Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2024/01796

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 09 23 210/МА2024/01796

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Т.Бадрах, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 0******* сарын 23-ны өдрийн 101/ШШ2024/02198 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******,

Хариуцагч: *******,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 1,782,700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 ******* нь 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 14 цагийн үед Баянзүрх дүүргийн ******* хороо, ******* байрны хойд талын замд Г.Мөнхжаргалын жолоодож явсан ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд мөргүүлж, баруун шаант туялзуур ясны ил хугарал, шилбэ тавхайн шарх, цус хуралт, зөөлөн эдийн бяцрал бүхий хүнд гэмтэл учирсан. *******ын учруулсан уг гэмтлийн улмаас баруун шилбэндээ түгжээтэй хадаас хийлгэж, 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Гэмтэл согог судлалын Үндэсний төвд хэвтэн эмчлүүлж, хагалгаа хийлгэж, төмөр хадаас болон шруп авах хагалгаанд орсон.

1.2 Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх хугацаанд цэвэр боолт, өвчин намдаагч, памперс 51,500 төгрөг, таяг 45,000 төгрөг, өвчин намдаах шархны эм 26,700 төгрөг, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад өөрөө босох боломжгүй, эргэлт хийх хүн байхгүй байсан тул 170,200 болон 52,300 төгрөгийн хоол идсэн. Мөн хүүхэд асран хамгаалах үйлчилгээний хөлс 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл нэг сарын төлбөр болох 1,500,000 төгрөг төлсөн.

Иймд хариуцагчаас нийт 1,782,700 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр зам тээврийн осол гаргаж, гэм буруугаа хуулийн дагуу хүлээн хохирогчоос уучлалт гуйж, түүнд учирсан эмчилгээ болон бусад зардлыг эрүүгийн журмаар 2,150,000 төгрөг, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шийдвэрээр нэхэмжлэгчид гэм хорын хохирол 7,472,300 төгрөгийг бүрэн төлсөн. Хохирогчийн эрүүл мэнд сайжирсан гэж үзэж байна.

2.2 Иймд эмчилгээ, таяг, эм тарианы зардал 123,200 төгрөгийг төлнө, бусад хэсэг болох 1,659,500 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Эмнэлэгт 3 хоног хэвтэн эмчлүүлсний хоол хүнсний зардалд өгсөн баримтууд нь нэг өдөр олон тооны хоол авсан зэрэг бодит байдалд нийцэхгүй баримтууд байгаа тул зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч *******аас 1,623,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 159,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалт, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д тус тус зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 40,921 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн дансанд төлүүлж шийдвэрлэсэн.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид учирсан эмчилгээ болон бусад зардлыг бүрэн төлсөн. Ээжийнхээ тэтгэврийн зээлээр төлсөн талаар баримт өгснийг дүгнээгүй орхигдуулсан.

4.2 Нэхэмжлэгчээс гэм хорын хохиролд дахин гарсан эмчилгээ, таяг, эм тарианы зардалд 123,200 төгрөг, хоол хүнсэнд 159,500 төгрөг, хүүхэд харах, асрах зардалд 1,500,000 төгрөг, нийт 1,782,700 төгрөгийг нэхэмжилснээс зөвхөн эмчилгээ, таяг, эм тарианы зардалд 123,200 төгрөгийг төлөх болохыг илэрхийлсэн.

4.3 Хүүхэд харах асрах зардал 1,659,500 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Хүүхэд асрах зардлын талаар тодорхойлон хуульчилж заагаагүй байхад анхан шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлан шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан гэм хорын хохиролд 1,782,700 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас эмчилгээ, таяг, эм тарианы зардал 123,200 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

3. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ШЦТ/892 дугаар шийтгэх тогтоолоор ******* нь 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 14 цаг 10 минутын үед Баянзүрх дүүргийн ******* хороо, ******* байрны хойд талын замд Тоёота приус-41 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа *******ийг мөргөж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан *******д холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2021/ДШМ/950 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. /хх 37-45/

3.1 Хариуцагчийн дээрх гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд хохирол учирсан тул хариуцагч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар уг гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй.

4. Нэхэмжлэгч нь *******тай 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Сүхбаатар дүүргийн ******* хороо ******* тоот орон сууцанд 1-5 насны 3 хүүхэд асрах ажлыг 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаагаар гүйцэтгүүлэхээр, ******* нь ажлын хөлсөнд 1,500,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байна.

5. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь дээрх зам тээврийн ослын улмаас дахин 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хагалгаанд орсон. Ийнхүү нэхэмжлэгч нь дээрх хугацаанд хүүхдээ асран хамгаалах боломжгүй болж, хүүхдийг асруулахаар бусадтай гэрээ байгуулж, гэрээний дагуу бусдад 1,500,000 төгрөг төлсөн нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасан зайлшгүй зардалд хамаарч байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид эмчилгээ, таяг, эм тарианы зардал 123,200 төгрөг, хүүхэд асрах хөлсөнд төлсөн 1,500,000 төгрөгийн бодит хохирол учирсан, үүний шалтгаант холбоо тогтоогдож байх тул анхан шатны шүүх хариуцагчаас 1,623,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь дээрх хуульд нийцжээ. Иймд хариуцагч талын ...хүүхэд асрах зардлын талаар тодорхойлон хуульчилж заагаагүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

5.1 Хэргийн 66-67 дугаар талд Хаан банкинд 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар 2,374,325 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй талаарх тодорхойлолт болон зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга авагдсан. Уг нотлох баримт нь хэрэгт ач холбогдолгүй байхаас гадна анхан шатны шүүх уг нотлох баримтын талаар дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл болохгүй. Иймд хариуцагч талын ...Ээжийнхээ тэтгэврийн зээлээр төлсөн талаар баримт өгснийг дүгнээгүй орхигдуулсан гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

6. Анхан шатны шүүх иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул талуудын шүүхийн иргэдийн төлөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсгийг зөрчөөгүй байна. 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 0******* сарын 23-ны өдрийн 101/ШШ2024/02198 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 40,921 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

М.БАЯСГАЛАН