| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
| Хэргийн индекс | 117/2018/0003/З |
| Дугаар | 221/МА2019/0342 |
| Огноо | 2019-06-19 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 221/МА2019/0342
| 2019 оны 06 сарын 19 өдөр | Дугаар 221/МА2019/0342 | Улаанбаатар хот |
|
|
|
|
Г.Э-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, гомдол гаргагч Г.Э-, гомдол гаргагчийн өмгөөлөгч Д.Гомбо нарыг оролцуулан, Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 06 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Ч.Оюунжаргалын давж заалдах гомдлоор, Г.Э-ийн гомдолтой, Дундговь аймгийн Татварын хэлтсийн Улсын байцаагч Ч.Оюунжаргалд холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 06 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2, Нотариатын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, 43 дугаар зүйлийн 43.2, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Э-ийн улсын байцаагч Ч.Оюунжаргалд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дундговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 0802201713 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгон шийдвэрлэсэн байна.
Хариуцагч Ч.Оюунжаргал нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нотариатын тухай хуулийн 4.1. “Нотариатчийн үйл ажиллагааг нотариатч болон энэ хуулийн 16.2 -т заасан нотариатчийн үүрэг гүйцэтгэгч эрхлэн явуулна”, 16 дугаар зүйлийн 16.2-д зүйлд зааснаар “сумын Засаг даргын Тамгын газрын дарга нотариатчийн үүргийг хавсран гүйцэтгэнэ”, 16.4-т нотариатчийн үүргийг хавсран гүйцэтгэж байгаа албан тушаалтанд энэ хуульд заасан нотариатчийн эрх, үүрэг, холбогдох бусад зүйл, заалт нэгэн адил хамаарахыг хуульчилсан байна.
Мөн хуулийн 4.3.”Нотариатч нь төрийн нэрийн өмнөөс хөндлөнгийн гэрчийн үүрэг гүйцэтгэж, эд хөрөнгийн болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бус харилцаанд оролцож байгаа этгээдэд эрх зүйн зөвлөгөө өгөх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 12 дугаар зүйлийн 12.1-т “Нотариатын үйлчилгээ төлбөртэй байна”, 12.2. “Нотариатч хуульд заасан нотариатын үйлдэл хийх, хууль зүйн зөвлөгөө өгөх, баримт бичиг боловсруулах, нотариатын үйлдлийн талаар лавлагаа гаргахад үйлчилгээний хөлс авах бөгөөд үйлчлүүлэгчийн хүсэлтээр ажлын байрнаасаа өөр газар очиж үйлчилсэн бол үйлчилгээний хөлс болон тээврийн зардлыг үйлчлүүлэгчээс авна.” 12.4-т “Энэ хуулийн 16.2, 16.3-т заасан албан тушаалтан нотариатын үйлчилгээний хөлсийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасны дагуу авна” гэж тус тус зохицуулсан.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 3.1-т Төрийн эрх бүхий байгууллагаас энэ хуульд заасан үйлчилгээ үзүүлсний төлөө иргэн. хуулийн этгээдийн төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж /цаашид "тэмдэгтийн хураамж” гэх/ гэнэ.
Дээрхи хууль тогтоомжоор Засаг даргын тамгын газрын дарга нь төрийн нэрийн өмнөөс нотариатчийн чиг үүргийг хэрэгжүүлэх, нотариатын үйлчилгээний хөлсийг үйлчилгээ авагч этгээдээс хурааж орон нутгийн төсөвт тухай бүр шилжүүлж, холбогдох тайланг гаргах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл бусдын төлсөн төлбөрийг хувьдаа ашиглаж, хуулийн хугацаанд төсөвт шилжүүлэхгүй, төсвийн орлогыг саатуулсан зөрчилтэй.
Монгол Улсад татварын харилцааг Татварын ерөнхий хуулиар зохицуулдаг бөгөөд Тамгын газрын дарга буюу төрийн албан хаагч нь нотариатчийн үүргийг хэрэгжүүлэгч болсон тэр цагаас эхлэн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасан улсын тэмдэгтийн хураамжийг хураах, тогтоосон хугацаанд төсөвт шилжүүлж, тайлагнах үүргийг хүлээсэн.
Мөн түүнчлэн Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйл. Татвар төлөгч Татварын хууль тогтоомжийн дагуу татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа, тодорхой эрх бүхий, эсхүл ажил үйлчилгээ эрхэлж, түүнчлэн газар, түүний хэвлий, байгалийн баялаг, ашигт малтмалын нөөц ашигласан, агаар, ус, хөрс бохирдуулснаас татвар төлөх үүрэг хүлээсэн хувь хүн, хуулийн этгээд татвар төлөгч байна.
Дээрх хууль тогтоомжоор Нотариатын төлбөр болох улсын тэмдэгтийн хураамжийг төлөгч нь /татвар төлөгч нь/ түүгээр үйлчлүүлсэн иргэн, хуулийн этгээдүүд болохоос биш төрийн нэрийн өмнөөс нотариатын үйлчилгээг үзүүлж байгаа төрийн албан хаагч биш юм.
Иймд Татварын ерөнхий хуулийн 32.1.Татварын алба, татварын улсын байцаагч нь татвар төлөгчийн татварын үүргийг тодорхойлох, татвар хураахтай холбогдсон мэдээ, баримт цуглуулах, хяналт шалгалт хийхдээ дараах журмыг баримтална гэх хуулийн заалт хамаарахгүй тул удирдамж, томилолт олгоогүй болно.
Өөрөөр хэлбэл Татварын ерөнхий хуулийн дагуу татвар төлөгчийн үйл ажиллагааг шалгаагүй, харин тусгайлсан хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 42.5. “Энэ хуулийн биелэлтэд Үндэсний татварын алба хяналт тавина.” гэх заалтыг хэрэгжүүлэхэд зөрчил илэрч, түүнд холбогдох хуулиар хариуцлага хүлээлгэсэн.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д зааснаар Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль тогтоомж нь Татварын ерөнхий хууль, энэ хуулийн болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ гэжээ.
Мөн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 46.2-т Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлд “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ.”, “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна.”
Өөрөөр хэлбэл Татварын хууль тогтоомжийн нэг болох Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэлийг оногдуулсан.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “татварын алба холбогдох татварын зөвлөгөө өгч, тайлан, маягтаар хангаагүй үндэслэлээр нэхэмжлэгчийн шууд буруутгах боломжгүй гэжээ” Монгол Улсын Үндсэн хуульд хууль мэдэхгүй нь тухайн хүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан бөгөөд татварын албанаас тодорхой хуваарийн дагуу болон татвар төлөгчдийн өдрүүдээр татварын хууль тогтоомжийг сурталчлан таниулах, татварын хэлтсийн байран дээр ирж холбогдох тайлангийн маягт зэргийг авах боломжийг олгодог. Шаардлагатай асуудлаар амаар болон бичгээр хандсан тохиолдолд холбогдох зөвлөгөө, туслалцааг үзүүлж ажилладаг тул дээрх үндэслэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Нөгөөтээгүүр нэхэмжлэгч тайлан гаргаж, тушаах талаар мэдэхгүйгээс хугацаандаа тайлангаа өгч байгаагүй гэж тайлбарласнаар зөрчлөө өөрөө хүлээн зөвшөөрч илтгэсэн байна.
Мөн уг зөрчлөөр нэхэмжлэгч ажлаас халагдсан тул нэг зөрчилд хоёр хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлгүй гэжээ.
Монгол Улсад татварын харилцааг гагцхүү татварын хуулиар зохицуулах бөгөөд уг хуулийн хэрэгжилтийг хангуулах чиг үүргийг хуулиар хүлээсэн татварын улсын байцаагч хуульд заасан үндэслэлээр хариуцлага тооцсон болно.
Шүүх тогтоох хэсэгтээ "... гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.” гэж заасан нь ЗХШХШТХ-ийн 114 дүгээр зүйлийн 114.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.” гэх хуулийн заалтыг хэрэглээгүй, 5 хоног гэж гомдол гаргах эрхийг хязгаарласан зөрчилтэй.
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль болон Төсвийн тухай хуулиар Татварын байгууллага нь төсөвт байгууллага бөгөөд батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах үүргийг хуулиар хүлээдэг.
Улсын тэмдэгтийн хураамжийг төсвөөр баталдаггүй, төдийгүй Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн албан татвар, төлбөр нэхэмжилсэн тохиолдолд чөлөөлөгддөг зохицуулалттай иймд тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө үү.
Дээрхи үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хариуцагчийн гаргасан гомдлын дагуу Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 06 дугаар шийдвэртэй хэргийг хянаад шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.
Нэхэмжлэгч Г.Э- нь Дундговь аймгийн татварын хэлтсийн улсын байцаагчийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 0802201713 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэжээ.
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй бөгөөд нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэн, хангалттай нотлох баримт цуглуулж хэргийг шийдвэрлэсэн байна.
Иргэн Г.Э- нь 2011 оны 08 дугаар сарын 15-наас 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсан бөгөөд Нотариатын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 16 дугаар зүйлийн 16.2-т зааснаар Хууль зүйн сайдын 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/215 дугаар тушаал, түүний хавсралтаар нотариатч ажиллаагүй суманд нотариатчийн үүрэг хавсран гүйцэтгэхээр эрх олгогджээ.
Ийнхүү Г.Э- нь нотариатчийн үүрэг гүйцэтгэж байхдаа 2014, 2015, 2016 онуудад нотариатын үйлчилгээ явуулсны хураамж 1.813.750 /нэг сая найман зуун арван гурван мянга долоон зуун төгрөг/ төгрөгийг орон нутгийн төсөвт оруулаагүй байна. Үүнийг татварын улсын байцаагчаас Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийн “Татвар ногдох орлого, орлогоос бусад татвар нотлох зүйлийг нуун дарагдуулсан, эсхүл бусад хүн хуулийн этгээдэд үндэслэлгүйгээр шилжүүлсэн, эсхүл нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулсан бол татварыг нөхөн төлүүлж, ...“ гэж заасан зөрчлийг гаргасан гэж үзжээ.
Энэхүү хэргийн тохиолдолд иргэдээс улсын тэмдэгтийн хураамж хэлбэрээр тушааж байгаа мөнгө нь Г.Э-ийн олж байгаа “татвар ногдох орлого” биш юм. Эсрэгээрээ Нотариатчийн үүрэг гүйцэтгэгч, сумын Засаг даргын Тамгын газрын дарга ажилтай Г.Э- нь улсын төсөвт тушаах ёстой байсан, итгэмжлэн хариуцсан мөнгөө завшиж үрэгдүүлсэн гэж үзэхээр байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 5.1-т тэмдэгтийн хураамжийг дор дурдсан үйлчилгээнд хураана гээд 5.1.3 нотариатын үйлчилгээ үзүүлэх гэжээ. Мөн хуулийн 42.3-т Тэмдэгтийн хураамжийн орлогыг улсын болон орон нутгийн төсвийн дансанд тушаах бөгөөд бэлнээр хураасан орлогын хэмжээ 10.000 төгрөг хүрсэн тухай бүрд дансанд тушааж байна гэж заасныг зөрчиж тухай бүр дансанд тушаах ёстой мөнгийг тушаагаагүй, завшиж үрэгдүүлсэн байж болохоор байна.
Нэхэмжлэгч Г.Э- нь татварын улсын байцаагчийн актаар тогтоосон нөхөн татвар болон торгууль, алдангийг төлж барагдуулсан, энэхүү гаргасан зөрчлийнхөө улмаас ажлаасаа чөлөөлөгдсөн байна.
Анхан шатны шүүх татварын улсын байцаагчийн хяналт шалгалт явуулсан хугацаа /удирдамжийн дагуу явуулах ёстой хугацаа/, зөрчлийг шалган шийдвэрлэхдээ холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулсан эсэх, Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-т татварын хяналт шалгалт хийх талаар татвар төлөгчид ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө урьдчилан мэдэгдэнэ гэж заасныг хэрэгжүүлсэн эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Түүнчлэн анхан шатны шүүх “Зөрчил шалгах явцад үйлдсэн татварын ажлын хяналт шалгалтын картаар татварын хяналт шалгалтын төрлийг удирдамжаар, шалгалтад хамруулах үндэслэлийг өргөдөл хүсэлтээр гэж заасан байх боловч хэнээс ямар өргөдөл хүсэлт ирснийг зөрчлийн хэрэгт хавсаргаагүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.14-т заасан өргөдөл гомдол мэдээллийг хүлээн авсан бол өөрөө шалгах, эсхүл шалгах ажлыг удирдан зохион байгуулах гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна”, “Татварын улсын байцаагчийн 0802201713 дугаартай шийтгэлийн хуудсаар зөрчил үнэн зөв тогтоогдсон байх, үйлдэл нь зөрчлийн хуулийн зүйл хэсэг заалттай тохирсон байх зэргээр нэхэмжлэгчийн шударга ёсны эрхийг зөрчсөн, шийтгэлийн хуудас нь хуульзүйн үндэслэлгүй, тогтоосон журмыг хэрэгжүүлээгүй болох нь тогтоогдож байна” гэж үндэслэлтэй зөв дүгнэлт хийжээ.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2-т зааснаар шийтгэлийн хуудсыг бичих, мөн заалтын 7-д зааснаар Засгийн газраас баталсан маягтыг хэрэглэхээр хуульчилсан ба шийтгэлийн хуудсаар яг ямар зөрчилд хариуцлага тооцсон нь тодорхойгүй, эсхүл гэх сонгох зөрчлийн үндэслэлээ зөв тодорхойлоогүй, 2014 оны Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дагуу, 2015 оны улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дагуу, 2016 оны улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дагуу гэж хэрэглэх хуулиа зөв сонгоогүй, бичвэрийн хувьд алдаатай, 1.2 дугаар заалт нь бүрэн гүйцэд эсэх нь тодорхойгүй, 3 дугаар заалт 2 давхацсан , зохих маягтыг хэрэглээгүй зэргээр актын агуулга хэлбэрийн шаардлагыг хангаагүй болох нь нотлогдож байх тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дугаар сарын 03-ны өдрийн 06 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР