| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2016/0325/И |
| Дугаар | 474 |
| Огноо | 2016-07-08 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 474
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2-56-1 тоотод оршин суух ВП82100209 регистрийн дугаартай, Боржигон овогт Батсайханы Анхбаярын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянхонгор аймгийн Биеийн тамир спортын газарт холбогдох
2016 оны 04 сарын 14-ний өдрийн ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгох, ажилгүй байсан хугацааны цалин нөхөн олгуулж, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж, ажилд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Анхбаяр, хариуцагч С.Батсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Анхбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие 2016 оны 01 сард сонгон шалгаруулалт явуулах зарын дагуу сонгон шалгуулалтад орж тэнцэн Биеийн тамир спорт хорооны харьяа Дөвөнтийн заалны үйлчлэгчээр ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргалгүй журмын дагуу ажиллаж байсан. 2016 оны 04 сарын 06-ны өдөр миний бие өвдөж эмнэлэгт хэвсэн бөгөөд эмнэлгээс гараад ажилдаа очиход ажлаас халсан 2016 оны 04 сарын 14-ний өдрийн Б/14 тушаал гарсан байсан.
Уг тушаал нь хууль бус байгаа тул миний бие эс зөвшөөрч байна.
Иймд 2016 оны 04 сарын 14-ний өдрийн ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгох, ажилгүй байсан хугацааны цалин нөхөн олгуулж, Нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж, ажилд эгүүлэн томилуулах хүсэлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгч Б.Анхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие энэ ажилд сонгон шалгаруулалтанд орж тэнцсэний дагуу томилогдон, ажилласан. Томилогдсоноос хойш цалин бага гэж гололгүйгээр ажил хийж байвал болно гэсэн бодлоор Дөвөнтийн заалны жижүүр, үйлчлэгчийн ажлыг хийж шөнө орой, ажлын цаг гэхгүйгээр ажилладаг байсан. Энэ хугацаанд ажил тасалж сахилгын зөрчил гаргаж арга хэмжээ авагдаж байсан удаа байхгүй. Хөдөлмөрийн гэрээг 3 сарын хугацаатай байгуулсан бөгөөд гэрээ сунгах эсэхийг шийдвэрлэх хугацаа болоогүй байсан. Намайг ажлаас халахдаа надад хэлэлгүйгээр утсаар ярьж халсан байсан. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192.000 төгрөгөөр цалинжиж гар дээрээ 165.000 төгрөгийн цалин авдаг. Тухайн үед буюу 2016 оны 04 сарын 05-ны орой миний бие банкны өр зээлээс болж нилээн сэтгэл таагүй байсан тул гэртээ очоод юу ч бодолгүйгээр унтах зорилгоор хүүхдийнхээ уналт таталтанд уудаг эмийг 21 ширхэгээр давхарлаад хөнжлөө нөмрөөд нам унтсан байсан. Тэгээд эмнэлэгт ирж ухаан орсон. Би амь насаа хорлох зорилгоор эм уугаагүй, сүүлийн өдрүүдэд нойр муутай байсан тул унтах зорилгоор эм уусан. Эмнэлэгт хордлого тайлах эмчилгээ хийлгэж 6-7 хоног хэвтэн эмчилгээ хийлгэж 2 өдрийн эмчилгээ бичүүлэн эмнэлгээс гарсан. Эмнэлгийн стор дээр 2 хоногийн эмчилгээг оруулаад 2016 оны 04 сарын 13-нд гарсан гэж тэмдэглэсэн байна. Би эмнэлгээс 2 өдрийн өмнө гарсан юм. Тэгээд эмчилгээ дуусаад ажилдаа иртэл ажлаас чөлөөлсөн байсан. Би эмнэлэгт байхдаа чөлөөний хуудас явуулсан боловч нягтлан надад тэр бичгийг өгөөгүй юм. Миний ажлын цагийг бүртгэдэггүй байсан.Нэхэмжлэлээ дэмжиж байна. Ажилдээ эргүүлж авна гэвэл миний бие ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжлэхээс татгалзаж эвлэрэх боломж байна ..гэв.
Хариуцагч С.Батсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа:
Б.Анхбаярыг Баянхонгор аймгийн Биеийн тамир спортын газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/05 тоот тушаалаар Дөвөнтийн заалны үйлчлэгчийн ажилд 03 сарын туршилтын хугацаагаар томилсон. 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Б.Анхбаярын бие муудсан шалтгаанаар манай байгууллагын ажилтан Б.Оюунбаатар, Ч.Хандаа, Л.Батцэнгэл, Б.Лхагвасүрэн, Ц.Мядагмаа нарыг нэгдсэн эмнэлгийн хүлээн авах дээр дуудаж сувилагч Болороо энэ хүнээ сахиарай, мансуурах, сэтгэц өөрчлөгдөх эм 20 гаруйг ууж хордлогод орсон, амь насанд нь аюултайг хэлсэн. Түүнээс хойш 11 хоног, үүнээс ажлын 8 хоног ажилдаа ирээгүй тул Хөдөлмөрийн гэрээний 7.2.3-ын дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-дэх хэсэгт заасныг үндэслэн ажлаас чөлөөлсөн тул Б.Анхбаярын хүсэлтийг хангах боломжгүй байна..гэжээ.
Хариуцагч С.Батсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эвлэрэх хүсэлгүй бөгөөд түүний оронд өөр ажилтан авч ажиллуулж байгаа болно. Ажлаас чөлөөлсөн гол шалтгаан нь Б.Анхбаяр эмнэлэгт хэвтсэн боловч хэдэн хоног хэвтэж хэзээ эмнэлгээс гарсан нь тодорхойгүй. Ажлаас чөлөө авсан эсэхээ огт мэдэгдэлгүйгээр 8 хоног үндэслэлгүйгээр ажил тасалсан юм. Дөвөнтийн заалыг хариуцах эзэнгүй байлгаж болохгүй тул Б.Анхбаярыг өөрөө ажлаасаа гарч байгаа юм байна гэж ойлгоод тушаал гаргасан. Тушаал гаргасны дараа 1 удаа мессеж бичсэн байсан. Эм уугаад амиа хорлох оролдлог хийсэн байна..гэж ойлгосон. Хөдөлмөрийн гэрээг 3 сарын хугацаатай байгуулж гэрээг дүгнэх хугацаа болоогүй байсан. Утсаар тушаал гаргуулсны тухайд би өөрөө тухайн үед хүнд өвчний учир Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байсан юм..гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Анхбаяр нь Баянхонгор аймгийн Биеийн тамир спортын газарт холбогдуулан Баянхонгор аймгийн Биеийн тамир спортын газрын даргын 2016 оны 04 сарын 14-ний өдрийн Б/05 тоот ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгох, ажилгүй байсан хугацааны цалин нөхөн олгуулж, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж, ажилд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Батсүрэн хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Шүүх нэхэмжлэгч Б.Анхбаярын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Учир нь:
Нэхэмжлэгч Б.Анхбаяр нь Баянхонгор аймгийн Биеийн тамир спортын газрын даргын 2016 оны 01 сарын 26-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар 2016 оны 02 сарын 01-ний өдрөөс эхлэн Дөвөнтийн заалны үйлчлэгч, жижүүрээр 03 сарын туршилтын хугацаагаар түр томилогдон, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан байна.
Улмаар тус газрын даргын 2016 оны 04 сарын 14-ний өдрийн Б/14 дүгээр тушаалаар Б.Анхбаярыг ажлаас чөлөөлжээ.
Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн заалтыг үндэслэн ажлаас чөлөөлсөн байна. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа Б.Анхбаярыг ажлаас чөлөөлсөн үндэслэл нь Хөдөлмөрийн гэрээний 7.2.3-д заасан Байгууллагын дотоод журмаар зохицуулагдсан хэм хэмжээг ноцтой зөрчин /ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн, ажлын байрыг шалтгаангүйгээр 2-3 удаа орхин явсан, 2-3 өдөр ажил тасалсан/ 8 хоног ажилдаа ирээгүй учир хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалсан гэжээ.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн №3326 дугаартай өвчний түүх, яаралтай тусламжийн хуудас зэргээр Б.Анхбаяр нь 2016 оны 04 сарын 05-ны орой 21 цаг 50 минутанд хордлогын шинжтэйгээр яаралтай түргэн тусламжийн дуудлагаар ирж хэвтэн эмчлүүлсэн байна.
Ингээд 2016 оны 04 сарын 05-наас 2016 оны 04 сарын 13-ны өдөр хүртэл 8 хоног хэвтэн эмчилгээ хийлгүүлж байгаад эмнэлгээс гарсан болох нь дээрх баримтаар тогтоогдсон байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-д зааснаар Эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, эмчийн магадлагаагаар болон захиргааны чөлөөтэй байгаа тохиолдолд ажлын байр хэвээр хадгалагдахаар хуульчилжээ.
Иймд Б.Анхбаяр нь биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалж хүндэтгэн үзэх шалтгаанаар эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж байсан болох нь тогтоогдож байх тул түүнийг үндэслэлгүйгээр олон хоногоор ажил тасалж, Хөдөлмөрийн хуульд заасан сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй байх тул түүний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс хэргийг шийдвэрлэх хүртэл ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилжээ.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаартай тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7.а-д "...ажлаас буруу халсан буюу шилжүүлсэн үеийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно" гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг байсан болох нь Биеийн тамир спортын газрын даргын 2016 оны 01 сарын 26-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар тогтоогдож байх тул түүний сүүлийн 3 сарын цалин 192.000х3= 576000:3=192000 төгрөг, үүнийг ажлын 21.5 хоногт хуваахад нэг өдрийн цалин 8930 төгрөг байна.
Ажилгүй байсан хугацаа 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүртэл буюу ажлын нийт 60 хоногийн цалин 535.800 төгрөгийг Баянхонгор аймгийн Биеийн тамир спортын газраас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө..гэж заасан нь хариуцагч ажил олгогчийн буруугаас учирсан хохирлыг шаардах эрхтэйг илэрхийлж байна.
Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлд даатгуулагч болон ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэл төлөх хувь хэмжээг тодорхойлж, ажил олгогчоос төлвөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг ажилтанд бодогдсон тухайн сарын нийт цалин орлогоос хувилан гаргуулахаар хуульчилжээ.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар Б.Анхбаярын 2016 оны 04 сарын 15-ны өдрөөс 2016 оны 07 сарын 08 ны өдөр хүртлэх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгч Б.Анхбаярын нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Баянхонгор аймгийн Биеийн тамир спортын газрын дарга С.Батсүрэнд даалгаж,
Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл болон гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах бөгөөд зөвхөн нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг ба харин нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрын 535800 төгрөгөнд төлөгдвөл зохих улсын тэмдэгтийн хураамж 16724 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагчаас тус гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 535800 төгрөг гаргуулах шаардлагын улсын тэмдэгтийн хураамж 16724 төгрөг нийт 86924 төгрөгийг гаргуулж улсын орлогод 70200 төгрөгийг оруулж, нэхэмжлэгчид 16724 төгрөгийг олгох нь зүйтэй гэж тус тус шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Баянхонгор аймгийн Биеийн тамир спортын газрын даргын 2016 оны 04 сарын 14-ний өдрийн Б/14 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Анхбаярыг Баянхонгор аймгийн Биеийн тамир спортын газарт Дөвөнтийн заалны үйлчлэгч, жижүүрийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Баянхонгор аймгийн Биеийн тамир спортын газраас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 535.800 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Анхбаярт олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Анхбаярын 2016 оны 04 сарын 14-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөдөлмөрийн хөлсөнд төлөгдвөл зохих нийгмийн даатгалын шимтгэл хураамжийг түүний нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Баянхонгор аймгийн Биеийн тамир спортын газрын дарга С.Батсүрэнд даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Анхбаяраас 16724 төгрөг гаргуулж төвлөрсөн төсвийн орлогод оруулж, хариуцагч Баянхонгор аймгийн Спортын газраас 86924 төгрөгийг гаргуулж, 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогод оруулж, нэхэмжлэгчид 16724 төгрөгийг олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ