Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2024/01795

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 09 23 210/МА2024/01795

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2024/03041 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: *******

Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 25,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 ******* 2023 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн *******той хамтран ажиллах гэрээг амаар байгуулан Сэлх дахь 8 хаус барих ажлын өрлөг, дээврийн хучилт, цутгалт, модон дээврийн хучилт зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн. 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл ажиллаад барилгын ажил зогссон. Ажлын хөлс гэж 16,500,000 төгрөг авъя гэтэл надад Ниссан маркийн автомашиныг өгсөн. Автомашинаа шилжүүлж өгөөч гэтэл уг автомашиныг 6,000,000 төгрөгийн барьцаанд тавьчих, тэгээд 6,000,000 төгрөгийг машины эзэнд өгөөд чам руу шилжүүлнэ гэсэн. Би тэр автомашиныг нь 6,000,000 төгрөгт банк бусад тавьж машины эзэнд шилжүүлж, машинаа унаж байтал машины эзэн надад машинаа өгөлгүй цагдаа дагуулж ирээд машинаа аваад явсан.

1.2 Ингээд би ажлын хөлс байхгүй дээрээс нь банк бус санхүүгийн байгууллагад 8,500,000 төгрөгийн өртэй болсон. Иймд *******оос ажлын хөлс 16,500,000 төгрөг, банк бус байгууллагад тавьсан өр 8,500,000 төгрөг, нийт 25,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 ******* нь *******тэй 2023 оны 6 дугаар сарын дундуур хамтран ажиллахаар Сэлх дэх 8 хаусны баригдчихсан байсан ажлыг үргэлжлүүлэн хийхээр тохирч эхлүүлэн 2023 оны 10 дугаар cap хүртэл ажилласан. ******* нь ажиллах явцад хүмүүсийг хариуцаж хараад, бараа, материалаа захиалаад байж байх үүрэгтэй байсан боловч ихэнх тохиолдолд өөрөө байхгүй, ажилдаа ирэхгүй, бараа, материал захиалах ажлаа хийгээгүй. Би *******г хийсэн ажлынхаа тайланг өгөхийг шаардахад гаргаж өгөөгүй 9 дүгээр сарын сүүлээр өөрөө алга болчихсон. Би хийсэн ажлынх нь гүйцэтгэлээр мөнгийг нь *******д байнга цаг тухайд нь өгч байсан.

2.2 Би *******г уг ажлаа 100 хувь дуусгаад хүлээлгэж өгсөн тохиолдолд шагнал урамшуулал болгон машины төлбөрийг хийж өгөх бодолтой байсан. Уг машиныг зарах гэж байсан хүнтэй би уулзуулж өөрөө уг машиныг тэр хүнээс авахаар тохиролцож гэрээ хийж банк бусаар 6,000,000 төгрөгийн зээл гаргуулан уг хүндээ өгч тохиролцон авч саяхныг хүртэл унаад явж байсан.

Иймд хуулийн дагуу үнэн зөв шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч *******оос ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 16,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1-д заасныг баримтлан хариуцагч *******оос банк бус байгуулагад тавьсан өр 8,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нь баримтаар нотлох, холбогдох этгээдээс хохирлоо гаргуулан авахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаан нотлох баримт гаргуулах үндэслэлээр тодорхойгүй хугацаагаар шүүгчийн захирамжаар хойшилсон. Нэхэмжлэгч нь хуульд заасан үүргийнхээ дагуу дараагийн хурлаа асууж тодруулахад дараагийн шүүх хуралдааныг нотлох баримт ирэхээр жич товлон надад мэдэгдэнэ гэсэн атлаа хурлын тов мэдэгдэлгүй 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр миний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн.

4.2 Мөн Нэхэмжлэгчид 88619094 дугаар луу нь холбогдоход за ойлголоо гэв гэх огт үндэслэлгүй, баримт нотолгоогүй зүйл бичин тэмдэглэл үйлдсэн. Нэхэмжлэгчийн хуулиар олгосон мэтгэлцэх, шүүх хуралдаанд тайлбар гаргах, нотлох баримт шинжлэн судлах эрхийг эдлүүлэлгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаан шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******од холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 25,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

3. Шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШЗ2024/13716 дугаар захирамжаар шүүгчийн захирамжийн биелэлтийг хангуулахаар шүүх хуралдааныг 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 12 цаг 00 минутад хийхээр товлон хойшлуулж, зохигчдод шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байна. /хх 43/ Улмаар анхан шатны шүүх 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр шүүх хуралдааныг товлон, зохигчдод хурлын товыг мэдэгдэж хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, шүүх хуралдаан хойшлогдсон хугацаандаа явагдаагүй тохиолдолд талуудад шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт заасан журмын дагуу мэдэгдэх учиртай.

3.1 Шүүх хуралдаан хойшлох хугацаанд ******* ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 24/А-150 дугаар албан бичгээр шүүгчийн захирамжид заагдсан нотлох баримт хэрэгт авагдсан. /хх 55-65/ Нэхэмжлэгч талыг хуульд заасан журмын дагуу шүүхэд дуудан ирүүлээгүйгээс тухайн нотлох баримттай нэхэмжлэгч тал танилцаагүй байна. Иймд нэхэмжлэгчийн ...шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй, шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй гэх давж заалдах гомдол үндэслэлтэй.

4. Хэргийн 6, 18-21 дүгээр талд талуудын хооронд харилцсан гэх зурвас баримтаар авагдсан байна. Уг баримтыг шүүх маргаанд хамааралтай, ач холбогдолтой гэж үзсэн тохиолдолд хуульд заасан журмын дагуу нотлох баримтын хэмжээнд бэхжүүлэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдан чиглүүлэх учиртай. Харин хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримт гэж үзвэл хэргийн нотлох баримтаас хасах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт нийцнэ.

Өөрөөр хэлбэл, зохигчдийн шүүх хуралдаанд биечлэн оролцох, нотлох баримттай танилцах эрх хангагдаагүйгээс талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа, маргааны талаар зохигчид мэтгэлцээгүй. Давж заалдах шатны шүүх талуудын мэтгэлцээгүй асуудлаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулж, хэргийг шийдвэрлэх боломжгүй байна.

5. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүй, талууд энэ талаар мэтгэлцээгүй, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хангаагүй байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2024/03041 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

М.БАЯСГАЛАН