Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 431

 

Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж,

Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо баг Шинэ-Усны 5-12 тоотод оршин суух, Өлзийт овгийн Дэлгэрсуурийн Н /РД: ЗИ82031501/

Хариуцагч: Өмнөговь аймгийн Даланзадгад сум 4-р багийн Дундсайханы 8-45 тоотод оршин суух Тугалдай овгийн Тогоочийн Э /РД: ЗС78111711/

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгээд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Н, хариуцагч Т.Э, нарийн бичгийн дарга М.Сугирсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Этай 1999 онд танилцаж 2001 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Дундговь аймгийн Хулд сумын Улсын бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ батлуулан гэр бүл болсон. Том хүү Цэрэнчунт нь 2002 оны 02 дугаар 10-ны өдөр төрсөн одоо 14 настай. Бага хүү Эын Насанжаргал 2006 оны 05 дугаар сарын 14-ний өдөр төрсөн одоо 10 настай. Т.Э нь сүүлийн жилүүдэд архи их ууж, ааш зан нь эвдэрч, согтуугаар агсам тавьж, хэрүүл маргаан тасрахгүй, амар тайван амьдрах орчин бүрдэхгүй байх хугацаанд Ч.Насандэлгэртэй нууц амрагийн холбоо тогтоогоод 2012 онд салаад Ч.Насандэлгэртэй гэр бүл болж 2 хүүхэд төрүүлсэн тул цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул хүү Э.Цэрэнчунт, Э.Насанжаргал нараа өөрийн асрамжиндаа авч Т.Эаас хоёр хүүхэддээ хүүхдийн тэтгэлэг гаргуулан авах хүсэлтэй байна. Т.Э бид хоёрын дунд эд хөрөнгийн маргаангүй тул 2002 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 08 дугаартай гэрлэлтийн гэрчилгээтэй бидний гэрлэлтийг цуцалж хүү Э.Цэрэнчунт, Э.Насанжаргал нарт Т.Эаас хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагчтай эвлэрэх боломжгүй. Хоёр хүүхдээ өөрийнхөө асрамжинд үлдээхийг хүсч байна. Т.Э нь хүүхдээ өөрийнхөө асрамжинд үлдээнэ гэж тайлбарласан байсан. Энэ хүн намайг ямар байдалтай орхиод явсныг нь би бодоод хоёр хүүхдийнхээ ирээдүйг бодож энэ хүнээс хүүхдүүддээ тэтгэлэг тогтоолгохыг хүссэн. Энэ хүн тусдаа амьдралтай болж 2 хүүхэдтэй болсон. Иймд бид салаад тусдаа амьдраад 5 жил болж байна гэв.

Хариуцагч Т.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Т.Э миний бие иргэн Д.Нын гаргасан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хүлээн авч дараах тайлбарыг гаргаж байна. Том хүү Цэрэнчунт нь 2009 оноос буюу ЕБСургуулийн 2-р ангиас эхлэн миний ээж, аав, дүү, эгч нарын дунд сурч боловсорч хүмүүжиж байна. 2009-2010 оны хичээлийн жилээс эхлэн Улаанбаатар хот нийслэлийн Хан-уул дүүргийн 15 дугаар сургуульд миний төрсөн эгч болох Т.Оюунтуяагийнд 3б ангид шилжин суралцсан билээ. Тэр цагаас хойш одоог болтол миний төрсөн дүү Т.Энх-Өлзийгийнд сууж суралцаж байгаа болно. Сурагчдын хугацаат амралтаараа ээж Д.Н дээр амардаг бөгөөд бусад хугацаанд миний ээж, дүү нарын асрамжинд байдаг. Одоогоор байгаа айлынх нь байрны түрээс, хоол унд, хүүгийнхээ хэрэглээний зардал зэргийг тасралтгүй өгч ирсэн. Хоёр хүүхдээ ялгалгүйгээр бага хүү Э.Насанжаргалдаа хичээлийн жил эхлэхээс өмнө, хувцас, хичээлийн хэрэгсэл, суралцах явцад дутагдах гачигдах зүйлийг өөрийн бололцооны хэрээр тасралтгүй хангаж ирсэн бөгөөд над дээр ирж, очиж байдаг. Одоо ирэх хичээлийн жилд 9-р ангид элсэн орох том хүү Э.Цэрэнчунтыгаа өөрийн асрамжинд хэвээр байлгаж их дээд сургуульд элсэн оролцох цаашлаад амьдралын их замд хөл тавихад нь гол тулгуур багана нь байх болно. Иймд 2 хүүхэддээ тэтгэлэг төлөх боломжгүй бөгөөд гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Хоёр хүүхдээ ялгалгүйгээр амьдралд хөл тавихад нь тусалж эцэг үрийн холбоо ямагт тасрахгүй байх болно гэжээ.

Хариуцагч Т.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрлэлт цуцлах нэхэмжлэлийн шаардлага дээр маргаангүй. Хоёр хүүхдээ салсан үеэс үлдээнэ гэж нэхэмжилсэн байсан. Хоёр хүүхдийн асрамжийн хувьд би том хүүхдээ санхүүгийн хувьд харж хандаж яваад бага хүүхэддээ хуулийн дагуу тэтгэлэг төлөхийг хүссэн юм. Том хүүхэд маань Улаанбаатар хотод сурдаг. Амралтын хугацаанд ээж дээрээ ирдэг. Гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдүүдээ тэжээн тэтгэх үүргээ ухамсарлаж байна. Том хүүхдийнхээ санхүүг би өөрөө тусдаа бүрэн хариуцна. Бага хүүхэддээ тэтгэлэг төлнө гэв.  

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох Д.Н, хариуцагч Т.Э нарын иргэний үнэмлэхийн хуулбар, хүү Э.Насанжаргал, Э.Цэрэнчунт нарын төрсний гэрчилгээний хуулбарууд, Д.Н, Т.Э нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Энэрэхүй-Ухаан өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолтууд, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, хүү Э.Насанжаргал, Э.Цэрэнчунт нарын саналыг авсан тухай тэмдэглэл, хариуцагч Т.Эын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хариу тайлбар зэргийг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Н нь Д.Эаас гэрлэлтээ цуцлуулах, 2006 оны 05 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү Э.Насанжаргал, 2002 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Э.Цэрэнчунт нарыг өөрийн асрамжинд үлдээх, тэтгэлэг тогтоолгохыг шаарджээ.

Хариуцагч Д.Э нь өөр хүнтэй гэр бүл болсон байх ба гэрлэгчид гэрлэлт цуцлах асуудлаар маргахгүй байх тул гэрлэлтийг цуцалж шийдвэрлэв

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд Д.Н, Т.Э нар нь 2001 оны 07 дугаар сарын 23-ны өдөр гэр бүл болсоныг 2002 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Дундговь аймгийн Хулд сумын иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлэн, хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 2006 оны 05 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү Э.Насанжаргал, 2002 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Э.Цэрэнчунт нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр нотлогдож байна.

Хүү Э.Насанжаргал, Э.Цэрэнчунт нарыг эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо ёс суртхууны байдал, хүүхдүүдийн санал зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасны дагуу хүүхдүүдийг эх Д.Нын асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт зааснаар эцэг эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд тэдний хэн нэг нь хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа тохиолдолд энэ үүргээ биелүүлэх үүрэгтэй. Иймд эцэг Т.Эаас хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулан хүү Э.Насанжаргал, Э.Цэрэнчунт нарыг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

2006 оны 05 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү Э.Насанжаргал нь одоо 10 нас 4 сар 1 хоногтой, 2002 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Э.Цэрэнчунт нь 14 нас 7 сар 15 хоногтой байна. Иймд хүүхдийн тэтгэлэгийг хүүхдүүдийн насны байдлыг харгалзан хуульд заасны дагуу тогтоох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Д.Н хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн ба гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төлсөн баримтын хуулбарыг ирүүлсэн байх бөгөөд энэ нь нотлох баримтад хуулиар тавигдах шаардлагыг хангаагүй байх тул шүүх улсын тэмдэгтийн хураамжийг төлсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд хуульд заасны дагуу гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагад 70200 төгрөгийг Д.Наас гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулж, хариуцагч Т.Эаас дээрхи улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулан нэхэмжлэгч Д.Нт олгохоор шийдвэрлэв. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Т.Эаас улсын тэмдэгтийн хураамжид 74705 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Д.Н, Т.Э нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухайн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар Э.Насанжаргал, Э.Цэрэнчунт нарыг эх Д.Нын асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.

4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Т.Эаас хүү Э.Насанжаргалыг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, хүү Э.Насанжаргал, Э.Цэрэнчунт нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

5.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Т.Эаас гаргуулах хүүхдийн тэтгэлэг нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Ныг улсын тэмдэгтийн хураамж 74705 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

7.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Наас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулж, хариуцагч Т.Эаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Нт, 74705 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод тус тус оруулахаар шийдвэрлэсүгэй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь Дундговь Төв аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Р.УРАНЧИМЭГ