| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2016/0452/И |
| Дугаар | 470 |
| Огноо | 2016-07-08 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 470
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баацагаан сумын 3-р багт оршин суух, эмэгтэй, ВЖ84100601 регистрийн дугаартай, Халимаг овогт Ням-Осорын Ичинноровын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянхонгор аймгийн Баацагаан сумын 3-р багт оршин суух, ВН77030119 регистрийн дугаартай, Отгоныхон овогт Даваацэрэнгийн Батхуягт холбогдох Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Ичинноров, хариуцагч Д.Батхуяг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чулуунчимэг нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Ичинноров шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие 2007 оны 08 сарын 15-нд Д.Батхуягтай албан ёсны гэр бүл болж 1 охин төрүүлж өсгөсөн. Охин маань одоо эрүүл саруул бойжиж байгаа бөгөөд Баянхонгор аймгийн Сого-Сейко сургуульд 4-р ангид сурдаг. Нөхөр болох Батхуяг нь 2004 оноос хойш байнга архи уун зан ааш нь хувирч зодож нүдэн салж нийлсээр өдийг хүрч байгаа сүүлийн үед гэртээ тогтохоо больж эрх чөлөөнд халдан эд хөрөнгөө эвдэж хэл амаар доромжлон хамт амьдрах аргагүй болсон. Одоогоос 1 жил 3 сарын өмнө муухай ааш гарган гэр орноосоо дайжиж яваад ирэхгүй утсаар яриахаар хаана байгаагаа хэлэхгүй чамаас салмаар байна өгдөг газар нь өгч шийдүүл гэх болсон тул шүүхэд салах талаар нэхэмжлэл гаргахаас аргагүйд хүрлээ. Иймд Д.Батхуяг бидний гэр бүлийг цуцалж охин Мөнхцэцэгт тэтгэлэг тогтоож өгнө үү? гэжээ.
Нэхэмжлэгч Н.Ичинноров шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Д.Батхуяг нь архи согтууруулах ундааг тодорхой шалтгаангүйгээр олон хоногоор архи ууж гэртээ тогтохоо байсан. Сүүлийн үед гэр бүлийн хүрээнд хэрүүл маргаан үүсгэж, зодож нүдэх болсон. Иймд гэр бүлээ цуцлуулах нэхэмжлэл гаргасан. Одоо энэ нэхэмжлэлээ дэмжиж байна.Эвлэрүүлэн зуучлагчид хандахгүй, эвлэрэх боломжгүй. Д.Батхуяг нь одоогоор Улаанбаатар хотод өөрийн дүүтэйгээ хамт байр хөлсөлж, ажил хийн амьдрал хүнд байдалд байгаа,эдийн засгийн боломж бололцоо нь муу байгаа тул бид харилцан тохиролцоод энэ удаад хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй байхаар тохиролцсон. Охин Б.Мөнхцэцэгийг өөрийн асрамжид авах болно. Бид гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох эд мал хөрөнгөө хуваан авахаар харилцан тохиролцсон ..гэв.
Хариуцагч Д.Батхуяг шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие нь нэхэмжлэгтэй 2007 оны 08 сарын 15-нд албан ёсны гэр бүл болж 1 охин төрүүлсэн нь үнэн болно. Н.Ичинноров гэр бүлээ цуцлуулах өргөдөл өгснийг хүлээн зөвшөөрч байна. Охин Мөнхцэцэг нь ээж Ичинноровтой хамт амьдардаг. Н.Ичинноров нь өргөдөл гаргахад хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй харин гэр бүлээ цуцлуулж эд хөрөнгөө өөрийнхөө нэр дээр шилжүүлж өгөхийг надаас хүссэнийг миний бие зөвшөөрч байна..гэжээ.
Хариуцагч Д.Батхуяг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие нь Д.Ичинноровтой хамт амьдарч байх хугацаандаа архи ууж агсам тавьж түүний эрх чөлөөнд халдаж байсан нь үнэн. Гэр бүлээ цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваан авч нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлж, охин Мөнхцэцэгт хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй байхаар бид харилцан тохиолцож эвлэрсэн болно. Би архи нилээн уудаг, архи уухаараа олон хоногоор найз нөхөдтэйгээ нийлээд уудаг. Одоо Улаанбаатар хотод хамгаалалтын компанид ажиллаж байна. Цаашдаа хүүхдээ харж хандаж, тэжээн тэтгэж явах болно..гэв.
Зохигчдын шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээнд:
Нэхэмжлэгч миний бие Н.Очинноров нь хариуцагч Д.Батхуягаас эд хөрөнгөө авч хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүйгээр эвлэрлээ..гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгч Н.Ичинноров, хариуцагч Д.Батхуяг нарын иргэний үнэмлэхний хуулбар, гэрлэлтийн батлахын хуулбар, Б.Мөнхцэцэгийн төрсний гэрчилгээний хуулбар, Японы хөрөнгө оруулалттай Соого Сейкео ахлах сургуулийн 2016 оны 06 сарын 16-ны өдрийн 19 дүгээр тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Ичинноров нь хариуцагч Д.Батхуягт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрч маргаагүй байна.
Нэхэмжлэгч Н.Ичинноров, хариуцагч Д.Батхуяг нар нь 2006 оны 08 сарын 23 ны өдөр охин Б.Мөнхцэцэгийг төрүүлж өсгөн, 2007 оны 08 сарын 15-ны өдөр гэр бүл болсныг 2007 оны 10 сарын 26-ны өдөр гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлт бүртгэж гэрчилгээ олгожээ.
Н.Ичинноровын төрүүлсэн охин Б.Мөнхцэцэг нь хариуцагчийн хүүхэд мөн болох, одоо эрүүл энх өсөж, сурч байгаа болох нь №0061941 дугаартай төрсний гэрчилгээ Соого Сейкео ахлах сургуулийн 2016 оны 06 сарын 16-ны өдрийн 19 дүгээр тодорхойлолт зэрэг баримтууд, зохигчдын тайлбараар тогтоогдсон байна.
Гэрлэгсэд нь гэр бүлийн таарамжгүй харьцаа, гэр бүлийн хүчирхийлэлтэй байдал, тусдаа амьдраад 1 жил 4 сар орчим хугацаа өнгөрсөн, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зэрэг шалтгаанаар шүүхээс гэрлэгчдэд эвлэрлүүлэх хугацаа өгөх шаардлагагүй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, зохигчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, өмч хөрөнгөө харилцан зөвшилцөж хуваан авахаар болсон талаар шүүх хуралдаан дээр илэрхийлж, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Хүүхдийн асрамжийн талаар зохигчид маргаан гаргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаарГэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх асуудлыг шүүх шийдвэрлэнэ.. гэсний дагуу хэргийн нөхцөл байдлыг дүгнэн охин Б.Мөнхцэцэгийг эх Н.Ичинноровын асрамжид үлдээх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иймд гэрлэгчид нь эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдаж тэдний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн асрамж тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.4 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Халимаг овогт Ням-Осорын Ичинноров, Отгоныхон овогт Даваацэрэнгийн Батхуяг нарын гэрлэлтийг цуцалсугай. 2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2006 оны 08 сарын 23 ны өдөр төрсөн охин Б.Мөнхцэцэгийг эх Н.Ичинноровын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтан нэхэмжлэгч Н.Ичинноров нь хариуцагч Д.Батхуягтай тохиролцон хүүхдийн тэтгэлгийг хуулийг дагуу тогтоолгохгүйгээр охин Б.Мөнхцэцэгийг 18 нас хүртэл мөнгө санхүүгийн хувьд тэжээн тэтгэж, туслаж дэмжиж явах талаар харилцан тохиролцсон, зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдсугай. 4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасныг баримтлан гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч охин Б.Мөнхцэцэгийг эрүүл, чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрхийг нь хамгаалах, үүргээ биелүүлэхэд нь туслах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг Д.Батхуяг, эх Н.Ичинноров нарын үүрэг хэвээр үлдэх болохыг зөвлөсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Д.Батхуягаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Ичинноровт олгосугай. 7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэдхүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ