| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2019/0016/Э |
| Дугаар | 18 |
| Огноо | 2018-12-28 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | П.Б |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 18
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Жавхланбаяр,
Улсын яллагч П.Бямбасүрэн,
Хохирогч Б.Анхцэцэг,
Өсвөр насны шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ,
Хууль ёсны төлөөлөгч Д.Ичинхорлоо нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэрсүүд овогт Г-ийн М-д холбогдох эрүүгийн 1809008480654 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Өсвөр насны шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2003 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 15 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Ерөнхий Боловсролын 16 дугаар сургуулийн 9 дүгээр ангид сурч байсан, одоо Үйлдвэрлэл урлалын сургуулийн Авто машин засварын 1 дүгээр дамжаанд суралцдаг, ам бүл 6, эцэг, эх, эгч, 2 дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 7 дугаар гудамж 281 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / ДР: УХ03210692 / Бэрсүүд овогт Г-н М нь:
- 2017 оны 10 дугаар сараас үргэлжилсэн үйлдлээр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 7 дугаар гудамжны 282 тоотод оршин суугч Б.Анхцэцэгийн эзэмшлийн хүн байнга амьдрах байшинд гэрийн түлхүүрээр нь онгойлгон хууль бусаар нэвтэрч Самсунг вега, Ай фоне 4 эс, Ай фоне 3 эс, Шовме, Хуавэй, Нокиа төрлийн гар утас болон парламент зэрэг 6 блок тамхи зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.346.420 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Б.Анхцэцэг мөрдөн шалгалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2017 оны 10 дугаар сарын сүүлээр гэрээс ай поне 5 эс, ай поне 4 эс, ай поне 3 эс, шовме, хуавей, нокиа төрлийн гар утас, 6 блок хятад тамхи алга болсон. Мөнхдөлгөөн болон түүний найзуудыг сэжиглэж байна. Ай поне 5 эс гэж гар утас нь ажиллахгүй эвдэрсэн байсан, бусад утаснууд нь бүгд ажилладаг. Гэрийн түлхүүрээ гал тогооны цонхны харалдаа хуучин улаан өнгийн авдарны хажуу талд бүтэн улаан тоосгоны доор хийдэг байсныг хамаатны дүү Мөнхбаяр мэддэг. Г.Мманай дүүтэй найз болохоор орж гарахдаа түлхүүрээ хийж байхыг харсан байж магадгүй. Би өөрөө ажил хийж байгаад аавдаа хулгайд алдагдсан тамхинуудыг авч өгч байсан. Гэрт байсан гар утаснууд аав бид хоёр цуг Хятад улс руу яваад надад хуаве-7, шовме, ай поне 3 загварын гар утаснуудыг авч өгч байсан. Монголоос болохоор ай поне 4, самсунг ве' мэдрэгчтэй нокиа зэрэг утаснуудыг авч өгч байсан. Самсунг вега загварын гар утсыг скай гэж андуурсан байна. Гэрээс самсунг галакси 5 загварын утсыг Мөнхбаяр, Төгс-Эрдэнэ, Одбаяр гурав хулай хийсэн талаараа хэлсэн. Бусад гар утас, тамхийг Г.Мхулгай хийсэн гэж хэлж байсан гэжээ. / хх 11-14 /
Өсвөр насны гэрч Х.Мөнхбаяр мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Төгс-Эрдэнэ, Одбаяр хоёртой цуг нэг удаа Б.Анхцэцэгийн гэрт ороод 1 ширхэг самсунг галакси эс 5 загварын гар утас хулгай хийсэн. Бид гурав Г.Мөнхдөлгөөнтэй цуг Б.Анхцэцэгийн гэрт орж хулгай хийж байсан зүйл байхгүй гэжээ. / хх 24-25 /
Өсвөр насны гэрч Э.Төгс-Эрдэнэ мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Мөнхбаяр, Одбаяр нарын хамтаар Б.Анхцэцэгийн байшингийн цонхны давцан дээр байсан самсунг эс 5 загварын гар утсыг авсан. Г.Мөнхдөлгөөнтэй хамт явсан зүйл байхгүй. Г.Мөнхдөлгөөнтэй гудамжинд таараад Одбаяр ах тамхи асуухад Г.Мширхэг кастер тамхи гаргаж өгөхөд Одбаяр ах тамхи хаанаас авсан талаас асуухад Г.Мхажуу талын Б. Анхцэцэгийн гэрээс авсан гэж хэлж байсан гэжээ. / хх 27-29 /
“ Дамно “ хөрөнгийн үнэлгээний тайланд: Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах ззэлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1.346.420 төгрөгөөр үнэлэгдэв гэжээ. / хх 33 /
Бэрсүүд овогт Г-н Мнь 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 14 нас 9 сартай байсныг тоолсон мөрдөгчийн нас тоолсон тухай тэмдэглэл / хх 43 /
Өсвөр насны яллагдагч Г.М мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: "... Б.Анхцэцэгийн гэрээс ай лоне 4, хуаве 7, вега 950, шовме загварын утас болон кастер, эссэ, парламент юун юан хятад тамхи зэргийг ганцаараа орж хулгай хийсэн. Хулгай хийсэн гар утсаа зарахад зарим утас нь эвдэрхий гээд надаас ченж нар хямдхан авсан. Хулгай хийсэн тамхиа гэрийнхээ ойролцоо хүүхдүүдэд тарааж өгсөн бөгөөд хэн хэнд өгч байсан талаараа одоо санахгүй байна гэжээ. / хх 38-41 /
Өсвөр насны шүүгдэгч Г.М-ийг 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 38-41 /
Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 44 / зэрэг болно.
Өсвөр насны шүүгдэгч Г.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Б.Анхцэцэгийн дүүтэй найз болохоор гэрийнх нь түлхүүр хаана байдгийг мэддэг байсан. Би өөрөө тамхи татдаг болохоор гэрээс нь тамхи аваад хүүхдэд өгч, өөрөө татсан. Гар утаснуудыг аваад ченжид зараад мөнгөөр нь писи тоглодог байсан. 10 сард эдгээр зүйлүүдийг авсан. Яг хэдэн удаа орсноо санахгүй байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэв.
Хохирогч Б.Анхцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай гэрээс 2017 оны 10 сарын сүүлээр гар утаснууд болон тамхинууд алга болсон байсан. Яг хэзээнээс авсныг мэдэхгүй. Тэгээд цагдаад хэлээгүй. Гэтэл дахин миний цэнэглээд орхисон гар утас алга болчихоор нь цагдаад мэдэгдсэн. Сүүлийн удаад алдсан утсыг Х.Мөнхбаяр, Э.Төгс-эрдэнэ, Х.Одбаяр нар авснаа хүлээсэн. Манай гэрийн түлхүүрийг дүүгийн найз Г.Ммэддэг байсан. Хохирлоо авахыг хүсч байна гэв.
Өсвөр насны шүүгдэгч Г.М-ний хууль ёсны төлөөлөгч Д.Ичинхорлоо шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Эх нь өвчтэй, эцэг нь ажилтай учраас би түүнийг багаас нь өсгөсөн. Хүүхэддээ хараа хяналт муу тавьснаас гэмт хэрэг үлдсэн учир цаашид хараа хяналтаа сайжруулж, хүүхдээ хүмүүжүүлж авна гэв.
Өсвөр насны шүүгдэгч Г.М нь 2017 оны 10 дугаар сард үргэлжилсэн үйлдлээр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 7 дугаар гудамжны 282 тоотод оршин суугч Б.Анхцэцэгийн эзэмшлийн хүн байнга амьдрах байшинд гэрийн түлхүүрээр нь онгойлгон хууль бусаар нэвтэрч, Самсунг вега, Ай фоне 4 эс, Ай фоне 3 эс, Шовме, Хуавэй, Нокиа төрлийн гар утас болон парламент зэрэг 6 блок тамхи зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.346.420 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: … 2017 оны 10 дугаар сарын сүүлээр гэрээс ай поне 5 эс, ай поне 4 эс, ай поне 3 эс, шовме, хуавей, нокиа төрлийн гар утас, 6 блок хятад тамхи алга болсон. Г.Мболон түүний найзуудыг сэжиглэж байна гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогч Б.Анхцэцэгийн мэдүүлэг / хх 11-14 /, ... Төгс-Эрдэнэ, Одбаяр хоёртой цуг нэг удаа Б.Анхцэцэгийн гэрт ороод 1 ширхэг самсунг галакси эс 5 загварын гар утас хулгай хийсэн. Бид гурав Г.Мөнхдөлгөөнтэй цуг Б.Анхцэцэгийн гэрт орж хулгай хийж байсан зүйл байхгүй гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн өсвөр насны гэрч Х.Мөнхбаярын мэдүүлэг / хх 24-25 /, ... Одбаяр ах тамхи асуухад Г.Мширхэг кастер тамхи гаргаж өгсөн. Хаанаас авсанг асуухад Г.Мхажуу талын Б. Анхцэцэгийн гэрээс авсан гэж хэлж байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн өсвөр насны гэрч Э.Төгс-Эрдэнийн мэдүүлэг / хх 27-29 /, ...“ Дамно “ хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 33 /, -Бэрсүүд овогт Г-н Мнь 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 14 нас 9 сартай байсныг тоолсон мөрдөгчийн тэмдэглэл / хх 43 /, ... Анхцэцэгийн гэрээс ай лоне 4, хуаве 7, вега 950, шовме загварын утас болон кастер, эссэ, парламент юун юан хятад тамхи зэргийг ганцаараа орж хулгай хийсэн. Гар утсаа зарахад зарим утас нь эвдэрхий гээд надаас ченж нар хямдхан авсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн өсвөр насны яллагдагч Г.М-ний мэдүүлэг / хх 38-41 / зэрэг болно.
Шүүхээс өсвөр насны шүүгдэгч Г.М-ийг байнга хүн амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул түүний үйлдсэн хэргийн нийгмийн хор аюул, учруулсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзаад хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг тодорхой хугацаагаар хойшлуулж, сургуульд суралцдаг тул үүрэг хүлээлгэх шаардлагагүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Г.М нь цагдан хоригдоогүй болохыг дурьдаж, хохирогч Б.Анхцэцэгт учирсан хохирол нөхөн төлөгдөөгүй, шүүгдэгч Б.Мөнхдөлгөөн нь насанд хүрээгүй учир түүний захиран зарцуулах эрхэд байгаа хөрөнгө хохирлыг арилгахад хүрэхгүй бол учруулсан хохирлыг эх Т.Гантуяагаас гаргуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч Бэрсүүд овогт Г-гийн М-ийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар Г-н М-ийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1.3 дах хэсэгт зааснаар Г.М-ий эдлэх ялыг сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Х.М нь цагдан хоригдоогүй болохыг дурьдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.5-д зааснаар Г.М-өөс / эх Т.Гантуяагаас / 1.346.420 төгрөгийг гаргуулан хохирогч Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 7-282 тоотод оршин суух РД:УП98050709 Боржигон овогт Буяндолгорын Анхцэцэгт олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.М-нд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар Г.М нь шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
8. Г.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Г.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ