| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 143/2023/00181/И |
| Дугаар | 203/МА2024/00039 |
| Огноо | 2024-10-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 203/МА2024/00039
Ц.*******ы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, шүүгч Т.Дэлгэрмаа, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 143/ШШ2024/00264 дугаар шийдвэртэй,
Ц.*******ы нэхэмжлэлтэй,
Ажилласан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч Ц.*******ы гаргасан давж заалдах гомдлоор 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нарангарав, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Ч.Лхагвасүрэн, нарийн бичгийн дарга Б.Хулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *******гийн ******* миний бие 1962 онд Өмнөговь аймгийн Ханхонгор суманд төрсөн. 1978 оноос Ханхонгор сумын Гэрэлт зам нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн бөгөөд 1980 оны 06 дугаар сарын 25-ны өдөр цэрэгт татагдаж 1983 оны 06 дугаар сарын 20-ны өдөр халагдаж ирсэн. Миний бие өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрч тэтгэврээ тогтоолгох болоход тухайн үед ажилд томилсон, чөлөөлсөн тушаал дутуу улмаас тэтгэвэрт гарч чадахгүй хохироход хүрээд байна. Иймд миний биеийг 1978 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл, 1983 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ханхонгор сумын Гэрэлтзам нэгдлийн Мандах бригадад малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт *******гийн *******ыг 1978 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал, 1986 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Гэрэлт зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож,
Ц.*******ы нэхэмжлэлийн шаардлагаас 1980 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг дуустал, 1983 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Гэрэлт зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан гэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.*******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт зааснаар шүүхэд эх хувиар шинжлэн судлагдсан Өмнөговь аймгийн архивын тасгийн Гэрэлт зам нэгдлийн даргын Б тушаал гэх архивын хэргийн эх хувийг Өмнөговь аймгийн Архивын тасагт буцаан олгож шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгч Ц.******* давж заалдах гомдлын агуулга: Миний бие өөрийн ажилласан байдал, үнэнчээр хөдөлмөрлөж байсны үр шимээ хүртэж, өндөр насныхаа тэтгэвэрт гарч чадахгүй өдий хүрч байгаад маш их харамсалтай байна. Би хуурамчаар баримт бүрдүүлээгүй, өөрт ашигтай байдлаар засварлаагүй, тэр үед ажиллаж байсан хүмүүсийн хариуцлага, ажилдаа хайнга хандсаны үр дүнд миний ажилласан байдлыг тогтооход эргэлзээ төрж байна хэмээн үзэж шүүх миний ажилласан жилийг тогтоохгүй, зарим хэсгийг хангаж шийдсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бодит үнэнийг тогтоогоогүй, нотлох баримтыг үнэлэхдээ алдаа гаргасан, хэмээн үзэж Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 143/ШШ2024/00264 дугаартай шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулахаар гомдол гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нарангарав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үйлчлүүлэгчийнхээ гаргасан гомдлыг дэмжиж байна. Бидний шүүхээс хүсэж байгаа зүйл бол Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 143/ШШ2024/00264 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, энэ заалтад өөрчлөлт оруулж өгнө үү гэж хүсэж байгаа.
Шүүх ямар нотлох баримтыг хамгийн гол эх сурвалж болгох вэ гэхээр хуульд зааснаар тухайн үйл баримтыг үнэн бодитойгоор мэдэж байгаа гэрчийн мэдүүлгийг нотлох баримтын эх сурвалж болгож ач холбогдолтойд үнэлэх ёстой гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Эдгээр хүмүүс 1979-1991 оныг хүртэл Ц.******* ажилласан юм гэж мэдүүлдэг. Нэхэмжлэгч өөрөө ч гэсэн шүүх хуралдаанд мэдүүлдэг. Гэрэлт зам нэгдлийг тарах хүртэл буюу 1992 он хүртэл би ажилласан юм. 1991 оны 12 дугаар сар хүртэл би энд ажилласан гэж мэдүүлэг өгдөг. Гэрчийн мэдүүлгийг үнэлсэн гэж байгаа хэр нь зарим хэсгийг нь хэрэгсэхгүй болгож орхиж байгаа тохиолдолд гэрчийн мэдүүлгийг үнэлсэн гэх дүгнэлттэйгээ таарахгүй байна. Учир нь хийсэн дүгнэлттэйгээ санал нийлэхгүй, дүгнэлтээ үгүйсгэж байгаа мэт хоёр агуулгатай болсон байна гэж үзэж байгаа. Тиймээс нэгэнт хууль сануулаад авсан гэрчүүдийн мэдүүлгээр Ц.******* 1979-1991 оныг хүртэл Гэрэлт зам нэгдэлд ажилласан гээд мэдүүлчихсэн байгаа. Энэ мэдүүлгүүдийг шүүх үнэлсэн. Гэхдээ нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байгаа юм. Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасны дагуу шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү.
Гуравдагч этгээдийн зүгээс одоогийн байдлаар миний үйлчлүүлэгчийн тэтгэврийг зогсоочихсон. Мөн илүү авсан буюу 60 нас хүртэл авсан тэтгэврийг зогсоогоод торгууль оногдуулсан байгаа.
Тухайн үедээ ахуйн хангамжийн хүрээг нэмэгдүүлэх зорилгоор 10 малчин айл тутамд нэгийг нь аагэнтаар томилж байсан. Миний үйлчлүүлэгч энэ хугацаанд тасралтгүй малаа маллаад байсан. Хажуугаар нь давхар аагэнт ажлыг хийсэн байдаг. Гэтэл Ц.*******ыг та малчин байгаагүй юм байна, агент байсан юм байна гэдэг үндэслэлээр малчнаар ажилласан жил нь хүрэхгүй байна гэж үзэж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Тиймээс давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, миний үйлчлүүлэгчийн ажилласан жилийг бүрэн тогтоож өгнө үү. Миний үйлчлүүлэгч 1980 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг дуустал, 1983 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Гэрэлт зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан гэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож үлдээсэн байгаа. Үйлчлүүлэгчийнхээ тэтгэвэртээ гарсан жилийн тооцоог үзэхээр 3 сар дутуу байна. Миний үйлчлүүлэгч авсан тэтгэврээ буцааж төлөөд, дээрээс нь тэтгэвэртээ гарч чадахгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм. Тиймээс давж заалдах гомдлыг хангаж, хэргийн нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт хийж шийдвэр гаргаж өгнө үү гэв.
5. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Лхагвасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тэр тушаал нь засвартай хуурамч гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байгаа. Хөдөлмөрийн дэвтэр дээр ажил байдлын талаар бичээгүй. Малчин байсан юм уу, аагэнт байсан юм уу, ямар албан тушаал эрхэлж байсан нь тодорхойгүй байна. Ц.******* хэлэхдээ цэрэгт явтлаа би адуу маллаж байсан гэж тайлбарладаг. Мөн шалгалтын үеэр уулзалт хийхэд нэхэмжлэгч агент байсан гэж хэлсэн. Тэгээд нийгмийн даатгалын байцаагч аагэнт хийж байсан хүнийг малчнаар тооцож болно гэж зөвлөөд бичиг баримтаа авчирч өгсөн гээ хэлдэг. Бодит байдал дээр Ц.******* аагэнт байсан байна. Энэ хүн малчнаар тэтгэвэр тогтоолгоно гээд гомдоод яваад байгаа. Гэхдээ энэ хүн аагэнтаар ажиллаж байсан гэдгээ үнэн бодитоор тогтоолгоод 60 насандаа тэтгэвэр авах боломжтой. Заавал малчнаар ажиллаж байсан гээд бусдаас 5 жилийн өмнө тэтгэвэрт гарах гэж зүтгээд байна. Хөдөлмөрийн дэвтэр дээр бичилтүүд дандаа тосон балаар биччихсэн байгаа. Бүх хөдөлмөрийн дэвтрүүд бэхээр бичигдсэн байдаг. Гэтэл энэ хүнийх тосон балаар бичигдсэн байна. Тосон балаар бичсэн бичилтүүдийг сүүлд нөхөж бичсэн байх магадлалтай. Хөдөлмөрийн дэвтэр дээрх нэгдлийн даргын гарын үсэг өөр байгаад байгаа. Манай шалгалтын баг юу гэж үзсэн бэ гэхээр Ц.******* тушаал зассан гэдэг асуудал надтай холбоогүй, хэн нэгэн албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас болж би хохироод байна гэдэг асуудал ярьсан. Тэгэхээр хэн нэгэн албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас болж бусдад учирсан хохирлыг Нийгмийн даатгалын байгууллага үнэлж өгөөд энэ хүнийг шууд малчнаар ажиллаж байсан гэж үзэх боломжгүй. Мөн архиваас энэ хүний 1978, 1979 онуудын цалин гараад байдаг. Гэхдээ яг ямар ажил хийж байсан нь тодорхойгүй байгаа. Нийгмийн даатгалын сангаас энэ мэтчилэн 2 гэрч авчраад шүүхийн шийдвэр гаргуулаад, ажилласан байдлыг тогтоогоод байвал гуравдагч этгээд буюу Нийгмийн даатгалын газрын эрх ашиг нь хөндөгдөнө. Үнэхээр малчнаар ажиллаж байсан гэх нотлох баримт байхгүй. Харин ч анхан шатны шүүх 1978 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал ажилласан гэж дүгнэсэн байгаа гэв.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Л.******* нь 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Гэрэлт зам нэгдлийн туслах үйлдвэрлэлд ажилчнаар, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Гэрэлт зам нэгдлийн Жаргалант бригадад тоо бүртгэгчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ц.*******ыг 1978 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал, 1986 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Гэрэлт зам нэгдэлд малчинаар ажиллаж байсан болохыг тогтоож,
Ц.*******ы нэхэмжлэлийн шаардлагаас 1980 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг дуустал, 1983 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Гэрэлт зам нэгдэлд малчинаар ажиллаж байсан гэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.
Нэхэмжлэгч Ц.******* ...Миний бие өөрийн ажилласан байдал, үнэнчээр хөдөлмөрлөж байсны үр шимээ хүртэж, өндөр насныхаа тэтгэвэрт гарч чадахгүй өдий хүрч байгаа нь маш их харамсалтай байна. Би хуурамчаар баримт бүрдүүлээгүй, өөрт ашигтай байдлаар засварлаагүй, тэр үед ажиллаж байсан хүмүүсийн хариуцлага, ажилдаа хайнга хандсаны үр дүнд миний ажилласан байдлыг тогтооход эргэлзээ төрж байна хэмээн үзэж шүүх миний ажилласан жилийг тогтоохгүй, зарим хэсгийг хангаж шийдсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бодит үнэнийг тогтоогоогүй, нотлох баримтыг үнэлэхдээ алдаа гаргасан... гэх гомдол гаргасныг давж заалдах шатны шүүх хүлээж авах нь зүйтэй гэж дүгнэв.
Онцгой ажиллагааны журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд анхан шатны шүүх зөвхөн талуудын хүсэлтээр хязгаарлалгүйгээр нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг өөрийн санаачилгаар хийж, үйл баримтыг тогтоох үүрэгтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэгдэх хэргийн үйл баримтыг нэхэмжлэгчийн тайлбараар тогтоох боломжгүй тул шүүх өөрөө ач холбогдол бүхий үйл баримтыг тогтоох, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, 134 дүгээр зүйлийн 134.3-т зааснаар гуравдагч этгээдийг хүсэлтийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах эрхтэй талаар тус тус хуульчилсан байна.
Шүүх энэхүү эрх, үүргийнхээ хүрээнд 2023 оны 05-р сарын 09-ний өдөр 851 дугаартай захирамжаар гуравдагч этгээдээр Нийгмийн даатгалын Ерөнхий газрыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь хууль зөрчөөгүй байна.
Түүнчлэн шүүх 2023 оны 06-р сарын 13-ны өдрийн 1063 дугаартай шүүгчийн захирамж болон 2024 оны 1-р сарын 24-ний 144 дугаартай шүүгчийн захирамжаар гуравдагч этгээдийн хүсэлтийн дагуу тус хэрэгт авагдсан 1983 оны 08-р сарын 01-ний өдрийн 26 дугаартай тушаалд *******гийн ******* гэх бичвэрт овог, нэрийг нэмж бичсэн засвартай эсэхийг тогтоох шинжээчээр Шүүхийн шинжилгээний ерөнхий газрыг томилж, уг тушаалыг эх хувиар нь хүргүүлжээ.
2024 оны 03-р сарын 28-ны өдрийн 1151 тоот шинжээчийн дүгнэлтэд: шинжилгээнд ирүүлсэн 1983 оны 08 сарын 01-ний өдрийн 26 дугаартай Өмнөговь аймаг Ханхонор сумын Гэрэлт зам нэгдлийн даргын тушаал, Цэргээс халагдагсадыг ажилд томилох тухай гэсэн баримтын 3 дахь мөрөнд байх *******гийн ******* гэсэн бичвэрийг өмнөх бичвэрийг механик аргаар засварлаж, нэмж бичсэн байна. гэх дүгнэлт гаргасан байна.
Шүүх энэхүү шинжээчийн дүгнэлтийг үндэслэн Өмнөговь аймаг, Ханхонгор сумын Гэрэлт зам нэгдлийн даргын 1983 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 26 дугаартай тушаал засвартай болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 13/2231 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэхэд эргэлзээ төрүүлж байх тул шийдвэрийн үндэслэл болгоогүй болно...гэх дүгнэлт хийсэн нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтрүүдийн хуулбаруудаар үгүйсгэгдэж байна гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нь *******гийн ******* гэх нэр бүхий ******* регистрийн дугаартай 1978 оны 3-р сарын 1-ний өдөр болон, 1989 оны 01 сарын 25-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрүүдийг нотариатаар гэрчлүүлж, хэрэгт нотлох баримтаар өгсөн байх бөгөөд дээрх дэвтрүүдийг хүчингүй гэх нотлох баримт хэрэгт байхгүй байна.
Иймд Ц.*******ы эзэмшлийн хөдөлмөрийн дэвтрүүдийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичгийн нотлох баримтад хуулиар тавигдах шаардлагыг хангасан нотлох баримтууд байна гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Ц.******* нь 1980 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг дуустал Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Гэрэлт зам нэгдлийн Мандах бригадын ямаачнаар ажиллаж байсан болох нь хэргийн 11-р хуудаст авагдсан цэрэгт явсан хүмүүсийг ажлаас чөлөөлөх тухай 1980 оны 7-р сарын 3-ны өдрийн 30 дугаартай даргын тушаалаар тогтоогдож байх бөгөөд 1980 онд цэргийн албанд явсан дор дурьдсан хүмүүсийг 6-р сарын 25-наас тасалбар болон ажлаас чөлөөлсүгэй. 3.*******гийн *******г Мандах бригадын ямаачин...гэжээ. Үүнээс дүгнэхэд нэхэмжлэгч нь цэргийн албанд татагдах хүртлээ буюу 1980 оны 6-р сарын 25-ны өдрийг хүртэл дээрх бригадад ямаачин байсан нь нотлогдож байна.
Түүнчлэн нэхэмжлэгчийн 1983 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан хугацаа нь хэргийн 4, 5, 6-р хуудаст авагдсан хөдөлмөрийн дэвтэр дэх 1983 оны 07-р сарын 15-ны өдөр Цэргээс халагдаж ирсэн тул Мандахад малчнаар томилов. Нэгдлийн даргын 1983 оны 08-01-ны өдрийн 26-р тушаалаар гэх бичилт болон 1983, 1984, 1985, 1986, 1987, 1988, 1989, 1990 оны 12-р сарыг дуустал Ц.*******ы ажилласан хоног, авсан хөлсийг хөтөлсөн тэмдэглэлээр тогтоогдож байх тул шүүх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Гуравдагч этгээдийн зүгээс анхан шатны шүүх хурал болон давж заалдах шатны шүүх хуралдаан дээр хөдөлмөрийн дэвтэр зураггүй, тосон балаар бичсэн, тэр үед тосон балаар бичдэггүй байсан, ямаачин гэж бичсэн боловч адуучин байсан...гэх зэрэг тайлбаруудыг гаргадаг боловч энэхүү тайлбар нь нэхэмжлэгчийн ажилласан байдлыг үгүйсгэх үндэслэл болохгүй бөгөөд шаардлага хангаагүй нотлох баримт гэх тайлбараа шүүхэд нотолж чадаагүй байна.
Иймд нэхэмжлэгчийн 1980 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг дуустал, 1983 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Гэрэлт зам нэгдэлд малчинаар ажиллаж байсан болохыг сэргээн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 143/ШШ2024/00264 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...хэрэгсэхгүй болгосугай гэснийг ...хангасугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.*******ы гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР
ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА
Т.ДЭЛГЭРМАА