзэмших эрх дуусгавар болсны улмаас М.Т нь тухайн газартай холбоотойгоор өөрөө болон төлөөлөгчөөрөө дамжуулан маргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхгүй болсон байтал “М.Тгээс итгэмжлэл олгогдоогүй тул Х.М- нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд” гэж дүгнэсэн дүгнэлт нь “Х.Т нь өөрөө буюу төлөөлөгчөөрөө дамжуулан тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй” гэсэн агуулгатай болж хуульд нийцээгүйгээс гадна шүүхийн шийдвэрийн энэ заалт нь цаашид М.Т уг газартай холбоотойгоор эрхээ хамгаалах, сэргээлгэх зэргээр маргах боломжийг нээх үр дагавартай байна гэж үзэж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад хууль хэрэглээний талаар өөрчлөлт оруулж өгнө үү.

ХЯНАВАЛ :

Хариуцагч, гуравдагч этгээд нарын гаргасан гомдлын дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20 өдрийн 128/ШШ2019/0302 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг бүхэлд нь хянаад, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 299 дүгээр захирамжаар “Ф.М” ТББ-ын эзэмшиж байсан Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой 201 тоотод байрлах 30000 м.кв газрын эзэмших эрхийг иргэн М.Тд шилжүүлсэн улмаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/516 дугаар захирамжаар иргэн М.Тгийн эзэмших эрхтэй дээрх 30000 м.кв газрын эзэмших эрхийг 5 жилийн хугацаагаар сунгасан байна.

Мөн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/115 дугаар захирамжаар тус дүүргийн Хар усан тохой 201 тоотод байрлах 30000 м.кв газрыг иргэн Х.М-ид 5 жилийн хугацаагаар шилжүүлэн эзэмшүүлж, 000494341 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон болох нь тогтоогджээ.

Гэхдээ Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 703 дугаар шийдвэрээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг үндэслэн М.Тгийн эзэмших эрхтэй Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд байрлах 30000 м.кв газрын эзэмших эрхийг хүчингүй болгосон байхад Дүүргийн Засаг даргын А/516 дугаар захирамжаар маргаан бүхий газрыг эзэмшигч М.Тгийн газрын эзэмших эрхийг сунгасан, мөн А/115 дугаар захирамжаар уг газрыг нэхэмжлэгч Х.М-ид газар эзэмших эрхийг шилжүүлсэн байгаад анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй байна.

Өөрөөр хэлбэл шилжүүлэх боломжтой, эрхийн хувьд доголдолгүй, газар эзэмших эрхийг шилжүүлсэн эсэх талаас нь дүгнэлт хийгээгүй байна. Харин анхан шатны шүүх “Нэхэмжлэгч Х.М- нь 2013 онд 30000 м.кв газрыг М.Тгээс шилжүүлэн авах гэрээг үйлдэж, эзэмшил газрын хил заагийг “АТТП” ХХК-иар нэгж талбарын байршлын кадастрын зураг хийлгэж, дүүргийн Газрын кадастрын мэдээллийн санд бүртгүүлэхээр 2014 онд Баянзүрх дүүргийн Газрын албанд өгсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна, ... уг газрыг нэхэмжлэгч Х.М-ид шилжүүлсэн 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/115 дугаар захирамжид газрын хэмжээг 30000 м.кв гэж дурдсан атал Газрын мэдээллийн санд 20000 м.кв гэж тэмдэглэн 10000 м.кв-аар талбайн хэмжээг бууруулсан нь захиргааны байгууллагын буруутай үйлдэл бөгөөд одоогийн маргаан үүсэх эхлэл болжээ” гэж зөв дүгнэлт хийжээ.

Түүнчлэн уг маргаан бүхий газарт Нийслэлийн Газрын албанаас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 03/2418 тоот албан бичгээр ирсэн мэдэгдлийн дагуу С.Гэрэлт-Од, П.Содномцог, С.Жавзандулам, С.Дэлгэр, С.Галмандах, Э.Дөлгөөн, Л.Сандуй, Ё.Мөнхцэцэг нарын газар хүссэн өргөдөл, тухайн маргаан бүхий газар дээр хийлгэсэн кадастрын зураг, холбогдох баримтыг 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хариуцагч хүлээн авсан нь хууль зүйн үндэслэлгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл тухайн газрын талаарх маргаан дууссаны хойно энэхүү асуудлыг шийдвэрлэх ёстой.

Мөн “Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг хүчингүй болгох тухай 703 дугаар захирамжаар иргэн М.Тгийн эзэмшлийн 30000 м.кв газрыг хүчингүй болгохдоо тус Нийслэлийн Засаг даргын 2009 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Хамгаалалтын бүс тогтоох тухай 95 дугаар захирамжийг үндэслэсэн ба энэхүү 95 дугаар захирамжийг Нийслэлийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/798 дугаар захирамжаар хүчингүй болгосон байна” гэсэн үндэслэлийг анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нэг гол үндэслэл болгожээ.

Хэдийгээр Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг хүчингүй болгох тухай 703 дугаар захирамжийн үндэслэл болсон эрх зүйн акт хүчингүй болсон ч энэ нь уг 703 дугаар захирамж өөрөө хүчингүй болсон гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Энэхүү байдлыг мэдээд нэхэмжлэгчийн зүгээс “Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 703 дугаар захирамжийн М.Тд холбогдох хэсгээс Туул голын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд хамаарахгүй хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага гаргасан байна.

Гэвч анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэн хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ. Нэхэмжлэгч Х.М- нь “Хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 703 дугаар захирамжаар иргэн М.Тд холбогдох хэсгээс Туул голын усны эх үүсвэрийн хамгаалалтын хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаснаар өөрийн хууль ёсоор шилжүүлсэн авсан газар эзэмших эрх, ашиг сонирхол хөндөгдөж байгаа учир нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж тайлбарлаж байгаад дүгнэлт хийж, эрх залгамжлан авсан Х.М- тухайн захирамжид гомдол гаргах эрхтэй эсэх талаар нь дүгнэлт хийх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-т заасныг тус тус удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2019/0302 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг тус тус баримтлан хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                           Э.ЗОРИГТБААТАР