Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 832

 

                                                                                                                      

 

 

 

 

 

 

    2019          5         23                                  2019/ШЦТ/832

 

                                                                                          

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС        

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,   

Нарийн бичгийн дарга М.Баярмаа,

Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хялбаршуулсан журамаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мэргэн лам овогт Б.Мд холбогдох эрүүгийн 1906 02241 0995 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б.М

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Б.М нь 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 71 дүгээр байрны 30 тоотод иргэн Э.Дөлгөөнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

         ТОДОРХОЙЛОХ нь :

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1906 02241 0995 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан:

 

Хохирогч Э.Дөлгөөний мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр гэртээ хүүхдээ хараад амарч байх үед манай нөхөр Б.М надруу залгаж "хороололд нэг найзтайгаа пиво уух гэж байна" гэж хэлсэн. Би "байгаа газар чинь очьё" гэхэд Б.М дургүйцсэн. Тэгээд би орой 20 цаг өнгөрч байхад Б.Мын байгаа газар очсон. Б.М Гэрэлтбямба гэдэг найзтайгаа пиво уучихсан нилээн халамцуу байсан. Би очоод тэр хоёртой нийлээд бас пиво уусан. Дараа нь үйлчлүүлж байсан пабаас гараад караокед орж дуулсан. Тэгээд тэндээсээ салаад нөхөр бид хоёр такси бариад гэрлүүгээ явсан. Явж байх үед Б.М унтаад өгсөн. Тэгэхээр нь би Б.Мын гар утсыг нь аваад үзсэн чинь нэг эмэгтэйтэй мессежээр харилцсан байсан. Тэгээд би гэрийн гадаа очсоны дараа уурлаж Б.Мыг хоёр удаа алгадсан. Хөлрүү нь өшиглөсөн. Гэтэл Б.М намайг зөрүүлээд алгадсан. Тэгээд гэрт орсоны дараа намайг үснээс зулгааж боож зодсон. Энэ үед манай дүү Ангараг гарч ирээд салгасан. Дараа нь манай ах Соронзонболд орж ирсэн. Тэгээд байдал намжсан гэх мэдүүлэг /хх-ийн 10 тал/,

 

            Шүүгдэгч Б.Мын мөрдөн байцаалтад өгсөн:

Би 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр найз Гэрэлтбямбын хамт хороололд очиж нэг газар сууж пиво уухаар ярилцсан. Тэгээд энэ тухайгаа эхнэр Дөлгөөнд хэлсэн чинь Дөлгөөн дургүйцсэн. Тэгээд бид хоёр хороололд Вэнэсвэй гэдэг пабд сууж үйлчлүүлж байхад Дөлгөөн надруу залгасан. Дөлгөөн "яваад очье" гэхээр нь би "чи ирээд дэмий хүүхэд харах хүн байхгүй тэгээд ч манай ангийнхан ирэх юм шиг байна" гэсэн. Гэтэл эхнэр хүрээд ирсэн. Бид гурав хүний 5-6 пиво уусан. Дараа нь доод давхарт байрлах караокед орсон. Тэнд нэг цаг дуулсан. Тэгээд тэндээс гараад Гэрэлтбямба гэрлүүгээ яваад өгсөн. Эхнэр бид хоёр таксинд суугаад явсан. Замдаа би таксинд унтаад өгсөн. Гэтэл гэнэт намайг 3-4 удаа алгадсан. Би гайхаад сэрсэн чинь гэрийн гадаа ирчихсэн байсан. Тэгээд бас миний утсыг нээгээд доторх мессежийг нь уншчихсан байсан. Намайг хардаж уурлахдаа намайг унтаж байхад цохиж сэрээсэн. Би яагаад байгааг нь асуусан чинь өөдөөс уурлаад тайвширах шинжгүй байсан. Тэгээд бид хоёр маргалдсан. Согтолт их байсан учраас уураа барьж дийлээгүй. Намайг олон удаа цохиод байсан учраас би тэвчиж чадалгүй Дөлгөөнийг алгадсан. Тэгээд гэрт орсоны дараа Дөлгөөн агсан тавиад "чи намайг алчихаад гар" гэсэн. Би дахиж тайвшруулах гэж оролдсон боловч агсан тавиад орилж хашгираад байсан. Тэгээд би биеэ барьж дийлэлгүй Дөлгөөнийг алгадаж үснээс зулгааж хөлрүү нь өшиглөсөн гэх мэдүүлэг /хх-ийн 12 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 4281 дугаартай:

Э.Дөлгөөний биед шуу, бугуйн үе, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээх үүсгэгджээ. Уг гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэх шинжээийн дүгнэлт /хх-ийн 16 тал/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 тал/,

Хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 5 тал/,

Хохирогч Э.Дөлгөөний цагдаагийн байгууллага болон прокурорын газарт гаргасан гомдол саналгүй гэх хүсэлт /хх-ийн 44-45 тал/,

Б.Мын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 27 тал/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26 тал/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 28 тал/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 31 тал/, хувийн байдлыг тодруулсан баримтууд /хх-ийн 33-38 тал/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

   Шүүгдэгч Б.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

            Иймд шүүгдэгч Б.Мын эхнэр Э.Дөлгөөний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.М нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна. 

 

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

 

         ТОГТООХ нь:

   1. Шүүгдэгч Мэргэн лам овогт Б.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.  

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

   5. Хэргийн учир шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг, хохирогч санал гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.

   6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Мд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

   7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

   8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Н.БААСАНБАТ