| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2016/0445/И |
| Дугаар | 458 |
| Огноо | 2016-07-06 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 458
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл би
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 4 дүгээр багт оршин суух, ВЭ83042869 регистрийн дугаартай, Боржгон овогт Энэбишийн Цэндбазарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Жаргалсайханд холбогдох
Ажилгүй байсан хугацааны цалин 5934810 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Цэндбазар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Жаргалсайханы 566 дугаар захирамжаар Баян-Овоо сумын Цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалаас халагдсан. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 162 дугаар магадлалаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоосон. Дээрх магадлалыг Улсын дээд шүүхээс хэвээр үлдээн миний эрх ашгийг хамгаалсан. Анх захиргааны хэргийн шүүхэд хандахдаа миний бие нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийгдээгүй байсан учраас цалингаа гаргуулж чадаагүй. Иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэсэн.Өнөөдрийг хүртэл миний бие ажилдаа ороогүй, ажилгүй байсан хугацааны цалингаа буруутай этгээдээс гаргуулж чадаагүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн тогтоолыг тус тус үндэслэн 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг дуустал хугацааны цалин 5934810 төгрөгийг хуульд заасны дагуу гаргуулж өгнө үү?Мөн энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын бичилт хийлгэхийг буруутай этгээдэд даалгаж өгнө үү? гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баярмаа шүүхэд гаргасан тайлбартаа:
Э.Цэндбазарын ажилгүй байсан хугацааны цалин 5934810 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Цэндбазар нь Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Жаргалсайханаас Ажилгүй байсан хугацааны цалин 5934810 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх-ийг хүсэн шаарджээ.
Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны 10 сарын 27-ны өдрийн 566 дугаар захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д зааснаар Баян-Овоо сумын Цэцэрлэгчийн эрхлэгчээр ажиллаж байсан Э.Цэндбазарыг ажлаас халах сахилгын шийтгэл хүлээлгэсэн байна.
Улмаар Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны 10 сарын 27-ны өдрийн 566 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн Э.Цэндбазарын нэхэмжлэлийн дагуу Баянхонгор аймгийн Захиргааны хэргийн анхан шатын шүүхийн 2016 оны 01 сарын 13-ны өдрийн 01 дугаар шийдвэрээр Э.Цэндбазарын нэхэмжлэлийг хангаж, түүнийг Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Цэцэрлэгчийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоожээ.
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2016 оны 05 сарын 09-ны өдрийн 167 дугаар тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Ингэснээр нэхэмжлэгч Э.Цэндбазар нь хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргаас ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэхийг шаардах эрх үүссэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баярмаа нь нэхэмжлэлийн шаардлага болох ажилгүй байсан хугацааны цалин 5934810 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хүлээн зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Э.Цэндбазарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109907 төгрөгийн тал хувь болох 54953 төгрөгийг улсын төсвийн орлогоос 54953 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Э.Цэндбазарт олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Цэндбазарын Ажилгүй байсан хугацааны цалин 5.934.810 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баярмаа хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Э.Цэндбазарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109907 төгрөгийн тал хувь болох 54953 төгрөгийг улсын төсвийн орлогоос, 54953 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Э.Цэндбазарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ