Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2024/01817

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Т.Бадрах, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2024/02950 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: ******* ХХК

Хариуцагч: *******

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 117,914,471 төгрөг, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: ******* ХХК-тай байгуулсан 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 21/458, 21/459 дугаар зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 *******тай 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 20/119 дугаар зээлийн гэрээ болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 20/177 дугаар зээлийн болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулсан. Түүний үргэлжлэл болгон 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 21/458 дугаар зээлийн гэрээг байгуулж тус зээлийн гэрээгээр 31,242,000 төгрөгийн зээлийг 3 сарын хугацаатай сарын 3.2 хувийн хүүтэй олгосон.

1.2 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 20/120 дугаар зээлийн болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулсан. Түүний үргэлжлэл болгон 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 21/459 дугаар зээлийн гэрээг байгуулж, 27,914,000 төгрөгийн зээлийг 3 сарын хугацаатай сарын 3.2 хувийн хүүтэй олгосон. ******* нь зээлийн эргэн төлөлт огт хийгээгүй.

Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 59,156,000 төгрөг, зээлийн хүү 49,407,091.2 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,351,380.48 төгрөг, нийт 117,914,471.68 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслүүдийг барьцаалан ******* ХХК-аас 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 20/119 дугаар зээлийн гэрээгээр 20,000,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 15,000,000 төгрөгийн зээл авч, зориулалтын дагуу компанийн үйл ажиллагаанд зарцуулсан. Ковид-19 болон бусад шалтгааны улмаас зээлийг төлөөгүй.

2.2 Гэвч нэхэмжлэгч нь миний төлөөгүй зээлийн хүүг дахин капиталжуулж 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 20/524 дугаар зээлийн гэрээгээр 19,753,000 төгрөгийн зээл олгосон болгож бэлэн мөнгөний орлогын баримтад гарын үсэг зуруулсан. Мөн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төлөгдөөгүй зээлийн хүүг дахин капиталжуулж 21,458 дугаар гэрээгээр 31,242,000 төгрөг, мөн 21/459 дугаар гэрээгээр 27,194,000 төгрөгийн зээл олгосон болгож бэлэн мөнгөний баримтад гарын үсэг зуруулсан.

Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Сөрөг шаардлага, үндэслэлийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3, Монголбанкны ерөнхийлөгчийн 2018 оны А/203 дугаар тушаалаар батлагдсан Банкны хүү бодох аргачлал, хүү шимтгэл хураамжийн мэдээллийн ил тод байдлын журмын 5.5-д иргэнд нийлмэл хүүтэй зээл олгохыг хориглосон байна.

3.2 Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар ******* ХХК-тай байгуулсан 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 21/458, 21/459 дугаар зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

4.1 Харилцагч тухайн гэрээнүүдэд гарын үсэг зурж, нотариатаар батлуулсан тул хүчинтэй. 2020 оны 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээний хүү нь хуримтлагдаж явсаар 2021 онд тооцоолол гаргаж 4 хувийн хүүтэй зээлийн 3.2 хувь болгон харилцан тохиролцсон. Хүүгээс хүү тооцсон хэлбэр биш гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

5.1 Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 236 дугаар зүйлийн 236.1.3, 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч *******аас 117,794,266.7 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-нд олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагын 120,204.98 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч *******ы 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 21/458, 21/459 дугаар зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл түүний өмчлөлийн ******* улсын дугаартай улбар шар өнгийн Beiben *******, өөрөө буулгагч ачааны автомашин, ******* улсын дугаартай ногоон өнгийн ******* чиргүүл, ******* улсын дугаартай цагаан өнгийн Beiben , зүтгүүр, улсын дугаартай ногоон өнгийн XXY чиргүүл, улсын дугаартай цагаан өнгийн маркийн суудлын автомашин зэргээс тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 817,723 төгрөг, хариуцагчийн урьдчилан төлсөн 611,680 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 817,121.3 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэсэн.

6. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1 Анхан шатны шүүхээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгосон үндэслэлээ Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасныг үндэслэсэн байх бөгөөд манай харилцааны хувьд хуулийн хүрээнд бус хууль зөрчиж байгуулсан үйл баримтыг тодорхойлж дүгнээгүй байгаа нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн. Нэхэмжлэлийн шаардлага бүхий зээлийн гэрээнүүд нь Иргэний хуулийн 281.1, 282.4, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3, мөн Монгол банкны Ерөнхийлөгчийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/203 дугаар дугаар тушаалаар батлагдсан Банкны хүү бодох аргачлал, хүү шимтгэл хураамжийн мэдээллийн ил тод байдлын журмын 5.5-д Иргэнд нийлмэл хүүтэй зээл олгохыг хориглосон байгаа нь өөрөө Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж үзэхээр байна.

6.2 ******* ******* ХХК-иас 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 20/119 дүгээр зээлийн гэрээгээр 20,000,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 20/177 дугаар гэрээгээр 15,000,000 төгрөгийг тус тус зээлсэн. Түүнээс нэхэмжлэгчийн шаардлагад дурдсан шиг 21/459 дүгээр зээлийн гэрээгээр 27,914,000 төгрөг, 21/458 дугаар гэрээгээр 31,242,000 төгрөгийн зээл аваагүй болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 59,156,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх 58,638,266 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

7.1 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 2/113 дугаартай 20,000,000 төгрөгийн зээл, 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 15,000,000 төгрөгийн зээл олгосон. Тухайн үед Ковид-19 гарсан байсан бөгөөд хариуцагч зээлийн төлбөрөө хийгээгүй. 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр харилцагчтай уулзан харилцагчийн хүсэлтийн дагуу 4 хувийн хүүтэй зээлийг 3,2 хувь болгож хүүг нь бууруулсан.

7.2 Талууд 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 21/458, 459 тоот хоёр зээлийн гэрээ байгуулсан. Гэтэл хариуцагч мөнгө аваагүй гэж ярьдаг бөгөөд харилцагчийн зээлийг төлүүлээд буцаагаад зээл олгосон баримт хавтаст хэрэгт авагдсан байдаг.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 59,156,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 49,407,091.2 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 9,351,380.48 төгрөг, нийт 117,914,471.68 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.1 Хариуцагч ...20/119 дугаар зээлийн гэрээгээр 20,000,000 төгрөг, 20/177 дугаар зээлийн гэрээгээр 15,000,000 төгрөг зээлсэн. 21/459 дугаар зээлийн гэрээгээр 27,914,000 төгрөг, 21/458 дугаар зээлийн гэрээгээр 31,242,000 төгрөг аваагүй гэж тайлбар гарган маргаж, ******* ХХК-тай байгуулсан 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 21/458 дугаар болон мөн өдрийн 21/459 дугаар зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг шаардлага гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргажээ.

3. ******* ХХК болон ******* нарын хооронд 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 20/119 дугаартай зээлийн гэрээ байгуулагдсан. Гэрээгээр зээлдүүлэгч ******* ХХК нь 20,000,000 төгрөгийг нэг сарын 4,0 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдэгч *******д зээлүүлэх, зээлдэгч нь зээлийг тохирсон хугацаанд хүүгийн хамт нэхэмжлэгчид буцаан төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх 11/

3.1 Мөн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 20/177 дугаартай зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч ******* ХХК нь 15,000,000 төгрөгийг нэг сарын 4,0 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдэгч *******д зээлүүлэх, зээлдэгч нь төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх 13-14/

4. Дээрх гэрээнүүдийн дагуу зээлийн мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн үйл баримт болон уг гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаагүй.

4.1 Анхан шатны шүүх талуудын хооронд дээрх гэрээний дагуу Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв.

5. Талууд дээрх 2 гэрээний хуримтлагдсан үүргийг нэгтгэн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан 21/458 дугаар болон 21/459 дугаартай зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгч шаардах эрхтэй эсэх, уг гэрээ хүчин төгөлдөр эсэх нь маргааны зүйл болжээ.

5.1 Талуудын байгуулсан 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 21/458 дугаартай Зээлийн гэрээ-ээр ******* ХХК нь 31,242,000 төгрөгийг нэг сарын 3,2 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдэгч *******д зээлүүлэх, зээлдэгч нь зээл, түүний хүүг гэрээний хавсралтад заасан зээл, түүний хүүг хуваарийн дагуу төлөхөөр, мөн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 21/459 дугаартай Зээлийн гэрээ-ээр 27,914,000 төгрөгийг нэг сарын 3,2 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдэгч *******д зээлүүлэх, зээлдэгч нь зээл түүний хүүг гэрээний хавсралтад заасан зээл, түүний хүүг хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх15-18/

5.2 Дээрх 21/458 дугаар болон 21/459 дугаартай зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч ******* ХХК нь зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгч *******д шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байхаас гадна 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...31,000,000 төгрөг, 27,000,000 төгрөг гэх хоёр үнийн дүн байгаа тухайн мөнгийг бэлнээр олгоогүй, бэлэн кассын баримтаар олгогдсон гэсэн тайлбар гаргажээ. /хх 63/ Иймд 21/458 дугаар болон 21/459 дугаартай зээлийн гэрээний дагуу талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагааг эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхгүйгээс гадна нэхэмжлэгч нь дээрх гэрээнүүдээр хүүгээс хүү тооцсон нь үндэслэлгүй.

5.3 Анхан шатны шүүх Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар талууд дээрх гэрээгээр өмнөх үүргийг солихоор тохиролцсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь, мөн зүйлийн 236.2 дахь хэсэгт зааснаар дээрх тохиолдолд өмнөх үүргийн харилцаа дуусгавар болох учиртай. Гэтэл өмнөх үүргийн буюу 20/119 дугаар болон 20/177 дугаартай зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй байна. Иймд талуудыг 21/458 дугаар болон 21/459 дугаартай гэрээгээр өмнөх зээлийн гэрээний хүүгийн хэмжээг багасгасан гэж үзнэ.

6. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

6.1 Талуудын байгуулсан 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 20/119 дугаартай зээлийн гэрээний хувьд хариуцагч нь үндсэн зээл 20,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэйгээс гадна 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хүртэл буюу 21/458 дугаартай гэрээг байгуулах хүртэл анхны гэрээнд заасан сарын хүүгийн хэмжээг 4 хувиар тооцож 16,773,333 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацааны сарын хүүгийн хэмжээг 21/458 дугаартай гэрээнд зааснаар 3.2 хувиар тооцож 16,447,999 төгрөг буюу нийт 33,221,332 төгрөгийн хуримтлагдсан хүүгийн төлбөрийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.

6.2 Нэмэгдүүлсэн хүүгийн хувьд Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар хүүгийн төлбөр 33,221,332 төгрөгийн 20 хувьд нийцүүлэн 6,644,266 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй.

7. Талуудын байгуулсан 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 20/177 дугаартай зээлийн гэрээний хувьд хариуцагч нь үндсэн зээл 15,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэйгээс гадна 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хүртэл буюу 21/459 дугаартай гэрээг байгуулах хүртэл анхны гэрээнд заасан сарын хүүгийн хэмжээг 4 хувиар тооцож 11,880,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацааны сарын хүүгийн хэмжээг 21/459 дугаартай гэрээнд зааснаар 3.2 хувиар тооцож 12,336,000 төгрөг буюу нийт 24,216,000 төгрөгийн хуримтлагдсан хүүгийн төлбөрийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.

7.1 Нэмэгдүүлсэн хүүгийн хувьд Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар хүүгийн төлбөр 24,216,000 төгрөгийн 20 хувьд нийцүүлэн 4,843,200 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй.

8. Дээрх үндэслэлээр шийдвэрт зээлийн гэрээний үүрэгт хариуцагчаас нийт 103,924,798 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосон өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангана.

9. ******* ХХК нь *******тай 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 20/119 дугаар Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ гэрээ байгуулсан. Гэрээгээр 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан 20/119, 20/120 дугаар зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор зээлдүүлэгчийн өмчлөлд *******ы өмчлөлийн ******* улсын дугаартай, улсын дугаартай, улбар шар өнгийн Beiben *******, өөрөө буулгагч ачааны автомашин, ******* улсын дугаартай ногоон өнгийн ******* чиргүүл, ******* улсын дугаартай цагаан өнгийн Beiben , зүтгүүр, улсын дугаартай ногоон өнгийн XXY чиргүүл, мөн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 20/177 дугаар гэрээгээр улсын дугаартай цагаан өнгийн маркийн суудлын автомашин зэргийг тус тус шилжүүлэх, зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгэсэн тохиолдолд зээлдүүлэгч тухайн автомашины өмчлөх эрхийг зээлдэгчид буцаан шилжүүлэх, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон байна. /хх19-22/

9.1 Талуудын хооронд барьцааны гэрээ байгуулагдаагүй, Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулагдсан байх тул нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхгүй. Иймд давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянасан тул шийдвэрт уг хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулна.

10. Анхан шатны шүүх 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 21/458 дугаар болон 21/459 дугаар зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

10.1 Дээрх гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчид гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг бодитоор шилжүүлээгүй нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж үзэх үндэслэл болохгүй.

11. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2024/02950 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******аас 103,924,798 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13,989,673 төгрөг гаргуулах хэсэг болон нэхэмжлэгч ******* ХХК-д холбогдох, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 21/458 дугаар, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 21/459 дугаар зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтыг Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******д холбогдох, ******* улсын дугаартай улбар шар өнгийн Beiben *******, өөрөө буулгагч ачааны автомашин, ******* улсын дугаартай ногоон өнгийн ******* чиргүүл, ******* улсын дугаартай цагаан өнгийн Beiben , зүтгүүр, улсын дугаартай ногоон өнгийн XXY чиргүүл, улсын дугаартай цагаан өнгийн маркийн суудлын автомашин зэргээс тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

3 дахь заалтын 817,121.3 гэснийг 677,573 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,062,821 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

М.БАЯСГАЛАН