Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2024/01896

 

 

 

 

 

 

 

 

 

2024 10 16 210/МА2024/01896

 

 

Б.Ц-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Т.Бадрах, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2024/04080 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Ц-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч НГ-т холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х ХК

Б.Ц-гийн өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уртбулаг баг, 5 дугаар хороолол, 18 дугаар байрны 00 тоотод байрлах 38 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг битүүмжилсэн шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 22370517/16 дугаар тогтоол,

Эд хөрөнгө хураах тухай шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 22370517/11 дугаар тогтоол,

Шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 1/6 дугаар Шинжээч томилох тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

1.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 30087 дугаар шийдвэрээр М ХХК, Г.Л-, С.Ч-, Б.Ц-, Г.Н-, М.С- нараас 434,598,362 төгрөгийг гаргуулж Х ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уртбулаг баг, 5 дугаар хороолол, 18 дугаар байрны 00 тоотод байрлах 38 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 06 дугаар тогтоолоор битүүмжилж, 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 11 дүгээр тогтоолоор хураан авсан. Эд хөрөнгө хураах тогтоолыг үйлдэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Учир нь шийдвэр гүйцэтгэгч нь маргаан бүхий хураах тогтоолд Орхон аймгийн Яргуйт баг, М.Б-, Б.М- нарыг хөндлөнгийн гэрчээр оролцуулсан гэж хураах тогтоолд үйлдэж, тэмдэглэл хөтөлсөн байна. Шийдвэр гүйцэтгэгч эд хөрөнгө хураах тогтоол үйлдэхдээ манай гэрт энэхүү 2 гэрчийг авч ирээгүй, харин манай гэрт цэрэг хувцастай 2 хүн орж ирээд, өөрсдийгөө шийдвэр гүйцэтгэгч гэж хэлээд нэг нь гэрийн доторх зураг авч, нэг нь үл хүндэтгэсэн байдлаар харилцаж, намайг төлбөр төлөхгүй байгаа учир эд хөрөнгийг хурааж байна гэж хэлээд цаасан дээр гарын үсэг зур гэхэд нь би татгалзсан. 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 22370517/11 дугаар Эд хөрөнгө хураах тогтоол үйлдэхдээ 2-оос дээш хөндлөнгийн гэрч оролцуулаагүй байж эд хөрөнгийг хураахдаа байлцуулсан мэтээр хураах тогтоол, тэмдэглэл үйлдсэн. Шийдвэр гүйцэтгэгч нь үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг хураах тогтоол үйлдэхдээ 2-оос доошгүй гэрч оролцуулах үүргээ хэрэгжүүлээгүй, гэрчээр оролцсон иргэдийн нэр, хаягийг ашиглаж хураах тогтоол үйлдсэн нь тогтоогдож байх тул энэ тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.

1.2. Шийдвэр гүйцэтгэгч 22370517/16 дугаар тогтоолыг үйлдэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлд заасныг зөрчсөн буюу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцыг тэмдэглэлээр баталгаажуулаагүй, ажиллагааны талаар төлбөр төлөгч нарт мэдэгдэх ажиллагааг хийгээгүй. Хуульд зааснаар мэдэгдэх хуудсыг хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулаагүй.

1.3. Шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 1/6 дугаар шинжээч томилох тухай тогтоолыг үйлдэж, томилогдсон үнэлгээчинд хуучин хүчингүй болсон Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан эрх үүргийг тайлбарлан өгсөн. 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр эрх үүрэг тайлбарлан өгөхдөө шинээр буюу 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Шүүх шинжилгээ хийсэн шинжээчид хуульд заасан эрх үүргийг тайлбарлан өгөөгүй, тухайн дүгнэлт гаргаж буй шинжээч хуульд заасан эрх үүрэгтэйгээ танилцаагүй нь уг дүгнэлт үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч М.С-ын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын Ү-2101001662 дугаарт бүртгэлтэй Орхон аймгийн Баян-Өндөр сумын 5 дугаар баг, Уртбулаг 18 дугаар байр 1166 тоот хаягт байрлах 38 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 23 дугаар зүйлд зааснаар 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 22370517/06 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 22370517/11 дугаар тогтоолоор хураахад нэхэмжлэгч Б.Ц- нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд биечлэн оролцож тайлбар өгч хөндлөнгийн гэрчүүдийг байлцуулж, эд хөрөнгийг хураасан нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Б.Ц- болон хөндлөнгийн гэрчүүдийн гарын үсэг зэргээр тогтоогдож байна.

Шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл хүргүүлэх, тайлбар тодорхойлолт гаргуулж авах, эд хөрөнгийг битүүмжлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь мөн төлбөр төлөгчийн орон байранд нэвтэрч явагддаг ажиллагаа бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт зааснаар хөндлөнгийн гэрчгүй явагдаж болохоор зүйлчлэгдсэн байна. Шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс эд хөрөнгийг хурааж Б.Ц-гийн хадгалалт, хамгаалалтад үлдээсэн болох нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, эд хөрөнгө хураах тогтоолоор нотлогдож байгаа нь хууль зөрчөөгүй байна. Б.Ц- нь өөрийн эрх ашиг зөрчигдсөн гэж үзвэл шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй ч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны процесстой холбоотой гомдлоо хуулийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан өдрөөс 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргах ёстой боловч тухайн хугацаандаа гаргаагүй, 1 жил 2 сарын дараа гаргаж байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт заасныг зөрчиж байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар нэхэмжлэгч, өмчлөгч Б.Ц-гээс 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр эд хөрөнгийг хураахад үнийн саналыг авахад 190,000,000 төгрөгөөр үнийн саналыг өгч, төлбөр авагч Х ХК-ийн зүгээс шинжээчээр үнэлгээ тогтоолгох хүсэлтийг ирүүлсэн. Тус газраас 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр мэргэжлийн үнэлгээчин Ц.Т-ийг томилж, зах зээлийн үнэлгээг тогтоолгоход 127,229,700 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч М.С- болон нэхэмжлэгч Б.Ц- нарт 2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 4-145/01010 дугаартай албан бичгээр мэдэгдсэн.

Төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар 89,060,790 төгрөгөөр оруулах мэдэгдлийг 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 4-145/2664 дугаартай албан бичиг, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2/8 дугаар тогтоолыг өмчлөгч Б.Ц-, төлбөр төлөгч М.С- нарт албан бичгээр мэдэгдэж, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан 00 тоот дахь орон сууцыг 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулсан анхны албадан дуудлага худалдаанд оролцогч Х ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б- нь 93,060,790 төгрөгийн үнийн саналаар ялагчаар тодорсон. Б.Ц-, М.С- нар нь үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн шинжээчийн үнэлгээг хүчингүй болгуулах болон орон сууцыг худалдсан анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар гомдол гаргасны дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 02273 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 01676 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 01290 тоот тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэнэ үү гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:

Төлбөр төлөгч сайн дураар төлбөрөө төлөөгүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэрт заагдсан хөрөнгө болох маргаан бүхий, Б.Ц-гийн өмчлөлийн 00 тоот дахь орон сууцыг битүүмжлэн хурааж, шинжээч томилон үнэлгээг тогтоолгох, албадан дуудлага худалдаанд оруулан худалдан борлуулах ажиллагааг явуулсан. Төлбөр авагч Х ХК нь 20232 оны 02 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулсан анхны албадан дуудлага худалдаанд орж тухайн орон сууцыг 93,060,790 төгрөгөөр худалдаж авсан. Дуудлага худалдааны ялагч Х ХК нь хуульд заасан хугацаанд төлбөрийг төлснөөр 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр улсын бүртгэлийн гэрчилгээг авч хууль ёсны өмчлөгч болсон. Гэтэл уг орон сууцны өмчлөх эрхтэй холбоотой шүүхийн маргаан үүсээгүй байхад хуулийн дээрх заалтаас өөр шаардлага буюу шийдвэр гүйцэтгэгчийн гаргасан тогтоол, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд нь шийдвэр гүйцэтгэгчийн гаргасан шийдвэр, явуулсан үйл ажиллагаанд гомдол гаргах эрхтэй байна. Б.Ц- нь тус шүүхэд уг орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах, албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргаж, энэ асуудлыг шүүх эцэслэн шийдвэрлэсэн гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчээс Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уртбулаг баг, 5 дугаар хороолол, 18 дугаар байрны 00 тоот дахь орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх тухай шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн тогтоол, Эд хөрөнгө хураан авах тухай шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн тогтоол, Шинжээч томилох тухай 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай Б.Ц-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

5. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг баримтаар нотолж, эрх маргаан бүхий хураах тогтоолын улмаас өмчлөх эрх зөрчигдсөн талаарх тайлбарыг шүүхэд тодорхой гарсан. Шийдвэр гүйцэтгэгч хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй улмаас нэхэмжлэгчийн эрх ашиг ноцтой зөрчигдсөн гэж үзэж байна. Улмаар хууль зөрчин явуулсан маргаан бүхий хураах тогтоолыг үндэслэж шинжээч томилох, албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах, өмчлөх эрх шилжүүлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Өөрөөр хэлбэл, хууль зөрчин хураах тогтоол үйлсний улмаас нэхэмжлэгч Б.Ц-гийн өмчлөлийн эд хөрөнгө Х ХК-д худалдан борлогдож, өмчлөх эрх шилжүүлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Нэхэмжлэгчийн өмчлөх эрх бусдад шилжигдсэнээр өмчлөх эрх ноцтой зөрчсөн гэж үзэж энэхүү гомдлыг гаргаж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэр хууль зөрчөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гуравдагч этгээдийн гаргасан тайлбарын агуулга:

Хураах тогтоолыг үйлдэхдээ хөндлөнгийн 2 гэрчийг оролцуулаагүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчөөгүй. Уг хуулийн зохицуулалтад шийдвэр гүйцэтгэгч хөндлөнгийн гэрчийг оролцуулах уу, оролцуулахгүй юу гэдгийг сонгох эрхтэй. Иймд анхан шатны шүүх хуулийн хүрээнд шийдвэр гаргасан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

1. Нэхэмжлэгч Б.Ц- нь хариуцагч НГ-т холбогдуулан өөрийн өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уртбулаг баг, 5 дугаар хороолол, 18 дугаар байрны 00 тоотод байрлах 38 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг битүүмжилсэн шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 22370517/16 дугаар тогтоол, эд хөрөнгө хураах тухай шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 22370517/11 дугаар тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 1/6 дугаар Шинжээч томилох тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2020/01845 дугаар захирамжаар нэхэмжлэгч Х ХХК-д 434,598,360 төгрөгийг хариуцагч М ХХК, Г.Л- нар төлөхөөр харилцан тохиролцож, талуудын эвлэрлийг баталгаажуулсан байна. /1хх43-45/

Түүнчлэн, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2023/02273 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч М.С-, Б.Ц- нь хариуцагч НГ-т холбогдуулан Орхон аймаг, Баян өндөр сум, 5 дугаар баг, Уртбулаг 18 дугаар байр, 00 тоот хаягт байршилтай, 38 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 127,229,700 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах, мөн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулагдсан анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 210/МА2023/01676 дугаар магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэжээ. Уг шийдвэр, магадлалыг Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан байна. /1хх190-205/

 

3. Дээрх хүчин төгөлдөр шийдвэр, магадлал, тогтоолыг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хариуцагч байгууллага 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 5 дугаар баг, Уртбулаг 5 дугаар хороолол, 18 дугаар байрны 00 тоот дахь 38 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр битүүмжилж, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хураан авсан байна. /1хх122-124, 131-133/

 

4. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 210/МА2023/01676 дугаар магадлалыг хянавал хэсгийн 4-т Дээрх хүчин төгөлдөр шийдвэр, магадлалыг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд шийдвэр гүйцэтгэх байгууллага 2022 оны 05 сарын 10-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, шийдвэр, магадлалд дурдагдсан орон сууцыг 2022 оны 12 сарын 12-ны өдөр битүүмжилж, 2022 оны 12 сарын 22-ны өдөр хураан авч, дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцоогүй үндэслэлээр 2023 оны 01 сарын 05-ны өдөр шинжээчээр үнэлгээчин Ц.Т-ийг томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан зохицуулалтад тус тус нийцжээ гэж дүгнэжээ.

 

4.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр эд хөрөнгө хураан авах ажиллагааг хүчингүй болгуулахаар шаардлага гаргасан боловч уг ажиллагааг хуульд нийцсэн талаар дээр дурдсанчлан шүүх дүгнэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсэгт зааснаар шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримтад тул уг ажиллагааны талаар дахин дүгнэхгүй. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй. /1хх122-133/

 

4.2. Хариуцагч байгууллагын шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 1/6 дугаар тогтоолоор Д ХХК-ийн шинжээч Ц.Т-ийг томилсон ажиллагааг дээрх шийдвэрээр дүгнэж, хуульд нийцсэн талаар тогтоосон байна. /1хх135-139, 140-157/

 

4.3. Нэхэмжлэгч нь үнэлгээ тогтоох ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргахдаа дээрх ажиллагааны талаар мэдэж байсан гэж үзэх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт заасан гомдол гаргах дараалал, хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн үндсэн дээр явуулах ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2024/04080 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ