| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2019/0575/Э |
| Дугаар | 573 |
| Огноо | 2019-05-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Нарангуа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 573
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,
Улсын яллагч Х.Нарангуа,
Өсвөр насны шүүгдэгч Т. хууль ёсны төлөөлөгч Ц., өмгөөлөгч Г.Энхбаяр /ҮД:2668/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийв.
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баяжих овогт ын т холбогдох 1908009900600 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 2002 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, коллежийн 2-р курст суралцдаг, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Баяжих овогт рын //.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:
Т. нь 2019 оны 02 дугаар сарын 06-ны орой 20 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Натул эмнэлэгийн орчимд насанд хүрээгүй хохирогч Г.ын баруун шанаа руу нь тохойгоороо 1 удаа цохиж эрүүл мэндэд нь баруун шанаанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
1.Насанд хүрээгүй хохирогч Г.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 06-ны орой 19 цагийн орчимд “Зевс” нэртэй тоглоомын газарт тоглож байтал манай найз тус тоглоомын газарт орж ирээд намайг хүмүүс дээрэлхээд байна гэж хэлсэн тэгтэл гэх хүүхэд ыг алгадаад байсан ба яагаад алгадаад байсныг мэдэхгүй. Тэгээд бид хоёр 20 цаг 20 минутын орчимд гараад алхаад явтал араас 2 эрэгтэй хүүхэд дуудахаар нь бид 2 цаашаа зугтаасан чинь тэр 2 залуу бид хоёрын араас хөөсөн бөгөөд би хэн нэгэнтэй муудалцаагүй учраас алхаж байгаад эргээд харсан чинь нь гараараа миний шанаа руу нэг удаа цохьсон тэгээд би газар унасан. … Намайг гэх хүүхэд баруун шанаа руу гараараа нэг удаа цохиход нь би газар унасан. Миний баруун шанаа хавдсан, нүд бүрэлзээд байсан. ...Би тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлүүлсэн, надад одоо гомдол санал байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 12-13, 14 х/,
2.Өсвөр насны шүүгдэгч Т.ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд байрлах Зевс нэртэй тоглоомын газарт найз ын хамт хөзөр тоглоод сууж байсан. Тухайн үед тэр тоглоомын газарт тоглож байсан хүүхэд компьютерийн гар болон бусад хэрэгслийг цохиод байсан. Тэгээд манай найз тэр хүүхэд дээр очоод боль гэж хэлээд юм яриад зогсоод байсан. Тухайн үед орой болчихсон байсан болохоор манай найз тоглож болно гэж хэлж байх шиг байсан. Тэгээд тэнд байсан буржгар үстэй хүүхэдтэй ярьж зогсож байгаад 2 алгадах шиг болсон. Тэгээд тэр 2 хүүхэд тоглоомын газраас гараад явсан. бид 2, тэр 2 хүүхдийн араас ярилцах санаатай гарсан. Тэгсэн тэр 2 хүүхэд гудамжинд явж байсан танихгүй том хүнд бид 2-ыг зодох гээд байна гээд хэлчихсэн зогсож байсан. Тэр хүн намайг дуудаж миний бөгс рүү 2 удаа өшиглөөд жаахан хүүхэд зодох гэлээ гээд байж байтал тэр 2 хүүхэд цаашаа зугатаад гүйсэн. бид 2 тэр 2 хүүхдийн араас нь гүйж байтал жижигхэн нүдний шилтэй хүүхэд эргэж харах шиг болсон тэгээд тохойгоороо нэг удаа цохьсон. ... гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй. ...” гэх мэдүүлэг /хх 39-40 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
3.Насанд хүрээгүй гэрч С.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Хэзээ гэдгийг нь мэдэхгүй байна. Би найз ын хамт Содон хорооллын урд байдаг “Зевс” нэртэй тоглоомын газар 20 цагийн үед тоглож байсан. Тэгтэл тэнд писи тоглож байсан зүс таних той муудалцсан. Тэгтэл тэнд Өөнөө тэр тоглоомын газарт намайг 2 удаа алгадсан. бид 2 тоглоомын газраас гараад явж байтал бид хоёрын араас , 2 хөөсөн. Бид 2 танихгүй нэг ахаас бид 2-ыг зодох гээд байна гээд тусламж гуйсан. Тэр ах тэр 2-ыг бариад үлдсэн. Тэр хооронд бид 2 зугатсан. Гэтэл гэх залуу нь бид 2-ын араас хөөгөөд байсан тухайн үед ард үлдчихсэн юм. Ард үлдээд юу болсныг сайн мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг /хх 17-18 х /,
4.Насанд хүрээгүй гэрч Б.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 06-ны орой Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Содон хороололд байрлах Зевс нэртэй писи тоглоомын газарт найз ын хамт хөзөр тоглоод сууж байтал нэг буржгар толгойтой хүүхэд манай писи-ний эзэнд бид хоёрыг хөзөр тоглоод байна гэж хов зөөгөөд байсан. Тэгэхээр нь би тэр буржгар үстэй хүүхэд дээр очоод ...чи яасан охин шиг юм бэ... гээд хацар руу нь 2 удаа алгадсан. Тэр хүүхэд уурлаад найзыгаа дагуулаад гараад явсан..., ... тэр хоёрын араас гүйе гээд гүйж байтал тэр буржгар үстэй хүүхэдтэй хамт явж байсан хүүхэд гэнэт эргэж хараад, цохиод унагачих шиг болсон. Тэр хүүхэд газар уначихаар нь би ...хөөе босоорой... гээд нуруу руу нь гарынхаа алгаар цохисон. ...” гэх мэдүүлэг /хх 24 х /,
5.Гэрч З.рын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2002 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Би 4 хүүхэдтэй манай айлын 2 дахь хүү байгаа юм. нийслэлийн 67 дугаар дунд сургуульд орж суралцаж 3 дугаар ангиасаа шилжин нийслэлийн 62 дугаар дунд сургуульд суралцаж 9 дүгээр ангийг төгссөн. Одоо полетехникийн коллежид сантехникийн мэргэжлээр суралцаж байгаа. Манай хүү ааш зангийн хувьд төлөв даруухан хүний үгнээс гардаггүй хүүхэд байгаа юм. Мөн архи, тамхи огт хэрэглэдэггүй хүүхэд. гэрийн ажилд их сайн байнга бид нарын ажилд тусалж дэмжиж явж байдаг. ...” гэх мэдүүлэг /хх 26 х /,
6.Гэрч Ц.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2002 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Би 4 хүүхэдтэй манай айлын 2 дахь хүү болж төрсөн. нийслэлийн 67 дугаар дунд сургуульд орж суралцаж 3 дугаар ангиасаа шилжин нийслэлийн 62 дугаар дунд сургуульд суралцаж 9 дүгээр ангийг төгссөн. Одоо плотехникийн коллежид сантехникийн мэргэжлээр суралцаж байгаа. Манай хүү ааш зангийн хувьд төлөв даруухан хүний үгнээс гардаггүй хүүхэд байгаа юм. Мөн архи тамхи огт хэрэглэдэггүй хүүхэд. гэрийн ажилд их сайн байнга бид нарын ажилд тусалж дэмжиж явж байдаг. ...” гэх мэдүүлэг /хх 38 х /,
7.Шинжээчийн 2102 тоот дүгнэлт
1.Г.ын биед баруун шанаанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй
5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. гэх дүгнэлт /хх 28 х/,
8.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 44 х/
9.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 47 х/
10.Төрсний гэрчилгээний хуулбар /хх 49 х/
11.Сургуулийн тодорхойлолт /хх 53 х/
12.Хувийн байдлын тодорхойлолтууд / хх 54-59 х/
13.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 60 х/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.
Өсвөр насны шүүгдэгч Т. нь 2019 оны 02 дугаар сарын 06-ны орой 20 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Натул эмнэлэгийн орчимд насанд хүрээгүй хохирогч Г.ыг ямар нэгэн шалтгаангүйгээр баруун шанаа руу нь тохойгоороо 1 удаа цохиж эрүүл мэндэд нь баруун шанаанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
- Насанд хүрээгүй хохирогч Г.ын “... нь гараараа миний шанаа руу нэг удаа цохьсон тэгээд би газар унасан. ... Миний баруун шанаа хавдсан, нүд бүрэлзээд байсан. ...” гэх мэдүүлэг /хх 12-13, 14 х/,
- Өсвөр насны шүүгдэгч Т.ын “... жижигхэн нүдний шилтэй хүүхэд эргэж харах шиг болсон тэгээд тохойгоороо нэг удаа цохьсон. ...” гэх мэдүүлэг /хх 39-40 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
- Насанд хүрээгүй гэрч Б.ын “... тэр хоёрын араас гүйе гээд гүйж байтал тэр буржгар үстэй хүүхэдтэй хамт явж байсан хүүхэд гэнэт эргэж хараад, цохиод унагачих шиг болсон....” гэх мэдүүлэг /хх 24 х /,
- Г.ын биед баруун шанаанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Шинжээчийн 2102 тоот дүгнэлт /хх 28 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Өсвөр насны шүүгдэгч Т. нь насанд хүрээгүй хохирогч Г.ийн баруун шанаа руу 1 удаа тохойгоороо цохиж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон учраас хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл /хх 28 х/ гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.
Өсвөр насны шүүгдэгч Т. өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, өсвөр насны шүүгдэгч Т. үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.
Насанд хүрээгүй хохирогч Г.ын эмчилгээний нэхэмжилсэн 140,000 төгрөг төлөгдсөн болох нь хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх 14 х/-ээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.
Улсын яллагч: Өсвөр насны шүүгдэгч Т.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 130 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан.
Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхбаяр: Т. нь бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 120 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү? гэсэн болно.
Өсвөр насны шүүгдэгч Т. гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо өөрийн сайн дураар нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, коллежд суралцдаг, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршиг их биш зэргийг харгалзан 120 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шүүх шийдвэрлэсэн.
Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд тус тус дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баяжих овогт рын ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.ыг 120 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Т.т мэдэгдсүгэй.
4.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
5.Т.ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ