Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2024/01820

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 09 27 210/МА2024/01820

 

 

******* ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2024/03859 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: ******* ХК

Хариуцагч: *******, *******

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 20,053,278.21 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 *******, ******* нар нь 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр ******* ХХК-тай ЗГ1705046139 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 9,400,000 төгрөгийг, жилийн 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр ЗГ1705046139А дугаартай нэмэлт өөрчлөлтийн гэрээ байгуулж, 3,500,000 төгрөгийг, жилийн 22,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 1705046139А дугаартай нэмэлт өөрчлөлтийн гэрээ байгуулж, 5,000,000 төгрөгийг, жилийн 22,8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ЗГ1705046139Б дугаартай нэмэлт өөрчлөлтийн гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийг, жилийн 22,8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, нийт 27,900,000 төгрөгийн зээл тус тус авсан.

Зээлдэгч *******, ******* нар ЗГ1705046139 тоот зээлийн гэрээний хавсралт 1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 888 хоног хэтрүүлэн банкийг хохироож байгаа. 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн төлбөрт 10,238,476.79 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 58,198.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 132.01 төгрөг, нийт 10,296,806.97 төгрөг төлөөгүй байна.

1.2 ******* нь 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр ******* ХХК-тай ЗГ3205118693 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийг, жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч нь ЗГ3205118693 дугаартай зээлийн гэрээний хавсралт 1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 883 хоног хугацаа хэтрүүлсэн. 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн төлбөрт 9,449,481.43 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 9,409.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 17.97 төгрөг, нийт 9,458,909.25 төгрөг төлөөгүй байна.

1.3 ******* нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ******* ХХК-тай ЗГ170861879 дугаартай кредит картын гэрээ байгуулж, 300,000 төгрөгийг бэлэн мөнгө авсны хүү сарын 3,5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2,0 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2,0 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1,0 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай ашиглах нөхцөлтэй авсан. 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ЗГ/КР 462868*****7266 А тоот нэмэлт өөрчлөлтийн гэрээ байгуулж 2 жилийн хугацаагаар сунгасан. Зээлдэгч нь кредит карт ашиглан гүйлгээ хийсэн зарцуулалтын төлбөрөө гэрээний нөхцөлд заасны дагуу төлөхгүй 28 сар хугацаа хэтрүүлсэн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар кредит картын гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн төлбөрт 297,561.99 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 0,00 төгрөг, хугацаа хэтрүүлсэн хүүний төлбөрт 0,00 төгрөг, эрх хэтрүүлсэн хүүний төлбөрт 0,00 төгрөг, нийт 297,561.99 төгрөг төлөөгүй байна.

1.4 ******* нь 2022 онд нас барсан тул түүний эхнэр *******гаас Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт зааснаар ЗГ1705046139, ЗГ3205118693, ЗГ170861879 дугаартай зээлийн гэрээний үүрэгт нийт 20,053,278.21 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Миний бие *******наас өөрийн хуучин нөхөр болох нас барсан 2014 онд Саппоро салбараас 10,000,000 төгрөг тухайн үед авч байсан юм. Гэвч ******* нь 2022 оны 8 дугаар сард нас барсан. Уг зээлийн хамтрангаар 2014 онд орж байсан нь үнэн болно. Бага цалин авдаг учраас бөөнөөр нь төлөх боломжгүй тул эргэн төлөлтийг түр хойшлуулж өгөхийг хүсэж байна. Сарын төлөлтийг багаар хийх болон эсвэл цалингийн зээлээр төлөх боломжтой гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан 297,561.99 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч ******* ХК нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******гаас 10,296,806.97 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9,458,909.25 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258,217 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 179,699 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгож шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3 дахь хэсэгт зааснаар өвлөхөөс татгалзсан гэж үзэж байгаа нь ******* нь мөн хуулийн 528.1 дэх хэсэгт зааснаар татгалзсан тухайгаа мэдэгдээгүй байхад өв хүлээн авахаас татгалзсан гэх үндэслэл байхгүй. Өвлүүлэгч ******* 1 жил өнгөрсөн боловч өвийг хүлээн авахгүй байгаа, цаашлаад *******, ******* нар хамт амьдарч байсан тул Иргэний хуулийн 528 заасны дагуу өвлөгч гэж үзэх үндэслэлтэй.

4.2 Иргэний хуулийн 553.1, 535.1, 515.2, 535.1 дэх хэсэгт заасны дагуу өвлүүлэгч *******д өвлөх эд хөрөнгө, эрх байсан эсэх, хууль ёсны өвлөгч өвөөс татгалзсан бол бусад өвлөгчид шилжсэн эсэх талаар тодруулж мэтгэлцэх боломж өгөөгүй.

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга:

5.1 *******д өөрийн гэсэн эд хөрөнгө байхгүй. Мөн өв хүлээж аваагүй гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 20,053,278.21 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Шүүх хуралдаанд хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 20,053,278.21 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. /хх 50/

2.1 Шаардлагын үндэслэлээ ЗГ1705046139 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 10,238,476 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 58,198 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 132 төгрөг, ЗГ3205118693 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 9,449,481 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 9,409 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 17 төгрөг, ЗГ/170861879 дугаартай кредит картын гэрээний дагуу 297,561 төгрөг, нийт 20,053,278.21 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас ЗГ1705046139 дугаар зээлийн гэрээний дагуу зээл төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

2.2 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь ЗГ/170861879 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 297,561.99 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсаныг шүүх баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

3. ******* ХК болон ******* нарын хооронд 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр ЗГ1705046139 дугаартай Зээл болон барьцааны гэрээ /цалингийн зээл/ байгуулагдсан. Гэрээгээр зээлдүүлэгч ******* ХК нь 9,400,000 төгрөгийг, жилийн 20.40 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатай *******д зээлүүлэх, зээлдэгч ******* нь зээлийн төлбөрийг гэрээгээр баталсан хуваарийн дагуу хүүгийн хамт нэхэмжлэгчид буцаан төлөх, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг зээлийн хүүгийн 20 хувь байхаар харилцан тохиролцсон байна. /хх 7-8/

3.1 Мөн 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр ЗГ1705046139А дугаартай Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ /нэмэлт цалингийн зээл/-ээр дээрх гэрээнд өөрчлөлт оруулж, зээлдэгч ******* нь энэхүү нэмэлт өөрчлөлтийн гэрээ хүчин төгөлдөр болох өнөөдрийн байдлаар зээлдэгч нь нийт 6,205,731 төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг банканд хийж 3,194,268 төгрөгийн үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй болсон байна. Зээлдэгчийн хүсэлтийн дагуу зээлдэгчид олгосон зээлийн хэмжээг 3,500,000 төгрөгөөр нэмэгдүүлж үндсэн зээлийн үлдэгдлийн нийт хэмжээг 6,694,268 төгрөг болгохоор талууд харилцан тохиролцсон байна. /хх9-10/

3.2 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр ЗГ1705046139А дугаартай Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ /цалингийн зээл/-ээр, талуудын хооронд байгуулагдсан 1705046139 зээлийн гэрээний дагуу олгогдсон зээлийн хэмжээг 5,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж, банкнаас зээлдэгчид олгосон цалингийн зээлийн үлдэгдлийг 10,081,875 төгрөг болгон өөрчлөхөөр талууд харилцан тохиролцсон байна. /хх11-12/

3.3 Улмаар талууд 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ЗГ1705046139 Б дугаартай Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ /цалингийн гэрээ/ байгуулж, ЗГ1705046139 дугаартай зээлийн гэрээний дагуу олгогдсон зээлийн хэмжээг 10,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж, банкнаас зээлдэгчид олгосон цалингийн зээлийн үлдэгдлийг 17,839,619 төгрөг болгон өөрчлөхөөр талууд харилцан тохиролцсон байна. Уг гэрээнд хариуцагч ******* нь хамтран зээлдэгчээр гэрээ байгуулсан. /хх13-15/ Талууд дээрх гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь зөв.

5. Хэргийн 23 дугаар талд авагдсан Хүү тооцооллын хүснэгт баримтаар *******, ******* нар нь 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл нийт 27,900,000 төгрөг зээлсэн, зээлийн гэрээний хугацаа 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр дуусгавар болоход үндсэн зээлийн төлбөрт 10,238,476 төгрөг, хүүгийн төлбөрт 58,198 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 132 төгрөг тус тус төлөөгүй болох нь тогтоогдсон. /хх 23-25/

Иймд анхан шатны шүүх хариуцагч *******гаас ЗГ1705046139 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 10,296,806 төгрөг гаргуулан ******* ХК-д олгосон нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцнэ. Хариуцагч үүнд давж заалдах гомдол гаргаагүй.

6. ******* ХК болон ******* нарын хооронд 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Зээл болон барьцааны гэрээ /цалингийн зээл/ байгуулагдсан. Гэрээгээр зээлдүүлэгч ******* ХК нь 10,000,000 төгрөгийг, жилийн 18 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай *******д зээлүүлэх, зээлдэгч ******* нь зээлийн төлбөрийг гэрээгээр баталсан хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх 20-22/

6.1 ******* нь 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр нас барсан. /хх 43/

6.2 Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ гэж заасан.

7. Монголын Нотариатчдын танхимын 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 569 дугаар албан бичгээр ...Өвлүүлэгч гэх *******ы өвлөгдөх хөрөнгөд өвлөгчид өв хүлээн авах хүсэлт гаргасан эсэх, нотариатчаас өвлөх эрхийн гэрчилгээ олгосон эсэхийг Танхимын өвийн нэгдсэн бүртгэлээс шүүж үзэхэд бүртгэгдээгүй байна гэжээ. /хх48/ *******ы өвийг хариуцагч ******* хүлээн авсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2024/03859 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166,293 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

М.БАЯСГАЛАН