Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 59

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж,

Нарийн бичгийн дарга Ц.А

Улсын яллагч Н.А

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э

Шүүгдэгч Г.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харъяат, ... настай, бүрэн дунд боловсролтой, токарчин мэргэжилтэй, ам бүл 1, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэгт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь Хан-Уул дүүргийн шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ний өдрийн ... дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1-т зааснаар 2 жилийн хорих ялаар, шийтгүүлж уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ялаар шийтгүүлж байсан О овогт Г.А-т холбогдох эрүүгийн 1820002690067 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

Шүүгдэгч Г.А нь 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үү сумын 1 дүгээр цэцэрлэгийн 1 давхарын бага бүлгийн ангид орж иргэн Э.З-н ширээн дээр байсан LG k-8 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, орон байранд хууль бусаар нэвтрэч хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.А-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/

Хохирогч Э.З-н  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би Дорноговь аймгийн Замын-Үүд сумын цэцэрлэгт бага ангийн бүлгийн багшаар ажилладаг. 2018 оны 11 дүгээр сарын 23-ний өдрийн 14 цагийн орчимд өөрийн ажил болох Замын-Үүд сум 1-р баг цэцэрлэгийн 1 дүгээр давхарт байрлах “Бага” бүлгийн ангиадаа хүүхдүүдээ унтуулаад 00-ын өрөөг цэвэрлэсэн. Цэвэрлэгээ хийж байхдаа ангийнхаа үүдний хажуу талд байдаг багшийн Ширээн өөрийн LG маркийн К8 маркийн 2 сим карт уншдаг гар утсаа тавьсан байсан. 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 14 цаг 20 минутын орчимд цэцэрлэгээ хийж дуусаад утсаар ярих гээд өөрийн гар утсаа хайгаад олоогүй ба хамт ажилладаг туслах багш Б.А-н гар утсыг гуйгаад өөрийнхөө ... дугаарын гар утасруу залгахад холбогдох боломжгүй болохоор нь хулгайд алдчихлаа гэж бодсон. 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр би ажлынхаа хяналтын камерын бичлэгийг шүүж үзсэн чинь хяналтын камерын бичлэг дээр улаан өнгийн куртиктэй, дотуураа Цэнхэр өнгийн цамцтай, хар өнгийн өмдтэй, цагаан өнгийн ултай кейт өмссөн эрэгтэй хүн манай ангиар орж ирээд хүүхдүүдийн унтлагын өрөөрүү шагайж хараад гарахдаа үүдний хажуу талын ширээн дээрээс миний гар утсыг авч байгаа бололтой бичлэг байсан. Уг бичлэгийг би өөрийн гар утсан дээр бичиж CD-нд хуулбарлан буулгасан. Миний LG маркийн к8 маркийн 2 сим карт уншдаг гар утсанд ... дугаар байсан. Манай ажлын хяналтын камерын бичлэг дээр байгаа эрэгтэй хүнийг сэжиглэж байна.Би хяналтын камерын бичлэг дээрх хүнийг танихгүй. Манай ажлын тогооч Б, туслах багш Б нар тэр хүнийг хоёулаа явж байсан гэж цэцэрлэгийн хүмүүст хэлсэн байсан. Би С ХХК-ийн Замын-Үүд дэх салбараас 2018 оны 07 сарын 30-нд 330.000 төгрөгөөр худалдан авч байсан. Миний гар утас ... гэсэн сериал дугаартай байсан. Миний LG маркийн К8 маркийн гар утсыг А ХХК-ний 180.000 төгрөгөөр үнэлсэн байсан надад үнэлгээтэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би миний гар утсыг хулгай хийж авсан хүнд хуулийн дагуу арга хэмжээ авахуулах саналтай байна.” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 8/

Гэрч А.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “  Тухайн үед би өөрийн дансаа шалгаж байсан ба дансанд мөнгө ороогүй байхад найз А өөрийнхөө дугаараас залгаад 70,000  төгрөг гэж асуухад нь хараад хэлье гэхэд дансаа үзтэл 80,000 төгрөг орсон гэж хэлэхэд аан зөв зөв гээд утсаа тасалсан. Би 1995 онд анх  танилцаж нөхөрлөж, өнөөдрийг  хүртэл ба 2018 оны 11 сарын 23-ны өдөр хүртэл 1 хэсэг харилцаагүй байж байгаад тэр өдөр Замын-Үүд явах унаанд таарч суугаад уулзалдсан. Би тэгээд утсыг нь авсан, тэр миний Х банкны данс аваад салсан. Г.А надаас 2013-2015 оны хооронд бараа, мөнгө зээлсэн ба тэрний үнийн дүн нийт 500,000 төгрөг болохоор нь өгчих 500,000 төгрөг өгчих  гэснээс хойш уулзалдаагүй 2 жил орчим болоод тэр өдөр гэнэт тааралдаж уулзсан. Одоо Г.А-н гар утас дуудаж байгаа  хэрнээ миний утсыг авахгүй байгаа” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10/

Гэрч О.Б-н  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Би 2018 оны 11 сарын 23-ны өдөр Замын-Үүд сумын цэцэрлэгт ажил дээрээ  байсан. Намайг ажил дээрээ байж байхад  14 цагийн орчим нэг эрэгтэй манай дээр ирсэн үнэртэй ус зарж байна үзэх үү  гэж манай ажлын үйлчлэгч Э надаас асуусан. Тэгээд би үнэртэй ус зарж байгаа хүнээс үнэртэй ус сонирхъё гээд  үзээд 25,000  төгрөгөөр 50 мл дөрвөлжин шилтэй үнэртэй ус худалдаж авсан. Надад үнэртэй ус зарсан эрэгтэй хүн улаан өнгийн куртиктай хар малгайтай  явж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12/

Гэрч Ж.Э  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ 2018 оны 11 сарын 23-ны өдрийн 14 цагийн орчимд өөрийн ажил болох  Замын-Үүд сумын цэцэрлэгийн 1 давхарт  байж байсан чинь гаднаас нэг эрэгтэй хүн  орж ирээд  үнэртэй ус зарж байна гэхээр нь  би манай ажлаас  үнэртэй ус авах хүн байхгүй гэж хэлсэн. Үнэртэй ус зарж байсан эрэгтэй хүн авах хүн байна уу асуугаад өгөөч гэхээр нь би гал тогоо руу  орж  тогооч 2 эгчид үнэртэй ус зарж байна гэж хэлээд 2 давхарт  гарч туслах багш  Б-д үнэртэй ус зарж байна хэлсэн. Тэгээд би 2 давхараас бууж ирсэн чинь тогооч Б үнэртэй ус үзээд  зогсож байсан. Тогооч Б 25,000 төгрөгөөр  зарж байна гээд нэг ширхэг үнэртэй ус худалдан авсан. Туслах багш Б 2 давхараас бууж ирээд үнэртэй ус үзээд буцсан. Улаан өнгийн куртик өмссөн  40 гаран насны 155-165 орчим өндөртэй эрэгтэй хүн байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14/

А ХХК-ны 2018 оны 11 сарын 28-ны өдрийн “Гар утас к-8 загварын утас 180,000 төгрөг” гэсэн ТХҮ/818-031 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 17-19/

LG k-8  маркийн гар утсыг хураан авсан Эд зүйл түр хураан авсан  тухай тэмдэглэл /хх-ий 22/

“LG k-8  маркийн гар утсыг хүлээлгэн өгсөн” эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 23/

ANGTE гэсэн бичиглэлтэй цагаан цэнхэр өнгийн дискийг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ин 24/

Шүүгдэгч Г.А нь урд ял шийтгэлтэй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35/

Хан-Уул дүүргийн шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ний өдрийн ... дүгээр шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 38/

Шүүгдэгч Г.А-н Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газарт  гаргасан “ 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гар утас хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн. Би гэм буруугаа  хүлээн зөвшөөрсөн. Мөн  хохирогчид гарч утсыг  буцаан өгч хохирлыг барагдуулсан тул хэргийг маань түргэн шуурхай хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт /хх-ийн 52/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Г.А нь 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын цэцэрлэгийн 1 давхарын бага бүлгийн ангид орж иргэн Э.З-н ширээн дээр байсан LG k-8 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, орон байранд хууль бусаар нэвтрэч хулгайлсан байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч Э.З-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэрч А.Б, О.Б, Ж.Э нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дах сум дундын прокурорын газраас шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг түүний үйлдэлд тохирсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар энэ гэмт хэргийн улмаас бусдад учруулсан гэм хорын хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд тэрээр хөрөнгийн үнэлгээний А ХХК-ний үнэлгээгээр тогтоогдсон 180,000  төгрөгөөр үнэлсэн  LG k-8 маркийн гар утсыг хохирогч буцаан өгсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байгаа нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан ялын доод хэмжээний  хоёрны нэгээс багагүй ял оногдуулах нь зүйтэй байна.

Энэ хэрэг эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ANGTE гэсэн бичиглэлтэй цагаан цэнхэр өнгийн дискийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч О овогт Г.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар  шүүгдэгч Г.А-г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.А-т оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Г.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний  иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй  болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-т зааснаар  энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ANGTE гэсэн бичиглэлтэй цагаан цэнхэр өнгийн дискийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.А авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч, нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    А.Ц