| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2019/0358/Э |
| Дугаар | 356 |
| Огноо | 2019-04-15 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Ц |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 356
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,
Улсын яллагч Г.Цогтгэрэл,
Шүүгдэгч И.М, түүний өмгөөлөгч С.Пүрэвдорж,
Шүүгдэгч И.У, түүний өмгөөлөгч Ц.Амар,
Шүүгдэгч И.М, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,
Шүүгдэгч Х.С, түүний өмгөөлөгч Д.Нарангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1-г журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Боржигон овогт И-н М, Боржигон овогт И-н У, Боржигон овогт И-н М, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-г журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Боржигон овогт Х-н С нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1809030200698 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1996 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Дорноговь аймаг Шивээговь суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхэд, эх, эгч нарын хамт Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 14-801 тоотод оршин суух,
Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 366 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 456 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 420 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн, / РД:ЕУ 96012215 / Боржигон овогт И-н М,
2. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1987 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Дорноговь аймаг Сайншанд суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, Барилгын засал чимэглэлчин, бетон арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 14-801 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Хан-Уул дүүргийн 12 хороо, 566 байр 2 орц 6 тоотод түр оршин суух,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 467 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 59 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн, / РД:ЕЙ 87082516 / Боржигон овогт И-н У,
3. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1990 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Говьсүмбэр аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Атан цамхаг” ХХК-нд барилгын туслах ажилтнаар ажилладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, 4 хэсэг, Хужирбулангийн 48-1690 тоотод оршин суух,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 183 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1472 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, бие эрүүл, ухаан бүрэн, / РД:ЕЙ 90062811/ Боржигон овогт И-н М,
4. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1990 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Говьсүмбэр аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Нам Даваа 1-19 тоотод оршин суух,
Баянгол дүүргийн шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 61 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан,
Баянгол дүүргийн шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 640а дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4, 131 дүгээр зүйлийн 131.2, 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар нийт 6 жил хорих,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 305 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар10 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 120 дугаар шүүгчийн захирамжаар 2008 оны Эрүүгийн хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял болгон өөрчилж, ялын хугацаа дуусч суллагдсан, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: МЮ 84111518 / Боржигон овогт Х-н С нар нь:
- И.М, И.М, И.У нар нь бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шангрила молл худалдааны төвийн орчимд насанд хүрээгүй хохирогч Г.Аззаяагийн 354.000 төгрөгийн үнэ бүхий Ай Фонь-6 Эс загварын гар утсыг халааснаас нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
- Х.С нь И.М, И.У нартай бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Пума Имтериал зочид буудлын үүдэнд Англи улсын иргэн Наталиа Илеваг дагаж явж байгаад түүний цүнхэнд байсан түрүүвчнээс 600 ам доллар / 1.477.688 /, 500 Малайз рингит / 304.725 / буюу нийт 1.782.393 төгрөгийн бага хэмжээнээс дээш төгрөгийн хохирол учруулсан,
- И.М, И.М нар нь бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Ленин клубын автобусны буудлын орчимд Энэтхэг улсын иргэн Мийна Ом Пракаийн Самсунг жи-7 Нео маркийн гар утсыг халааснаас нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 408.000 төгрөгийн хохирол учруулсан,
- И.М, И.У нар нь бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Блью Скай” зочид буудлын ард талын явган хүний замаар явж байсан БНХАУ-ын иргэн Вэн Вугийн гар цүнхнээс 300 юань бүхий түрүүвч, бичиг баримт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 682.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Насанд хүрээгүй хохирогч Г.Аззаяа мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би улсын драмын эрдмийн театрт жүжиг үзчихээд 16 цаг 15 минутын үед тараад Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шангрила молл” дэлгүүрийн урд явган хүний гарцаар ганцаараа явж байхдаа Ай фоне 6 эс маркийн гар утсаа хулгайд алдсан гэжээ. / 1 дүгээр хавтас 115 /
Гэрч А.Энх-Амгалан мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Хойшлуулашгүй ажиллагааны хүрээнд камерын бичлэгийг шүүж үзэхэд халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст бүртгэлтэй Ишдорж овогтой Ууганбаяр, Ишдорж овогтой Мөнхзориг, Ишдорж овогтой Мөнхжаргал нар нь хохирогч гэх насанд хүрээгүй хар бараан өнгийн урт загвартай хүрэмтэй эмэгтэйн араас И.М гар утсыг нь хулгайлах гээд шахаж байгаа ба урд талд нь явган хүний гарцан дээр И-н Ухохирогчийг ирэхийг хүлээгээд гарцаар гарахад нь саатуулж, араас нь И.М гүйж байгаа бичлэг үлдсэн байсан. Үүний дагуу цагдаагийн дэд ахлагч Ш.Нямпүрэв Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст илтгэх хуудас бичиж өгсөн гэжээ. / 1 дүгээр хавтас 176-177 /
Яллагдагч И.М мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 16.00 цагийн орчим би Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шангрила-Улаанбаатар зочид буудлын ойролцоох гарцан дээр зогсож байхад “Шангрила молл”-аас нэг эмэгтэй хүн гарч ирээд замын уулзварын хажууд явган хүний гарцан дээр зогссон. Тэгээд гарцаар хамт гарахад түүний баруун талын халаасанд гар утас нь чихэвчээ зүүгээд явж байхдаа цухуйгаад харагдаад байсан. Тэгэхээр нь зам гарч байхад нь баруун талын халааснаас нь гар утсыг нь авсан. Ай фоне-6 эс загварын гар утас байсан. Тэгээд би талбайн хажуу талын монтел төвийн гадаа утас авна гэсэн эрэгтэй үл таних хүнд 50.000 төгрөгөөр зарсан. Тэр мөнгөөрөө найзтайгаа уулзаад архи уугаад дуусгачихсан. Би хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Хамтран үйлдсэн этгээдүүдтэйгээ хуваагаад өөрийн төлөх ёстой хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэжээ. / 1 дүгээр хавтас 213, 3 дугаар хавтас 29 /
Яллагдагч И.У мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Шангрила молл” төвийн орчим өөрийн дүү нар болох И.М, И.М нартай уулзсан. Тэгээд зам гарах гээд явж байгаад би түрүүлээд зам гарсан ба араас И.М дагаж гарсан. Зам гарах үедээ араас ирж байсан эмэгтэй хүнийг И.М араас нь дагаж зам гараад халааснаас нь Ай фоне-6 эс гар утсыг нь авсан. И.М нь И.Мөнзоригийн араас дагаад ирж байсан. Тэгээд бид 3 зам гараад чигээрээ яваад И.М нөгөө гар утсаа нуух гээд аваад явсан. И.М бид 2 тусдаа салаад явсан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирол мөнгөө төлнө гэжээ. / 3 дугаар хавтас 33 /
Яллагдагч И.М мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Бараан өнгийн хүрэмтэй эмэгтэй хүүхэд явж байсан ба И.Уах урд талд нь ороод И.М араас нь дагаад би ард талд нь ороод И.М гарцан дээр халааснаас нь Ай фоне-6 гар утсыг аваад бид нар зам гараад чигээрээ явсан. Замдаа бид нар салаад өөр өөр тийшээ явсан. И.М тэр гар утсаа аваад явсан. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна гэжээ. / 3 дугаар хавтас 37 /
Эд зүйлийн үнэлгээ / 1 дүгээр хавтас 120-121 /
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол / 1 дүгээр хавтас 157 /
Камерын бичлэгийг хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл / 1 дүгээр хавтас 159-164 /
Хохирогч Наталиа Илева мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би Азийн сайд нарын уулзалтанд ирсэн. Риmа imperial зочид буудалд өчигдрөөс байрласан. Би 16 цагийн үед буудлаас гарч дэлгүүр явчихаад мөнгөө солиулчихаад 18 цаг өнгөрөөгөөд зочид буудалдаа орж ирж байх үед яг зочид буудлын үүдэнд явж байхад араас үл таних 3 эрэгтэй намайг дуудаад цүнх рүү минь заагаад байсан. Тэгэхээр нь би цүнхээ хартал онгойсон байсан. Тэгээд шалгаад үзэхэд миний хэтэвч байхаар нь цүнхээ хаагаад зочид буудалдаа орсон. Тэгтэл миний араас нэг үл таних эрэгтэй орж ирээд буудлын ресепшнд намайг эд зүйлээ алдсан байж магадгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би хэтэвчээ шалгахад миний бичиг баримт байсан боловч 600 ам доллар, 500 малайз рингит байсан алдагдсан байсан. Тэгээд зочид буудлын ресепшн цагдаагийн байгууллагад хандсан. Миний түрүүвч цүнхэн дотор дэлгээтэй байсан. Би өөрийнхөө түрүүвчний бүх хэсгийг шалгаж үзэхэд картууд бүгд байсан бэлэн мөнгө л алга болсон байсан гэжээ. / 1 дүгээр хавтас 14-15, 186 /
Гэрч С.Алтансувд мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 18 цаг 20 минутын орчим манай Пума имперал зочид буудалд үйлчлүүлж байгаа Натальяа Иллева гэх хүн гаднаас орж ирээд 1501 тоот өрөөндөө орохоор явсан. Түүний араас дагаж 20 гаран насны оюутан байрын залуу орж ирээд “ Эгч ээ энэ хүнд хэлж өгөөч. Энэ хүний цүнхэнд гараа хийгээд юмыг нь хулгайлчих шиг боллоо “ гэхээр нь би тэр эмэгтэйд “ Та юмаа шалга. Энэ залуу ингэж хэлж өгөөч “ гэж байна гэхэд тэр эмэгтэй түрүүвчээ гаргаж ирж үзээд “ 600 ам доллар, 500 малайз рингит алга байна “ гэсэн. Тэр араас орж ирсэн залууг цагдаа иртэл хүлээж байгаач гэхэд “ Эгч ээ би яараад байна. Дуудахаар нь хүрээд ирье “ гээд “ 95929520 дугаараар залгаж хэлээрэй “ гээд явсан гэжээ. / 1 дүгээр хавтас 16-17 /
Гэрч Б.Тэргэл мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би өнөөдөр буюу 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 17 цаг 50 минутын орчимд өөрийн сурдаг Хүмүүнлэгийн ухааны сургуулийн 2 дугаар байрнаас гараад Төрийн ордны зүүн талын автомашины замын ертөнцийн зүгээр зүүн талд явган хүний зам дээр зогсож байсан чинь хөгшин настай гадаад эмэгтэй жуулчныг 3 эрэгтэй хүн нэг нь урд талд нь нэг нь хажуу талд нь нөгөө нь хойд талд нь тойроод явж байсан. Хажуу талд нь явж байсан эрэгтэй нь борооны шүхэр дэлгээд мөрөн дээрээ тавьчихсан байсан. Тэгэхээр нь би гайхаад яагаад ингэж явж байгаа юм бол гээд араас нь харсан тэд нар тэр чигээрээ явсаар байгаад Пума империал зочид буудал руу ордог өгсдөг шатны яг зааг дээр хойд талд нь явж байсан нөгөө хоёроосоо арай жижиг биетэй залуу нь тэр гадаад эмэгтэй хүний цүнх рүү гараа хийсэн. Тэгэхээр нь би яг тэр хүний эд зүйлийг хулгайлж байна гэж бодоод араас нь гүйсэн ба тэр эмэгтэй шатаар өгсөөд зочид буудал руугаа орсон. Нөгөө 3 эрэгтэй чигээрээ хойд зүг рүү уулзвар гараад явсан. Би зочид буудал руу ороод ресепшнд хандаж “ Тэр эмэгтэйг эд зүйлээ шалгаад үз “ гэж хэлүүлсэн. Тэгсэн чинь тэр эмэгтэй цүнхээ шалгаж үзчихээд түрүүвч бусад бичиг баримт зүйлүүд нь байна гэсэн. Түрүүвчин дотроос нь юм алга болсон байна гэж байсан. Тэгээд ресепшн нь цагдаа дуудаад би өөрийнхөө ажил руу явсан гэжээ. / 1 дүгээр хавтас 18, 184-185 /
Яллагдагч Х.С мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2018 оны 07 дугаар сарын 02-ны би найз И.Ууганбаяртай утсаар холбогдоод уулзахаар болсон. Хороолол орж өмнө нь ломбарданд тавьсан байсан. Гар утсыг нь авч өгөх гэж дуудсан. Тэгээд бид хоёр 13 дугаар хорооллын натурын замын орчим уулзсан. Тэнд И.Уганцаараа ирсэн ба бид хоёр тэндээсээ алхаад Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гадаад хэргийн яамны орчим явж байгаад И.Ууганбаярын дүү нь болох И.Мтой тааралдсан юм. Тэндээсээ зам гараад хойшоо бид 3 Соёлын төв өргөөний хажуугаар хойш алхаад Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн орчим явж байхад урд настай гэмээр гадаад эмэгтэй явж байсан. И.М гэх дүү нь тэр гадаад эмэгтэйн цүнхийг онгойлгоод цүнхнээс нь түрүүвчийг нь авсан. Тэр үед нь би хажуу талд нь явж байсан ба харчихаад түрүүлээд алхсан. Араас И.М, И.Унар хүрч ирээд түрүүвчинд нь 280 ам доллар байна гэж надад хэлсэн. Тэгээд хойшоо гараад зүүн гар тийш буюу ертөнцийн зүгээр баруун зүг рүү Төрийн ордны ар тал руу чиглээд явсан. И.Ууганбаяр, И.М нар надад 280 ам доллар байна гэж хэлээд 50.000 төгрөг гаргаж өгсөн гэжээ. / 1 дүгээр хавтас 198 /
Яллагдагч И.М мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Тэр өдөр би “Шангрила молл”-ын үүдэнд өөрийн ах И.Утүүний найз Х.С нартай тааралдаад хамт соёлын төв өргөөний зүг рүү алхаад гэрлэн дохиогоор гартал ахимаг насны гэмээр гадаад эмэгтэй гарандаа 2 тортой хүнсээ барьсан ардаа үүргэвчтэй цүнхээ үүрчихсэн алхаж явсан. Тэгэхээр нь би цүнхний жижиг цахилгааныг нь онгойлгоод түрүүвчийг нь хулгайлж, аваад дотроос нь мөнгөнүүдийг нь аваад буцаагаад цүнхэнд нь хийчихсэн. Түрүүвчинд нь 230 ам доллар, 50.000 төгрөг байсныг нь авсан. Нөгөө гадаад хүн нь буудал руугаа орж байхад нь би араас нь цүнх чинь онгойчихож гэж хэлээд оруулсан. Тэгээд цаашаа алхаад урт цагааны тэнд очиж доллараа солиулаад 560.000 төгрөгтэй болсон. Нийт 600.000 төгрөгтэй болсон. Намайг гадаад эмэгтэйн цүнхнээс мөнгө хулгайлж байхад Х.С хажууд хараад явж байсан. И.Уах ард хар өнгийн нарны шүхэр барьчихсан явж байсан. Тухайн үедээ бид нар мөнгөө тэнцүү хувааж аваад салсан 200.000 төгрөг тус тусдаа авсан гэжээ. / 1 дүгээр хавтас 213 /
Яллагдагч И.У мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...И.М, найз Х.С бид 3 хамт Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн орчим гадаад хөгшин эмэгтэйн араас нь дагаж яваад манай дүү И.М цүнхнээс нь түрүүвчийг нь аваад нөгөө эмэгтэй буудал руугаа буюу кофе шоп гэсэн бичигтэй шинэ баригдсан байшингийн хаалгаар шатаар өгсөөд яваад орсон. Тэгээд түрүүвчинд байсан америк долларыг солиулсан. Надад 230 ам доллар 40.000 төгрөг өгсөн гэжээ. / 3 дугаар хавтас 16 /
Хохирогч Мийна Ом Пракаш мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Сүхбаатарын талбайн урд талын автобусны буудлын урд талд манай эхнэр урд талд би араас нь явж байсан. Тэгсэн чинь автобус ирээд буудал дээр зогссон. Тэгтэл гэнэт борооны шүхэртэй залуу манай эхнэр бид хоёрын дундуур гарахдаа цээжрүү борооны шүхрээр цохьсон. Тэхээр нь би тэр залууд хандаж “ Чи яагаад миний цээж рүү цохиж байгаа юм бэ “ гэж хэлэхэд бага зэрэг маргаан болоод миний өмдний зүүн хойд талын халаасанд байсан гар утас алга болсон. Тэгтэл нөгөө шүхэртэй залуу шууд гүйгээд автобусны буудал дээр зогсож байсан автобусны хойд талын хаалгаар суусан. Тэгээд бороо ширүүн орж байсан болохоор буцаад автобусны буудал дээр ирэхэд тэнд зогсож байсан 2 охин “ Бид 2 тэр зугтаасан хүнийг харсан. Таны утсыг хулгайлахыг харсан “ гэж надад үйлдлээрээ үзүүлсэн. Нэлээд өндөр, зуйван нүүртэй, богинохон үстэй, том хацартай, биеэрхүү, цагаан фудволктой, хар өнгийн тор, эсвэл цүнх барьчихсан байсан. Харвал танина. Миний биед учирсан гэмтэл байхгүй. Би утасныхаа маркыг буруу хэлсэн байж магадгүй гэжээ. / 2 дугаар хавтас 239-243 /
Гэрч М.Мөнхтуяа мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би найз Дондогдуламтай уулзаад автобусанд суухаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо болох талбайн урд талын автобусны буудал руу Улсын их дэлгүүрээс алхаж ирж байхад автобусны буудал дээр 2 хүн холхиж байгаад нэг гадаад эрэгтэй хүний гар утсыг хулгайлж аваад нэгэндээ дамжуулж өгөөд хар цамцны завсар хийгээд цаашаа алхсан. Тэгээд эргэлдээд алхаад байсан. Алхаж байгаад нийлээд цаашаа Зоригийн хөшөөний зүг рүү явсан. Тэгэхэд тэр 2 гадаад хүн Му рhоnо гээд хайгаад байсан. Тэгэхээр нь бид 2 хулгайч аваад гүйсэн гэдгийг нь хэлсэн. Нэг дэх нь намхан жижиг биетэй 160 орчим см өндөртэй, шөвгөрдүү царайтай, хар саравчтай малгайтай улбар шардуу юүдэнтэй цамцтай, өмдийг нь санахгүй байна. Хоёр дахь нь бүдүүн махлаг, хар цамцтай, бараан өнгийн шорттой саарал өнгийн фудволктой махлагдуу давхар эрүүтэй байсан. Эвхдэг хар өнгийн зоонтигтой байсан гэжээ. / 2 дугаар хавтас 243 /
Гэрч Э.Дондогдулам мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Автобусны буудал дээр 2 хүн холхиж байгаад нэг гадаад эрэгтэй хүний гар утсыг хулгайлж аваад нэгэндээ дамжуулж өгөөд хар цамцны завсар хийгээд цаашаа алхсан. Тэгээд эргэлдээд алхаад байсан. Алхаж байгаад нилээн цаашаа Зоригийн хөшөөний зүг рүү алхаад явсан. Жижигхэн хар малгайтай нь хулгайлаад бүдүүндээ дамжуулж өгөөд бүдүүн нь цамцныхаа дотор далд хийсэн. Дараа нь тэр 2 гадаад хүмүүсийг яахнуу гээд ажиглаад холхиж байгаад яваад өгсөн гэжээ. / 2 дугаар хавтас 244, 247 /
Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл / 2 дугаар хавтас 231-234 /
Эд зүйлийн үнэлгээ / 3 дугаар хавтас 2-3 /
Хохирлын мөнгө түр хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл / 3 дугаар хавтас 20-21 /
Яллагдагч И.М мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...И.М тэр жижиг биетэй бор царайтай гадаад хүний халааснаас нь гар утсыг нь аваад бид 2 буцаад эргээд явсан. И.М тэр гар утсаа аваад явсан гэжээ. / 3 дугаар хаватс 37 /
Хохирогч Вен Ву мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2018 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 21:00 цагийн үед би Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Блүе скай “зочид буудлын гадаа явган хүний замаар явж байгаад үүрсэн цүнхнээсээ БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, Монгол улсын миний өөрийн жолооны үнэмлэх, бас миний өөрийн олон улсын эрхтэй жолооны үнэмлэх, бэлнээр 300 юань бүхий бор өнгийн хэтэвчээ хулгайд алдсан юм. Надад тухайн үед сэжиглэж байсан хүн байгаагүй. Сүүлд цагдаагийн ажилтантай хамт камераа шүүлгээд үзэхэд миний эд зүйлсийг гурван хүн нийлээд нэг нь намайг шахаад араас цүнх ухаад авч байгаа бичлэг үлдсэн байсан. Бичлэг дээр 3 залуу манай найз бид хоёрын араас дагаж байгаад борооны шүхэр барьсан залуу нь хажуу талаас шахаад хар бараан өнгийн хувцастай арай жижиг туранхай залуу нь араас цүнх ухаад миний эд зүйлсийг авч байгаа ба ард талд нь бас нэг цагаан пудволк хар хүрэмтэй залуу нь халхлаад явж байгаад миний цүнхнээс хэтэвчийг авангуутаа салаад буцаад явж байгаа бичлэг байсан. Би алдсан эд зүйлсээ буцаан авсан болохоор гомдол санал гээд байх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй гэжээ. / 1 дүгээр хавтас 63 /
Эд зүйл түр хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл / 1 дүгээр хавтас 69-73 /
Эд зүйлийн үнэлгээ /1 дүгээр хавтас 75-76 /
Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / 1 дүгээр хавтас 81-83 /
Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа / 3 дугаар хавтас 11 /
Яллагдагч И.М мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр би Сүхбаатар дүүргийн 1 хороо “Блүе скай” зочид буудлын ард өөрийн ах нар болох И.М, И.Унарын хамт явж байсан юм. Тэгээд “Блүе скай” зочид буудлын ард явган хүний замаар хоёр Хятад хүн хажуугаар алхаж өнгөрсөн ба хоёулаа халамцуу архи үнэртэж байсан. Тэгэхээр нь бид нар араас нь дагаж байгаад цүнхнээс нь түрүүвчийг нь суйлж аваад алхаад явсан. Явж байгаад түрүүвчийг нь нээгээд үзсэн чинь дотор нь 300 юань хятадын үнэмлэх, баахан жолооны үнэмлэх байхаар нь түрүүвчийг нь И.Маар буцаагаад өгүүлэх гэсэн чинь “Блүе скай” зочид буудал руу яваад орчихсон. Бид нарт хулгай хийнэ гэсэн санаа зорилго байгаагүй ээ. Бид 3 уулзчихаад харих гээд явж байсан юм. Бид нар ямар нэгэн шалтгаан нөхцөл байхгүй. Хулгай хийсэн гэм буруугаа ойлгож байна. Хохирлоо бүрэн барагдуулна гэжээ. / 1 дүгээр хавтас 86-87, 213-214 /
Яллагдагч И.М мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би өөрөө цүнхийг нь онгойлгоод хэтэвчийг нь аваад буцаад эргээд явсан. Буцаад гадаад хэргийн яам руу чиглэж яваад хэтэвчийг нь нээж үзэхэд дотор нь 300 юань жолооны үнэмлэх баахан бичиг баримтууд байхаар нь юаныг нь аваад хэтэвчийг нь хажууханд байсан эзэнгүй хашааны дунд хүн олохгүй газарт өвсөн дунд нуусан байсан гэжээ. / 1 дүгээр хавтас 91-92 /
Яллагдагч И.У мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...И.Мөнхжрагал, И.М бид 3 Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт гадаад харилцааны яамны орчим явж байгаад зам гараад явган хүний зам дээр 2 хятад хүнтэй тааралдсан. Тэр 2 хятад хүн зэрэгцээд явж байсан ба И.М араас нь дагаад цүнхнээс нь түрүүвчийг нь хулгайлж авсан. Би тэр өдөр нь мөнгөний хэрэг болоод хоёр хужаа явж байхаар нь эд зүйлийг нь авчихсан юм гэжээ. / 3 дугаар хавтас 16 /
Шүүгдэгч И.М-ийг 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / 1 дүгээр хавтас 36, 44-45, 86-87, 134-135, 140-142, 211-214, 3 29-31 /
Шүүгдэгч И.М-ыг 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / 1 дүгээр хавтас 91-92, 3 дугаар хавтас 38-39 /
Шүүгдэгч И.У-ыг 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / 1 дүгээр хавтас 206-207, 3 дугаар хавтас 09-10, 34-35 /
Шүүгдэгч Х.С-г 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / 1 дүгээр хавтас 195-198, 3 дугаар хавтас 41-42 /
Шүүгдэгч нар урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / 2 дугаар хавтас 54, 87, 89, 105 / зэрэг болно.
Шүүгдэгч И.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Би хүүхэдтэй болсон. Эхнэр хүүхэдтэйгээ амьдрахыг хүсэж байна. Хохирлоо төлсөн. Хийсэн хэрэгтэй гэмшиж байна. Цаашид гэмт хэрэг үйлдэхгүй чин шударгаар амьдарна гэв.
Шүүгдэгч И.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо нөхөн төлсөн. Эхнэр маань зээл авч хохирлыг төлсөн. Үр хүүхэдтэй болсон. Эхнэрийгээ давхар ялласандаа гэмшээд царайг нь харж чадахгүй байна. Эхнэрээсээ уйчлалт гуйж байна. Гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна гэв.
Шүүгдэгч И.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Барилгын ажил хийж хохирлоо төлсөн. Наргиж цэнгэхийн тулд мөнгө хэрэгтэй болоод хулгай хийсэн. Гэмт хэрэг үйлдэж цаг хугацаа алдсандаа харамсаж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Цаашид хэрэг үйлдэхгүй, Гэр бүлээ сайхан амьдруулахын төлөө хичээнэ гэв.
Шүүгдэгч Л.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хулгайлсан мөнгөөрөө биллиард тоглож , архи уусан. Архи уусан үедээ гэмт хэрэг үлдсэн. Барилгын ажил хийж байгаа. Хохирлоо төлсөн. Архинаас хол амьдрахын утга учрыг ойлгож байна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Шүүхээс шүүгдэгч И.М, И.М, И.Унар нь бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шангрила молл худалдааны төвийн орчимд насанд хүрээгүй хохирогч Г.Аззаяагийн 354.000 төгрөгийн үнэ бүхий Ай Фонь-6 Эс загварын гар утсыг халааснаас нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
- Х.С, И.М, И.Унар нь бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Пума Имтериал зочид буудлын үүдэнд Англи улсын иргэн Наталиа Илеваг дагаж явж байгаад түүний цүнхэнд байсан түрүүвчнээс 600 ам доллар / 1.477.688 /, 500 Малайз рингит / 304.725 / буюу нийт 1.782.393 төгрөгийн хохирол,
- И.М, И.М нар нь бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Ленин клубын автобусны буудлын орчимд Энэтхэг улсын иргэн Мийна Ом Пракаийн Самсунг жи-7 Нео маркийн гар утсыг халааснаас нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 408.000 төгрөгийн хохирол учруулсан,
- И.М, И.Унар нь бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Блью Скай” зочид буудлын ард талын явган хүний замаар явж байсан БНХАУ-ын иргэн Вэн Вугийн гар цүнхнээс 300 юань бүхий түрүүвч, бичиг баримт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 682.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: Насанд хүрээгүй хохирогч Г.Аззаяа мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би “Шангрила молл” дэлгүүрийн урд явган хүний гарцаар ганцаараа явж байхдаа Ай фоне 6 эс маркийн гар утсаа хулгайд алдсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн насанд хүрээгүй хохирогч Г.Аззаяа / 1 дүгээр хавтас 115 /, ... Хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд камерын бичлэгийг шүүж үзэхэд халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст бүртгэлтэй И.Ууганбаяр, И.М, И.М нар нь хохирогчийн гар утсыг авч байгаа бичлэг үлдсэн байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч А.Энх-Амгалангийн мэдүүлэг / 1 дүгээр хавтас 176-177 /, ... нэг эмэгтэйн баруун талын халааснаас нь Ай фоне-6 эс загварын гар утсыг нь авсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч И.Мийн мэдүүлэг / 1 дүгээр хавтас 213, 3 дугаар хавтас 29 /, ... эмэгтэй хүнийг И.М араас нь дагаж зам гараад халааснаас нь Ай фоне-6 эс гар утсыг нь авсан. И.М, И.Мөнзориг бид 3 тус тусдаа салаад явсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч И.Ууганбаярын мэдүүлэг / 3 дугаар хавтас 33 /, ... эмэгтэй хүүхэд явж байсан ба И.Уах урд талд нь ороод И.М араас нь дагаад би ард талд нь ороод И.М гарцан дээр халааснаас нь Ай фоне-6 гар утсыг аваад бид нар салаад өөр өөр тийшээ явсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч И.Мын мэдүүлэг / 3 дугаар хавтас 37 /, ...Эд зүйлийн үнэлгээ / 1 дүгээр хавтас 120-121 /, ...Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол / 1 дүгээр хавтас 157 /, ...Камерын бичлэгийг хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл / 1 дүгээр хавтас 159-164 /
... Зочид буудлын үүдэнд явж байхад араас үл таних 3 эрэгтэй намайг дуудаад цүнх рүү минь заагаад байсан. Тэгэхээр нь би цүнхээ хартал онгойсон байсан. Тэгээд шалгаад үзэхэд миний хэтэвч байхаар нь цүнхээ хаагаад зочид буудалдаа орсон. Тэгтэл миний араас нэг үл таних эрэгтэй орж ирээд намайг эд зүйлээ алдсан байж магадгүй гэхээр нь би хэтэвчээ шалгахад миний бичиг баримт байсан боловч 600 ам доллар, 500 малайз рингит байсан алдагдсан байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Наталиа Илевагийн мэдүүлэг / 1 дүгээр хавтас 14-15, 186 /, ... 20 гаран насны оюутан байрын залуу орж ирээд “ Эгч ээ. Энэ хүний цүнхэнд гараа хийгээд юмыг нь хулгайлчих шиг боллоо “ гэхээр нь би тэр эмэгтэйд “ Та юмаа шалга “ гэхэд тэр эмэгтэй түрүүвчээ гаргаж ирж үзээд “ 600 ам доллар, 500 малайз рингит алга байна “ гэсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч С.Алтансувдын мэдүүлэг / 1 дүгээр хавтас 16-17 /, ... хөгшин настай гадаад эмэгтэй жуулчныг 3 эрэгтэй хүн нэг нь урд талд нь нэг нь хажуу талд нь нөгөө нь хойд талд нь тойроод явж байсан. тэд нар тэр чигээрээ явсаар байгаад Пума империал зочид буудал руу ордог өгсдөг шатны яг зааг дээр хойд талд нь явж байсан нөгөө хоёроосоо арай жижиг биетэй залуу нь тэр гадаад эмэгтэй хүний цүнх рүү гараа хийсэн гэж гэрч Б.Тэргэл мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Б.Тэргэлийн мэдүүлэг / 1 дүгээр хавтас 18, 184-185 /, ... И.М гэх дүү нь тэр гадаад эмэгтэйн цүнхийг онгойлгоод цүнхнээс нь түрүүвчийг нь авсан. Би хажууд нь явж байсан ба харчихаад түрүүлээд алхсан. Араас И.М, И.Унар хүрч ирээд түрүүвчинд нь 280 ам доллар байна гэж надад хэлсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Х.Сгийн мэдүүлэг / 1 дүгээр хавтас 198 /, ... ах И.Ууганбаяр, Х.С нартай тааралдаад хамт гэрлэн дохиогоор гартал ахимаг насны гадаад эмэгтэй 2 тортой хүнсээ барьсан ардаа үүргэвчтэй цүнхээ үүрчихсэн байхаар нь би цүнхний жижиг цахилгааныг нь онгойлгоод түрүүвчийг нь аваад дотроос нь мөнгөнүүдийг нь аваад буцаагаад цүнхэнд нь хийчихсэн. Түрүүвчинд нь 230 ам доллар, 50.000 төгрөг байсныг нь авсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч И.Мийн мэдүүлэг / 1 дүгээр хавтас 213 /, ... Гадаад хөгшин эмэгтэйн араас нь дагаж яваад манай дүү И.М цүнхнээс нь түрүүвчийг нь аваад түрүүвчинд байсан америк долларыг солиулсан. Надад 230 ам доллар 40.000 төгрөг өгсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч И.Ууганбаярын мэдүүлэг / 3 дугаар хавтас 16 /, ... Шүхэртэй залуу цээжрүү борооны шүхрээр цохихоор нь жаахан маргаан болоод миний өмдний зүүн хойд талын халаасанд байсан гар утас алга болсон. Тэгтэл нөгөө шүхэртэй залуу шууд гүйгээд автобусны буудал дээр зогсож байсан автобусны хойд талын хаалгаар суусан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Мийна Ом Пракашийн мэдүүлэг / 2 дугаар хавтас 239-243 /, ... автобусны буудал дээр 2 хүн холхиж байгаад нэг гадаад эрэгтэй хүний гар утсыг хулгайлж аваад нэгэндээ дамжуулж өгөөд хар цамцны завсар хийгээд цаашаа алхсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч М.Мөнхтуяагийн мэдүүлэг / 2 дугаар хавтас 243 /, ... Жижигхэн хар малгайтай нь хулгайлаад бүдүүндээ дамжуулж өгөөд бүдүүн нь цамцныхаа дотор далд хийсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Э.Дондогдуламын мэдүүлэг / 2 дугаар хавтас 244, 247 /, ...Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл / 2 дугаар хавтас 231-234 /, ...Эд зүйлийн үнэлгээ / 3 дугаар хавтас 2-3 /, ...Хохирлын мөнгө түр хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл / 3 дугаар хавтас 20- 22 /, ... ...И.М тэр жижиг биетэй бор царайтай гадаад хүний халааснаас нь гар утсыг нь аваад бид 2 буцаад эргээд явсан. И.М тэр гар утсаа бас аваад явсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч И.Мын мэдүүлэг / 3 дугаар хавтас 37 /
... Блүе скай зочид буудлын гадаа явган хүний замаар явж байгаад үүрсэн байсан гар цүнхнээсээ бэлнээр 300 юань бүхий бор өнгийн хэтэвчээ хулгайд алдсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Вен Вугийн мэдүүлэг / 1 дүгээр хавтас 63 /, ...Эд зүйл түр хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл / 1 дүгээр хавтас 69-73 /, ... Эд зүйлийн үнэлгээ /1 дүгээр хавтас 75-76 /, ...Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / 1 дүгээр хавтас 81-83 /, ...Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа / 3 дугаар хавтас 11 /, ... “Блүе скай” зочид буудлын ард явган хүний замаар хоёр халамцуу архи үнэртүүлсэн хятад явж байхаар нь араас нь дагаж байгаад цүнхнээс нь түрүүвчийг нь аваад нээгээд үзсэн чинь дотор нь 300 юань байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч И.Мийн мэдүүлэг / 1 дүгээр хавтас 86-87, 213-214 /, ... ...Би цүнхийг нь онгойлгоод хэтэвчийг нь аваад буцаад эргээд явсан. Хэтэвчийг нь нээж үзэхэд дотор нь 300 юань байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч И.Мын мэдүүлэг / 1 дүгээр хавтас 91-92 /, ...И.Мөнхжрагал, И.М бид 3 Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр гадаад харилцааны яамны орчим явж байгаад 2 хятад хүнтэй тааралдсан. И.М араас нь дагаад цүнхнээс нь түрүүвчийг нь хулгайлж авсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч И.Ууганбаярын мэдүүлэг / 3 дугаар хавтас 16 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч И.М, И.М, И.У, Х.С нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа И.М, И.У, Х.С нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдгээрийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдав.
Шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тул тэдгээрийн үйлдсэн хэргийн нийгмийн хор аюул, учруулсан хохирол, хэргийн оролцоо, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч И.М-д 720 цаг, И.У-т 720 цаг, Х.С-д 632 цаг тус тус нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч И.Мт 1 жил 3 сарын хорих ял тус тус оногдуулж, түүнд урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 456 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 420 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 358 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцож, 44 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2ш сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч И.М, И.М, И.У, Х.С нар нь төлөх төлбөргүйг дурьдаж, шүүгдэгч И.Мийн цагдан хоригдсон 266 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч И.У30 хоног, Х.С 79 хоног тус тус цагдан хоригдсон тул цагдан хоригдсон 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, И.У-ын эдлэх ялаас 240 цагийг хасч, Х.С-г ял эдэлсэнд тооцож, И.М нь цагдан хоригдоогүй болохыг дурьдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт И-ийн У, Боржигон овогт И-ийн М, Боржигон овогт И-ийн М, Боржигон овогт Х-н С нарыг бүлэглэн хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1-г журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч И-ийн М-ийг 1 жил 3 сарын хугацаагаар хорих, И-н У, И-ийн М нарыг тус бүр 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-г журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Х-н Сг 632 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,2-д зааснаар И.М-т энэ тогтоолоор оногдуулсан 1 жил 3 сарын хорих ял дээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 456 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 420 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 358 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцож, 44 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жил 4 сар 14 хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар И.М-ийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүлийн 2-д зааснаар шүүгдэгч И.У 30 хоног, Х.С 79 хоног тус тус цагдан хоригдсон 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, И.У-ын эдлэх ялаас 240 цагийг хасаж, үлдэх 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлж, Х.С-г ял эдэлсэнд тооцож, И.М нь цагдан хоригдоогүй болохыг дурьдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, И. У, И. М, И.М, Х.С нар нь төлөх төлбөргүйг дурьдсугай.
7. И.Мийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. И.У, И.М, Х.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч И.Мт авсан цагдан хорих, И.У, И.М, Х.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ