Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2024/01794

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 09 23 210/МА2024/01794

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Нямбазар, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2024/02930 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: ******* ХХК

Хариуцагч: ******* ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 51,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Талуудын хооронд Нүүрс худалдах, худалдан авах гэрээ 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан. Уг гэрээний дагуу хариуцагч ******* аймгийн ******* өртөөнд байгаа чанарын шаардлага хангасан эрчим хүчний нүүрсийг гэрээнд заасан нөхцөлөөр гааль ажиллахад бэлэн болсон барааг нийлүүлэх, худалдан авагч тал гэрээний төлбөрийг төлөх үүргийг хүлээсэн. Манай компани гэрээний төлбөрийг хариуцагч компанийн гүйцэтгэх захирал А.*******ын данс руу 100 хувь бүрэн шилжүүлсэн. Гэтэл нүүрсний зөрүү жин нь 3350 тонн байхаас 3133 тонн буюу 217 тонн дутуу буюу хариуцагч тал 51,000,000 төгрөгийн нүүрс дутуу нийлүүлж, гэрээний үүргээ зөрчсөн. Уг төлбөрийг шаардахад тооцооны зөрүү буюу гэрээний буцаалт 51,000,000 төгрөг болохыг хүлээн зөвшөөрч, төлөхөө цахим захидлаар илэрхийлж байсан.

1.2 Хариуцагч гэрээний буцаалт буюу худалдах, худалдан авах гэрээний 1.2-т ачсан вагонд дутуу ачсан тохиолдолд төлбөрийн зөрүүг худалдан авагч талд буцаан төлнө гэсэн заалтаа биелүүлэхгүй, хохироож байна. Нэхэмжилснийх нь дагуу түүнтэй холбоотойгоор ******* ХХК захирал н.*******ыг зодсон, дарамталсан, ширээ тойруулж элдсэн, барьсан гэдэг асуудлыг цагдаа, прокурор дээр хянагдаад, ийм асуудал байхгүй гэдгийг тогтоочихсон.

Иймд хариуцагчаас 51,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Гэрээ байгуулаад гэрээний дагуу худалдан авагч гэрээнд заасан төлбөрийг төлж худалдагчийн хувьд манай компани гэрээт нүүрсээ нийлүүлээд тухайн үедээ 2 компанийн хувьд ямар нэгэн тооцооны зөрүү, маргаангүйгээр худалдан авагчдад өөрийн худалдан авсан нүүрсээ борлуулсан. Манай борлуулалт бол дотоодын борлуулалт, 3350 тонн гээд нотлох баримтын шаардлага хангаагүй баримт дээр дурдсан байгаа.

2.2 ******* ХХК-ийн Д.******* гаалийн мэдүүлэг, гаалийн бүрдүүлэлт, цахим программд шивэх ажлыг өөрөө гүйцэтгэж чадахгүй байсан. Гадаадад бараа экспортолж байгаа бол гаалийн мэдүүлгээ компани өөрөө гаргах ёстой. Ингээд н.*******аас туслалцаа гуйгаад, н.******* өөрийн танил н.******* гэдэг хүнээр хийлгэхээр болоод, н.******* бүх ажиллагаануудыг хийхээр тохиролцоод тайлан, шивэлт, гаалийн мэдүүлэгтэй холбоотой бүх баримтуудыг Д.*******аас шаардаад, Д.******* тухайн үедээ гаалийн ажлын дадлага туршлага дутмагаас мэдээллийг буруу дутуу өгөх, хугацаа алдах, буруу мэдээлэл өгөх зэргээр нэлээд хугацаа алдсан байгаа.

2.3 51,000,000 төгрөгийн тооцооны зөрүүг төлнө гэсэн бичгийг н.*******аар хийлгэж авсан, 45,000,000 төгрөг гэж дараа нь хүү төлүүлнэ, удаалаа гэж 5,000,000 төгрөгийн хүү нэмээд 51,000,000 гэсэн. Гэхдээ хэрэгт авагдсан баримтаар энэ бичгүүдийн аль аль нь нотлох баримтын шаардлага хангаагүй. ******* ХХК экспортлогчийн хувьд хүлээх бүхий л эрх үүргийг өөрөө бие даан хариуцах үүрэг хүлээсэн. Өөрөөр хэлбэл тухайн үедээ хоёр компани уулзаж тооцооны акт гаргах ёстой байтал гаргаагүй. 51,000,000 төгрөгийн нүүрс дутсан гэсэн байсан нотлох баримт байхгүй.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 243.1, 205.1-т заасны дагуу хариуцагч ******* ХХК-аас 19,642,301 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 31,357,699 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 412,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 256,161 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Анхан шатны шүүх ******* ХХК-ийн татгалзлаа нотолж чадахгүй, нотлох баримтгүй байгаа талаар тодорхой дүгнэсэн боловч энэ дүгнэлтээсээ өөрөөр хуульд нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэснийг зөрчин, хэрэгт ямар хамааралтай болохыг тогтоогоогүй ХХК-ийн гаалийн баримтыг үндэслэл болгосныг шүүх нотлох баримт үнэлэх хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэж байна.

4.2 Шүүх талуудын гэрээ дүгнэж, эцсийн байдлаар тооцоо нийлсэн баримт болох ******* ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 23/15 тоот албан бичгээр ...20/22-09.29 тоот гэрээний буцаалт болох 51,000,000 төгрөгийг 2023 оны 04 сарын 03-нд төлөхөөр тохиролцсон нь үнэн болно. гэсэн баримтын хувь нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэхэд нь нэхэмжлэгчийн төлөөлөгч уг баримтын эх хувийг гаргаж өгөхөд хүлээж аваагүй, наад баримтыг чинь шүүх захирамжаар шаардаж авах ёстой гэсэн ойлгомжгүй хариу өгөөд маргааны үйл баримтын нотлох баримтын эх хувийг хүлээж аваагүй, хариуцагчийн гэрээгээ дүгнэснээ гэрээний буцаалт гэсэн тодорхой агуулгаар илэрхийлсэн баримтыг илт үндэслэлгүйгээр үгүйсгэсэн. Дээр дурдагдсан 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 23/15 тоот албан тоот нь гэрээг дүгнэсэн акт болох бөгөөд гэрээг дүгнэхэд байлцсан гэрчүүд болон холбогдох мэдээллийг албан бичгээр хүргүүлсэн болно.

4.3 Шүүх маргааныг худалдах, худалдан авах гэрээний маргаан гэж дүгнэсэн, нэхэмжлэгчийн хувьд мөнгийг нь бүрэн төлсөн учир дутуу нийлүүлсэн нүүрсний үнийг л буцаан авах нэхэмжлэл гаргасан. Үүнийгээ хариуцагч талын өөрийнх нь гаргаж өгсөн тооцооны баримтыг л үндэслэсэн, хариуцагч нүүрсийг бүрэн нийлүүлснээ нотолж чаддаггүй, ийм тодорхой байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагын 31,357,699 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа нь шүүх хөндлөнгийн байх зарчмыг зөрчсөн.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон хуучин прокуророор ажиллаж байсан эмэгтэй шүүх дээр бүх ажиллагааны явцад илт давуу эрх эдэлж, элдэв байдлаар нэхэмжлэгч талыг дарамталж байхад шүүх ямагт өөгшүүлж, илт нэг талыг баримталж байсан нь шүүхийн шийдвэрт ямар нэг байдлаар тусгалаа оллоо гэж үзэж байгаагаа давж заалдах шатны шүүхэд илэрхийлэх нь зөв гэж үзэж байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс бүрэн эрхийнхээ хүрээнд хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн алдаатай шийдвэрийг зөвтгөн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1 Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд бичсэн зүйлүүд үгүйсгэгддэг. Учир нь нэхэмжлэгч талын зүгээс гаргаж өгсөн гэх нотлох баримтууд нь бүгд нотлох баримтын шаардлага хангаагүй, хуулбар баримтууд байсан ба үүнийг анхан шатны шүүх үнэлээгүй гэх гомдол гаргасан нь үндэслэлгүй.

5.2 Мөн нэхэмжлэгч тал нь намайг прокурорт ажиллаж байсан гэдгээрээ айлган сүрдүүлж, хууль бус аашилж, харьцдаг байсан гэх гомдол гаргасан. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл болон бичлэг хэрэгт авагдсан байх бөгөөд миний зүгээс хууль бус аашилж, нэхэмжлэгч талыг айлган сүрдүүлсэн зүйл огт байхгүй. Нэхэмжлэгч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нь бизнесийн ажлын дадлага туршлага муу, бүх асуудлыг хүчээр, өөрийн хүссэнээр шийдүүлэх хүсэлтэй, бусдыг дарамталдаг хүн гэжээ.

6. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1 Талууд 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Г22/45 дугаартай Нүүрс худалдах худалдан авах гэрээ-г байгуулж, гэрээ тухайн үедээ хэрэгжиж дууссан. Гэрээний дагуу манай худалдсан нүүрс бол дотоодын борлуулалт байсан бөгөөд ******* ХХК 2022 оны төгсгөлөөр БНХАУ-д экспортолсон юм. Төмөр замаар ачаа тээвэрлүүлэх, бараа экспортлохтой холбоотой баримт бичгүүдийг бүрдүүлэх, цахим программд оруулах нь экспортлогчийн өөрийнх нь үүрэг бөгөөд А.*******ын танилцуулж, Ч.*******, Д.******* хоёр хувь хүмүүсийн журмаар хоорондоо тохиролцож дээрх ажлуудыг хийлгүүлсэн ******* ХХК-иас Ч.*******өд болон бусад тусалсан хүмүүст ямар нэгэн хөлс мөнгө өгөөгүй атлаа ******* ХХК-ийг вагон төмөр замын боомтод удаан зогсоосон гэж буруутгах үндэслэлгүй юм.

Манай компанийн зүгээс дээрх байдлуудыг нотолсон хөдөлшгүй нотлох баримтуудыг хууль журмын дагуу гаргаж өгсөн боловч шүүх тухайн хэргийг шийдвэрлэхдээ тэдгээр нотлох баримтуудыг үнэлэлгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй нотлох баримтуудыг үнэлж, хэрэглэвэл зохих хуулийн заалтуудыг хэрэглэлгүй талуудад тэгш бусаар хандаж, манай компанид хохиролтой шийдвэрийг гаргасан.

6.2 Хэргийн баримтад тухайн нүүрсийг экспортлогч буюу илгээгч нь Ө ******* ХХК байсан бөгөөд Төмөр замын байгууллагатай ачаа тээвэрлүүлэх вагоны захиалгыг өгч, Төмөр замаар ачаа тээвэрлүүлэх гэрээг байгуулсны үндсэн дээр нүүрсээ тээвэрлүүлж экспортлуулсан үйл баримт нотлогдсон. Гэтэл шүүх Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 388 дугаар зүйлийн 388.7, 388.9, 245 дугаар зүйлийн 245.1, 247 дугаар зүйлийн 247.1, 255 дугаар зүйлийн 255.1.1, 255.1.2 дахь хэсэгт заасан хуулийн заалтуудыг хэрэглэсэнгүй.

6.3 Харин хариуцагч компанийн захирал А.******* эрсдэлийг хуваалцаж 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 20000000 төгрөгийг ******* ХХК-д төлсөн нотлох баримтыг гаргаж өгсөн байхад ... вагон хүлээлгийн төлбөр гэж бичсэн гэсэн шалтгаанаар хэрэгт хамааралгүй.. гэж үзлээ хэмээн үнэлэлгүй орхиж, нэхэмжлэгч ямар нэгэн хохиролгүй болсон байхад түүнд ашигтайгаар шийдвэрлэж Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан хэргийн оролцогчдод эрх тэгш бус ялгавартайгаар хандсан.

6.4 Талуудын хооронд хийсэн худалдах худалдан авах гэрээнд худалдагч тал барааг илгээх ямар нэгэн үүрэг хүлээсэн заалт байхгүй, ачааг вагонд ачих үед болон вагон пүүгээр пүүлүүлэхэд худалдан авагч талаас хэн нэгэн ажилтан огт оролцоогүй худалдагч тал өөрөө бие даан хадгалалтын талбайн ковшийг ашиглаж ачуулж, экспортод илгээсэн, пүүний жингийн цувааг үнэн зөв хөтөлсөн эсэх, хадгалалтын талбайгаас талбайн ажилчид нүүрсний хөлдсөн улыг дутуу авснаас бараа дутагдсан байж болох талтай тул бараа дутуу ачуулсан гэж худалдагч талыг шууд буруутгах үндэслэлгүй . Үүний дээр нүүрсийг вагонд ачих явцдаа худалдан авагч нийлүүлсэн нүүрс дутуу байгаа тухай хэлж, үүний дагуу худалдагч А.******* зэргэлдээ талбайн ХХК-аас дутагдсан гэх нүүрсийг зээлээр авч худалдан авагчид шилжүүлэн ачуулсан байна. Сүүлд тэр компанид энэ нүүрсийг төлж өгсөн. Энэ үед ч Д.******* нүүрсний дутууг зөв тооцоолж бүрэн гүйцээж ачих боломжтой байсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч өөрөө экспортолсон нүүрсийг дутуу ачуулсан үйлдэлд худалдагч талын гэм буруугаас шууд шалтгаалсан гэх шалтгаант холбоо нотлогдохгүй байна.

6.5 Хэргийг хянан хэлэлцэх явцад барааг ачуулж илгээсэн тээврийн баримтыг гаргахыг шүүх хэд хэдэн удаа өөрийн саналаар шаардаж шүүх хурлыг хойшлуулж, гадаад хэл дээр бичигдсэн баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй эх бус эсхүл нотариатаар нотлуулаагүй баримт байхад түүний орчуулгыг хийж хэргийн баримтад оруулахыг зөвлөж хурлыг дахин хойшлуулж орчуулгыг шүүхийн саналаар нэмж хийлгэсэн бөгөөд энэхүү эргэлзээтэй баримтыг шүүх нотлох баримтаар үнэлсэн. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9, 40 дүгээр зүйлийн 400.2, 44 дүгээр зүйлийн 44.2 дахь заалтыг зөрчсөн. Ийнхүү нэхэмжлэгчийн өөрийн нэхэмжилж байгаа хохирлоо нотлох баримтаар нотолж чадаагүй, түүнд ямар нэгэн хохиролгүй болсон байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болголгүй хүлээн авч шийдвэрлэсэн нь буруу байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, уг шийдвэрээр дутуу нийлүүлсэн нүүрсний төлбөрт 19,642,301 төгрөгийг манай компаниас гаргуулах заалтыг миний өмнө төлсөн 20,000,000 төгрөгөөр хааж тооцон, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

7.1 Хариуцагч нь манай гаргасан нэхэмжлэлтэй шаардлагыг үгүйсгэсэн ямар ч баримтыг шүүхэд гаргаагүй, шүүгчийн захирамжаар шаардсан баримтыг ч гаргаж өгөөгүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.2-т вагонд барааг дутуу ачсан тохиолдолд төлбөрийн зөрүүг худалдан авагч буцаан төлнө гэж талууд харилцан тохиролцсон. Гэрээний энэ үүргийг нэхэмжлэгч гэрээ дүгнэсэн акт буюу ******* ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 23/15 дугаар албан тоот баримтыг үндэслэн шаардсан. Гэтэл хариуцагч тал нийлүүлсэн нүүрсний нотлох баримт гаргаж өгөөгүй.

7.2 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр талууд ******* ХХК-ийн ерөнхий захирал А.*******, ерөнхий нягтлан бодогч н., гүйцэтгэх захирал н., ******* ХХК-аас Д.******* нар байлцсан 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Г22/45 дугаартай гэрээг дүгнэж акт үйлдсэн болно.

7.3 Нүүрсийг экспортлогч нь анхнаасаа ******* ХХК байсан бөгөөд 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гэрээний дагуу гаалийн бүрдүүлэлт хийх явцдаа алдаа гаргаж залруулах боломжгүй болсон тул ХХК-иар экспортод гаргахаас өөр аргагүй боллоо гэсэн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 22/28 дугаартай албан тоот ирүүлсэн. Хариуцагч нь гэрээний буцаалт гэж дутуу нийлүүлсэн нүүрсний үнийг маргаангүйгээр буцааж өгөх албан бичиг буюу гэрээ дүгнэсэн актыг манайд өгсөн.

Иймд хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан зүйлүүд огт үндэслэлгүй, маргааны зүйлд хамааралгүй байх тул гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 51,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Шаардлагын үндэслэлээ ...хариуцагч нь 51,000,000 төгрөгийн нүүрс дутуу нийлүүлсэн тул уг мөнгөн хөрөнгийг буцаан гаргуулна гэж тодорхойлсон. Хариуцагч шаардлагыг ...тооцооны зөрүү, маргаангүйгээр нүүрсийг нийлүүлсэн. 51,000,000 төгрөгийн нүүрс дутсан гэх нотлох баримт байхгүй гэж үгүйсгэн маргажээ.

3. Талуудын хооронд 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Г22/45 дугаартай Нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Гэрээгээр худалдагч ******* ХХК нь ******* аймгийн ******* өртөөнд байгаа чанарын шаардлага хангасан 6000+-100 калл эрчим хүчний нүүрс-ийг энэхүү гэрээнд заасан нөхцлөөр гааль ажиллахад бэлэн болсон барааг нийлүүлэх. Худалдан авагч ******* ХХК гэрээний төлбөрт 1 тонн эрчим хүчний нүүрс нь уурхайгаас талбай дээр буух хүртэл тээврийн зардалтай 430 юань уурхайгаас гарсан нүүрсийг 3500 тонн, тээврийн хөлсийг 3500 тонн, талбай дээр буух нүүрсийг 3350 тонн-р тооцно, нийт талбай дээр буусан 3350 тонн тутамд барааг худалдан авагчид пүү жинг үндэслэн хүлээлгэн өгөхөөр, вагонд дутуу ачсан тохиолдолд төлбөрийн зөрүүг худалдан авагч талд буцаан төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх12-14/

3.1 Мөн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Нүүрс худалдах, худалдан авах гэрээ 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дугаар: Г22/45 тоот гэрээний нэмэлт өөрчлөлт/Үндсэн гэрээтэй хамт хүчин төгөлдөр/-өөр Үндсэн гэрээний дүн 430 юань байсан. Үүнийг зах зээлийн өсөлтөөс хамаарч талууд харилцан тохиролцоод 70 юаниар нэмэгдүүлж нийт 500 юаниар тохирсон болно. Нийт 797,300,000 төгрөг болно. Нийт дүнгээс урьдчилгаа төлбөрийг хасан үлдэгдэл 646,300,000 төгрөгийг нэмэлт өөрчлөлтөд хоёр тал гарын үсэг зурж тамга дарснаар хүчин төгөлдөр болж Хаан банкны 5076245346 тоот А.*******ын төгрөгийн дансанд шилжүүлэхээр өөрчлөлт оруулсан байна. /хх15/

3.2 Зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдал болон гэрээний дагуу нэхэмжлэгч нь гэрээний нийт төлбөрийг төлсөн үйл баримтын талаар маргаагүй.

4. Анхан шатны шүүх талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

4.1 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

5. Хэрэгт авагдсан ******* ХХК-иас ******* ХХК-д хүргүүлсэн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 22/28 дугаар албан бичгээр ...Манай компани ХХК, БНХАУ-ын Co.,ltd-ны хооронд нүүрс экспортоор худалдан борлуулах 20220929 тоот 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн гэрээний дагуу гаалийн бүрдүүлэлт хийх явцад системийн алдаатай мэдээллээр бүртгүүлсэн нь гаалийн системд оны эцэс болсон тул залруулах боломжгүй болсон тул ХХК-ийн нэрээр илгээгчээр явуулахаас өөр аргагүйд хүрсэн тул ******* ХХК-ийн хүсэлтээр 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 12/28 тоот албан хүсэлтийг ХХК хүргүүлсэн болно гэжээ. Талууд нүүрсийг ХХК-ийн нэр дээр гаалиар нэвтрүүлсэн үйл баримтын талаар маргаагүй.

5.1 Хэргийн 139 дүгээр талд авагдсан Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгээр ХХК нь Монгол Улсын хилээр 3266,2 тонн нүүрс нийлүүлсэн байна.

6. Хэргийн 10 дугаар талд авагдсан, ******* ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 23/15 дугаартай, ******* ХХК-ийн захирал овогтой миний бие Монгол улсын иргэн Д.*******д 20/22-09.29 тоот гэрээний буцаалт болох 51,000,000 төгрөгийг 2023 оны 04 сарын 03-нд төлөхөөр тохиролцсон нь үнэн болно гэх баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байх тул уг баримт нь нотолгооны ач холбогдлоо алдана. Өөрөөр хэлбэл, уг баримт нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэл болохгүй. Иймд анхан шатны шүүх уг баримтаар нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

7. Мөн хариуцагчийн Vagon huleeltiin tulbur гэх утгаар шилжүүлсэн 20,000,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагатай хамааралтай гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй байна. Иймд хариуцагчийн энэ талаарх давж заалдах гомдлыг хангахгүй.

8. Хариуцагч нь гэрээгээр 3350 тонн нүүрс нийлүүлэхээс гэрээнд заасан тоо хэмжээнээс дутуу буюу 3266 тонн нүүрсийг нийлүүлсэн болох нь Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгээр тогтоогдож байх тул анхан шатны шүүх хариуцагчаас дутуу нийлүүлсэн 83,8 тонн нүүрсний үнийн зөрүүг гэрээний нэмэлт өөрчлөлтөөр талууд тохиролцсон 500 юаниар дээрх мэдүүлэгт тусгагдсан юанийн төгрөгтэй харьцах ханш 468.79 төгрөгөөр тооцож 19,642,301 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь зөв.

9. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн болон 205 дугаар зүйлийг орхигдуулж, холбогдох хэсгийг баримталсан нь техникийн шинжтэй алдаа байх боловч энэ нь шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл болохгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2024/02930 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч болон хариуцагчийн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч талаас төлсөн 314,738 төгрөгийг, хариуцагч талаас төлсөн 256,161 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

М.БАЯСГАЛАН