| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2016/00234/и/ |
| Дугаар | 337 |
| Огноо | 2016-09-23 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 337
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, шүүгч Н.Оюунбилэг, шүүгч Л.Эхлэлт нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багт оршин суух, /РД:ДЗ55041519/, Олхонууд Чилхаасүрэнгийн Цэрэндоржийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Тайшир сум, Завхан гол 1-2 тоотод оршин суух, /РД:ДЗ80042809/, Олохнууд Дашзэвэгийн Наранбадамд холбогдох
Нэр төр сэргээлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Цэрэндорж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм, гэрч Ц.Сэвжидмаа, гэрч Г.Цогтгэрэл, иргэдийн төлөөлөгч Б.Гэрэлмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Цэрэндорж нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Чилхаасүрэн овогтой Цэрэндорж миний бие Говь-Алтай аймгийн Тайшир сумын 1 дүгээр баг Хуримтад мал маллаж амьдардаг. Ам бүл долуулаа, 5 хүүхэдтэй, 2016 оны өвөл манай нутаг цас ихтэй зудтай байсан. Би малаа Хуримтын эхээс хужирлахаар туугаад явж байтал н.Бүрэнжаргал гэх залуу өвөлжөөрүү орлоо гээд өөрийнхөө хонийг манай өвөлжөөрүү 10 гаруй хоног тууж манай өвөлжөөг идүүлсэн. Энэ талаар мал тооллогын үеэр багийн Засаг даргад энэ асуудлыг зохицуулж өгөөч гэсэн. Дараа нь дахин өвөлжөөний маргаан үргэлжлэн гарсан. Манай эмгэн эмчийн хяналтанд байдаг. Үзүүлчихээд явж байхдаа нөгөө хүнийг захиргаанд хэлээд арга хэмжээ авхуулахаар очиход багийн дарга асуудлыг газар дээр нь очиж шийдвэрлэнэ гээд хэсгийн төлөөлөгч багийн даргатай хамт явж байхад н.Бүрэнжаргал нь араас утасдаж ирээд бид нартай хамт явсан. Хариуцагч Д.Наранбадам гэх хүн нь өвөлжөөний маргаан хийгээд байгаа н.Бүрэнжаргалын хүр дүү. Н.Бүрэнжаргал замдаа явж байхдаа машинд орж ирээд миний нүүр рүү нулимаад барьж авсан. Маргааны үеэр миний нэр төрийг гутааж, намайг хулгай хийж, хулгайн малаараа аймгийн аварга болсон, хулгайн малаа зарсан мөнгөөрөө хүүхдээ сургаж, ажилд оруулсан гэж хэлсэн. Өөр ямар нэгэн зүйл болоогүй. Хэсгийн төлөөлөгчид энэ талаар хэлсэн. Миний охин сумын эрүүл мэндийн газарт эмчлэгч эмч ажилтай. 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр эмнэлгийн ажилтнууд цуглаж хурал хийж байхад эмнэлгийн жолооч н.Дашаа нь н.Наранбадамын хотонд мал тавих гэсэн юм гээд ярихад хүмүүс бэлчээрийн асуудлын талаар маргаад байгаа. Эднийх хүртэл ингэж маргаж байгаа гэж миний охинруу чичиж, дайрч давшилсан байсан. Маргалдахдаа чиний эцэг чинь хулгайч, хулгайлсан малаа зарж чиний төлбөрийг төлдөг байсан гэж хэлсэн байсан. Тэр үед нь би сумын төврүү орж ирж байхад охин минь энэ талаар надад хэлсэн. Би хэсгийн төлөөлөгчид хэлэхэд надад шүүхэд ханд гэж хэлсэн. Олон түмний нүдэн дээр би хулгайч нэртэй болсон. Нэр төрөө хөөцөлдөж сэргээлгэж авмаар байна. Үхэхдээ хулгайч гэж хэлүүлмээргүй байна. Үр хүүхдээ хулгайчийн хүүхэд гэж хэлүүлмээргүй байна. Тэгэхээр нэр төрөө сэргээлгэмээр байна. Хэдэн хүүхдийн ажил амьдралд дарамт ихтэй байдаг тул бүгд надаас болж байна гээд дайраад байдаг. Тэр өвөлжөөний маргаан одоо энд хамаагүй. Хаа хамаагүй сумын төв дээр ажиллаж байгаа эмч хүнийг ингэж хэлж болохгүй тул энэ асуудлын учрыг олж өгч миний нэр төрийг минь сэргээж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Наранбадам тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ч.Цэрэндоржийн гаргасан нэхэмжлэлийг гардаж аваад дараах тайлбарыг гаргаж байна. Дашзэвэг овогтой Наранбадам миний бие 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр авга ах болох Ч.Цэрэндоржийн төрсөн охин Ц.Сэвжидмаатай өвөлжөө бууц, тэжээлийн талаар маргаан хийсэн бөгөөд хэн хэн нь ууртай мөн гомдолтой байсан тул бие биедээ хэлэх хэлэхгүй үг хэлж бие биенээ гомдоосон. Миний бие мөн адил гомдолтой байгаа ч хэн хэнээсээ уучлалт гуйгаад эвлэрэхэд татгалзах зүйл алга. Бид ах дүү хүмүүс учраас бие биенээ уучлах сэтгэл байгаа гэж бодож байна. Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлд заасны дагуу уг хэргийг эвлэрүүлж, хялбаршуулсан аргаар шийдвэрлэж өгнө үү. Миний бие хотод ажлаар ирсэн байгаа тул хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Ч.Цэрэндоржийн нэхэмжлэлтэй, Д.Наранбадамд холбогдох нэр төр сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэгч Ч.Цэрэндорж нь Д.Наранбадамд холбогдуулан нэр төр сэргээлгэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд өөрийнхөө гутаагдсан нэр төрийг сэргээлгэхээр Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.1-д зааснаар шаардах эрхтэй байна.
Зохигчийн тайлбар, гэрч нарын мэдүүлэг зэргээс үзэхэд хариуцагч Д.Наранбадам нь 2016 оны өвөл Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн Засаг дарга Г.Цогтгэрэл, хэсгийн төлөөлөгч н.Одбаатар, өөрийн хүргэн ах, эгч, дүүгийн хажууд, 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн Тайшир сумын эрүүл мэндийн төвийн ажилчдын хурал дээр нэхэмжлэгч Ч.Цэрэндоржийн нэр төрийг гутаасан яриа, мэдээллийг гаргасан гэх бодит байдал тогтоогдож байна.
Нэр төр гэж тухайн хүний хувийн болон ёс зүй… талаар бусдаас өгч буй үнэлэмжийг хэлэх бөгөөд хариуцагч Д.Наранбадам нь нэхэмжлэгч Ч.Цэрэндоржийг “...хулгайч, бусдын хөрөнгийг завшиж хөлжсөн..” гэж түүний талаар сөрөг хандлага, яриа гаргасан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Г.Цогтгэрэл, Ц.Сэвжидмаа нарын мэдүүлэг, хариуцагч Д.Наранбадамын “...хэн хэн нь ууртай мөн гомдолтой байсан тул бие биедээ хэлэх хэлэхгүй үг хэлж бие биенээ гомдоосон...” гэсэн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.1-д зааснаар нотолгооны хуваарилалтын хувьд хариуцагч буюу тухайн яриа, мэдээллийг гаргасан этгээд нь түүнийхээ үнэн зөв, уг мэдээлэл нь бодит байдалд нийцэж байгааг нотлох үүрэгтэй байх ба хариуцагч Д.Наранбадам нь уг байдлыг баримтаар нотолж чадаагүй байх тул түүнийг Ч.Цэрэндоржийн нэр төрийг гутаасан байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Олхонууд Чилхаасүрэнгийн Цэрэндоржийн нэр төрийг гутаасан яриаг тараасан, сонссон хүрээнд тухайн арга хэрэгслээр буюу амаар няцаалт хийж, түүний нэр төрийг сэргээхийг хариуцагч Олохнууд Дашзэвэгийн Наранбадамд даалгах үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Наранбадамаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Цэрэндоржид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Олхонууд Чилхаасүрэнгийн Цэрэндоржийн нэр төрийг гутаасан хүрээнд тухайн арга хэрэгслээрээ няцаалт хийж, түүний нэр төрийг сэргээхийг хариуцагч Олохнууд Дашзэвэгийн Наранбадамд даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Наранбадамаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Цэрэндоржид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН
ШҮҮГЧИД Н.ОЮУНБИЛЭГ
Л.ЭХЛЭЛТ