Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2024/01916

 

 

 

 

 

 

 

 

 

2024 10 21 210/МА2024/01916

 

 

А ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч С.Энхбаяр, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 189/ШШ2024/00037 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч НХ-, Х ХХК-д тус тус холбогдох,

Хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч НХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 189/ШШ2020/00020 дугаар шүүгчийн захирамж, 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 104/ШШ2020/00336 тоот шүүгчийн захирамж, 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 189/ШШ2021/00039 дугаар шүүгчийн захирамж, 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 189/ШШ2022/00037 дугаар шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар хураагдсан А ХХК /5289211/-ийн өмчлөлийн 00 НН улсын дугаартай, long Xing ZL-930 маркийн тээврийн хэрэгсэл, 00 УУУ улсын дугаартай, Mitsubishi Fuso маркийн тээврийн хэрэгслийг нийт 31,482,000 төгрөгөөр үнэлсэн. Зах зээлийн үнэлгээнээс 20-30 хувиар бага үнэлсэн, мөн адил төстэй хөрөнгөөс хямд үнэлгээтэй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч НХ-ийн тайлбарын агуулга:

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч нарт эрх, үүргийг танилцуулж, хугацаатай мэдэгдэл удаа дараа өгсөн боловч хугацаандаа төлбөр төлөөгүй тул А ХХК-ийн хөдлөх эд хөрөнгийг 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 20310277/08 дугаартай хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 23310277/14 дугаартай тогтоолоор тус тус битүүмжилсэн Long Xing маркийн ZL-930 моделийн, 00 НН улсын дугаартай, шар өнгөтэй тээврийн хэрэгсэл, Mitsubishi Fuso маркийн 00 УУУ улсын дугаартай,саарал өнгийн ачааны зориулалттай, тээврийн хэрэгслийг 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 20310277/17 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор А ХХК-ийн захирал Ш.Т-ийг байлцуулан хураан талуудад эрх, үүргийг танилцуулж, санал хүсэлт, тайлбарыг бичгээр хүлээн авсан.

Уг хөрөнгө үнэлсэн үнийн саналыг төлбөр төлөгч Ш.Т- 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр бичгээр гарган өгснийг 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 01/469 дугаартай албан бичгээр төлбөр авагч Э ХК-д танилцуулж, харилцан тохиролцоогүй, зөрүүтэй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт зааснаар Х ХХК-ийн мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй шинжээч Д.Г-ыг томилж, үнэлгээ хийлгэсэн. Үнэлгээний тайланг 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч талуудад мөн өдрийн 01/533, 01/534 дугаартай албан бичгээр тус тус 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр мэдэгдсэн.

Иймд төлбөр төлөгч А ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч Х ХХК-ийн тайлбарын агуулга:

А ХХК-ийн эзэмшлийн 00 УУУ улсын дугаартай, Mitsubishi Fuso маркийн ачааны тээврийн хэрэгсэл, 00 НН улсын дугаартай, Long Xing маркийн авто ачигч тээврийн хэрэгслийн ковш нь улсын бүртгэлээс хайхад олдоогүй, бүртгэлгүй байсан. Тиймээс шүүхийн шийдвэр гүйцэтгэгчээс мэдээлэл авч ажилласан. Mitsubishi Fuso маркийн автомашиныг үнэлэхдээ зах зээл дээр зарлагдсан, 3 автомашиныг харьцуулсан ...тээврийн хэрэгслүүдийн үнэлгээг бага гэж үзээд байна. Энэ нь үндэслэлгүй, асах боломжгүй, асаах гэхэд аккумляторгүй гэж хэлсэн. Гадна үзэмжээр нь засвар үйлчилгээнүүдийг хийх, үнийн дүнг тогтоогоод үндсэн зах зээлийнхээ үнийг тогтоож, засвар үйлчилгээг хийх дүнг хасаж, 24,905,000 төгрөгөөр үнэлсэн. Ковш явах боломжгүй, гэмтлийг сайн тогтоож чадаагүй, гаднах өнгө зэрэгт тулгуурлаж үнэлгээ хийсэн. Харьцуулсан хөрөнгүүд зах зээлд зарагдаж байгаа, бүгд бүрэн ажиллагаатай, илүү үзүүлэлттэй байсан тул засвар үйлчилгээний үнийн дүнг зах зээлийн үнээс хасаж, дүгнэлт гаргасан гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч НХ-, Х ХХК-д холбогдох хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун төгрөг/төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

5. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.1. Шинжээчийн зах зээлийн үнэ ханшийн мэдээллийг нягтлан шалгаж, нэгтгэсэн хүснэгтийг хянаж үзэхэд жишиг хөрөнгийн үнэлгээнүүдээс 20-30 хувиар бага үнэлсэн ба хөрөнгүүдийг үнэлэхдээ адил төстэй техникүүдээс илүү хямдаар харьцуулсан гэж бид үзэж байна.

Дээрх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шинжээчийн үнэлгээг бүхэлд нь хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Хуульд заасны дагуу хөрөнгийн үнэлгээг Х ХХК гэх мэргэжлийн байгууллагаар хийлгэсэн бөгөөд хөрөнгийн үнэлгээ хийсэн үнэлгээчин анхан шатны шүүхэд хийсэн үнэлгээнийхээ талаар тайлбар өгсөн. Нэхэмжлэгч тал хөрөнгийн үнэлгээг багаар үнэлсэн гэж давж заалдах гомдол гаргадаг боловч энэ талаараа нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

1. Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч НХ-, Х ХХК-д тус тус холбогдуулан хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нараас бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

3. Зохигчид 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Х ХХК-ийн үнэлгээний тайланд маргаж байх бөгөөд шүүх энэ тохиолдолд хэрэгт ач холбогдол бүхий маргааны үндэслэл болох бичгийн нотлох баримтыг хэрэгт авч зайлшгүй үнэлэх шаардлагатай.

 

3.1. Нэхэмжлэгч талаас маргаан бүхий үнэлгээний тайлангийн 2 нүүр баримтыг хуулбараар, харин хариуцагч талаас 1 нүүр баримтыг тус тус ирүүлсэн байх бөгөөд тухайн баримт хэрэгт бүрэн авагдаагүй тул маргааны зүйл болж буй үнэлгээний тайлангийн талаар эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй байна./хх7, 121/

 

4. Дээр дурдсан үндэслэлээр маргаанд ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, давж заалдах шатны шүүх уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 189/ШШ2024/00037 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ