| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 181/2024/00418/И |
| Дугаар | 210/МА2024/01917 |
| Огноо | 2024-10-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 210/МА2024/01917
2024 10 21 210/МА2024/01917
Э.Д-ий нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Т.Бадрах, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2024/02692 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Э.Д-ий нэхэмжлэлтэй
Хариуцагч А ХХК-д холбогдох,
Орон сууц захиалгын гэрээний үүрэгт 12,729,284 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
Миний бие 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр А ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан төсөл болох Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, наадамчдын замд баригдах Актив гарден резидэнс хотхоны 1 дүгээр ээлжийн 501 байрны 16 давхарт 00 тоот 79,46 м.кв орон сууц болон 54 дугаартай дулаан зогсоолын хамт худалдан авахаар орон сууц захиалгын /Байгууллагын лизинг/ №21CON-HU-AVG-185 дугаартай гэрээ, дулаан зогсоолын талбайн №21CON-HU-AVG-186 дугаартай захиалгын гэрээг тус тус байгуулсан.
Гэрээний 2.3-т заасан урьдчилгаа төлбөрийг Ш.Э-гийн Хаан банкны дансаар 2021 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр 20,000,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 16,300,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 10,000,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Ш.Э-гийн Худалдаа Хөгжлийн банкны дансаар 30,000,000 төгрөгийг, нийт 76,300,000 төгрөг төлсөн.
Байр ашиглалтад орох хүртэл Ш.Э-гийн Хаан банкны дансаар 6 удаа 7,350,000 төгрөг, Ш.Э-гийн Худалдаа Хөгжлийн банкны дансаар 3 удаа 7,350,00 төгрөг, Ш.Э-гийн Хаан банк-ны дансаар 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 6,510,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 6,510,000 төгрөг, нийт 79,170,000 төгрөг төлсөн. Байр ашиглалтад орсны дараа Ш.Э-гийн Хаан банкны дансаар нийт 126,918,004 төгрөгийг төлсөн. Миний бие 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр нийт 282,388,004 төгрөгийг төлж гэрээний үүргийг гэрээнд заасан хугацаанаас өмнө төлж барагдуулсан. Гэрээний 2.2-т Захиалагч тал нь Хавсралт №1-т заасан төлөлтийг тохиролцсон хугацаанд бүрэн төлж гүйцэтгэснээр гүйцэтгэгч тал урьдчилгаа төлбөрийн төлөлтөөс 1,2 хувь, ашиглалтад орох хүртэлх төлбөрийн төлөлтөөс 1 хувь хүүгийн өгөөжийг тооцож олгоно. Хүүгийн өгөөжийг сар бүр Ш.Э-гийн Хаан банкны 000 дугаарт дансаар авна гэж заасан.
Гүйцэтгэгч А ХХК нь надад олгох хүүгийн өгөөжийг 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр №21CON-HU-AVG-185,186 хүүгийн өгөөж 7 сар олгов гүйлгээний утгатай 7 сар хүртэл хүүгийн өгөөж олгосон байна. Мөн А ХХК нь хүүгийн өгөөжийг олгохдоо 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн орон сууц захиалгын №21CON-HU-AVG-185, дугаартай гэрээний 2.2-т заасан хэмжээнээс бага мөнгийг надад олгож байсан 2022 оны 01 дүгээр сарын 5-ны өдөр 185 хүүгийн өгөөж актив гүйлгээний утгатай 894,571.61 төгрөгийг надад олгосон гэтэл би урьдчилгаа 76,300,000 төгрөг төлсөн тул түүний хүүгийн өгөөж 1.2 хувь 915,600 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 7,350,000 төгрөгийн хүүгийн өгөөж 1 хувь 73,500 төгрөг, нийт 989,100 төгрөгийг надад олгох байсан. Байр ашиглалтад орох хүртэл нийт 15,840,440 төгрөгийн өгөөж өгөх байснаас надад нийт нийт 8,637,400.48 төгрөг олгосон байх тул зөрүү 7,203,040 төгрөгийг А ХХК-аас гаргуулж өгнө үү.
Мөн миний бие 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн төлөлт дээрээ 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Орон сууц захиалгын №21CON-HU-AVG-185 дугаар гэрээний хавсралт №1-т зааснаар 1,2 хувийн хүү нэмж төлж байсан. 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 7,350,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 6,510,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 6,510,000 төгрөг төлсөн. Үүнээс 2021 оны 11 сарын 29-ны өдрийн орон сууц захиалгын №21CON-HU-AVG-185 дугаар гэрээний хавсралт №1-т зааснаар үндсэн төлөлт 14,843,756 төгрөг, хүү 4,686,244 төгрөг төлсөн. Гэтэл гүйцэтгэгч А ХХК нь 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр орон сууцыг хүлээлгэж өгсөн. Бидний хоорондын 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн орон сууц захиалгын №21CON-HU-AVG-185 дугаар гэрээний 2.6-д байр ашиглалтад орсноос хойш 24 сарын хугацаатай сарын 1,2 хувийн хүүтэй байгууллагын лизингд хамрагдан төлнө гэж заасны дагуу байр ашиглалтад орохоос өмнө төлсөн нийт 4,686,244 төгрөгийн хүүг гүйцэтгэгч талаас гаргуулах хүсэлтэй байна.
Мөн 2022 оны 08 дугаар сарын 20-ний өдөр 7,350,000 төгрөг төлсөн байх ба 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн орон сууц захиалгын №21CON-HU-AVG-185 дугаар гэрээний хавсралт №1-т зааснаар 6,510,000 төгрөг төлөх байсан тул илүү төлсөн 840,000 төгрөгийг мөн тус тус гаргуулах хүсэлтэй байна.
Тиймээс гэрээний үүрэгт манайд олгох хүүгийн өгөөжийн зөрүү 7,203,040 төгрөг, илүү төлсөн хүү 4,686,244 төгрөг, хуваарьт төлөлт дээр илүү төлсөн 840,000 төгрөг нийт 12,729,284 төгрөгийг хариуцагч А ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч талын тайлбарын агуулга:
А ХХК-ийн хувьд гэрээний үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлсэн. Нэхэмжлэгч нь 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн №21С0М-Н11-А\/0-185 тоот гэрээ байгуулан Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасны дагуу эд хөрөнгийг зээлээр худалдан авах гэрээ байгуулсан ба тодорхой хүү төлөх, эргэн төлөлтийн хуваарийг баталсан.
А ХХК нь 2022 оны 07 дугаар сард Барилга хот байгуулалтын яамны харьяа Хотын стандарт, хяналтын газраар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллуулах хүсэлтээ илгээсэн байдаг. 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн №21CON-HU-AVG-185 болон №21CON-HU-AVG-186 тоот гэрээний 2.2 зүйл болон Хавсралт №1-т зааснаар худалдан авагчид урьдчилгаа төлбөрийн төлөлтөөс 1,2%, ашиглалтад орох хүртэлх төлбөрийн төлөлтөөс 1 %-ийн хүүгийн өгөөж тооцож олгохоор зохицуулжээ.
Гэвч нэхэмжлэгч хүү болон өгөөжийн тооцооллыг хэт өндрөөр үнэлэн өөрийн үзэмжээр тогтоон тооцоолсон байна. Манай ахлах эдийн засагч болон нягтлан бодогчийн тооцоо нийлсэн актаар гэрээнд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 24,1-т зааснаар 10% суутгаж нийт 8,247,211 төгрөгийн өгөөж олгохоор заасан байгаа ба нэхэмжлэгч өөрөө харилцан тохиролцож тодорхой хугацааг тогтоон өгсөн гэрээний хавсралт 1 буюу эргэн төлөлтийн хуваарийг нэг бус удаа зөрчсөн. Үүнд, алданги тооцохоор №21CON-HU-AVG-185 тоот гэрээний 5.1-т мөн №21CON-HU-AVG-186 тоот гэрээний 5.8-д тус тус заасан байгаа ба гэрээний заалтыг зөрчсөн үүргээ захиалагч нь дутуу нөхөн биелүүлсэн.
Манай ахлах эдийн засагчийн тооцооллоор №21CON-HU-AVG-185 болон №21CON-HU-AVG-186 тоот гэрээнд нийт 8,247,211 төгрөгийн өгөөж олгохоор заасан байгаа боловч захиалагчид 1,083,400 төгрөгийн илүү өгөөжийг олгосон нь харагдаж байна.
Өгөөжийн хувьд барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүртэл хугацаанд тооцсон ба гэрээний 5 дугаар зүйлийн 5.7, 5.8 заалтад заасны дагуу барилга байгууламжийг ашиглалтад оруулахаар ажилласан төрийн байгууллагаас үүрэг болгосон ажлыг хийж гүйцэтгэсэн бол хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хугацаа хойшилсон гэж үзнэ. Мөн үүргийн дагуу хийгдэж байгаа ажилд мөн адил алданги тооцохгүй талаар тусгасан байдаг.
Энэ гэрээний 8.4 заалтад заасны дагуу талууд эв зүйгээр шийдвэрлэх ба хэрэв зөвшилцөлд хүрээгүй тохиолдолд харьяалах шүүхээр шийдвэрлүүлэхээр заасан. Гэтэл нэхэмжлэгч үүргээ гүйцэтгэх хугацаа болон мэдэгдэл хариуцагч болох манай компанид ирүүлээгүй нь гэрээний заалт болон хуульд заасан үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй нь шаардлагаа шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй байсан эсэх талаар нотлогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь хууль болон гэрээнд заасан үүрэг манай компанид үүсээгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч А ХХК-аас Орон сууц захиалгын гэрээ-ний үүрэгт нийт 12,729,284 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Д-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1,56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 218,668 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 218,668 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Нэхэмжлэгч тал тус графикийг үл тоон байр ашиглалтад ортол гэдэг агуулгаар биднээс 12,789,284 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Гэрээ нь хоёр талын хүсэл зорилгын илэрхийлэл ба гэрээ байгуулагчийн хүсэл зоригийн илэрхийллээс түүний жинхэнэ хүсэл зоригийг зөв таньж тайлбарлах нь хууль зүйн чухал ач холбогдолтой. А ХХК-ийн хувьд 2022 оны 07 сард тус барилгыг ашиглалтад оруулахаар төлөвлөж гэрээний төлбөрийн нөхцөл, хавсралтаар өгөгдсөн төлбөрийн графикт хүүгийн өгөөжийг 2022 оны 07 сар хүртэл өгөхөөр тусгасан учраас тухайн хугацаагаар ашиглалтад орох хүртэл хугацааны хүүгийн өгөөжийг 1.2% тооцон олгосон. Гэтэл шүүх энэхүү нөхцөл байдлыг үнэлж үзээгүй.
А ХХК нь 2022 оны 07 сард барилгыг ашиглалтад оруулахаар Барилга хот байгуулалтын яамны харьяа Хотын стандарт, хяналтын газарт Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комисс ажиллуулах хүсэлтээ илгээсэн. Тус хүсэлтийн дагуу комисс ажиллаж, комиссоос тавьсан шаардлагуудыг биелүүлж дуусан 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комиссын дүгнэлт гарсан. Талуудын байгуулсан №21CON-HU-AVG-185 тоот Орон сууц захиалгын гэрээ-ний 5.7-т Гүйцэтгэгч нь урьдчилан мэдэх боломжгүй, хүндэтгэн үзэх дараах шалтгааны улмаас гэрээний хугацааг хойшлуулж болно. Үүнд: 5.7.3-т Улсын комисс болон хөндлөнгийн хяналт шалгалт гүйцэтгэх, тэдгээрийн албан шаардлагыг биелүүлэхтэй холбоотой хугацаа, гэрээний 5.8-т энэхүү гэрээний 5.7-д заасан тохиолдолд гүйцэтгэгчийг хугацаа алдсан гэж үзэхгүй... гэж заасан. А ХХК-ийн барилгын ажил дууссанаас хойш комиссын дүгнэлт гарсан хугацаа нь гэрээний хугацаа хойшлуулах хүндэтгэн үзэх шалтгаан болж байгаа ба хугацаа алдсан гэж үзэх үндэслэл байхгүй тул ашиглалтад орох хүртэлх хугацааны хүүгийн өгөөжийг 2022 оны 07 дугаар сараас хойш үргэлжлүүлэн олгох боломжгүй.
4.2. Шүүхэд тус гэрээг нотлох баримтаар өгч, нотлох баримт шинжлэн судлуулах болон хариу тайлбарын үндэслэлээ тайлбарлахдаа дурдсан боловч шүүх тухайн нотлох баримтыг бүрэн үнэлээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасан. Гэтэл шүүх маргааны гол нотлох баримт болох гэрээний ач холбогдолтой хэсгийг үнэлээгүй шийдвэр гаргасан.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
Талууд барилгыг ашиглалтад орсон хугацаанд маргадаг. Хүүгийн өгөөж гэдгийн маркетингийн арга хэрэгсэл болгож ашигласан гэдгийг анхан шатны шүүх хуралд хариуцагчийн төлөөлөгч тайлбарласан. Хүүгийн өгөөжийн асуудлыг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. 2024 оны 10 дугаар сарын 28-ний өдөр барилга ашиглалтад орсон гэх хугацаа нь барилгыг хүлээж авсан улсын комиссын актаар нотлогддог. Анхан шатны шүүх барилыг ашиглалтад оруулсан хугацааг 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр, нэхэмжлэгч талд хүлээлгэж өгсөн хугацааг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэж тооцож дүгнэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй. Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Э.Д нь хариуцагч А ХХК-д холбогдуулан орон сууц ашиглалтад орох хүртэл хүүгийн өгөөжийн зөрүү 7,203,040 төгрөг, орон сууц ашиглалтад орохоос өмнө илүү төлсөн хүү 4,686,244 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр илүү төлсөн 840,000 төгрөг, нийт 12,729,284 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Э.Д-, Э.Б- нар нь А ХХК-тай байгуулсан 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн №21CON-HU-AVG-185 дугаар Орон сууц захиалгын гэрээ /Байгууллагын лизинг/-гээр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, наадамчдын замд баригдах Актив гарден резиденс орон сууцны хотхоны 1 дүгээр ээлжийн 501 дүгээр байрны 1 дүгээр орц, 16 давхар 00 тоот хаягт байрлах, 79,46 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 3,400,000 төгрөг буюу нийт 270,164,000 төгрөгөөр худалдаж авахаар, А ХХК нь барилгыг 2022 оны 03 дугаар улиралд ашиглалтад оруулахаар талууд харилцан тохиролцжээ. /хх29-31/
Түүнчлэн, уг гэрээний 2.6-д захиалагч үлдэгдэл 50% болох 135,082,000 төгрөгийг байр ашиглалтанд орсноос хойш 24 сарын хугацаатай 1,2 хувийн хүүтэй байгууллагын хувь лизингд хамрагдан төлнө гэж заасан байна.
4. Талуудын хоорондох дээрх харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх үзсэн нь үндэслэлгүй байх бөгөөд талууд гэрээндээ үлдэгдэл төлбөрийг байгууллагын хүүтэй зээлээр олгох талаар тохиролцсон байх тул Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж өөрчлөн дүгнэнэ.
5. Талууд гэрээний 2.2-т Захиалагч тал нь хавсралт №1-т заасан төлөлтийг тохиролцсон хугацаанд бүрэн төлж гүйцэтгэснээр гүйцэтгэгч тал урьдчилгаа төлбөрийн төлөлтөөс 1,2 хувь, ашиглалтад орох хүртэлх төлбөрийн төлөлтөөс 1 хувь хүүгийн өгөөжийг тооцож олгоно. Хүүгийн өгөөжийг сар бүр Ш овогтой Э-ийн Хаан банкны 000 дугаарт дансаар авна гэж тохиролцсон байх бөгөөд хариуцагч талаас уг тохиролцоог байгууллагын маркетинг, урамшуулал гэж тайлбарлаж байна.
5.1. Хариуцагчаас нэхэмжлэгч талд олгох дээрх хүүгийн өгөөжийн тохиролцоо нь гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж түүний агуулгыг өөрсдөө тодорхойлсноор Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан зарчимд нийцжээ.
6. Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, наадамчдын замд баригдах Актив гарден резиденс орон сууцны зориулалттай барилгыг 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт-ээр байнгын ашиглалтад авчээ. /хх81-82/
6.1. Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ А ХХК-ийг барилгын ажлыг гүйцэтгэж дууссан хугацаанаас буюу 2022 оны 07 дугаар сард хүсэлт илгээсэн дээрх хугацаанаас тооцно гэж тайлбарлах боловч хэрэгт цугларсан баримтаас үзэхэд төрийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотойгоор улсын комисс тухайн барилгыг 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авсан байдал тогтоогдохгүй, мөн хариуцагч нь орон сууцыг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр захиалагч талд хүлээлгэн өгсөн.
Түүнчлэн, талуудын гэрээнд төр засгийн байгууллагын үйл ажиллагааг холбоотой асуудлыг давагдашгүй хүчин зүйлд хамааруулаагүй байх тул гэрээнд тохиролцсон хүүгийн өгөөжийг нэхэмжлэгч тал шаардах эрхтэй.
7. Хариуцагч А ХХК-аас орон сууц захиалгын гэрээний дагуу хүүгийн өгөөжийн үлдэгдэл 7,203,040 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Д-д олгох нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасанд нийцэх тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй.
8. Мөн, хариуцагч нь гэрээний дагуу илүү төлсөн хүү 4,686,244 төгрөг болон гэрээний үнэд илүү төлсөн 840,000 төгрөгийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчмын үүднээс энэ талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэхгүй.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2024/02692 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 243 дугаар зүйлийн 243.1, 189 дүгээр зүйлийн 189.5 дахь гэснийг 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 218,688 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Ц.АЛТАНЦЭЦЭГ