Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
Хэргийн индекс | 182/2024/02997/И |
Дугаар | 210/МА2024/01818 |
Огноо | 2024-09-27 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 210/МА2024/01818
2024 09 27 210/МА2024/01818
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2024/03048 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: *******
Нэхэмжлэлийн шаардлага: Хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, өв хүлээн авах хугацааг сунгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 Миний бие 1990 онд Казакстан улсад ажиллаж амьдрахаар гэр бүлээрээ явсан. Тэндээ амьдарч байгаад 2000 онд 2 хүүтэйгээ Монголд ирж амьдрахдаа талийгаач ******* ахынхаа гэрт цуг амьдардаг байсан. Монгол улс Казакстан улсын хооронд ирж очин амьдарч байгаад хамгийн сүүлд 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Казакстан улс руу явсан. Ингээд хүү, охин дээрээ амьдарч байгаад 2023 оны 09 сард Монгол улсад ирсэн. Энэ хооронд миний төрсөн ах болох ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр нас барсан. ******* нь насаараа ганц бие амьдарч байсан ба эхнэр нь 1990 онд салаад явсан. Өвчтэй байх хугацаанд миний төрсөн эгч *******, түүний охид харж халамжилж, асарч, эмнэлгээр үзүүлж, эмнэлэгт сахиж байсан. Талийгаач ахын охин ******* нь Өмнөговь аймагт амьдардаг бөгөөд аавтайгаа ямар ч холбоогүй байдаг. Намайг Казакстан явсан үед миний бага хүү ******* талийгаач ахтай үлдсэн, одоо бид ахынхаа гэрт амьдардаг.
1.2 Талийгаач ахын охин ******* нь талийгаачийн данс дахь 43,633,356 төгрөгийг нас барснаас нь хойш 2023 оны 0******* сарын 19-ний өдөр өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлт гаргаж авсан байна. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт заасны дагуу ******* нь өвлөх эрхээ алдсан байна. Мөн талийгаачийн оршин сууж байсан Чингэлтэй дүүргийн ******* хороо, ******* айлын тоот хаягт байрлах орон сууцыг өвлөх хүсэлт гаргаагүй байна.
1.3 Би эрүүл мэндийн шалтгаанаар нэхэмжлэл гаргаагүй одоо бие дээрдсэн тул нэхэмжлэлээ гаргаж байна. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4, 520 дугаар зүйлийн 520.1.2, 528 дугаар зүйлийн 528.4 дэх хэсэгт заасны дагуу хугацааг сунгаж, ******* намайг талийгаач ахын оршин сууж байсан Чингэлтэй дүүргийн ******* хороо, Дэнжийн айлын тоот хаягт байрлах орон сууцны хууль ёсны өвлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.
2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 Миний төрсөн эцэг ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр нас барсан. Би ганц төрсөн охин тул надаас өөр өвийг өвлөх эрхтэй хүн байхгүй. Шүүхэд ийм нэхэмжлэл гарсан болохыг нотариатчаас мэдэж хүсэлтээ гаргасан. Намайг хууль ёсны өвлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1 Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.2, 528 дугаар зүйлийн 528.4 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Чингэлтэй дүүргийн ******* хороо, *******-н айлын тоот хаягт байрлах орон сууцны хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, өв хүлээн авах хугацааг сунгах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1 Нэхэмжлэгч ******* нь талийгаач ах *******г 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр өвчний улмаас нас барах үед Монгол улсад байгаагүй бөгөөд 2023 оны 0******* сард ирсэн. Ирээд биеийн байдал нь муудаж, өвдөж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авч хэвтэн эмчлүүлж, улмаар хагалгаанд орсон, хагалгааны дараа шарх нь эдгэхгүй, эмчилгээ сувилгааны үйлчилгээ авсаар нилээн цаг хугацаа өнгөрсөн. Ингээд бие нь тэнхэрсний дараа шүүхэд хандсан. Энэ хугацааг хүндэтгэн үзэх шалтгаан мөн байсан учраас өв залгамжлах хугацааг сэргээж, Чингэлтэй дүүргийн хорооны айлын тоот хаягт байрлах нийтийн орон сууцны хууль ёсны өвлөгчөөр тогтоож өгнө үү хэмээн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнтэй холбоотой нотлох баримтуудыг нотлох баримтын шаардлага хангасан байдлаар хэрэгт хавсаргасан байтал энэ бүх үйл баримтуудыг шүүх үнэлж үзээгүйгээр барахгүй дээрх баримтууд нотлох баримтаар хэрэгт авагдсан эсэх тухай ч шийдвэртээ тусгаж бичээгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан заалтуудыг зөрчсөн.
Нэхэмжлэлийн шаардлагадаа өвлөх эрхийн буюу өв хүлээн авах хугацааны тухай анхаарч үзнэ үү гэдэг агуулга тусгасан. Нэхэмжлэлд энэ хүний төрсөн охин, мөн биш гэдэг агуулгаар шаардлага гаргаагүй, гагцхүү Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт заасны дагуу энэ хугацаанд нэхэмжлэгч ******* нь хүсэлтээ гаргаж өгч чадаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаарх агуулгатай байсан.
4.2 Талийгаачийн охин *******ын 2023 оны 0******* сарын 19-ний өдрийн өвлөх эрхийн гэрчилгээ авсан үйл баримт нь мөн хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байгаа ба үүндээ зөвхөн банкин дахь мөнгийг хүлээн авах хүсэлтээ гаргаснаас өөр хүсэлтгүй тухайгаа бичсэн байсан. Өөрөөр хэлбэл, охин ******* нь бусад хөрөнгөн дээрээ өвлөх эрхээ Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3 дахь хэсэгт заасны дагуу өвлөхөөс татгалзсан гэж үзэх ёстой. Харин талийгаачийн төрсөн дүү ******* нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуульд заасан хугацааг хэтрүүлсэн тул өвлөх эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандсан. Хуульд заасны дагуу мөн хугацаа хэтрүүлсэн шалтгаанаа нотлох баримтын хамт тайлбарлан хугацаа сэргээлгэх тухай хандахад шүүх үүнийг огт авч хэлэлцээгүй шийдвэрээ гаргасан нь буруу байна.
4.3 Мөн Чингэлтэй дүүргийн хорооны ******* айлын тоотод байрлах нийтийн орон сууцыг өвлөн авах тухай хүсэлтийг хуульд заасан хугацаанд буюу нэг жилийн дотор охин ******* гаргаагүй. Талийгаачийг нас барснаас хойш талийгаачийн төрсөн эгч ******* нь тус орон сууцыг хадгалж, харж хариуцаж байсан ба дүү ******* Монголд ирснээсээ хойш засвар үйлчилгээ хийж, засан сайжруулалтыг хийж гүйцэтгэн ихээхэн хэмжээний зардал мөнгөө гаргаснаас гадна, өнөөдрийг хүртэл бүхий л ашиглалт үйлчилгээний төлбөр хураамжийг хариуцан төлж ирсэн бөгөөд өөрөө амьдарч байгаа болно.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
5.1 Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, холбогдох нотлох баримтууд, гэрчийн мэдүүлэг болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар *******н цорын ганц охин нь ******* бөгөөд өв авах эрхтэй. Гэтэл ******* нь төрсөн ах *******н хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, өв залгамжлалтай холбоотой хөөн хэлэлцэх хугацааг сунгах тухай хүсэлтийг шүүхэд онцгой ажиллагааны журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан нь хууль зүйн хувьд үндэслэлгүй бөгөөд шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн.
5.2 ******* нь талийгаачийн төрсөн дүү мөн боловч Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт зааснаар 1 дүгээр ээлжийн өвлөгч болох ******* байхад өвлөгчөөр тогтоолгох хүсэлт гаргасан нь хуульд нийцэхгүй.
Иймд нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатын шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаан шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь өв хүлээн авах хугацааг сунгаж, төрсөн ах *******н хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. /хх 1-2/
2.1 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ...орон сууцны өвлөгчөөр тогтоолгоно гэж тайлбар гаргасан.
2.2 Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ...орон сууцны өвлөгчөөр тогтоолгохоор хүсэлт гаргасан гэх тайлбар гаргасан байна.
3. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нар нь орон сууцыг өвлөх талаар хэн аль нь маргаж байна. Энэ тохиолдолд анхан шатны шүүх хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарлах замаар тэдний эрх зүйн байдлыг тодруулах учиртай.
3.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлт нь эсрэг сонирхол бүхий маргалдагч тал байдаггүй. Хэрэв онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хэрэгт маргаан байвал уг хэргийг шүүх ердийн журмаар шийдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулснаар онцгой ажиллагааны журмаар, эсхүл ердийн журмаар хэргийг хянан шийдвэрлэх буюу хэргийн харьяалал тодорхой болох учиртай.
4. Түүнчлэн, маргааны зүйл болж буй үл хөдлөх эд хөрөнгийн талаарх баримт хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх үүнийг тодруулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.
Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүйгээс талуудын эрх зүйн байдал тодорхойгүй болсон. Давж заалдах шатны шүүхээс уг алдааг залруулах, мөн хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2024/03048 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
М.БАЯСГАЛАН