| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2019/0870/Э |
| Дугаар | 924 |
| Огноо | 2019-06-06 |
| Зүйл хэсэг | 17.2.2., 18.6.1., |
| Улсын яллагч | Б.Ганбулган |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 924
2019 06 06 2019/ШЦТ/924
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Нарийн бичгийн дарга Ц.Отгонням,
Улсын яллагч Б.Ганбулган,
Шүүгдэгч С.С, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт,
Шүүгдэгч Н.Б, О.Д, тэдний өмгөөлөгч М.Батмөнх нарыг оролцуулан Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт С.С, Эрүүгийн хуулийн ерөний ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Б, О.Д нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 00711 0755 дугаартай хэргийг хүлээн авч нээлттэйгээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
С.С,
О.Д,
Н.Б,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Ботаникийн эцсийн троллейбусны буудал дээр иргэн Ч.Шаравжамцад хүч хэрэглэн биед нь халдаж, Самсунг Эс-2 маркийн гар утсыг дээрэмдэж 40,000 төгрөгийн хохирол учруулсан;
Шүүгдэгч Н.Б, О.Д нар нь бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хохирогч Ч.Шаравжамцын өмчлөлийн Самсунг Эс-2 маркийн гар утсыг шүүгдэгч С.С нь дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж авсан гэдгийг мэдсээр байж, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдалж, ашиглан бусдад худалдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;
Шүүгдэгч С.С нь хохирогч Ч.Шаравжамцад хүч хэрэглэн биед нь халдаж самсунг эс-2 маркийн гар утсыг дээрэмдсэн,
Шүүгдэгч Н.Б, О.Д нар нь бүлэглэн шүүгдэгч С.Сын дээрэмдсэн гар утсыг гэмт хэрэг үйлдэж авсан гэдгийг мэдсээр байж, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдалж, ашиглан бусдад худалдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан:
Хохирогч Ч.Шаравжамцын мөрдөн байцаалтанд өгсөн:
2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр, цагийг нь сайн мэдэхгүй байна ботаникийн автобусны буудлын хойно сараалжин хашаанд бид дөрөв 1 шил 0.75 гр архи хувааж уусан. Нэг мэдэхэд С.С байхгүй алга болчихсон. Н.Б эхнэртэйгээ хамт намайг автобусанд суулгах гээд алхаж байхад ботаникийн автобусны буудлын хойд талын цайны газар хүнсний дэлгүүр хоёрын голоор гарах гээд алхаж байхад С.С урдаас гэнэт гарч ирээд хоолойноос заамдаж барьж боогоод намайг газар унагахаар нь буцаж боссон. Намайг дахиж бариад эхлээд нүүрлүү цохихоор нь зөрүүлээд нэг удаа цохисон. Хаана нь цохисноо би мэдэхгүй байна. Гэхдээ шүдрүү нь цохиогүй. Дахиад намайг дарж унагаад баруун талын куртикны кармаруу гараа хийгээд самсунг эс-2 маркийн гар утсыг булааж аваад “өгөхгүй, та миний 2 шүдийг хугалчихлаа. Шүднийхээ өрөнд авлаа” гээд байсан. Хажуу талаас нь Н.Б та хүний шүд хуга цохичихлоо 2-3 сая төгрөг байдаг гэж хэлсэн. Би цагдаад дуудлага өгөх гэсэн чинь С.С утас авчхаад өгөхгүй байсан. Энэ байдлыг Н.Б эхнэртэйгээ хараад зогсож байсан. Би тэгээд тэр гураваас салаад гэртээ очоод цагдаад дуудлага өгсөн. Н.Б, О.Д хоёр надаас С.Сыг салгаагүй. С.С миний карманаас гар утас авчихсан байсныг Н.Б, О.Д хоёр мэдэж байгаа байх. Н.Б утсаа орхиод та яв, С.С шүднийхээ өрөнд авлаа гэж хэлж байсан гэж надад хэлсэн. Бид хоёрын аль алинаас нь цус гарсан зүйл байхгүй. Надад одоо санал хүсэлт байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 14-18/,
Гэрч Б.Ганзоригийн мөрдөн байцаалтанд өгсөн:
2019 оны 01 дүгээр сарын 21-ний орой 20-21 цаг орчмын үед БЗД-ийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Н.Б гартаа самсунг эс2 маркийн цагаан өнгөтэй гар утас барьчихсан энэ утсыг 20,000 төгрөгт авах уу гэж надаас асуухад би Н.Б ахаас энэ хэний утас бэ гэж асуухад О.Д /буюу Халиунаа/ энэ миний гар утас гэрээсээ авчирсан юм гэж надад хэлсэн. Тэр үед надад 20,000 төгрөг бэлэн байгаагүй. 10,000 төгрөг бэлэн байсныг өгөөд авсан. Уг гар утас ярьж болохгүй байсан болохоор 2 хоногийн дараа ботаникийн эцэс дээр гар утас засварт засуулсан. Би 2 хоног бариад эхнэр 2 хоног бариад мөнгөний хэрэг гараад хамт ажилладаг байсан хүнд 40,000 төгрөгт зарсан. 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гудамжинд тааралдахад Болбаатар, О.Д, С.С нар нэлээн согтуу байсан. Тэр гурав байнга согтуу байдаг. 7 хоногийн дараа Н.Б ахад 10,000 төгрөг өгсөн. О.Д миний гар утас, би гэрээсээ авчирсан юм гэж хэлэхээр нь би тэр гар утсыг худалдан авсан. Хууль бусаар олсон гар утас гэснийг мэдсэн бол авахгүй байсан гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/,
Гэрч Н.Өлзийсайханы мөрдөн байцаалтанд өгсөн:
2019 оны 01 дүгээр сарын 21-ний орой 21 цаг өнгөрөөд гэртээ ирэхэд манай нөхөр Б.Ганзориг Самсунг эс2 маркийн цагаан өнгөтэй гар утас С.С, Н.Б ах, О.Д нараас худалдан авсан гэж хэлсэн. Хэдэн төгрөгөөр авсан талаар асуухад 20,000 төгрөгөөр зарна гэсэн. Надад байсан 10,000 төгрөгийг өгчихлөө, үлдэгдэл 10,000 төгрөгийг дараа нь өгөхөөр болсон гэж хэлсэн. 3-4 хоногийн дараа О.Д, Н.Б, С.С 3 орж ирээд манай нөхрөөс утас зарсан гэж үлдэгдэл 10,000 төгрөгөө орж ирж авсан. Манай нөхөр тэр гар утсыг барьж байгаад зарчихсан гэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 34/;
Тод үнэлгээ ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 04/172 дугаартай:
Самсунг галакси эс-2 маркийн гар утас зах зээл дээр дунджаар 30,000 төгрөгний үнэ ханштай байх боломжтой гэх үнэлгээний тайлан /хх-ийн 36/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан:
...Хохирогч Ч.Шаравжамцанд №1, №2, №3, №4, №5 гэж дугаарласан 5 хүний зургийг харуулахад хохирогч №2 гэж дугаарласан зургийг харж энэ намайг газар унагааж миний халааснаас гар утас авч дээрэмдсэн хүн мөн байна гэж шууд заасан. №1, 4 гэсэн дугаартай хүмүүс нь хамт архи уугаад тухайн №2 гэж дугаарласан хүн намайг газар унагааж цохиж байх үед хажууд зогсож байсан хүмүүс бас мөн байна гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-11/,
-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/,
-хохиролын мөнгө хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 12/,
Шүүгдэгч С.Сын мөрдөн байцаалтанд өгсөн:
2019 оны 01 дүгээр сарын 21-ний өглөө найз Н.Бын гэрт очоод Н.Б, Халиунаа хоёрыг дуудаад бид гурав БЗД-8 хороо УС 15-р байрны гадна талбайд 2 шил архи уучхаад, архи дуусахаар нь таньдаг хүнээс мөнгө авъя гээд ботаникийн эцэсрүү алхаад эцэс дээр хүн хүлээгээд байж байхад танихгүй хүн Н.Быг дуудаад уулзсан. Тэр хүн хамт архи ууя гээд 0,75 гр хараа архи, тамхитай дэлгүүрээс авч өгөөд бид дөрөв гудамжинд хувааж уусан. Шаравцамц гэх залуу надруу агсраад намайг цохиод миний 2 шүд унахаар нь би зөрүүлээд боогоод Шаравцамж хоёр тийшээ найгаад эхлэхээр нь тавьчхаад газар нэг утас уначихсан байхаар нь аваад явчихсан. Тэнд Н.Б, Халиунаа, Шаравцамц нар үлдсэн. Тэгээд миний хоёр шүдийг унагасан юм чинь надад мөнгө өгөхгүй гэж бодоод өрөнд авсан. Н.Бын хамаатанд аваачиж 20,000 төгрөгөөр зарна гэсэн чинь, надад 10,000 төгрөг эхэлж өгсөн, маргааш нь үлдэгдэл 10,000 төгрөг өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 76/,
Шүүгдэгч О.Дэлгээрмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн:
2019 оны 01-р сарын 21-ний орой 17-18 цагийн үед байх Н.Б, С.С бид гурав ботаникийн эцэс дээр Шаравжамц ахтай таараад ганц шил архи аваад өгөөч гэж хэлэхэд ах нь тэгвэл нэг юм авч өгье гээд хойшоо яваад БЗД-8 хороо УС-15 хажууд байрлах арслантай дэлгүүрээс 1 шил Хандгай нэртэй 0,75 гр архи, 1 хайрцаг улаан шонхор тамхи авч өгсөн. Архи аваад арслантай дэлгүүрийн урд бид дөрөв хувааж уусан. Тэгээд ууж дуусаад бид дөрөв урагшаа ботаникийн эцэс орох гээд явсан. Н.Б бид хоёрын урд Шаравжамц, С.С хоёр юм ярьж явж байснаа гэнэт С.С, Шаравжамц ахын хоолойг нь боож газар унагаасан чинь Шаравжамц ахын карманаас цагаан өнгийн гар утас газар унасан. Тэр утсыг нь С.С аваад чи намайг цохичихлоо ш дээ. Миний шүд алга байна шүднийхээ оронд энэ утсыг чинь авлаа гэсэн. Шаравжамц ах цагдаа дуудна гээд урагшаа гараад явсан. Ардаас нь Н.Б очоод хаачих гэж байгаа талаар асуухад ах нь харилаа цагдаа дуудна гээд яваад өгсөн. Бид гурав Н.Бын гэр болох БЗД-10 хороо улаанхуаран 1-65 тоот гэрлүү явах замд гудамжинд Н.Бын хүргэн Ганзоригт гар утсыг 20,000 төгрөгөөр зарахаар болсон. Ганзориг эхлээд 10,000 төгрөг өгсөн. 2-3 хоногийн дараа үлдэгдэл 10,000 төгрөгийг нь өгсөн. С.С, Шаравжамц хоёр зодолдож байхад аль нэгнээс нь цус гарч харагдсан зүйл байхгүй. Шаравжамц С.Сын шүдрүү цохисныг хараагүй. С.Сын амнаас цус гарсан зүйл байхгүй. Тэр хоёрын биед ил харагдах гэмтэл шарх байхгүй байсан. С.С Шаравжамц ахын гар утсыг зарчих юм уу гэж Н.Б бид хоёроос асуухад өөрөө мэд гэж хэлсэн. Би ийм гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна, хохирлоо бүрэн барагдуулна, дахиж ийм гэмт хэрэг үйлдэхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 109/,
Шүүгдэгч Н.Бын мөрдөн байцаалтанд өгсөн:
2019 оны 01 дүгээр сарын 21-ний орой Шаравцамц ах, С.С, О.Д бид дөрөв арслантай дэлгүүрийн гадна 1 шил 0,75гр архи хувааж уугаад, Шаравжамц ахыг автобусны буудал хүргэж өгөх гээд явж байсан. 27 дугаар сургуулийн урд С.С, Шаравжамц хоёр юм яриад О.Д бид хоёрын урд явж байхад С.С гэнэт Шаравжамц ахыг боож унагаад дээрээс нь дарсан, Шаравжамц ах газар унахад карманд нь байсан цагаан өнгийн гар утас хажууд нь унасан. Тэр гар утсыг С.С аваад кармаалчихсан. Тэр хоёрыг боль гэж хэлэхэд Шаравжамц ах шууд зам гараад алхаад яваад өгсөн. Би ардаас нь очоод та хоёр эндээ учраа олчих гэж хэлсэн. Шаравжамц ах яваад өгөхөөр нь С.С, О.Д бид гурав С.Сын авсан гар утсыг зарах гээд манай гэрлүү яваад, гудамжинд хүргэн Ганзоригтой тааралдаад гар утас авах уу гэж асуухад Ганзориг хэд юм гэхээр нь 20,000 төгрөг гэж хэлсэн. Ганзориг 10,000 төгрөг байна дараа нь 10,000 төгрөгийг нь өгье гэж хэлээд худалдан авсан. Ганзоригоос авсан 10,000 төгрөгөөр Ус-15 дугаар байрны хажууд байдаг арслантай дэлгүүрээс архи авч уусан. С.С, Шаравжамц хоёр ноцолдож байхад аль нэгнээс нь цус гарч харагдсан зүйл байхгүй. Шаравжамц, С.Сын шүдрүү цохиж байхыг би хараагүй. С.Сын амнаас цус гарсан зүйл байхгүй. Тэр хоёрын биед ил харагдах гэмтэл шарх байхгүй байсан. С.Ст байсан гар утас Шаравжамц ахын гар утас гэдгийг мэдэж байсан. С.С Шаравжамц ахын гар утсыг зарчих юм уу гэж надаас асуухад өөрөө мэд гэж хэлсэн. Би тэгээд С.Ст манай дүү гар утас авна гээд байсан гэж хэлээд манай гэрлүү явсан. Ганзориг хэний гар утас бэ гэж асуухаар нь О.Дгийн гар утас гэж хэлээд зарсан. Ийм гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна, хохирлоо бүрэн барагдуулна, дахиж ийм гэмт хэрэг үйлдэхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 125/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс: Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019-01-31-ний өдрийн 1894 дугаартай, 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 4556 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 43, 49/, шүүгдэгч С.Сын хорооны тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79-90, шүүгдэгч О.Дгийн иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа, хорооны тодорхойлолт /хх-ийн 114-120/, шүүгдэгч Н.Бын иргэний үнэмлэхний лавлагаа, хорооны тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 128-132/ зэргийг шинжлэн судлав.
Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих зүйлийг нотолсон, мөн хуулийн 16.14 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгч нарын гэм бурууг нотлоход хангалттай гэж шүүх үзэв.
Хохирогч, гэрч, сэжигтэн, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцсон болно.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт С.С, Эрүүгийн хуулийн ерөний ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Б, О.Д нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Шинжлэн судалсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл шүүгдэгч С.С нь хохирогч Ч.Шаравжамцад хүч хэрэглэн хувцасны захаар нь хоолойг нь боож газар унаган, нүүр рүү нь цохин карманд нь байсан гар утсыг авсан үйлдэл нь дээрэмдэх гэмт хэргийн шинжийг, шүүгдэгч Н.Б, О.Д нар нь дээрх үйлдлийг харсан, мэдсээр байж шүүгдэгч С.Сын гэмт хэрэг үйлдэж авсан гар утсыг бүлэглэн бусдад шүүгдэгч О.Дгийн гар утас гэж эх үүсвэрийг нуун худалдан борлуулж ашигласан үйлдэл нь гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж ашигласан, хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Энэ нь хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгч нарын өөрсдийн үйлдсэн хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч С.Сыг дээрэмдэх гэмт хэргийг хүч хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэт зааснаар, шүүгдэгч Н.Б, О.Д нарыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж ашигласан, хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.С, Н.Б, О.Д нарт ял шийтгэл оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлын байдал, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байдал, тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгч Н.Б, О.Д нарын гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч С.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, шүүгдэгч Н.Б, О.Д нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тодорхой хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Хохирогч Ч.Шаравжамцад учирсан хөрөнгийн үнэлгээний тайлангаар 30.000 төгрөгийг шүүгдэгч С.С, Н.Б, О.Д нар төлж барагдуулсан байна. Иймд шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Энэ хэрэгт шүүгдэгч С.С нь 61 хоног цагдан хоригдсон байх учир эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Н.Б, О.Д нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Сүхбаатарын С.Сыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтлож дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Оорцог овогт Нямсүрэнгийн Н.Б, Домон овогт Оюунчимэгийн О.Д нарыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж ашигласан, хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ялаар шүүгдэгч С.Сыг шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар шүүгдэгч Н.Б, О.Д нарыг тус тус тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ст оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Сын цагдан хоригдсон жаран нэг хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б, О.Д нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Хэргийн учир шүүгдэгч Н.Б, О.Д нар цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.С, Н.Б, О.Д нар бусдад төлөх төлбөргүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б, О.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч С.Ст авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч С.Сын эдлэх ялыг 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тооцсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ