| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2019/0576/Э |
| Дугаар | 575 |
| Огноо | 2019-05-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энхбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 575
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал,
Улсын яллагч Б.Энхбат,
Насанд хүрээгүй хохирогч Н., түүний хууль ёсны төлөөлөгч Э.,
Шүүгдэгч Д.нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийв.
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сандаг овогт гийн эд холбогдох 1908009060396 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1996 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, группт байдаг, ам бүл 9, аав, ээж, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Сандаг овогт гийн //.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:
Д.нь 2019 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй Н.ын толгойн тус газарт модон алхаар цохиж, эрүүл мэндэд “зүүн хөмсөгт зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
1.Насанд хүрээгүй хохирогч Н.ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2019 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 12 цагийн орчимд аав, ээж гурван дүүгийн хамтаар аавын барьж явсан УБА улсын дугаартай Хонда Инсайд маркийн автомашинтай золголт хийгээд явж байхад Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг, арван буудлын төмөр замын призер орчимд аавын машиныг үл таних машинтай хүн шахаад яваад байсан, аав таньдаг хүн юм байхдаа гэж ярьж байснаа машины урдуур орж зогсож машинаас бууж, очоод жолоочтой нь уулзаж байх үед би машинаас гараад аавынхаа араас очсон чинь машин дотроос жолоочийн аав нь бууж ирээд аав руу зодох гээд дайраад байхаар нь би салгах гээд байж байтал жолооч ах бууж ирэх гээд байхаар нь хаалгыг нь дараад автал аав нь миний гарнаас зуураад татах үед жолооч ах бууж ирээд машиныхаа багажаа онгойлгож байснаа шар модон хатуу хаймран алх гаргаж ирээд миний зүүн хөмсөгний дээд талд нэг удаа цохиод авахаар нь би ахиж цохиод авах байх гэж бодоод алхыг нь гараас нь булааж авсан. ... хохирлын 340,000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх 11-12 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
2.Шүүгдэгч Д.ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 06-ны өдөр сар шинийн 2-ны өдөр аав ээж эхнэр хүүхдийн хамт золголт хийгээд өөрийн эзэмшлийн УБЛ улсын дугаартай приус-11 маркын автомашинтайгаа Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо толгойтын эцсийн буудал орчимд явж байтал автобусны хажуугаар Инсайд маркын автомшин шахаад ороод ирэхээр нь би оруулаагүй явчихсан чинь араас гэрлээр дохиод сигнал өгөөд урдуур орох гээд байхаар нь би оруулаагүй явсан. Тэгээд цаашаа нефьт өнгөрөөд нилээн хол зайтай СХД-ийн 20 дугаар хорооны нутагт байрлах төмөр замны призер өнгөрөөд явж байтал урд огцом тоормас гишгиж нөгөө жолооч намайг зогсоосон машинаас жолооч сүүлд нэрийг мэдсэн , хүү ын хамт бууж ирээд цонх тогшоод чи яаж яваад байгаа юм гэхээр нь цонхоо хагас онгойлгосон чинь миний эрүүг гараараа өлгөөд цохиод авахаар нь би хаалгаа онгойлгоод гарах гэтэл миний хаалгыг дарчихаад гаргахгүй байсан тэр үед аав ард сууж байснаа юу болж байнаа гээд гараад иртэл аавыг шанаадаад авахаар нь би гарч ирээд багаж онгойлгож байгаад модон алхаа бариад далайж байгаад ын духанд цохичихсон, тэгтэл миний алхыг булааж аваад машины буруу талын толийг хага цохисон. Ийм л асуудал болсон. ... гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй” гэх мэдүүлэг /хх 36 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
3.Гэрч О.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 12 цагийн орчимд эхнэр хүүхдүүдийн хамтаар өөрийн эзэмшлийн УБА улсын дугаартай Хонда Инсайд маркийн автомашинтай золголт хийгээд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг арван буудлын төмөр замын призер орчимд явж байтал миний машиныг үл таних жолооч шахаад яваад байсан, би таньдаг хүн юм байхдаа гэж ярьж байгаад тэр машины урдуур орж зогсоод машинаас бууж очоод жолоочид нь хандаад юм хэлэхээр очтол арын суудал дээр сууж байсан сүүлд мэдэхэд ийн аав бууж ирээд дайраад байсан, нэг мэдсэн намайг зуураад авсан чинь хүү гарч ирээд салгах гэж байтал машинаас бууж ирэх үед манай хүү буулгахгүй гээд хаалгыг нь дараад автал ийн аав манай хүү бөөр муутай гээд орилоод байсан чинь хүү нь машинаас бууж ирээд багажаа онгойлгож байгаа харагдсан, нэг мэдсэн хүү нь гартаа шар модон алх барьчихсан, ийн зүүн чамархай орчимд алхаар нэг удаа цохичихлоо гэж байсан. ...” гэх мэдүүлэг /хх 17 х /,
4.Гэрч Р.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 02 дугаар сары 06-ны өдөр буюу шинийн 2-ны өдөр 12 цагийн үед манай нөхөр нь өөрийн 9595 УБЛ улсын дугаартай цагаан өнгийн приус 10 маркийн машинтай би урд нь хүүхдээ тэврээд сууж байсан харин арын суудал дээр ийн аав нь суугаад Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутагт толгойтоос 10 буудал хүртэлх замд 5748 улсын дугаартай цэнхэр өнгийн жижиг машин шахаад замруу оруулахгүй урд орж ирж тормос гишгээд машин дотроос хоёр том биетэй залуу бууж ирээд машины хаалга цонх цохиод машин өшиглөөд байхаар нь ийн аав гуай машинаас буусан тэгээд юу болоод байгаа юм гэсэн чинь 30 орчим насны залуу нь аавыг цохиод газар унагаачихсан юм. Тэгээд машинаасаа буух гэсэн чинь хаалгыг гаднаас нь дарчихаад буулгахгүй байж байгаад арай гэж машинаас буугаад тэр хүмүүстэй маргалдсан. Тэр машинд явж байсан нэг эмэгтэй нь намайг ойртуулахгүй цаашаа бай гээд түлхээд байсан. Тэгтэл дахиад хаанаас ч юм хүмүүс нэмэгдэж ирээд ийг бүгдээрээ нийлээд зодоод байсан, тэгтэл машинаас модон алх гаргаж ирээд нэг хүүхдийн дух руу нь нэг удаа цохьчихсон юм. Тэгтэл эд цохиулсан залуу машины хаалга өшиглөөд машины буруу талын хаалган дээр байрлуулсан байдаг толийг хага цохьсон. Ингээд эсрэг талын хүмүүс олуулаа дайраад байсан учраас цагдаа дуудсан. Гэхдээ яг хэн нь хэний утсаар дуудсаныг санахгүй байна. ...” гэх мэдүүлэг /хх 20 х /,
5. Гэрч Д.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2019 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 12 цагийн үед гэрийхэнтэйгээ хүү ийн хадмынд очиж золгох гээд явж байгаад СХД-н 20-р хороо “Энхжин” худалдааны төвийн орчим цэнхэр өнгийн машин урдуур дарж орж ирээд машинаас 4-5 хүн бууж ирээд тэр машины жолооч чи яагаад шахаж яваад байгаа юм гэх шалтгаанаар хүү рүү дайраад байсан би болиулах гээд миний хүүхэд бөөрний дутагдалтай битгий зодоорой гэж хэлэхэд тэр залуу намайг гараараа нэг удаа цохиж газар унагаасан, миний толгой эргээд хэсэг сууж байгаад босож ирэхэд хүү цэнхэр машины жолоочийн хүүхдийг алхаар нэг удаа толгой руу нь цохичихсон байсан. Би хүү ийн гарт байсан алхыг булааж авах үед манай машины баруун толийг цэнхэр машины жолоочийн хүүхэд хугалж газар дэвсээд байсан. Удалгүй 2 цагдаа ирж бид нарыг аваад явсан. Ийм л зүйл болсон. ...” гэх мэдүүлэг /хх 21 х /,
6.Шинжээчийн 2100 тоот дүгнэлт
1.Н.ын биед зүүн хөмсөгт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл
тогтоогдпоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. гэх дүгнэлт /хх 23 х/,
7.Иргэний үнэлэхийн лавлагаа /1 хх 38 х/
8.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /1 хх 39 х/
9.Хохирлын баримтууд /хх 49-50 х/
10.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 63 х/
11.Д.ийн группд байдаг талаарх баримт /хх 45 х/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.
Шүүгдэгч Д.нь 2019 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож явахдаа О.гийн автомашид зам тавьж өгөөгүй асуудлаас болж маргалдан улмаар насанд хүрээгүй Н.ын толгойн тус газарт модон алхаар цохиж, эрүүл мэндэд “зүүн хөмсөгт зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
- Насанд хүрээгүй хохирогч Н.ын “... шар модон хатуу хаймран алх гаргаж ирээд миний зүүн хөмсөгний дээд талд нэг удаа цохиод авахаар нь би ахиад цохиод авах байх гэж бодоод алхыг нь гараас нь булааж авсан.. ...” гэх мэдүүлэг /хх 11-12 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
- Шүүгдэгч Д.ийн “...модон алхаа бариад далайж байгаад ын духанд цохичихсон, тэгтэл миний алхыг булааж аваад машины буруу талын толийг хага цохисон. ...” гэх мэдүүлэг /хх 36 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
- Гэрч О.гийн “... машины багажаа онгойлгож байгаа харагдсан, нэг мэдсэн хүү гартаа шар модон алх барьчихсан, ийн зүүн чамархай орчимд алхаар нэг удаа цохичихлоо гэж байсан. ...” гэх мэдүүлэг /хх 17 х /,
- Гэрч Р.ийн “...тэгтэл машинаас модон алх гаргаж ирээд нэг хүүхдийн дух руу нь нэг удаа цохьчихсон юм. ...” гэх мэдүүлэг /хх 20 х /,
- Гэрч Д.гийн “... хүү цэнхэр машины жолоочийн хүүхдийг алхаар нэг удаа толгой руу нь цохичихсон байсан. Би хүү ийн гарт байсан алхыг булааж авах үед манай машины баруун толийг цэнхэр машины жолоочийн хүүхэд хугалж газар дэвсээд байсан. ...” гэх мэдүүлэг /хх 21 х /,
- Н.ын биед зүүн хөмсөгт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл
учирсныг тогтоосон шинжээчийн 2100 тоот дүгнэлт /хх 23 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Д.нь насанд хүрээгүй хохирогч Н.ын биед модон алхаар нэг удаа цохиж хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.
Шүүгдэгч Д.нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Д.ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.
Насанд хүрээгүй хохирогч Н. эмчилгээний зардалд 430,000 төгрөг нэхэмжилсэн боловч төлөгдөөгүй болох нь хохирлын баримтууд /хх 49-50 х/-аар тогтоогдсон тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулахаар шүүх шийдвэрлэсэн.
Улсын яллагч: Д.эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан.
Шүүгдэгч: Гэм буруу, хэргийн зүйлчлэл, улсын яллагчийн гаргасан ялын санал дээр хэлэх зүйлгүй гэсэн.
Д.ийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, 80 хувийн группт байдаг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан тул түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжгүй, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг их биш, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэргийг тал бүрээс нь харгалзан шүүхээс түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгуулийг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн.
Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг модон алхыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгахаар шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сандаг овогт гийн ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ялтан Д.эд үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Д.эд мэдэгдсүгэй.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6.Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Д.ээс 430,000 төгрөг гаргуулж насанд хүрээгүй хохирогч Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Баганарангийн 45-09-04 тоотод оршин суух УТ01302910 регистрийн дугаартай Н.ад олгосугай.
7.Д.ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг модон алхыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг болон эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ