| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 101/2023/04018/И |
| Дугаар | 210/МА2024/01895 |
| Огноо | 2024-10-16 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 210/МА2024/01895
2024 10 16 210/МА2024/01895
БНСУ-ын иргэн О- /Г/-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Т.Бадрах, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2024/03451 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч БНСУ-ын иргэн О- /Г/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Д ХХК, Ч.О- нарт холбогдох,
Үл хөдлөх эд хөрөнгө худалдан авахад шилжүүлсэн 60,500 ам.доллар буюу 204,369,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Д, хариуцагч болон хариуцагч Д ХХК-ийн төлөөлөгч Ч.О-, түүний өмгөөлөгч П.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
БНСУ-ын иргэн О- нь 2010 оноос хойш гадаадын хөрөнгө оруулалттай Ж ХХК-ийн үүсгэн байгуулагч нартай найз нөхдийн харилцаатай байсан бөгөөд Монгол Улсад обьект худалдан авах хүсэлтэй болохоо Ж ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ш--т уламжилсны дагуу тэрээр өөрийн компанийн нягтлан болох Ч.О-ээр дамжуулан үл хөдлөх хөрөнгө худалдан авч өгөхөөр санал болгосон.
Тухайн үед нэхэмжлэгч нь Монгол Улсад тогтмол оршин суудаггүй байхаас гадна гадаад улсын иргэн тул Газрын тухай хууль тогтоомжийн дагуу газар эзэмших боломжгүй зэрэг нөхцөл байдлуудын улмаас дээрх шийдвэрт хүрсэн.
2011 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 100,000 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 126,492,000 төгрөгийг Ж ХХК-ийн дансанд шилжүүлсний дагуу иргэн Д.Э-аас 2011 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Хоршооллын хотхон, Моносын 1 дүгээр гудамж, 00 тоот хаягт байрлах ашиглах, эзэмших эрх бүхий 364 м.кв газар, түүний дээр байрлах 91.39 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 75,000,000 төгрөгөөр худалдан авахаар гэрээ байгуулан Ч.О- нь өөрийн үүсгэн байгуулсан Д ХХК-ийн нэр дээр худалдан авсан.
Нэхэмжлэгч О- нь хариуцагч Ч.О-тэй цахимаар харилцан, аливаа мэдээллийг авдаг байсан бөгөөд газар ашигласны төлбөрүүдийг ч мөн тэрээр төлдөг байсан. Үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийг шилжүүлэн авахаар удаа дараа хүсэлт гаргаж байсан ч Монгол Улсын хуулийн дагуу боломжгүй, мөн тухайн хөрөнгийг улс хураагаад авсан гэх шалтаг хэлж шилжүүлж өгдөггүй байсан.
2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Ч.О- нь өөрийн гараар тайлбар бичиж, нотариатаар батлуулан, дээрх хөрөнгө нь Солонгос улсын иргэн О--ийн өмч гэж тодорхойлж өгсөн ганц баримттай үлдсэн.
Гэтэл хариуцагч нар нь обьектыг худалдан борлуулахаар зар тавьж, үйл ажиллагаа явуулан ашиг хүртэж байгаа зэрэг байдлуудыг интернэт зараас мэдсэн.
Иймд нэхэмжлэгчээс шилжүүлсэн 100,000 ам.долларын 60,500 ам.доллараар Д ХХК-ийн нэр дээр газар болон үйлчилгээний барилга худалдан авсан болох нь хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байгаа тул хариуцагч Д ХХК-аас 60,500 ам.долларыг 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Монгол банкны хаалтын ханш 3,378 төгрөгөөр тооцож, 204,369,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч нарын тайлбарын агуулга:
Миний бие Ж ХХК-д 2001-2017 оны хугацаанд ажиллаж байсан, 2017 онд өндөр насны тэтгэвэрт гарсан.
О- нь 2018 онд анх танилцахдаа Ш-, нэхэмжлэгдэж байгаа энэ үл хөдлөх хөрөнгийг өөрийнх нь хөрөнгө оруулалтаар худалдаж авсан гэж хэлсэн, хууртагдсан хохирсон тухайгаа надад мэдэгдэж, БНСУ-д өөрийн хохирлыг барагдуулахдаа миний хохиролтой хамтад шийдвэрлүүлэх боломж байна, энэ зорилгоор бичигдэх тайлбар бичгийг зөвхөн БНСУ-д хохирлоо барагдуулах зорилгод ашиглана гэж аман амлалт өгсний үндсэн дээр Ш- өөрийнх нь мөнгөөр өөр компанийн нэр дээр үл хөдлөх хөрөнгө авсан тухай бичиж өгөх хүсэлт гаргасан тул би өөрийн гараар энэхүү тайлбар бичгийг бичиж өгсөн юм.
Ч.О- би 2005 онд Д ХХК-ийг үүсгэн байгуулж, захирлаар нь одоог хүртэл ажиллаж байна. Ч.О- би дээрх үл хөдлөх хөрөнгийг Д.Э-аас 75,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Худалдаж авахын тулд Д.Э-д 35,000,000 төгрөгийг урьдчилж төлсөн бөгөөд үүнийг баталгаажуулсан хэлцлийг 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдөр бичгээр байгуулсан.
Уг хэлцлээр үлдэгдэл үнэ 40,000,000 төгрөгийг татвар, нотариатын хураамжийн хамт төлөх үүрэг хүлээж, үлдэгдэл төлбөрийг төлөх өдөр гэрээг байгуулж нотариатаар батлуулна. Энэ гэрээний дагуу иргэн Д.Э-аас иргэн Ч.О-д барилгын эзэмших эрхийг шилжүүлнэ гэж тохиролцсон.
Ингээд 2011 оны 06 сарын 22-ны өдөр урьдчилгаа 35,000,000 төгрөг, 2011 оны 06 сарын 28-ны өдөр 29,000,000 төгрөг, 2011 оны 07 сарын 08-ны өдөр 6,000,000 төгрөг, үлдэгдэл 5,000,000 төгрөгийг гэрчилгээ гарсан өдөр тус тус төлсөн.
Ж ХХК-ийн 51 хувийн хувьцаа эзэмшигч Ю- 2018 оны 06 дугаар сард Ж ХХК-ийн захирал Ш-т хууртаж хохирсон гэж О- гэх эмэгтэйг дагуулж Монголд ирэхдээ надтай уулзсан.
Тус Ж ХХК-д Ч.О- би ажиллаж байсны хувьд, 51 хувийн хувьцаа эзэмшигч Ю--г мэддэгийн хувьд түүнийг Монгол Улсад ирэхэд ажилд нь тусалсан. Ж ХХК-ийн 51 хувийн хувьцаа эзэмшигч Ю- нь 2018 оны 10 сарын 01-ний өдөр явуулсан 900,000 вонныг нь Ч.О- Ж ХХК-ийн газрын төлбөрт 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төлсөн бөгөөд Ж ХХК-ийн 2018 оныг дуусталх газрын төлбөрийн асуудлыг бүрэн шийдвэрлүүлж өгсний дараа ажлын хөлсөнд 510,000 вони явуулсныг авсан.
Ч.О- би Ю--тай хэл нэвтрэлцэх асуудлаас шалтгаалан шууд харьцах боломжгүй байсан учир Ю- нь өөрийн танил О--аар дамжуулан хувийнх нь танил орос хэлний орчуулагчаар дамжуулан харьцаж байсан болно.
Иймд үл хөдлөх хөрөнгийг худалдан авахад шилжүүлсэн 60,500 доллар буюу 204,369,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Д ХХК-д холбогдох үл хөдлөх эд хөрөнгө худалдан авахад шилжүүлсэн 60,500 ам.доллар буюу 204,369,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч БНСУ-ын иргэн О- /Г/-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч БНСУ-ын иргэн О- /Г/-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,179,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 10 сарын 30-ны өдрийн 25018 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-т заасныг баримтлан Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Хоршоолол хотхон 2, Моносын 1 дүгээр гудамж, 00 тоот хаягт байрлах 91.39 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204006997 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулахгүй буюу барьцаалахгүй, бэлэглэхгүй, бусдад худалдахгүй, шилжүүлэхгүй байхыг хариуцагч Д ХХК-д даалгасан бөгөөд уг захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 122 дугаар зүйлийн 122.3 дахь хэсэгт заасан хугацаанд хүчинтэй хэвээр байх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч БНСУ-ын иргэн О- /Г/ нь хариуцагч Ч.О-д холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Анхан шатны шүүх нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь бүрэн үнэлээгүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийнх нь тайлбарыг үгүйсгэх нотлох баримтууд хэрэгт авагдсаны дараа шүүх хуралдаан дээр тайлбар хэлэхдээ Би О--ийн итгэлийг авахын тулд тодорхойлолтыг бичиж өгсөн, би Ж ХХК-аас авах авлага их байсан учраас тэгж бичиж өгсөн, тиймээс надад урамшуулал гэж мөнгө шилжүүлж байсан гэх мэтээр илтэд худал, хоорондоо ямар ч холбоо хамааралгүй тайлбарыг хэлж байсан боловч шүүх илтэд зөрүүтэй тайлбарыг дахин нягталж тодруулаагүй.
Ч.О-ийн шүүх хуралдаан дээр тайлбарласан шиг О--аас шилжүүлж байсан мөнгөнүүд нь түүнд гарын мөнгө, урамшуулал гэж шилжүүлээд байгаа мөнгө огт биш, харин өөрийнхөө газрын татвар, үл хөдлөх хөрөнгийн татварыг төлүүлэхээр Ч.О-д шилжүүлж байсан төлбөрүүд байсан гэдэг нь эдгээр фэйсбүүк чатуудаар нотлогдож байхад шүүх эдгээр баримтуудад ямар нэг дүгнэлт хийгээгүй, огт үнэлээгүй юм.
Өөрөөр хэлбэл, 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 75,000,000 төгрөгөөр гэрээ байгуулсан юм бол яагаад энэ хэлцлийг нотариатаар батлуулдаггүй, харин яг адил дүнгээр буюу 75,000,000 төгрөгөөр дахин 2011 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлээд байгаа вэ гэдгийг тодруулах ёстой байсан.
Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө нь иргэн Д.Э- болон Д.Э- нарын 2 хүний өмч байсан. Тийм ч учраас Д.Э- нь Д.Э-ээс итгэмжлэл авсны дараа, итгэмжлэлийн дагуу түүнийг төлөөлж 2011 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Үйлчилгээний барилга худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан байдаг.
Дээрх бүх нөхцөл байдлыг дүгнэвэл 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан гэх хэлцэл нь бодит бус хууль зүйн хувьд хүчин төгөлдөр бус ямар нэгэн үр дагавар үүсгэх боломжгүй хэлцэл гэдэг нь тодорхой байгаа юм.
Д ХХК нь өөрийн хөрөнгөөр үл хөдлөх хөрөнгө худалдаж авах боломжтой байсан юм бол Д ХХК иргэн Д.Э-тай гэрээ байгуулахдаа өөрийн компанийн данснаас шилжүүлэг хийх, эсвэл кассын зарлагын ордер бичиж бэлнээр төлбөр тооцоо хийх боломжтой байсан.
Учир нь Д ХХК-ний захирал Ч.О- нь гадаад иргэд Монгол Улсад газар эзэмших боломжгүй байдаг нөхцөл байдлыг далимдуулан Монгол хүний нэр дээр л газар, үл хөдлөх хөрөнгө худалдан авах боломжтой гэж итгүүлэн, түүний итгэлийг ашиглан үндэслэлгүйгээр хөрөнгөжин өнөөдөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болчихсон нь шударга ёсонд нийцэхгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч нь Ч.О-ээр баталгаа бичүүлэхдээ зөвхөн Солонгос улсад ашиглана, чиний төлбөр тооцооны асуудлыг мөн шийдвэрлэж өгнө гэж хэлж бичүүлсэн атлаа бодит байдал дээр хариуцагчийг мөнгө авсан гэж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч болон Ш- нараас хариуцагч нарт мөнгө өгсөн баримт байхгүй, талуудын хооронд ямар нэг эрх зүйн харилцаа үүсээгүй. Шүүх талуудын гаргасан тайлбар, хэрэг авагдсан баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлж хэргийг шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
1. Нэхэмжлэгч БНСУ-ын иргэн О- нь хариуцагч Д ХХК, Ч.О-д тус тус холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө худалдан авахад шилжүүлсэн 60,500 ам.доллар буюу 204,369,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
2. Хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:
2.1. Д ХХК-ын захирал Ч.О- нь Д.Э-тай байгуулсан 2011 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Үйлчилгээний талбай худалдах, худалдан авах гэрээ-гээр Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Хоршооллын хотхон 2, Моносын 1 дүгээр гудамж, 00 тоотын 91,39 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 75,000,000 төгрөгөөр Д ХХК худалдаж авахаар талууд тохиролцжээ. Уг үл хөдлөх эд хөрөнгө худалдан авагч талын өмчлөлд 2011 оны 07 дүгээр сарын 09-ний өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн./1хх17,36,81-175/
2.2. 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Ч.О- нь Үйлчилгээний барилга худалдах, худалдан авах 2011 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн гэрээнд хийсэн тайлбар гэх баримтаарБи 2011.07.08-ны өдрийн гэрээгээр БНСУ-ын иргэн Ж ХХК-ийн захирал Ш--ийн хүсэлтийн дагуу Д ХХК-ийн нэр дээр 75,000,000 төгрөгөөр тухайн үеийн ханш /1 ам доллар 1239,83 төгрөг/-аар 60,500 ам.доллараар, одоогийн ханш /1 ам доллар 2424 төгрөг/-аар 30,900 ам.доллараар худалдаж авсан гэх баримт үйлдэж нэхэмжлэгчид өгсөн байна. /1хх18/
2.3. Түүнчлэн, 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хариуцагч Ч.О- нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Монос-1, Хоршоолол 1-2б хаягт байрлах Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Г-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн татварыг төлөх ёстой байгаа. Энэхүү татварыг Монгол Улсын иргэн Chultemjamts Oyungerel надаар дамжуулан төлөх бөгөөд, тус үл хөдлөх хөрөнгийн татварыг улсад төлөх үүргийг би бүрэн хариуцах болно гэсэн баталгааг үйлджээ./1хх54-55/
2.4. БНСУ-ын Бера интернэшнл хувьцаат компаниас, хариуцагч Ч.О-д 2011 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Ж ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь 453051186 тоот дансанд 100,000 ам.долларыг барааны төлбөр гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн байна./1хх 44-45/
2.5. БНСУ-ын иргэн О- нь Ч.О-д 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 1,200 ам.долларыг ямар нэгэн гүйлгээний утга бичилгүй шилжүүлсэн байна./1хх42-43/
2.6. Нэхэмжлэгч талаас дээр дурдсан 100,000 ам.долларыг Ж ХХК-ийн захирал Ш-ээр дамжуулан Монгол Улсад маргаж буй үл хөдлөх хөрөнгийг худалдан авах зорилгоор шилжүүлсэн, улмаар уг мөнгөөр тус компанийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Ч.О-ийн Д ХХК-ийн нэр дээр уг үл хөдлөх хөрөнгийг худалдаж авсан гэж тайлбарласан ба, хариуцагч Ч.О- дээр дурдсан 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Үйлчилгээний барилга худалдах, худалдан авах 2011 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн гэрээнд хийсэн тайлбар, мөн өдөр баталгаа бичиг гэх баримтуудыг үйлдэж нэхэмжлэгч талд өгсөн байна.
3. Дээрх дурдсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгчээс шилжүүлсэн 100,000 ам.долларыг хүлээн авсан Ж ХХК-ийн эрх ашиг хөндөгдөж болзошгүй нөхцөл байдлыг шүүхээс анхаарч үзээгүй байна. Өөрөөр хэлбэл, шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасан гуравдагч этгээдийн ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй байхад түүнийг оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.
Тодруулбал, нэхэмжлэгчийн шилжүүлсэн 100,000 ам долларыг Ж ХХК нь хүлээн авч, улмаар хариуцагчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөд зарцуулсан эсэх үйл баримтыг тогтооход Ж ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох шаардлагатай.
4. Хариуцагч Ч.О- нь шүүхэд гаргасан тайлбартаа ...Миний бие Ж ХХК-д 2001-2017 оны хугацаанд ажиллаж байсан, 2017 онд өндөр насны тэтгэвэрт гарсан..., тус компанийн захирлыг эзгүй үед гүйцэтгэх захирлын ажлыг хийж гүйцэтгэж байсан гэж тайлбарлаж байх тул нэхэмжлэгчээс тус компанид 100,000 ам.долларыг шилжүүлэх үед Ч.О- нь тухайн компанид ямар албан тушаалд ажил үүрэг гүйцэтгэж байсныг тодруулж, эрх бүхий байгууллагаас холбогдох баримтуудыг гаргуулах нь хэргийн үйл баримтыг үнэн зөв, эргэлзээгүй тогтооход ач холбогдолтой байжээ.
5. Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2024/03451 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,179,800 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Ц.АЛТАНЦЭЦЭГ