| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 183/2024/01923/И |
| Дугаар | 210/МА2024/01882 |
| Огноо | 2024-10-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 210/МА2024/01882
| 2024 оны 10 сарын 14 өдөр | Дугаар 210/МА2024/01882 |
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 сарын 13-ны өдрийн 101/ШШ2024/03897 дугаар шийдвэртэй
**** *** **- ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******- холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: **** *** **- ХХК нь 2023 оны 03 сарын 02-ны өдөр ******-д 15,000,000 төгрөг зээлдүүлж, түүний хэлснээр эхнэр Б.У-ийн нь Хаан банк ХК-ийн дансанд мөнгийг шилжүүлсэн. Хариуцагч тус мөнгийг 3 сарын дараа буцаан өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй учраас зээлийн гэрээний үүрэгт 15,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Бид ********* ТББ-ийн үйл ажиллагааны хүрээнд 2023 оны 06 сард ***** *****- фестиваль наадмыг хамтран зохион байгуулсан. **** *** **- ХХК-ийн захирал С.Б- нь тус ТББ-ийн мөн захирал нь бөгөөд, би ТУЗ-ийн даргаар, манай эхнэр Б.У уг ТББ-ийн гишүүн юм. Бидний хооронд ***** *****- фестиваль тэмцээнийг зохион байгуулсантай холбоотой өр, алдагдлын маргаан байгаа, нэхэмжилж байгаа мөнгө нь тус арга хэмжээнд зарцуулагдсан. **** *** **- ХХК нь уг тэмцээнийг зохион байгуулахтай холбоотой мөнгөний асуудлаа шийдвэрлэхээс өмнө энэ асуудлыг шийдэх боломжгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******-оос 15,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч **** *** **- ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235,950 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагч ******-оос 235,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч **** *** ** ХХК нь гэрээний зүйл 15,000,000 төгрөгийг хариуцагч ******-ийн эхнэр Б.У-ийн Хаан банкны **********тоот дансанд шилжүүлсэн тул зээлийн гэрээгээр буцаан шаардах эрх үүссэн тухай нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй, уг үйл баримттай маргаагүй гэж шүүх дүгнэж, талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Тодруулбал:
4.1. Нэхэмжлэгч нь 15,000,000 төгрөгийг Б.У-ийн Хаан банкны дансанд шилжүүлсэн атлаа ******-ийг хариуцагчаар татсан нь энэ хэрэгт хамааралгүй хүнийг хариуцагчаар татаж, улмаар шүүгчийн захирамжаар ******-ийн эд хөрөнгө буюу мөнгийг битүүмжилсэнд гомдол гаргасан ч нэхэмжлэгч нь хариуцагчаа тодорхойлно гээд гомдлыг хангахгүй орхисон. Нэхэмжлэгч тал хэнийг хариуцагч гэж үзнэ, тэр хүн нь хариуцагч юм гэж шүүх муйхар дүгнэлт хийсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-д нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримтийг нэхэмжлэлд тусгана гэж заасан ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хавсаргасан Хаан банкны дансны хуулгад ******- мөнгө шилжүүлсэн баримт байхгүй, харин Б.У-д мөнгө шилжүүлсэн баримтыг хавсаргасан. Иймд шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заасан ч хэрэгт огт хамааралгүй хүнийг нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулж, гэрээний харилцаа үүсгэсэн гэж илт хууль бус дүгнэлт хийсэн. Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан иргэний үндсэн эрх, эрх чөлөөнд хориглосон заалт буюу Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно гэснийг зөрчиж, мөнгийг эхнэр нь авсан юм чинь нөхөр нь төлж болно гэсэн байдлаар шүүх хэргийг шийдвэрлэж байгаад гомдолтой байна.
4.2. Шүүх хурлын явцад би энэ компанитай ямар харилцаа холбоотой тухайгаа тайлбарлаж хэлэхийг оролдсон. Гэтэл тайлбарыг маань эхнэрийнхээ дансаар авсан мөнгийг үйл ажиллагаандаа зарцуулсан байна, энэ хүмүүсийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж шүүх хэргийг шийдвэрлэхдээ тулгаж, таамаглаж, хэт нэг талыг барьсан дүгнэлт хийж байгаад гомдолтой байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Хариуцагчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Хариуцагчийн гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүх хуралд ******- нь манай гүйцэтгэх захирал н.Б-өөс мөнгө авах талаар ярилцаж байсан зурваст үзлэг хийлгэх хүсэлтэй байсан. Гэтэл ******- нь 15,000,000 төгрөгийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлээр хянан үзээд, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч **** *** **- ХХК нь хариуцагч ******- холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, уг мөнгийг нэхэмжлэгчтэй хамтран зохион байгуулсан ***** *****- фестивальд зарцуулсан, энэхүү үйл ажиллагаатай холбоотой бидний хоорондын өр, алдагдлыг шийдэгдэхээс өмнө үүнийг шийдэх боломжгүй гэж тайлбарлан маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, хэргийн үйл баримтыг зөв тогтоосон бөгөөд зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон байна.
4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ... 2023 оны 03 сарын 02-ны өдөр ******-д 15,000,000 төгрөгийг зээлдүүлж, түүний хэлснээр эхнэр Б.У-ийн нь Хаан банк ХК-ийн дансанд шилжүүлсэн, хариуцагч мөнгийг 3 сарын дараа буцаан өгнө гэсэн ч буцаан төлөөгүй... гэж тайлбарласан. Хэрэгт нотлох баримтаар авагдсан Хаан банк ХК-ийн 2023 оны 03 сарын 02-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл гэх баримтаар нэхэмжлэгч **** *** **- ХХК нь 15,000,000 төгрөгийг Б.У-ийн тус банкин дахь ********** тоот дансанд шилжүүлж, гүйлгээний утгыг Ж-д зээлэв гэжээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ ...2023 оны 06 сард Авто ***** *****- наадмыг нэхэмжлэгчтэй хамтран зохион байгуулсан ба мөнгийг энэхүү арга хэмжээнд зарцуулсан, уг арга хэмжээний ашиг, зардлыг өдий хүртэл гаргаж өгөөгүй, аудитын тайлан хийлгээгүй гэж тайлбарласан боловч баримтаар нотлоогүй. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан, үүний дагуу 15,000,000 төгрөгийг хамтын үйл ажиллагаандаа зарцуулсан гэх баримт хэрэгт авагдаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар татгалзлын үндэслэлээ баримтаар нотлоогүй, нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.
Түүнчлэн хариуцагч нь 2024 оны 08 сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд ...15,000,000 төгрөгийг авсан, 2023 оны 02 сарын 01-ний өдрөөс 03 сарын 01-ний хооронд би эрүүл мэндийн шалтгаанаар БНХАУ-д очиж хагалгаанд ороход тодорхой хэмжээний мөнгөн дэмжлэгүүд авсан гэж тайлбарласнаас үзвэл дээрх 15,000,000 төгрөгийг эхнэр Б.У-ийн дансаар дамжуулан хүлээн авсан гэж үзнэ. Иймээс Б.У-ийн авсан мөнгийг хариуцагчид хамаатуулан нэхэмжилсэн нь Үндсэн хуульд нийцэхгүй, би хариуцагч биш гэсэн агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авахгүй, энэ талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн байна.
5. Анхан шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа амаар хэлэлцэн тохиролцсоноор үүссэн болон гэрээний хүчин төгөлдөр байдлыг зөв тодорхойлсон байна. Хуульд заасны дагуу зээлдэгч зээлсэн мөнгийг тохиролцсон хугацаанд зээлдүүлэгчид буцаан өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч 15,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлсөн нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.
Хариуцагч нь 2024 он гарснаас хойш 15,000,000 төгрөгийг өгөхгүй гэсэн тул шүүхэд хандсан гэх тайлбарыг нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан бөгөөд мөн хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн авсан зээлийг буцаан төлүүлэхээр нэхэмжлэгчийн шаардсанаас хойш нэг сарын дотор хариуцагч буцаан төлөх үүрэгтэй. Энэ үүргээ хариуцагч биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч **** *** **- ХХК нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар 15,000,000 төгрөгийг буцаан төлөхийг хариуцагч ******-оос шаардах эрхтэй.
Иймээс анхан шатны шүүх хариуцагч ******-оос зээлийн гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч **** *** **- ХХК-д олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Хариуцагчийн зүгээс уг мөнгийг аваагүй, шүүх талуудын хооронд үүссэн харилцааг буруу тодорхойлж дүгнэсэн гэсэн агуулгаар гаргасан давж заалдах гомдол дээрх үндэслэлээр үгүйсгэгдсэн бөгөөд энэ тухай гомдлыг хангах үндэслэлгүй.
6. Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 сарын 13-ны өдрийн 101/ШШ2024/03897 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Э.ЭНЭБИШ