| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2019/0054/Э |
| Дугаар | 57 |
| Огноо | 2019-06-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Амаржаргал |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 57
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж
Нарийн бичгийн дарга Ц.А
Улсын яллагч Н.А
Шүүгдэгч С.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн
шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймаг, Дархан сумын харъяат, ... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт амьдрах, Г ХХК-д төслийн зохицуулагч ажилтай, Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороонд оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Нийслэлийн Баянзүрх дүүргийн ... оны ... дүгээр сарын ...-ний өдрийн ... дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ялаар шийтгүүлж байсан, О овогт С.Д-д холбогдох эрүүгийн 1920000000081 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд авагдснаар/
Шүүгдэгч С.Д нь согтуугаар 2019 оны 05 дугаар сарын 22-ны шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Х буудлын ... тоот өрөөнд иргэн О.А-тай маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.Д-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Замын-Үүдэд ажлаар ирсэн байсан, ажил амжилттай явагдсан учраас жаахан архи ууцгаасан. Би тухай үед болсон явдлыг сайн санахгүй байгаа юм, хамт байсан хүмүүсийн ярьж байгаагаар бол намайг шалан дээр унтчихаар нь босгох гээд тэврэх үед би буруу ойлгоод л зодсон юм билээ. Болсон явдлыг би үгүйсгэхгүй байна. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна, шүүхээс гарах шийдвэрийг хүндэтгэн биелүүлнэ. Хохирогч А-т эмчилгээний зардалд 2,000,000 төгрөг төлсөн “ гэсэн мэдүүлэг
Хохирогч О.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Би 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Замын-Үүд суманд ажлаар ирж “Х” зочид буудлын ... дугаар өрөөнд байрласан. Ажлаар хотоос ирэхдээ С.Д, Б нарын хамт ирсэн ба нэг өрөөнд буудал авсан. Ингээд өдөр нь ажлаа амжуулаад орой өрөөндөө амрахдаа Д, Б бид 3 бага зэрэг согтууруулах ундаа хэрэглэсэн. Шөнө нь буюу 2019 оны 05 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө 02 цагийн үед унтахаар болоход Д намайг учиргүй боогоод нүүр ам руу цохиод эхэлсэн. Б түрүүлээд унтчихсан байсан. Д нилээн согтсон орондоо ороогүй байхаар нь би унтуулах гээд Д-г одоо унт гэсэн юм. Тэгсэн чинь үгийн зөрүүгүй хажуудаа байсан намайг заамдаад хажуу тийш нь унагаад миний нүүр лүү гараараа 4-5 удаа цохисон. Би Д-с салгах гэсэн боловч салж чадаагүй доор нь орчихсон. Энэ үед хажууд унтаж байсан Б сэрээд намайг салгаж авсан. Ингээд би босоод Д-тай маргаад байж байтал цагдаа ороод ирсэн. Д бид 2 огт маргаж муудалцаагүй байж байтал намайг ямар нэг шалтгаангүй зодоод эхэлсэн. Д согтоод биеэ хянаж чадаагүй байх. Бид 2-ын хооронд урд ямар нэгэн өс хонзонгийн зүйл байгаагүй. Маргааш нь Д надаас уучлалт гуйсан. Миний эмчилгээний зардалд тусалж, эмнэлгээр авч яван намайг бүрэн эдгээсэн. Би Д-г уучилсан, түүнээс нэхэмжлэх зүйл байхгүй. Бид 2 эргээд хэвийн харьцаатай болсон. Д-д гаргах гомдол санал байхгүй. Хэргийг хурдан шийдэж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8/
Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Замын-Үүд суманд А, Д нарын хамт ажлаар ирсэн. Замын-Үүд сумын “Х” нэртэй зочид буудлын ... тоот өрөөнд байрласан. Бид 3 өдөр нь ажилаа амжуулчихаад орой хоол идсний дараа бага зэрэг согтууруулах ундаа хэрэгсэн. Хоол идэж байхдаа 2 Шил архи уусан. Буудалдаа ороод 1 Шил архийг мөн хувааж уусан. Бид 3 нэг өрөөнд хамт байрласан байсан. Согтолтын хувьд би нилээн согтсон, Д бас согтсон байсан. Харин А гайгүй байх шиг байсан. Ингээд би түрүүлээд орондоо ороод унтчихсан. Тэгээд унтаж байхад түчигнэх чимээ гарахаар нь сэрээд хартал А, Д 2 зууралдчихсан шалан дээр хэвтэж байсан. Би шууд тэрийг салгасан. ... Би унтаж байсан болохоор хэн нь хэнийгээ хаана нь хэд цохисныг хараагүй. Надад өөр нэмж ярих зүйл алга байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14/
2019 оны 05 сарын 22-ны өдрийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 18-19/
Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 20-21/
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 сарын 24-ний өдрийн “1. О.А-н биед дээд зүүн 2 дугаар шүдний булгарал, тархи доргилт, дух, хамрын нуруу, баруун нүдний дээд зовхи, хүзүүний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Учирсан гэмтлүүд нь зүүн 2 дугаар шүдний булгарал, тархи доргилт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
Дух, хамрын нуруу, баруун нүдний доод зовхи, хүзүүний гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн 02/0275 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22/
Шүүгдэгчийн регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн33/
Шүүгдэгч С.Д нь урьд нь ял шийтгүүлж байсан гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 42/
Нийслэлийн Баянзүрх дүүргийн ... оны ... дүгээр сарын ...-ний өдрийн ... дүгээр шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн45/
Хохирогч О.А-н Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Цагдаагийн хэлтэст гаргасан” О.А миний бие 2019 оны 05 сарын 22-ны шөнө Замын-Үүд сумын Х зочид буудалд С.Д-д зодуулж биедээ хөнгөн зэргийн гэмтэл авсан. Одоо миний бие зүгээр болсон тул С.Д-д гаргах гомдол санал байхгүй. С.Д-с нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн тодорхойлолт /хх-ийн 47/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч С.Д нь согтуугаар 2019 оны 05 дугаар сарын 22-ны шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Х буудлын ... тоот өрөөнд хохирогч О.А-г “унтах болоогүй юу “ гэж хэлсэний улмаас түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд зүүн 2 дугаар шүдний булгарал, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон байна.
Шүүгдэгч С.Д-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч О.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 9-10/, гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 14/, 2019 оны 05 сарын 22-ны өдрийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 18-19/, амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 20-21/, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 05 сарын 24-ний өдрийн 02/0275 тоот дүгнэлт /хх-ийн 22/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч С.Д-н үйлдлийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг түүний үйлдэлд тохирсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Уг гэмт хэргийг улмаас хохирогч О.А-н эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан, шүүгдэгч нь хохирогчид эмчилгээний зардалд 2,000,000 төгрөг төлсөн байх ба хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч С.Д-г нь бусдад төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч С.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлаас гадна Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан торгох ялыг сонгон, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овогт С.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С.Д-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч С.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч С.Д нь 450,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.Ц