Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2024/01897

 

 

 

 

 

 

 

 

 

2024 10 16 210/МА2024/01897

 

 

Ц.Э-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч С.Энхбаяр, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2024/03437 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ц.Э-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Г-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 152,165,250 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч Ц.Э- нь 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 15,000 ам.доллар, 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 15,000 ам.доллар, 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 15,000 ам.доллар, 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 20,000 ам.доллар буюу нийт 65,000 ам.долларыг хариуцагч Д.Г-д зээлдүүлсэн.

Зээлийн гэрээний харилцаа хүчин төгөлдөр болох нь талуудын тайлбар болоод хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байгаа. Нэхэмжлэл гаргах өдрийн буюу 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 1 ам.долларын Монгол банкнаас зарласан ханш нь 3,381.45 төгрөг байсан. Өөрөөр хэлбэл, 65,000 ам.доллар буюу нийт 152,165,250 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч талаас 65,000 ам.долларыг зээлж авсан. 2022 онд багтааж төлнө гэснийхээ дагуу бүрэн төлж барагдуулсан. Энэ талаар баримтаа шүүхэд банкны бүх бичиг баримттай хамт гаргаж өгсөн. Ц.Э- надад хэлэхдээ би өөрөө биш түүний хамаатны ах гэсэн О.Б гэдэг хүн үүнээс хойш миний энэ мөнгийг чамаас авна шүү гэсэн. Үүний дагуу би төлбөрийг төлж дууссан гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281-т зааснаар хариуцагч Д-ийн Г-гаас 152,165,250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц-ын Э-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Э-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 918,800 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Г-гаас 918,800 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч авах, өмгөөлүүлэх эрхийг хангаж өгөөгүй байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын эрхийг бүрэн хангаж чадсанаар шүүх эрх зүйн маргааны талаар хууль ёсны шийдвэр гаргах үндэслэл бүрддэг.

Иймд Д.Г-гийн өмгөөлөгч авах, өмгөөлүүлэх эрхийг хангалгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Д.Г-гийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шүүхийн шийдвэр гаргасан гэж үзэж байна.

4.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь нотлох баримтыг хангалттай үнэлээгүй байна.

Ц.Э- болон түүний ах О.Б- төлбөртэй холбоотой асуудлаар зөвхөн О.Б-той харилцах, утсаар болон бусад холбогдох хэрэгслээр холбоо барихгүй байхыг хүссэн учраас миний бие санаатайгаар утсыг нь блоклон төлбөр төлөхөөс зайлсхийсэн нэг ч үйлдэл гаргаагүй болно.

Гэтэл шүүх хуралдааны явцад Д.Г- нь О.Б- гэдэг хүнээс мэдүүлэг авч, шалгах талаар тайлбарыг хэлсэн боловч шүүгч тус байдлыг харгалзаж үзэлгүйгээр хэргийг шууд хянан шийдвэрлэсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9, 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт заасан зохицуулалт нь шүүх хуралдааны явцад буюу мэтгэлцээний шатанд шинээр нотлох баримт шаардагдах нөхцөл байдал үүссэн тохиолдлыг хэрхэн шийдвэрлэхийг журамласан байдгаараа ялгаатай.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүх талуудыг мэтгэлцүүлэхэд чиглүүлэх, мэтгэлцэх нөхцөлийг хангах, маргааны зүйлийг тодруулах чиг үүрэгтэй.

Мөн нотлох баримтыг үнэлж буй шүүх тухайн баримтыг бусад нотлох баримттай хэрхэн дүйцэж байгаа, тэдгээрийн хооронд ямар уялдаа холбоо байгаа, баримтууд бие биеэ үгүйсгэж байгаа эсэх, нэг үйл баримтыг давхар нотолж байгаа эсэхийг тус тус шалгадаг тул бодитойгоор харьцуулан үзэх гэсэн ойлголт нотлох баримтыг тал бүрээс үнэлэх ажиллагааны хэсэг болдог.

Шүүх тус маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан банкны хуулга, Ц.Э- О.Б- нарын хамт ирж бэлнээр авсан гэх 10,000 ам.доллар зэргийн уялдаа холбоог сайтар судалж, тодруулалгүйгээр шууд зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар хойшлуулах байсан гэдэгт хойшлуулах нөхцөл байдал нь анхан шатны шүүхэд гараагүй. Нэхэмжлэгч Ц.Э-гаас О.Б-од шаардах эрх шилжүүлсэн, итгэмжлэл олгосон эсхүл энэ мөнгийг хүлээж аваарай гэдэг байдлаар өгсөн даалгаврын харилцаа, байдал байдаггүй. Хариуцагч мөнгийг төлж барагдуулсан гэж тайлбарладаг ч энэ талаар тогтоогдоогүй бөгөөд нотлох баримтгүй. О.Б-оос шаардах эрх нь нээлттэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахаас татгалзаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийн шийдлийг хэвээр үлдээж, хууль хэрэглээний бичилтэд техникийн шинжтэй өөрчлөлт оруулав.

 

1. Нэхэмжлэгч Ц.Э- нь хариуцагч Д.Г-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 152,165,250 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Ц.Э- нь Д.Г-д 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 15,000 ам.долларыг, 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 15,000 ам.долларыг, 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 15,000 ам.долларыг, 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 20,000 ам.доллар, нийт 65,000 ам.долларыг зээлдүүлсэн, талууд зээлийн гэрээг амаар байгуулжээ.

 

3. Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн талаарх шүүхийн дүгнэлт зөв.

 

3.1. Талууд 65,000 ам.долларыг авсан, өгсөн талаар маргаагүй байх ба буцаан төлсөн эсэхэд маргасан байна.

 

3.2. Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 10,000 ам.доллар, 2022 оны 08 дугаар сарын 17-ны 10,000 ам.доллар, нийт 20,000 ам.доллар буцаан авсан гэж тайлбарлажээ.

 

3.3. Харин, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ Ц.Э-гийн хэлсний дагуу түүний ах О.Б-ын дансанд зээлийн төлбөрөө 23 удаагийн шилжүүлгээр буюу 113,900,000 төгрөгийг төлсөн, мөн бэлнээр 50,000,000 төгрөгийг өгсөн тул зээлийг бүрэн төлж барагдуулж дууссан гэж тайлбарласан байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар татгалзлаа нотлох үүргээ биелүүлээгүй байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгчийн нэрлэн заасан этгээдэд зээлийн гэрээний гүйцэтгэлийг шилжүүлэн өгсөн гэх тайлбараа баримтаар нотлоогүй. Хариуцагчийн хэрэгт хавсарган өгсөн дансны хуулгаар түүний шилжүүлсэн мөнгийг нэхэмжлэгч хүлээн авсан гэх нөхцөл байдал нотлогдоогүй байна.

 

3.4. Иймд анхан шатны шүүхээс 45,000 ам.долларын зээлийг нэхэмжлэгчид төлж барагдуулснаа нотлоогүй үндэслэлээр хариуцагч Д.Г-гаас 152,165,250 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Э-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцжээ.

 

4. Түүнчлэн, анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн хувийг 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хариуцагчид гардуулах ажиллагаа явуулсан байх ба хариуцагчид хуульд заасан эрх, үүргийг танилцуулан гарын үсэг зуруулсан байна. Хэргийг шийдвэрлэх шүүх хуралдаан нь 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр болсон байх бөгөөд хариуцагч нь хэргийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд өмгөөлөгч авах эрх нь нээлттэй байсан ба энэ талаар шүүхээс саад учруулсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

4.1. 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч талаас ямар нэгэн хүсэлт гаргаагүй байх тул өмгөөлөгчгүй оролцуулсан гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

4.2. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэж зааснаар шүүх хуралдааныг хойшлуулах, нотлох баримт гаргуулах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

5. Харин, анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн хууль хэрэглээний бичилтэд техникийн шинжтэй алдааг залруулан өөрчлөлт оруулна.

 

6. Мөн энэхүү шийдвэр, магадлал нь хариуцагч нь мөнгө шилжүүлсэн этгээдээс нэхэмжлэл гаргахад саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн хууль хэрэглээний бичилтэд техникийн шинжтэй өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2024/03437 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг 281-т гэснийг 281.1 дэх хэсэгт гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 918,800 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ