Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 889

 

 

 

 

 

 

 

 

   2019        06          03                                  2019/ШЦТ/889

 

                                               

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Нарийн бичгийн дарга Ц.Отгонням,

Улсын яллагч А.Ариунаа,

Шүүгдэгч Г.З,

Шүүгдэгч О.М, тэдний өмгөөлөгч О.Анхбаяр,

Шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ, С.Батзаяа нарыг оролцуулан Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О.М, Г.З нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 00967 0752 дугаартай хэргийг хүлээн авч тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:  

Монгол Улсын иргэн, 1996 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын цахилгаанчин мэргэжилтэй, Бадамлах нар ХХК-д цахилгаанчин ажилтай, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Харуул-Алтай хотхоны 108-73 тоотод оршин суудаг, УК96100813 регистрийн дугаартай, Борхоо овогт Эрдэнэчулууны Э.Б,

Монгол Улсын иргэн, 2000 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Өгөөмөр техникийн захад авто машины сэлбэг зарж, засвар хийдэг ажилтай, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 43-659 тоотод оршин суух хаягтай, УК00311131 регистрийн дугаартай, Боржигон овогт Оюунчимэгийн О.М,

 Монгол Улсын иргэн, 1995 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын цахилгаанчин мэргэжилтэй, Бадамлах нар ХХК-д цахилгаанчин ажилтай, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Туулын 8а-13 тоотод оршин суудаг, ШУ95090497 регистрийн дугаартай, Их мэргэд овогт Гэрэлтуяагийн Г.З,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Б, О.М, Г.З нар нь бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны шөнө 04 цагийн орчим Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 112 дугаар байрны гадна иргэн Ц.Ган-Эрдэнийг цохиж зодсоны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Э.Б нь ганцаараа 2019 оны 01 дүгээр сарын 30-ны шөнө 04 цагийн орчим Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 112 дугаар байрны гадна иргэн Ц.Ган-Эрдэнийн биедээ авч явсан хохирогч Э.Ариунгэрэлийн гар цүнхийг хүч хэрэглэн довтолж, дээрэмдсэн,

Шүүгдэгч О.М, Г.З нар нь 2019 оны 01 дүгээр сарын 30-ны шөнө 04 цагийн орчим Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 112 дугаар байрны гадна Э.Бийн бусдад хүч хэрэглэн, довтолж авсан хохирогч Э.Ариунгэрэлийн гар цүнхийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг ашигласан, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.                                                      /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;

Шүүгдэгч Э.Б, О.М, Г.З нар нь бүлэглэн хохирогч Ц.Ган-Эрдэнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, шүүгдэгч Э.Б нь хохирогч Ц.Ган-Эрдэнийн биедээ авч явсан хохирогч Э.Ариунгэрэлийн гар цүнхийг хүч хэрэглэн довтолж, дээрэмдсэн, шүүгдэгч О.М, Г.З нар нь шүүгдэгч Э.Бийн дээрэмдэж авсан цүнхийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг ашигласан, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч Э.Ариунгэрэлийн мөрдөн байцаалтанд өгсөн:

...найз залуу Ган-Эрдэнэ бид хоёр маргалдаж байгаад би гар цүнхээрээ цохих гэхэд хий цохиод хөл алдаад газар унасан. Ган-Эрдэнэ намайг татаж босгоод миний цүнхийг авсан. Ган-Эрдэнэ намайг дагаад араас миний цүнхийг бариад алхаж байсан. Гэтэл энэ 3 залуу араас хүрч ирээд ямар нэг зүйл ярихгүйгээр Ган-Эрдэнэ дээр очоод нэг залуу нь Ган-Эрдэнийг хавирч газар унагааж байсан. Тэгэхээр нь би тэр залуучуудад хандаж та нар яаж байгнаа юм бэ? Юу болоод байгаа юм бэ гэж хэлээд очтол тэд нар бүгдээрээ бужигнаад л Ган-Эрдэнийг цохиж зодчихоод Ган-Эрдэнээс миний гар цүнхийг аваад зугатаачихсан юм. Тэр үйл явдал аюгүй хурдан болсон. Хэн ямар үйлдэл гаргаж, яаж цохиж байсныг харж амжаагүй. Ямар ч байсан Ган-Эрдэнэтэй маргаан үүсгээд хавирч унагаагаад зодчихоод миний цүнхийг аваад зугтаачихсан. ... миний хохиролыг 100 хувь төлж барагдуулсан. Одоо надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл алга гэх мэдүүлэг /хх-ийн 177/,

 

Хохирогч Ц.Ган-Эрдэнэийн мөрдөн байцаалтанд өгсөн:

... араас хүрч ирээд миний баруун хөл рүү хавираад газар унагаасан. Эргэж харж амжаагүй учир хэн нь хавирч унагаасан болон яаж цохиж зодсоныг мэдэхгүй. Тэр үед гуравуулаа миний дээрээс толгой болон нүүрэн хэсэг рүү л цохиод байсан. Гэхдээ тэгж их удаан зодоогүй, ганц хоёхон минутын дотор л бужигнаад дууссан. Бүгдээрээ миний биед гэмтэл учруулсан байх гэж бодож байна. Учир нь бүгд л бужигнаад надруу дайрч байсан. Ариунгэрэлтэй маргалдаж явж байхад тэр цүнхээрээ намайг цохих гээд чадаагүй хий цохиод газар унасан. Би цүнхийг нь аваад явж байсан. ...гэтэл араас энэ хэргийн холбогдогч 3 залуу ирээд нэг нь намайг хавирч газар унагаасан. Ингэж би газар унахдаа гартаа барьж байсан цүнхийг алдаж газар унасан юм. Тэгээд тэдгээр 3 залууд зодуулчихаад босоод иртэл миний барьж байсан Ариунгэрэлийн эзэмшлийн гар цүнх алга болчихсон байсан гэх мэдүүлэг /хх-ийн 179/,

 

Иргэний нэхэмжлэгч А.Наранцацралын мөрдөн байцаалтанд өгсөн:

Э.Б хар өнгийн Хувэй п смарт гэх утас барьж байсан. Тэр утас нь их гоё утас байсан учир би Э.Бээс ямар учиртай утас авсан талаар нь асуухад нэг хүнд нохойн гөлөг өгөөд энэ утсыг сольж авсан юм гэж ярьж байсан. ...зарна гэсэн байхаар нь би утсыг худалдан авах сонирхолтойгоор Э.Б рүү утсаар ярьж уг утсыг хэдэн төгрөгөөр зарах гэж байгааг асуухад 600.000 төгрөгөөр зарна гэж байсан. Тэгэхээр нь би өөрийн барьж байсан Самсунг жи-7 маркийн гар утас дээр бэлэн 320.000 төгрөг өгье гэж ярьж тохироод тохирсон ёсоороо Э.Бийн барьж байсан хувай п смарт нэртэй утсыг нь худалдан авч 2019 оны 02 сараас эхлэн би өөрийн эзэмшлийн 98101650 дугаарын сим картыг хийж утсыг ашиглаж байсан. Надад гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/,

 

Э.Бийн мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн:

...би эмэгтэйгээ зодоод байх юм. Эрэгтэйг нь зодчих уу гэхэд манай 2 найз зөвшөөрөөд яасан ч яахав гэж хэлсэн. Тэгээд бид 3 араас нь очоод О.М нөгөө эрэгтэй хүнийг урдаас нь заамдсан чинь О.Мыг хавираад унагаасан. Би араас нь гүйж очоод нүүр лүү нь цохиж унагаагаад дээр нь гарч нүүр лүү нь 2 удаа цохитол манай 2 найз 2 талаас нь өшиглөсөн. Эмэгтэй нь бид гурав руу та нар хэн бэ болиоч гээд шороо цацаад зогсоод байсан. Тэгэхээр нь эмэгтэйгийн бор өнгийн оосортой цүнхийг авч Жуковын автобусны буудал руу зугтсан гэх мэдүүлэг /хх-ийн 19/,

 

О.Мын мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн:

... Э.Б энэ ямар зэвүүн гар вэ зодчих уу гэсэн. Тэгээд бид 3 араас нь дагаад явсан. Байрны хажууд очоод зогссон. Би түрүүлж очоод залуутай нь заамдалцаад авхад намайг хавираад унагаасан. Би унахдаа заамдаад татаад унасан. Э.Б ирээд намайг босоорой гээд татаж босгосон. Г.З эмэгтэйг нь барьчихсан зогсож байсан. Э.Б эрэгтэйтэй нь зодолдож байхаар нь би очоод 1 удаа өшиглөсөн. Э.Б гүйгээрэй гэсэн. Гүйж байгаад эргээд харсан чинь Э.Б эмэгтэйгийнх нь цүнхийг аваад куртикнийхаа дотор талд хийцэн байсан гэх мэдүүлэг /хх-ийн 22/,

 

Г.Зын мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн:

... Э.Б бид хоёрт очоод эрэгтэйг нь зодчих уу гэсэн. Яасан ч яахав гэж бид 2 хэлсэн. Тэр 2 яваад өгөхөөр нь бид 3 араас нь дагаад явсан. Харанхуй грашнуудын дунд зогссон ба О.М түрүүлж очоод залууг нь цохиж аваад ноцолдоод унасан. Э.Б тэр залууг цохисон. Би эмэгтэйг нь холдуулсан. Тэгээд гуравуулаа нийлж унагааж байгаад өшиглөсөн. Тэгээд зугтая гээд гуравуулаа зугтаасан. Хил хамгаалах ерөнхий газрын тэр хавьд гүйж байсан чинь Э.Б  нэг цүнх барьцан явж байсан. Э.Б цүнхийг аваад зугтсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 24/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 1917 дугаартай:

Ц.Ган-Эрдэнийн биед духны зүүн баруун хэсэг, баруун доод зовхи, хүзүүний зүүн хажуу урд хэсэгт зулгарал, дух, баруун шилбэний дотор дунд хэсэгт зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ. Шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34/,

 

Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын Дамно ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б32-19-256 дугаартай:

Хэрэглэж байсан гар цүнх 26.100 төгрөг, хэтэвч 17.400 төгрөг, орифлеймийн үнэртэй ус 31.600 төгрөг, уруулын будаг 7.500 төгрөг, повер банк 25.500 төгрөг, бугуйн цаг 39.000 төгрөг, банкны карт 10.000 төгрөг, Хувэй п смарт 10 маркийн гар утас 404.700 төгрөг, нийт 587.900 төгрөгний үнэлгээтэй гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 41-42/,

 

-хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 5-7/,

-эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 123-124/,

-хураан авсан эд зүйлийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 125/,

-хохирогч Э.Ариунгэрэлд хохиролын мөнгө шилжүүлсэн Хаан банкны орлогын мэдүүлэг /хх-ийн 126/,

 

Шүүгдэгч Э.Бийн мөрдөн байцаалтад өгсөн:

Моника бааранд О.М, Г.З бид 3 орж пиво ууж бүжиглэсэн. Баарнаас гараад байж байхад хохирогч нар хоорондоо маргалдаад эмэгтэйгээ татаж газар унагаад муудалцаад байхаар нь болиоч гэхэд тэд бидэнд хандаж та нарт хамаагүй гэж хэлчихээд цааш явсан. Бид 3 харих гээд явж байгаад 112 дугаар байрны тэнд нөгөө залуу эмэгтэйгээ хурдан яв гээд дахиад татаж унагааж байсан. О.М чи эмэгтэй хүнд хайр найргүй гар хүрдэг юм гээд барьж авсан. Тэгтэл нөгөө залуу О.Мыг хавирч газарт унагаад дээр нь гарчихсан. Би салгах санаатай тэр залуугийн хүзүүн дээр дарж газар унагаахад муу бацаанууд минь ална гээд О.Мыг тавихгүй байхаар нь би нэг удаа шанаанд нь цохиж цааш нь түлхэж унагаасан. Би О.Мыг газраас татаж босгоод чирээд гүйж байхад хохирогч эмэгтэйгийн гар цүнх оосороороо миний гарт орооцолдчихсон байсан. Энийг мэдээд буцааж өгөх гээд эргэтэл нөгөө ах чулуу шидээд ална гээд ирж байхаар нь больё гээд зугтаад тэр чигээрээ явсан. Тэгээд бид 3 жуков орж төв замаас такси барьж Баянмонгол хороололд байх манай ажил дээр очоод нөгөө цүнхийг нээж үзэхэд цүнхэн дотор хувай маркийн гар утас, утас цэнэглэдэг повер банк, эмэгтэй хүний хэтэвч дотор нь бэлэн 11.000 төгрөг зэрэг зүйлс байсан. Өөр юу байсныг сайн хараагүй. Тэгээд хувай маркийн гар утсыг нь О.М авсан. Харин повер банкийг би авсан. Г.З 11.000 төгрөгийг нь авсан ба цүнхийг нь үлдсэн эд зүйлтэй нь хамт хаячихсан юм. Харин сүүлд би О.Мтай наймаалцаж би түүнд Монгол банхар нохойны гөлөг өгч оронд нь нөгөө хувай маркийн гар утсыг авсан гэх мэдүүлэг /хх-ийн 141-142/,

 

Шүүгдэгч Г.Зын мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 01 сарын 29-ний өдөр О.М, Э.Б нартай бааранд орж 10 шил пиво аваад ширээнд сууж уусан. Шөнө 2 цагийн үед гадаа тамхи татаад зогсож байхад хохирогч залуу найз охиноо түлхэж газар унагаагаад охин нь аймаар хашиграад байсан. Э.Б болиоч гэхэд та нарт  хамаагүй гэчихээд тэр 2 яваад өгсөн. Цаана очоод бас маргалдаад байсан болохоор Э.Б яасан зэвүүн юм бэ болиулъя гээд явж очоод О.Мыг нөгөө залуу хавираад газар унагаасан. О.М унахдаа нөгөө залууг татаад газар унасан. Э.Б О.Мыг салгах гээд очиход нөгөө залуу та нарыг ална гээд дайраад байсан. бужигналдаад байхаар нь би эмэгтэйг холдуулчихаад байж байхад залуу нь ална гээд чулуу шидээд байхаар нь бид нар зугтаасан. Зугтаж байхад Э.Бийн гат цүнх байхаар нь асуухад мэдэхгүй ээ, мэдэхгүй гэж байсан. Тэгээд бид 3 такси барьж ажил дээр очоод цүнхийг нээж үзэхэд дотор нь хувай маркийн гар утас, утас цэнэглэдэг повер банк, түрийвч, дотор нь бэлэн 11.000 төгрөг зэрэг зүйлс байсан. Тэгээд бид 3 манай ажил дээр унтаж амарчихаад маргааш өглөө нь босоод утас цэнэглэдэг повер банкийг нь манай найз Э.Б авсан. Харин хувай маркийн гар утсыг нь О.М авсан. Би 11.000 төгрөгийг нь аваад дэлгүүрээс бэлэн гоймон, ундаа зэрэг зүйл авч бид 3 хамт ууж, идсэн гэх мэдүүлэг /хх-ийн 147-148/,

 

Шүүгдэгч О.Мын мөрдөн байцаалтад өгсөн: 

Моника баарны урд талын аркны буланд гарч ирээд тамхи татаж байхад хохирогч залуу найз охиноо түлхэж газарт унагаагаад маргалдаад байсан. Энийг хажуунаас нь харж байсан. Э.Б болиоч, эмэгтэй хүнийг гэхэд та нарт хамаагүй гээд найз охиноо дагуулаад цаашаа яваад өгсөн. Э.Б эмэгтэй хүнийг хайрлахгүй арчаагүй залуу вэ? Зодчих уу гэж байсан. Бид 3 харих гээд явж байхад замд нөгөө 2 маргалдаад байж байсан. Болиоч гэж хэлэх санаатай яваад очтол тэр залуу намайг барьж аваад хавсарч унагаагаад дээр гараад суучихсан. Э.Б ирээд нөгөө залууг цохиод унагаасан. Би босож ирээд бие рүү нь нэг өшиглөсөн. Э.Б намайг чирээд гүйсэн. Гуравуулаа гүйж байхад Г.З хальтарч унасан. Г.Зыг татаад босгож байхад Э.Б гартаа цүнх барьсан байсан. Юун цүнх вэ гэхэд миний гарт орооцолдсон байна гээд буцааж өгнө гээд буцаад явахад хохирогч залуу нь бацаануудыг ална гээд чулуу шидсэн гэсэн. Тэгээд бүтэхгүй юм байна гээд зам дээр гарч такси бариад тэр хоёрын ажил руу явсан. Тэгээд унтаж амарчихаад маргааш өглөө нь босоод утас цэнэглэдэг повер банкийг нь Э.Б авсан. Харин Хувай маркийн гар утсыг нь би өөрийн хуучин утсыг Э.Бт өгөхөөр болж би авсан гэх мэдүүлэг /хх-ийн 154/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Э.Бийн иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Бадамлах нар ХХК-ийн тодорхойлолт, боловсролын гэрчилгээний хуулбарууд, мэргэжлийн үнэмлэхийн хуулбар, сурагчийн хувийн хэргийн хуулбар зэрэг хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 49-84/, шүүгдэгч О.Мын иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт, хорооны тодорхойлолт, сурагчийн хувийн хэргийн хуулбар, боловсролын гэрчилгээний хуулбарууд /хх-ийн 85-98/, шүүгдэгч Г.Зын иргэний үнэмлэхний лавлагаа, хорооны тодорхойлолт, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлагах хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Бадамлах нар ХХК-ийн тодорхойлолт, мэргэжлийн үнэмлэхний хуулбар /хх-ийн 99-109/ зэргийг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож, шүүгдэгчийг сэжигтэн, ялллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Э.Б, О.М, Г.З нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.

 

Хохирогч, гэрч, иргэний нэхэмжлэгч, сэжигтэн, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцсон болно.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Б, О.М, Г.З нарыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О.М, Г.З нарыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Бийг холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.  

 

Шүүгдэгч нар нь хохирогчийг зодохоор санаа зорилго нэгдсэн байх ба уг зорилгоо бүрэн хэрэгжүүлж хохирогч Ц.Ган-Эрдэнийн эрүүл мэндэд бүлэглэн хөнгөн хохирол учруулсан нь шүүгдэгч нарын мөрдөн байцаалтад гэрч, сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгээр тогтоогдож байна.

Харин хохирогчийн цүнхийг авсан үйлдэл нь зөвхөн шүүгдэгч Э.Бийн хохирогчийг зодож байх явцад шинээр санаа, сэдэл нь үүсэж өөрөө үйлдсэн үйлдэл тул шүүгдэгч О.М, Ш.Г.З нарт хамаарахгүй болно.

Шүүгдэгч нар нь өөрсдийн хийж байгаа үйлдэлийн хууль бус шинжийг ойлгож ухамсарлаж байсан хэдий ч хийхийг хүсч үйлдэн хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай үйлдэл учир гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг тус бүрдээ бүрэн хангаж байна.

 

Дээрэмдэх гэмт хэргийн хувьд хохиролын хэмжээ хамаардаггүй, гэмт этгээдийн довтолгоон эхлэж хохирогчийн эд зүйлийг авснаар үйлдэгдсэнд тооцогддог онцлогтой.

            Хохирогч Э.Ариунгэрэлийн цүнхэнд байсан 11.000 төгрөг нь хүний эд хөрөнгө мөн бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогчид учирч байгаа бодит хохирол юм.

 

            Гэмт хэргийн талаарх мэдээллийг хохирогч, гэрч нар бодит байдлаар, нэмж хассан зүйлгүйгээр мэдүүлдэг ба өөрт ашигтай байдлыг үүсгэхийг эрмэлздэггүй. Харин гэмт этгээд нь гэмт хэргийн талаарх нөхцөл байдлыг өөрт ашигтай байдлаар бүрдүүлж эрүүгийн хариуцлага, ял шийтгэлээс мултарч өнгөрөх, хөнгөн ял шийтгэлээр шийтгүүлхийг хүсч байдаг учир мэдүүлэг нь тогтворгүй байх нь их байдаг. Иймд хохирогч, гэрчийн мэдүүлгийг үнэн зөвд тооцох эрх зүйн нөхцөл үүсдэг.

 

Иймд шүүгдэгч Э.Б, О.М, Г.З нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Э.Бийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч О.М, Г.З нарыг бүлэглэн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус  эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Э.Б, О.М, Г.З нарт ял оногдуулахдаа хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хир хэмжээ, учруулсан хохиролыг төлсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзаж,  шүүгдэгч нарын тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон хохирогч нарт  учруулсан хохирлын байдал, хохирогч нарт гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг нөхөн төлж барагдуулсан байдал зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгч О.М, Г.З нарын гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүгдэгч Э.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулж, шүүгдэгч О.М, Г.З нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулах нь зүйтэй.

 

Хохирогч Э.Ариунгэрэл, Ц.Ган-Эрдэнэ нар нь хохиролоо барагдуулж авсан, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Шүүгдэгч Э.Б, О.М, Г.З нарт оногдуулсан торгох төрлийн хөнгөн ялыг хорих төрлийн хүнд ялд нэмж нэгтгэн нээлттэй хорих ангид ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Э.Б нь хохирогч Э.Ариунгэрэлийн гар цүнхийг хохирогч Ц.Ган-Эрдэнээс хүч хэрэглэн дээрэмдэж аваагүй. Харин хохирогч Ц.Ган-Эрдэнийг зодчоод шүүгдэгч О.Мыг чирээд зугтахад гарт оосроороо орооцолдсон байсан учир дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй, хүний биед гэмтэл учруулсан гэдгийг хүлээн зөвшөөрнө гэж,

Шүүгдэгч О.М нь хохирогч Ц.Ган-Эрдэнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг хүлээн зөвшөөрнө. Хувэй маркийн гар утсыг би Э.Бтэй өөрийнхөө хуучин гар утсаар солино гэж тохиролцож авсан боловч яг авах эсэхээ шийдээгүй байсан. Гэрт байхад Э.Б өөрөө ирээд аваад явсан байсан учир би мөнгө угаах гэмт хэргийг үйлдээгүй гэж,

шүүгдэгч Г.З нь би зодоонд оролцоогүйгээр эмэгтэйг нь холдуулаж байсан. 11.000 төгрөгөөр бид  нар маргааш нь бэлэн хоол, ундаа авч идэж уугаад дууссан болохоор би хэрэгт оролцоогүй гэж гэм буруугийн талаар тус тус шүүх хуралдаанд мэтгэлцсэн.

 

Шүүгдэгч нар нь тухайн гэмт хэргийг үйлдсэн эсэх талаар гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байх тул өмгөөлөгч нарын хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр хэргийг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах саналыг шүүх хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй юм.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэж болохоор”, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд  “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч  гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж болохоор” хуульчилсан байх ба хуулийн дээрх агуулгын шаардлагыг хангахгүй байна.

 

Хохирогч Ц.Ган-Эрдэнийн биед учирсан гэмтлээс энэ гэмтлийг нь шүүгдэгч Э.Б, энэ гэмтлийг нь шүүгдэгч О.М, энэ гэмтлийг нь шүүгдэгч Г.З учруулсан гэж шинжээчийн дүгнэлтээр тогтоох нь учир дутагдалтай боломжгүй юм.  Харин гэмт хэрэг үйлдэгдэх үед тухайн орчинд байсан, харсан этгээдүүдийн мэдүүлэгээр тогтоох боломжтой. Иймд тухайн нөхцөлд гэмт хэрэг үйлдэгдсэн газарт байсан этгээдүүдийн мэдүүлэгээс дүгнэхэд шүүгдэгч Э.Б, О.М, Г.З нар нь бүлэглэн бүгд Ц.Ган-Эрдэнийг цохисон, өшиглөсөн болох нь нотлогдож, шүүгдэгч нарын энэ үйлдлийн улмаас хохирогчид гэмтэл учирсан болох нь тогтоогдож байна.

 

Энэ хэрэгт шүүгдэгч нар шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлагдаж 2 хоног тус бүр цагдан хоригдсон, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тэмдэглэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Борхоо овогт Эрдэнэчулууны Э.Бийг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Боржигон овогт Оюунчимэгийн О.М, Их мэргэд овогт Гэрэлтуяагийн Г.З нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн, бүлэглэн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шүүгдэгч Э.Бийг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан сарын хугацаагаар хорих ялаар шүүгдэгч О.М, Г.З нарыг тус тус шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих хүнд ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хөнгөн ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногоор тооцож нийт 30 хоногийг нэмж нэгтгэн нийт ялыг 2 жил, 30 хоногийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч О.М, Г.З нарт  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих хүнд ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хөнгөн ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногоор тооцож нийт 30 хоногийг нэмж нэгтгэн нийт ялыг 6 сар, 30 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б, О.М, Г.З нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б, О.М, Г.З нарын шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлагдаж цагдан хоригдсон хоёр хоногийг тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Хэргийн учир шүүгдэгч О.М, Г.З, Э.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бт О.М, Г.З нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдний эдлэх ялыг 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тооцсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БААСАНБАТ