| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2016/00340/и/ |
| Дугаар | 316 |
| Огноо | 2016-09-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 316
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн 15-12 тоотод оршин суух харнууд Сэнгийн Сэлэнгийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүх 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Одбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.Сэлэнгэ шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Харнууд овогтой Сэнгийн Сэлэнгэ нь 1961 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Говь-Алтай аймгийн Цээл суманд төрсөн. 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Цээл сумын Бүрэнжаргалан бригадад малчнаар ажиллаж, 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн үеийн хөдөлмөрийн дэвтрийн нэр бичилт зөрүүтэй байгаа учраас шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон юм. Иймд миний бүрдүүлж өгсөн нотлох баримтыг үндэслэн 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Цээл сумын Бүрэнжаргалан бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Учир нь хүсэлт гаргагч хүсэлтдээ 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Цээл сумын Бүрэнжаргалан бригадад малчнаар ажиллаж байсан болох нь Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 267 дугаартай архивын лавлагаанд “Тус аймгийн Цээл сумын Октябрь нэгдлийн Бүрэнжаргалан бригадад малчин байсан Сэнгэ овогтой Чимгээ нь 1981 оны 1-12 сард 2255 төгрөг, 1982 оны 1-11 сард 1880 төгрөг, 1983 оны 1-12 сард 1942 төгрөг, 1984 оны 1-12 сард 3815 төгрөг, 1985 оны 1-9, 12 сард 2417 төгрөг, 1986 оны 1-12 сард 1174 төгрөг, 1987 оны 1-12 сард 1671 төгрөгний цалин авч байсан байна...” гэсэн болон мөн архивын тасгийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 266 дугаартай архивын лавлагаанд “...Тус сумын Цээл сумын Октябрь нэгдлийн ферм, Бүрэнжаргалан бригадад малчин байсан Сэнгэ овогтой Сэлэнгэ нь 1986 оны 11-12 сард 100 төгрөг, 1988 оны 1-12 сард 4449 төгрөг, 1989 оны 1-12 сард 2799 төгрөг, 1990 оны 1-11 сард 3533 төгрөгний цалин авч байсан байна...” гэсэн байгаагаар тогтоогдож байна.
Архивын тасгийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 267 дугаартай архивын лавлагаанд Сэнгэ овогтой Чимгээ гэсэн байгаа нь Улсын бүртгэл, статистикийн хэлтсийн 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 105/001242 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаанд “...Банзрагчийн Сэнгэ, Шаравын Пунсал нарын гэр бүлд 1961 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрүүлсэн охин Сэнгэ овогтой Сэлэнгийг 1961 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Говь-Алтай аймгийн Цээл сумын 67-т бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов...” гэсэн лавлагаа болон Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 338 дугаартай архивын лавлагаанд “...БНМАУ-ын Ардын их хурлын Тэргүүлэгчдийн 1977 оны 02 сарын 17-ны өдрийн 29 дүгээр зарлигаар тус аймгийн Цээл сумын харьяат Шарав овогтой Пунсалыг алдарт эхийн нэгдүгээр одонгоор шагнасугай. Ш.Пунсалын хүүхдүүдэд Эрдэнэчимэг 16 настай...” гэсэн байгаа зэргээр Сэнгийн Сэлэнгэ нь Сэнгийн Чимгээ гэж ташаа бичигдсэн байна гэж үзэх үндэслэлтэй байх тул Сэнгэ овогтой Чимгээ нэрээр гарч ирсэн архивын лавлагааг үнэлсэн бөгөөд архивын лавлагаанд зарим сарууд тасалдсан байгаа боловч тухайн үеийн нийгэм дэх малчны хөдөлмөрийн онцлогийг харгалзан ажилласнаар тогтоосон болно.
Иймд Харнууд Сэнгийн Сэлэнгийг 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Цээл сумын Бүрэнжаргалан бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Харнууд Сэнгийн Сэлэнгийг 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Цээл сумын Бүрэнжаргалан бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН