| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
| Хэргийн индекс | 101/2016/5079/и |
| Дугаар | 1523 |
| Огноо | 2016-09-05 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 1523
Хас банкны нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2016/05079 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч Хас банкны нэхэмжлэлтэй,
Хариуцагч Д.Дамдинжав, Д.Оюун нарт холбогдох
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 40 509 ам.доллар буюу 80 866 901 төгрөг, нотариатын хөлс 11 500 төгрөгийг хамт гаргуулах, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг
Хариуцагч Д.Дамдинжавын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Амараа
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Маралмаа нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батцэнгэл, Х.Амараа нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Д.Дамдинжав нь 2011 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 1370002002 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж, 36 310 ам.долларын зээлийг 360 хоногийн суурь хүү+1 хувийн хувьсах хүүтэй 180 сарын хугацаатай, орон сууц санхүүжүүлэн бариулах зориулалтаар авсан. Зээлийн барьцаанд Баталгаат ипотекийн 1370002002-01 дугаар гэрээгээр Улсын бүртгэлийн Ү-2204038682 дугаартай Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ургах наран хороолол /13180/ 8 дугаар байр, 5 тоот 58.3 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалсан болно. Д.Дамдинжав, Д.Оюун нарт гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч төлбөр төлөх талаар арга хэмжээ авахгүй, төлбөр төлөхөөр тохиролцсон нөхцөлөөр зээл төлөхгүй зээлийн төлөлтийг 693 хоногоор хугацаа хэтрүүлэн, гэрээний хавсралтад заасан үүргээ ноцтой зөрчиж байгаа тул банкны зүгээс 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөр гэрээг нэг талын санаачилгаар цуцлаж, дараах үнийн төлбөрийг гаргуулахаар нэхэмжилж байна. Үндсэн зээлийн төлбөр 32 816 ам.доллар, зээлийн хүү 7 634 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 59 ам.доллар, нийт 40 509 ам.доллар буюу 80 866 901 төгрөгийг гаргуулж, төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Д.Дамдинжав шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие орон сууцны зориулалтаар, америк доллараар тооцож олгосон зээлийг төлөхөд долларын төгрөгтэй харьцах ханш огцом өссөнөөс болж хүндрэл үүссэн. Банкны зүгээс зээл төлүүлэх талаар уулзаж ярилцах бүрт миний зээлийг төгрөгийн 8 хувийн зээлд оруулах санал тавьж байсан боловч миний хүсэлтэд хариу өгөөгүй. Зээлийг ам.доллараар авсан ба үндсэн зээл болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг зээл авах үеийн төгрөгийн ханшаар буюу 1204.68 төгрөгөөр тооцож зээлийг төлөх үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Д.Дамдинжав, Д.Оюун нараас үндсэн зээлийн төлбөр 32 816 ам.доллар, зээлийн хүү 7 634 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 59 ам.доллар, нийт 40 509 ам доллар буюу 80 878 401 төгрөг, нотариатын хөлс 11 500 төгрөгийн хамт гаргуулж нэхэмжлэгч Хас банкинд олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Улсын бүртгэлийн 2204038682 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Ургах наран хороолол, 8 дугаар байр, 1 дүгээр орц, 2 давхар, 5 тоот хаягт байрлах 58.3 кв талбайтай, 2 өрөө орон сууцыг албадан борлуулж үнийн дүнгээс 80 866 901 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банкинд олгохыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Хас банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 562 342 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Дамдинжав, Д.Оюун нараас 562 342 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банкинд олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Д.Дамдинжав давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийдвэрээр 40509 ам.доллар буюу 80 878 401 төгрөг, нотариатын хөлс 11 500 төгрөгийн хамт гаргуулж нэхэмжлэгч Хас банкинд төлөхөөр тогтоосон. Энэ нь 1 ам.долларын ханшийг нэхэмжлэл гаргасан өдрийн буюу 1 996,27 төгрөгөөр тооцсон дүн юм. Гэтэл Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэж заасан. Уг заалтын дагуу үүрэг үүсэх үед буюу 2011 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Монголбанкны зарласан 1 ам.долларын ханш 1 204,68 төгрөгтэй тэнцүү байсан байна. Иймд Хас банкинд хариуцагч нь 40509 ам.доллар буюу 48 800 382 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж үзэж байна. Иймд хэргийг дахин хянаж, шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч Хас банк нь хариуцагч Д.Дамдинжав, Д.Оюун нарт холбогдуулан 2011 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн №1370002002 тоот зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 40.509 ам.доллар буюу 80 866 901 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “…зээлдэгч Д.Дамдинжав, Д.Оюун нар гэрээний эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж төлбөрөө төлөөгүй тул гэрээг хугацаанаас өмнө цуцласан” гэж,
хариуцагч Д.Дамдинжав “…Хас банкинд уг зээлийг Засгийн газраас олгож буй 8 хувийн ипотекийн зээлд шилжүүлэх тухай хүсэлт гаргасныг шийдвэрлэж өгөөгүй, зээлийн төлбөрийг үүрэг үүсэх үеийн төгрөгийн ханшаар тооцож төлнө” гэж тус тус тайлбарлажээ.
Зохигчид 2011 оны 03 дугаар сарын 29-ний өдөр №1370002002 тоот зээлийн гэрээ байгуулж, гэрээгээр Д.Дамдинжав, Д.Оюун нар 48 097 500 төгрөг буюу 36 310 ам.долларыг 180 сарын хугацаатай, жилийн 11.50 хувийн хүүтэйгээр тохиролцож, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Д.Дамдинжавын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ургах наран хороолол, 8 дугаар байрны 5 тоот орон сууцыг барьцаалсан 2011 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №1370002002-01 тоот барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангасан байна. /хх-11-18/
Хариуцагч Д.Дамдинжав, Д.Оюун нар зээлийн төлбөрөөс 40.509 ам.доллар буюу 80 878 401 төгрөг төлөөгүй талаар зохигч маргаагүй болно.
Нэхэмжлэгч Хас банк ХХК нь хариуцагч Д.Дамдинжавд 2015 оны 11 дүгээр сарын 03, 12 дугаар сарын 25, 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрүүдэд дээрх зээлийн гэрээний төлбөрийг барагдуулах тухай мэдэгдэл, шаардах хуудас зэргийг хүргүүлж байсан, зээлдэгч нар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбар, бичгийн баримтуудаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар 2011 оны 03 дугаар сарын 29-ний өдөр №1370002002 тоот зээлийн гэрээг цуцалж, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийг төлүүлэхээр шаардах эрхтэй юм.
“Хас” банк, Д.Дамдинжав, Д.Оюун нарын хооронд байгуулагдсан ам.долларын зээлийн гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчөөгүй, хэн алины хүсэл зориг, чөлөөт байдлын илэрхийлэл болсон хүчин төгөлдөр хэлцэл юм.
Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д “төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэж заасан нь монгол төгрөгийн гадаад улсын валюттай харьцах ханш өөрчлөгдөх тохиолдолд хамаарахгүй юм. Иймд ам.долларын зээлийг тооцохдоо зээл авах үеийн ханшийг баримтлан төгрөгөөр гүйцэтгэх үүргийг тодорхойлох ёстой гэх хариуцагчийн тайлбар, гомдол хууль зүйн үндэслэлгүй болно.
Зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдах үед 1 ам.долларын ханш 1.200,04 төгрөг байсан боловч шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргах үеийн ханшаар 1 ам.долларыг 1996,27 төгрөгөөр тооцож 40.509 ам.доллар буюу 80 878 401 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.
Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.Дамдинжавын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2016/05079 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.Дамдинжавын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Д.Дамдинжавын төлсөн 318 340 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА
Д.ЦОГТСАЙХАН