Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 455

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл би

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3-34-29 тоотод оршин суух, ВЖ82021514  регистрийн дугаартай,  Харчин овогт Энхмөнхийн Ганбаатарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянхонгор аймгийн Галуут сумын 6 дугаар багт оршин суух, ВО84041207 регистрийн дугаартай, Сартуул овогт Батболдын Лхамдуламд  холбогдох

Худалдах худалдан авах гэрээний үүрэг 3.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 19-ны өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Ганбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2014 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3-11-26 тоот хашаа байшинг иргэн Б.Лхамдуламд зарж, 2014 оны 12 сарын 01-ний өдөр үлдэгдэл мөнгөө өгнө гэж гэрээ байгуулсан. Гэтэл үлдэгдэл 3.000.000 төгрөгийг одоо болтол өгөхгүй байна.

Иймд Б.Лхамдуламаас 3.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Лхамдулам шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт амьдардаг. 2014 оны 06 сард Э.Ганбаатараас хашаа байшин 25000000 төгрөгөөр худалдан авсан. Уг хашаа байшингийн үнэ болох 22 сая төгрөгийг цаг хугацаанд нь төлж, үлдэгдэл 3000000 төгрөгийг 3 хувааж, 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 1000000 төгрөг, 2016 оны 10 дугаар сард 1000000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сард 1000000 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Ганбаатар нь Б.Лхамдуламаас Худалдах худалдан авах гэрээний үүрэг 3.000.000 төгрөг гаргуулахыг хүсэншаарджээ.

Б.Лхамдулам нь Э.Ганбаатартай харилцан тохиролцож 2014 оны 06 сарын 05-ны өдөр Баянхонгор сумын 3-11-26 тоотод байрлах хашаа байшинг 25.000.000 төгрөгөөр 2014 оны 12 сарын 01-ний дотор төлж барагдуулахаар худалдах худалдан авах гэрээ байгуулж, нотариатаар батлуулсан байна.

Хариуцагч Б.Лхамдулам нь гэрээний үүргээ зөрчиж үүрэг гүйцэтгэх хугацаанд төлбөрийн үлдэгдэл 3.000.000 төгрөгийг төлөөгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч тайлбараа бичгээр гаргасан байна

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Э.Ганбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62951 төгрөгийн тал хувь болох 31475 төгрөгийг хариуцагч Б.Лхамдуламаас улсын орлогоос 35475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Э.Ганбаатарт олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч Б.Лхамдулам нь Худалдах худалдан авах гэрээний үүрэг 3.000.000 төгрөгийг 3 хувааж, 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 1000.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сард 1000.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сард 1000.000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Э.Ганбаатарт төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж,хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Э.Ганбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62951 төгрөгийн тал хувь болох 31475 төгрөгийг хариуцагч Б.Лхамдуламаас, улсын орлогоос 35475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Э.Ганбаатарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйгтайлбарласугай.

ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ