Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 77

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,                                       

Улсын яллагч П.Бямбасүрэн,

Шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч П.Учралгэрэл,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Солонго, түүний өмгөөлөгч И.Хонгор нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Найн тайж овогт Ц-н Б-д холбогдох эрүүгийн 1809031870685 дугаартай хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1997 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Завхан аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Ахан дүүс” нэртэй тавилгын үйлдвэрт мужааны ажилтай, ам бүл 4, эх, 2 дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 50 дугаар гудамж 293а тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ИТ97120515 / Найн тайж овогт Ц-н Б нь:

 

- 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 14 цагийн үед Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 50 дугаар гудамжны 339 тоот гэрт нь арван дөрвөөс дээш арван найман насанд хурээгүй буюу 16 нас 1 сар 7 хоногтой С.Сайнзаяагийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Насанд хүрээгүй хохирогч С.Сайнзаяа мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Тэр өдөр 14 цагийн үед Баасансүрэн /Б/ нь Манлай, Дашням хоёрыг “ Манай гэр рүү яваад түлхүүр довжооны доор байгаа. Онгойлгоод зүгээр байна уу шалгаад ир “ гэж хэлээд явуулсан. Тэр хоёрыг явсны дараа Б намайг орон дээр суугаад зурагт үзэж байтал манай гэрийн хаалгыг дотроос нь түгжсэн. Би эргэж хараад “Яах гэж байгаа юм бэ” гэж асуухад над руу дайраад хөлнөөс чирч орноос газар унагааж, миний хувцсыг тайлахаар нь би хэсэг ноцолдож байгаад сүүлдээ дийлээгүй, Б намайг хүчиндсэн. Намайг хүчиндсэнээс 15 орчим минутын дараа Манлай, Дашням нар ирсэн. Би юу ч дуугарахгүй гарч явахад тэр гурав гэрт үлдсэн. Би хашаанд байсан машины дотор орж, 4 хаалгын дотроос нь түгжээд суугаад байсан. Б 20 орчим минутын дараа манайхаас явсан. Орой 18 цагийн үед дүү Дашням, Манлай нарын хамт гурвуулаа усанд явж байхад Б гудамжинд тааралдчихаад надад “хүн амьтанд хэлбэл ална шүү” гэж хэлсэн. Б нэг удаа хүчиндсэн. Өмнөх мэдүүлэгтээ бэлгийн харьцаанд орж байгаагүй гэж худлаа хэлсэн болохоос биш бусад зүйлийг үнэн зөв мэдүүлсэн.

 Би бэлгийн харьцаанд 15 настай байхдаа буюу 2016 оны 02 дугаар сарын дунд үеэр 2 удаа орсон. Миний бэлэг эрхтнээс цус мэт зүйл гарсан. Миний сарын тэмдэг 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр ирээд 06 дугаар сарын 25-ны өдөр дууссан. Б надтай хүчээр бэлгийн харьцаанд 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр орсон бөгөөд бэлгийн харьцаанд орсны дараа бэлэг эрхтэнээс цус гараад байсан ба 07 дугаар сарын 02-ны өдөр хүртэл бага хэмжээний цус гараад байсан. Би өдөрт бие засах газарт хоёр, гурван удаа ороод байсан болохоор манай ээж Солонго мэдсэн. Манай гэрт Бгийн ээж болон ах нар ирээд гуйгаад байсан болохоор хүчээр бэлгийн харьцаанд ороогүй гэж мэдүүлсэн.

Түүнээс намайг хүсээгүй байхад Б хүчээр бэлгийн харилцаанд орсон гэжээ. / хх 14-15, 16 71-73 /

 

Хууль ёсны төлөөлөгч Л.Солонго мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: Б бид хоёр дээр ирээд гуйгаад байсан болохоор өмнөх мэдүүлэг дээрээ худлаа ярьсан гэжээ. / хх 18 /

 

Гэрч Л.Солонго мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ:  ... 2018 оны 07 сарын 02-ны өдөр охин Сайнзаяа бие заслаа гээд нойтон сальфетка аваад бие засах газар ороод гарсан. Би дараа нь бие засах газар ортол хогийн саванд цустай сальфетка байхаар нь гайхаад Сайнзаяагаас сайн лавлаж асуугаад загнасан чинь Сайнзаяа би хэлэхгүй гээд уйлаад гараад гүйгээд явсан. Сайнзаяа уйлж байгаад “ Би хэлж чадахгүй байна” гэж байснаа намайг энэ доор байдаг Бүлтэг буюу Баасансүрэн гэж ах гэрт байхад хагас сайн өдөр гэрийн хаалга түгжээд хүчиндсэн гэж хэлсэн. Тэгээд Баасансүрэнтэй /Б/ уулзаад “ Чи миний охиныг яаж байгаа юм” гэхэд Баасансүрэн “Эгчээ уучлаарай. Би хариуцлага хүлээнэ” гэж хэлсэн гэжээ.  / хх 18 /

 

Насанд хүрээгүй гэрч Ц.Маналсүрэн мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Бүлтэг ах Дашням бид хоёрт хандаж “гэрийн түлхүүрээ нуучихсан байгаа. Тэр газарт байна уу. Үгүй юу очоод үзчихээд ир. Тэгэнгээ гэр эргэчихээд ир” гэж хэлсэн. Тэгэхээр нь за гээд гэрийнх нь гаднаас түлхүүрийг нь үзсэн. Түлхүүр нь байсан. Дашням бид хоёр удалгүй буцаад явсан. Тэгээд Дашнямын хашаанд ороод нойлын хажууд явж байтал гэр дотроос Сайнзаяа нь “Улаакаа яая” гээд бид хоёрыг дуудаад орилсон.  Гүйж очоод хаалгыг нь нүдтэл түгжээтэй байсан. Нэлээд олон удаа цохьсон чинь Бүлтэг ах гэрийн хаалгыг дотроос нь онгойлгосон. Дотроос нь Сайнзаяа зөрж гараад нойл орсон. Тэгээд жаахан удаад байхаар нь гараад хартал Сайнзаяа нойлоос гараад машинд ороод бүх хаалгыг нь түгжээд уйлаад суугаад байсан.  Дараа нь Бүлтэг ах худаг дээр таарчихаад хүн амьтанд хэлэх юм бол ална шүү гэж хэлсэн гэжээ. / хх 20-21 /

Насанд хүрээгүй гэрч Э.Дашням мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Маналсүрэн бид хоёр Бүлтэг ах “Гэрийн довжоон доор түлхүүр байгааг шалгаж үзчихээд ир” гэсэн учраас очиж довжоогийн үзтэл түлхүүр нь байхгүй байсан. Тэгээд буцаад гэр рүүгээ алхаж явтал Сайнзаяа эгч гэр дотроосоо “аа” гэж орилсон, очоод хаалгыг нүдсэн боловч арваад минутын дараа Бүлтэг ах гэрийн хаалгыг дотроос нь онгойлгосон. Хаалга онгойнгуут Сайнзаяа эгч нойлын цаас аваад зөрж гараад нойл руу орсон. Бүлтэг ахаас “Яасан бэ” гэхэд “Яагаа ч үгүй” гэж хэлсэн. Тэр хооронд Сайнзаяа эгчээс юу болсон талаар асуутал “Бүлтэг намайг хүчиндсэн” гэж хэлсэн. Тухайн өдрөө бол Сайнзаяа эгч ээж, ааваасаа айгаад хэлээгүй. Сайнзаяа бид хоёр ах дүүсийн хүүхдүүд Сайнзаяа эгч Сэлэнгэ аймгийн Зүүн хараа суманд сурч байгаад 2018 оны 06 дугаар сард ирсэн. Тэгээд Сайнзаяа эгч 33-ийн тэнд байдаг хамаатны хүүхдийг нь харж өгч байгаад энэ явдал гарахаас 2 хоногийн өмнө гэртээ ирсэн. Тэгээд орой нь сагс тоглож байгаад Бүлтэг ахтай танилцсан. Өөр ямар нэгэн харилцаа байхгүй. Би гэр рүүгээр усаа түрээд явах гэсэн чинь Бүлтэг ах “Хоёулаа цуг танайх руу явья” гээд манайх руу явсан гэжээ. / хх 23-24, 25 /

 

Хохирогч С.Сайнзаяа нь 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Гялс анагаах ухааны төвийн лаборатортийн шинжилгээгээр ... бэлгийн замын арчдасын шинжилгээгээр өвөрмөц нян бактери илрээгүй гэжээ. / хх 42 /

 

Хохирогч С.Сайнзаяагийн нас тоолсон мөрдөгчийн тэмдэглэл / хх 50 /

 

Яллагдагч Ц.Б, гэрч Ц.Маналсүрэн, хохирогч С.Сайнзаяа нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 75-76 /

 

Шинжээч Т.Чимэд-Очир мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхэдээ: ...8289 гэсэн дугаартай дүгнэлтийг гаргасан. С.Сайнзаяагийн биед эмэгтэйчүүдийн үзлэг хийхэд үтрээнээс цусархаг биш цайвар ногоон зүйл гарсан байсныг тусгасан байна. Охин хальсны шинэ урагдалт 16 хоногийн дотор ингээд хуучин урагдалт болдог бөгөөд хохирогч С.Сайнзаяагийн охин хальсны урагдалт хуучин урагдалт байсан. Дахин бэлгийн харилцаанд орсон байхад цус гарах, гарахгүй байх нь тухайн хүний бие онцлогоос шалтгаална гэжээ. / хх 80-81 /

 

Шинжээч Б.Оргил мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Бэлгийн замын өвчин болон заг хүйтэн гэх өвчний илрэх хүртэлх нууц үе нь хүн бүрт харилцан адилгүй, эмчилгээ эхэлсэн өдрөөс эхлэн 5-10 өдрийн дотор бүрэн эдгэрэлт явагдах боломжтой. Тухайн өвчин тээж байсан хүний заг хүйтэн өвчний халдвар нь халдвартай байсан бол хамгаалалтгүй бэлгийн харьцаанд нэг удаа ороход халдварлах боломжтой гэжээ. / хх 82-83 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8289 дугаар дүгнэлтэнд: 

1. 2. 3. 4. Сайнзаяагийн биед гэмтэл тогтоогдсонгүй,

5. 7. С.Сайнзаяагийн охин хальс нь 7.9 цагийн түвшинд суурь хүрсэн ташуу хуучин урагдалтай байна.

6. С.Сайнзаяагийн үтрээний арчдас наалдац дээр эр бэлгийн замын халдварт заг хүйтэн өвчний үүсгэгчтэй төстэй үүсгэгч байх тул өсгөвөрлөх шинжилгээ хийх шаардлагатай гэжээ.

9. С.Сайнзаяа нь О1-р бүлгийн цустай байна гэжээ.  / хх 35 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 34 дугаартай давтан дүгнэлтэнд: 

1.  Сайнзаяагийн биед гэмтэл тогтоогдсонгүй,

2. С.Сайнзаяагийн охин хальс нь 7 цагийн зүүний чиглэлд хуучин урагдалтай байна. Хуучин урагдал хэзээ үүссэнийг тогтоох боломжгүй.

3. С.Сайнзаяа бэлгийн замын халдварт өвчингүй байна.

 4. С.Сайнзаяагийн үтрээний арчдас наалдацад Corynebacterium amycolatum бактер илэрсэн байна. Энэ бактер нь ампициллин, цуфотаксим, имипенем, гентамицин зэрэг антибиотик хэрэглсэн үед эмнэлзүйн шинж тэмдэг арилж эдгэрэх боломжтой гэжээ. / хх 150 /

 

Яллагдагч Ц.Б мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Гэрийн хаалгыг түгжээд гэрийнх нь баруун талын орон дээр Сайнзаяатай би тэврэлдээд хэвтэж байгаад уруул болон хүзүүн дээр нь үнссэн. Сайнзаяа өмдөө өөрөө тайлсан, би бас өмдөө тайлсан, тэгсэн чинь Маналсүрэн, Дашням хоёр хүрээд ирсэн. Тэр хоёрыг гаднаас орж ирэхэд Сайнзаяа гараад машиндаа орж суусан гэжээ. / хх 47-48 /

 

Шүүгдэгч Ц.Б-г  2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 47-48 / 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 60 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би С.Сайнзаяаг хүчиндээгүй. Бид хоёр үерхэж байсан. С.Сайнзаяа өөрөө гэрийнхээ хаалгыг түгж гэж хэлээд намайг тэврээд хэвтсэн. Би түүнийг үнсэж байтал хаалга нүдэхээр нь босож тайлж өгсөн. Би гэмт хэрэг үйлдээгүй гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Солонго шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Охиныгоо бие зассаны дараа нойлд ортол цустай салфетка  байхаар нь охиноосоо асуухад “ Би хэлж чадахгүй “ гээд уйлаад гараад гүйсэн. Би араас нь очоод асуухад хэлэхгүй байсан. Хүүгээсээ асуухад аниаг Бүлтэг ах гомдоосон гэхээр нь Ц.Бгийн ажил дээр очиж уулзсан. Тэр надад “ Би хариуцлагаа хүлээнэ “ гэж хэлсэн. Ингээд би охиныг маань хүчиндсэн юм байна гэж мэдээд цагдаад өргөдөл гаргасан. Гэвч охин маань хүчиндээгүй гэж байгаа болохоор би итгэж байна. Тухайн болсон асуудлыг би нүдээрээ хараагүй. Бас Ц.Бгийн ар гэрийг бодоод хэрэгт холбогдуулмааргүй байна. Сэтгэл санааны хохиролд 500.000 төгрөг авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

Шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 14 цагийн үед Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 50 дугаар гудамжны 339 тоот гэрт нь арван дөрвөөс дээш арван найман насанд хурээгүй буюу 16 нас 1 сар 7 хоногтой, С.Сайнзаяагийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ... Б намайг орон дээр суугаад зурагт үзэж байтал манай гэрийн хаалгыг дотроос нь түгжсэн. Би эргэж хараад “Яах гэж байгаа юм бэ” гэж асуухад над руу дайраад хөлнөөс чирч орноос газар унагааж, миний хувцсыг тайлахаар нь би хэсэг ноцолдож байгаад сүүлдээ дийлээгүй, Б намайг хүчиндсэн гэж  мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн насанд хүрээгүй хохирогч С.Сайнзаяагийн мэдүүлэг / хх 7-8 /, …Хогийн саванд цустай сальфетка байхаар нь гайхаад Сайнзаяагаас сайн лавлаж асуугаад загнасан чинь  Сайнзаяа уйлж байгаад “ Би хэлж чадахгүй байна” гэж байснаа намайг энэ доор байдаг Бүлтэг буюу Баасансүрэн гэж ах гэрт байхад хагас сайн өдөр гэрийн хаалга түгжээд хүчиндсэн гэж хэлсэн. Тэгээд Баасансүрэнтэй /Б/ уулзаад “ Чи миний охиныг яаж байгаа юм” гэхэд Баасансүрэн “Эгчээ уучлаарай. Би хариуцлагаа хүлээнэ” гэж хэлсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэр Л.Солонгын мэдүүлэг / хх 18 /,   ... Бүлтэг ах Дашням бид хоёрт хандаж “ Гэрийн түлхүүрээ нуучихсан байгаа. Тэр газарт байна уу үгүй юу. Очоод үзчихээд гэр эргэчихээд ир” гэж хэлсэн. …Гэр дотроос Сайнзаяа нь “Улаакаа яаяа” гээд бид хоёрыг дуудаад орилсон.  Гүйж очоод хаалгыг нь нүдтэл түгжээтэй байсан. Нэлээд олон удаа цохьсон чинь Бүлтэг ах гэрийн хаалгыг дотроос нь онгойлгосон. Дотроос нь Сайнзаяа зөрж гараад нойл орсон. Тэгээд удаад байхаар нь гараад хартал Сайнзаяа машинд ороод бүх хаалгыг нь түгжээд уйлаад суугаад байсан.  Дараа нь Бүлтэг ах худаг дээр таарчихаад “ Хүн амьтанд хэлэх юм бол ална шүү “ гэж хэлсэн мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн насанд хүрээгүй гэрч Ц.Маналсүрэнгийн мэдүүлэг / хх 20-21 /,  ... Хаалга онгойнгуут Сайнзаяа эгч нойлын цаас аваад зөрж гараад нойл руу орсон. Бүлтэг ахаас “ Яасан бэ “ гэхэд “ Яагаа ч үгүй “ гэж хэлсэн. Тэр хооронд Сайнзаяа эгчээс юу болсон талаар асуутал “Бүлтэг намайг хүчиндсэн” гэж хэлсэн. Сайнзаяа эгч Сэлэнгэ аймгийн Зүүн хараа суманд сурч байгаад 2018 оны 06 дугаар сард ирсэн. Тэгээд Сайнзаяа эгч 33-ийн тэнд байдаг хамаатны хүүхдийг нь харж өгч байгаад энэ явдал гарахаас 2 хоногийн өмнө гэртээ ирсэн. Тэгээд орой нь сагс тоглож байгаад Бүлтэг ахтай танилцсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн насанд хүрээгүй гэрч Э.Дашнямын мэдүүлэг / хх 23-24, 25 /, ... Хохирогч С.Сайнзаяагийн нас тоолсон мөрдөгчийн тэмдэглэл / хх 50 /, ... Яллагдагч Ц.Б, гэрч Ц.Маналсүрэн, хохирогч С.Сайнзаяа нарыг нүүрэлдүүлж, мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 75-76 /,   ... Хохирогч С.Сайнзаяагийн охин хальсны урагдалт хуучин урагдалт байсан. Дахин бэлгийн харилцаанд орсон байхад цус гарах, гарахгүй байх нь тухайн хүний бие онцлогоос шалтгаална гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн шинжээч Т.Чимэд-Очирын мэдүүлэг  / хх 80-81 /,  ... 5. 7. С.Сайнзаяагийн охин хальс нь 7.9 цагийн түвшинд суурь хүрсэн ташуу хуучин урагдалтай байна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8289 дугаар дүгнэлт / хх 35 /,  ... 3. С.Сайнзаяа бэлгийн замын халдварт өвчингүй байна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 34 дугаартай давтан дүгнэлт / хх  /  зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.Б-г арван дөрвөөс дээш 18 насанд хүрээгүй буюу 16 нас 1 сар 7 хоногтой С.Сайнзаяагийн  хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Ц.Б-гийн хувийн байдал, учруулсан хохирол, хохирогчийн санал хүсэлт зэргийг харгалзан хуульд заасан 3 жилийн хорих ялыг оногдуулж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй / хх 38 / гэсэн тул шүүгдэгч Ц.Б-г төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдав.

 

            Шүүгдэгч Ц.Б нь гэмт хэрэг үйлдээгүй, хохирогч С.Сайнзаяатай сарын өмнөөс үерхэж байсан гэж мэдүүлсэнийг дараахь баримтуудаар няцааж байна. Үүнд:

1. Ц.Б-д хууль сануулан гэрчээр байцаахад: ... Манлай надад “  Та Заяа эгчийг шаачихаач. Улаака бид хоёр гэрийн хаяагаар харж байя. Улаака бид хоёр танайхаас очиж юм авна гэж хэлээд гадаа гараад байж байя “ гэхээр нь би Сайнзаяаг хүчээр ор руу дарж унагаад шорт, дотуур өмдийг нь тайлчихаад бэлэг эрхтнээ хийх гэж байхад гаднаас гэрийн хаалга татаад байхаар нь больчихсон юм “ / хх 26-28 /,  Ц.Бг дахин гэрчээр байцаахад: ...Улаака, Манлай хоёр манайх руу явсан хойгуур С.Сайнзаяа өөрөө гэрийнхээ хаалгыг түгжчих гээд С.Сайнзаяа надад “ Би чамд сайн. Хоёулаа үерхье “ гээд бид хоёр тэврэлдээд би үнссэн. С.Сайнзаяа өөрөө өмдөө тайлсан. Би өмдөө тайлсан. Тэгсэн чинь Улаака, Маналсүрэн хоёр ирээд хаалга нүдээд байхаар нь би өмдөө өмсөөд гэрийн хаалгыг онгойлгох гэтэл С.Сайнзаяа “ Байж бай. Би өмдөө өмсөөдхье “ гэж хэлээд өмдөө өмссөн / хх 29-30 /,  ...Ц.Бг яллагдагчаар байцаахад:  ...Тэр хоёр “ Тамхинд явах гэсэн С.Сайнзаяа эгч явуулахгүй байна. Танайх руу явчихаад ирье “ гэж хэлээд яваад ирье” гэхээр нь би С.Сайнзаяад хэлтэл зөвшөөрсөн. ...Тэр хоёрыг гаднаас орж ирэхэд С.Сайнзаяа зүгээр машиндаа орж суусан. Би С.Сайнзаяаг хүчиндэх гэж оролдоогүй / хх 48 / гэж мэдүүлсний гадна шүүхийн хэлэлцүүлэгт бид хоёр сарын өмнөөс үерхэж байсан гэж удаа дараа зөрүүтэй мэдүүлсэн байна.

2. Гэтэл Сайнзаяа нь Сэлэнгэ аймгийн Зүүн хараа суманд сурч байгаад 2018 оны 06 дугаар сард ирсэн. Сайнзаяа нь 33-ийн тэнд байдаг хамаатны хүүхдийг нь харж өгч байгаад энэ явдал гарахаас 2 хоногийн өмнө гэртээ ирсэн. Тэгээд орой нь сагс тоглож байгаад Бүлтэг ахтай танилцсан гэж мөрдөн шалгалтын явцад насанд хүрээгүй гэрч Э.Дашням / хх 23-24 / мэдүүлжээ.

3. Хэдийгээр хохирогч С.Сайнзаяа нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт: ... Ц.Б нь намайг  хүчиндээгүй. Би түүнтэй үерхэж байсан. Тэр Энхгэгээрэлд сайн гэхээр нь би гомдоод машинд ороод уйлсан гэж мэдүүлсэн боловч  С.Сайнзаяа нь хохирогчоор мэдүүлэг өгөхдөө:  ... Ц.Бгийн ээж, ах нар манай гэрт ирээд гуйгаад байхаар нь хүчээр бэлгийн харьцаанд ороогүй гэж худлаа мэдүүлсэн. Тэгж гуйж байхдаа сэтгэл санааны хохирол гэж 500.000 төгрөг өгсөн / хх 71-73 / гэж мэдүүлсэн. С.Сайнзаяаг шүүгдэгчтэй нүүрэлдүүлэн байцаахад хүчээр бэлгийн харьцаанд орсон гэж / хх 78 / мэдүүлсэн ба Ц.Б нь Энхгэгээрэл нь Маналсүрэнтэй үерхдэг бөгөөд Маналсүрэн надад хайртай үгүйг нь шалгаад өг гэхээр нь би Энхгэгээрэл рүү хайртай гэж бичсэн / хх 79 / гэсэн мэдүүлэг зэрэг нь тэд үерхэж байгаагүйг нотлож байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн Ц.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-г хэрэглэж өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь: Ц.Бгийн эх, ах нар нь түүнийг гэмт хэрэг үйлдээгүй болгох зорилгоор хохирогчид сэтгэл санааны хохирол гэж 500.000 төгрөг өгснөөс бус Ц.Б нь хохирол төлөөгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй болно.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

                                                                         

1. Шүүгдэгч Найн тайж овогт Ц-н Б-г арван дөрвөөс дээш 18 насанд хүрээгүй буюу 16 нас 01 сар 07 хоногтой С.Сайнзаяагийн  хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ц-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Ц.Бгийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг  дурьдсугай.

5. Ц.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ц.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

               

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.ОЮУНЧИМЭГ