Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 125/2019/0005/З |
Дугаар | 221/МА2019/0431 |
Огноо | 2019-08-21 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 221/МА2019/0431
2019 оны 08 сарын 21 өдөр | Дугаар 221/МА2019/0431 | Улаанбаатар хот |
Д.Г-гийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нарыг оролцуулан, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 13 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Д.Г-гийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Засаг дарга, Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/706 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 13 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Төрийн албаны тухай /2002 он/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Г-гийн Ховд аймгийн засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/79 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Хөгжимт драмын театрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэх Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/706 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
“Нэг. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт маргаан бүхий захиргааны акт болох Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар 06-ны өдрийн Б/79 дүгээр захирамжийг “нэхэмжлэгч Д.Г-г ажлаас халсан” шийдвэр гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасантай нийцэхгүй байна.
Учир нь Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/79 дүгээр захирамжийн актын агуулгыг “Д.Г-г ажлаас чөлөөлөх тухай” гэж тодорхойлж, улмаар нэхэмжлэгч Д.Г-г Ховд аймгийн Хөгжимт драмын театрын даргын ажлаас чөлөөлжээ.
Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/79 дүгээр захирамж нь “нэхэмжлэгч Д.Г-г ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан” захиргааны акт гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 4/287 дугаар албан бичгээр гаргасан хариу тайлбартаа дурджээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа маргаан бүхий захиргааны актыг нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн шийдвэр гэж тайлбарласан нь шүүхийн хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан.
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Энхболдын 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2/332 дугаар, Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Н.Ганзоригийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 4/396 дугаар албан бичгүүдэд “Д.Г-г ажлаас чөлөөлсөн” гэж дурдсан байдаг.
Дээрх нотлох баримтуудаар хариуцагчаас нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн захиргааны акт гаргасан нь тогтоогдож байхад анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны актыг “нэхэмжлэгчийг ажлаас халсан шийдвэр” гэж дүгнэсэн нь нотлох баримтыг хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй үндэс юм.
Төрийн албан хаагчийг ажлаас халах, чөлөөлөх зэрэг эрх зүйн харилцаа нь үүсэх үндэслэл, эрх зүйн үр дагавар, баримтлах хууль хэрэглээний хувьд ялгаатай.
Хоёр. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2-т заасныг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч Д.Г-гийн эрх зүйн байдлыг дордуулсан дүгнэлтээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Учир нь хууль тогтоогч Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2-т аймаг, нийслэлийн соёлын байгууллагын дарга, захирлыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгуулаггатай зөвшилцөн аймаг, нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлнө гэж тодорхой, эргэлзээгүй, хоёрдмол утгагүйгээр хуульчилжээ.
Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/79 дүгээр захирамжид хуулийн дээрх заалтыг баримталж, нэхэмжлэгчийг Ховд аймгийн Хөгжимт драмын театрын даргын ажлаас чөлөөлсөн тул соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцсөн байх шаардлага тавигдана.
Маргаан бүхий захиргааны акт хуулийн дээрх шаардлагыг хангаж буй эсэхийг тогтоохоор Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 33 дугаар, 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 38 дугаар албан бичгүүдийг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлж, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцсөн эсэх, зөвшилцсөн бол холбогдох баримтыг гаргуулахаар удаа дараа шаардсан байдаг.
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2/332 дугаар албан бичгээр “Д.Г-г Хөгжимт драмын театрын даргын ажлаас чөлөөлөхдөө өөртэй зөвшилцөж, аймгийн ЗДТГ-т соёлын асуудал хариуцсан мэргэжилтнээр томилсон”, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 4/396 дугаар албан бичгээр “Д.Г-г чөлөөлөхдөө соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай амаар зөвшилцсөн” гэж харилцан зөрүүтэй тайлбар гаргасан.
Иймээс Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 158 дугаар албан бичгээр Д.Г-г ажлаас чөлөөлөхдөө зөвшилцсөн эсэх талаар лавлагааг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас гаргуулахаар шаардсан.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 9/5763 дугаар албан бичигт “Ховд аймгийн Засаг даргаас Ховд аймгийн Хөгжимт драмын театрын дарга Д.Г-г ажлаас чөлөөлөх санал бүхий албан бичгийг яаманд ирүүлээгүй” гэжээ.
Дээрх бичгийн нотлох баримтуудаар маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгч Д.Г-г Ховд аймгийн Хөгжимт драмын театрын даргын ажлаас чөлөөлөхдөө Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай зөвшилцөөгүй нь хөдөлбөргүй тогтоогдсон.
Маргаан бүхий захиргааны актад Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т заасныг баримталж, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөөгүй нь эргэлзээгүй захиргааны актын алдаа мөн.
Ийм байхад анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “зөвшилцөөгүй нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй” гэх шалтгаанаар Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2-т заасан тодорхой, эргэлзээгүй, хоёрдмол утгагүй хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, маргаан бүхий захиргааны актын алдааг зөвтгөсөнд гомдолтой байна.
Гурав. Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/706 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн огноогүй дүгнэлтэд нэхэмжлэгч Д.Г-гийн нэр дурдагдсан ганцхан заалт л тусгагджээ.
Ажлын хэсгийн дүгнэлтийн 2-5 дахь заалтуудад нэхэмжлэгч Д.Г-гийн нэрийг холбогдуулж, буруутгаагүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “ажлын хэсгийн дүгнэлтийн 1, 5 дахь хэсэг нь нэхэмжлэгтэй хамааралтай” гэжээ.
Ийм байхад анхан шатны шүүх уг дүгнэлтийн 2-5 дахь заалтуудыг эзэнжүүлж, маргаан бүхий захиргааны актыг зөвтгөх, нэхэмжлэгч Д. Г-г буруутгах үндэслэл болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасныг зөрчиж байна.
Маргаан бүхий захиргааны актад дурдаагүй, уг актын үндэслэл болоогүй, хэрэгт хамааралгүй ажлын хэсгийн дүгнэлтийн заалтуудыг зөвтгөсөн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэргийг хэтэрхий нэг талыг баримталсан гэж үзэж байна.
Дөрөв. Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/706 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг нь Ховд аймгийн Хөгжимт драмын театрт шалгалт хийсэн дүнгээ амаар танилцуулж, энэ талаар дүнгийн хурлын тэмдэглэл хөтлөгдсөн байдаг.
Уг дүгнэлттэй холбогдуулан нэхэмжлэгч Д.Г-гийн тайлбарыг сонсолгүйгээр ажлын хэсэг дараагийн байгууллага/ Жаргалант сумын 15 дугаар цэцэрлэг/-д ажиллахаар явсан тул зөв зүйтэй шийдвэр гаргуулахын үүднээс сонссон хэмжээгээр тайлбар гаргаж, 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ажлын хэсгийн ахлагчид өгсөн.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн дүгнэлтээ бичгээр гаргаж, албажуулахадаа огтхон ч шалгаагүй, дүнгийн хуралд ч яригдаагүй “жуух бичгийн нэрийг өөрчилсөн” гэх асуудал огтхон ч тусгагдаагүйгээр батлагддаг.
Ажлын хэсэг бичгээр үйлдэж, албажуулсан дүгнэлт, илтгэх хуудсаа нэхэмжлэгч Д.Г-д танилцуулалгүйгээр Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргад өгсөн гэдэг.
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас сонсох ажиллагаа явуулахдаа дээрх ажлын хэсгийн дүгнэлт, илтгэх хуудсыг нэхэмжлэгчид танилцуулаагүй нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогддог.
Ажлын хэсгээс огтхон ч шалгаагүй, дүнгийн хуралд ч яригдаагүй, нэхэмжлэгчид ч танилцуулагдаагүй асуудлыг бичгээр гаргасан дүгнэлтдээ шинээр нэмж тусгасныг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-т “зорилгодоо нийцсэн, бодит сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчимд нийцэхгүй гэж үзэж байна.
Тав. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас зөвхөн “санхүүгийн зөрчил гаргасан” гэх ганцхан л асуудлаар сонсох ажиллагааны мэдэгдлийг 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 16 цагт нэхэмжлэгч Д.Г-д гардуулсан байдаг.
Гэтэл сонсох ажиллагаа явагдаагүй буюу сонсох ажиллагааны мэдэгдэлд огтхон ч дурдаагүй “жуух бичгийн нэр өөрчилсөн” гэх асуудлаар нэхэмжлэгч Д.Г-г эрхэлж буй ажлаас нь чөлөөлсөн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-т “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчимд нийцэхгүй гэж үзэж байна.
Учир нь хариуцагчаас нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө “жуух бичгийн нэр өөрчилсөн” гэх асуудлаар сонсох ажиллагаа явуулсан тохиолдолд нэхэмжлэгчээс уг асуудлаар тайлбар, санал гаргах эрхээ эдлэх байсан.
Тодруулбал хариуцагчаас нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн маргаан бүхий захиргааны акт гарахаас өмнө “жуух бичгийн нэр өөрчилсөн” гэх алдаа засагдаж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын жуух бичиг хаяглагдсан эзэндээ хүргэгдсэн нөхцөл байдлын талаар тайлбар гаргах боломж бүрдэх байсан.
Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-т “сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна” гэжээ.
Гэтэл 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 13 цагт ЗДТГ-ын ХЭЗХ-ийн даргын 215 тоот албан өрөөнд сонсох ажиллагааг явуулахаар мэдэгдэлд тусгасан нь хуулийн дээрх заалтыг зөрчиж байна.
Учир нь үдээс хойш гардуулсан сонсох ажиллагааны мэдэгдлээр тухайн өдрийн үдээс өмнөх сонсох ажиллагаанд оролцох цаг хугацааны хувьд ямар ч боломжгүй юм.
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 16 цагаас хойш 2018 оны 12 сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч Д.Г-д дахин сонсох ажиллагаа явуулаагүй, захиргааны шийдвэрийн хувийн хэрэгт авагдсан материалыг ч танилцуулаагүй.
Ийм байхад хариуцагчаас нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн захиргааны акт гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-т “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчимд нийцэхгүй гэж үзэж байна.
Зургаа. Төсвийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Төсвийн жил нь тухайн оны 01 дүгээр сарын 01-ний өдөр эхэлж, тухайн оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болно”, 7.3-т “Төсвийг нэг жилээр баталж, тайлагнана...” гэжээ.
Маргаан бүхий захиргааны акт болох Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/79 дүгээр захирамжид дурдсан орлогыг авлагын дансанд тусгаагүй, бэлнээр зарцуулсан мөнгөө бүртгэлд тусгаагүй зэрэг нь Ховд аймгийн Хөгжимт драмын театрын нягтлан бодогчийн хариуцвал зохих ажил үүрэг юм.
Иймдээ ч Ховд аймгийн Хөгжимт драмын театрын нягтлан бодогчоос 2018 оны санхүүгийн тайланд зөрчилгүй санал дүгнэлт өгсөн Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор Х.Болдбаатарын 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2/162 дугаар аудитын гэрчилгээгээр нотлогдож байна.
Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор Л.Галбадрахын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2/89 дүгээр аудитын гэрчилгээгээр Ховд аймгийн Хөгжимт драмын театрын 2017 оны санхүүгийн тайланд зөрчилгүй санал дүгнэлт өгч байжээ.
Төсвийн байгууллагын орлого, зарлагыг бүртгээгүй алдааг засч залруулж санхүүгийн тайлан тэнцэлдээ тусгаж болдог. Ховд аймгийн Хөгжимт драмын театрын 2018 оны санхүүгийн үйл ажиллагаанд үүссэн орлогыг авлагын дансанд тусгаагүй, бэлнээр зарцуулсан мөнгөө бүртгэлд тусгаагүй зэрэг алдааг залруулж зөвтгөх бүрэн боломжтой. Үүний улмаас төсөвт хохирол учирдаггүй.
Иймдээ ч орлогыг авлагын дансанд тусгаагүй, бэлнээр зарцуулсан мөнгөө бүртгэлд тусгаагүй зэрэг алдаа маргаан бүхий захиргааны акт гарахаас өмнө залруулж, зөвтгөсөн байгааг анхан шатны шүүх анхаарч үзэлгүйд гомдолтой байна.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/437 дугаар тушаалаар батлагдсан “Боловсрол, соёл, шинжлэх ухаан,спортын салбарын шагнал олгох журам”-ын 6-т шагналын тэмдэг, үнэмлэхийг нөхөн болон больж олгох харилцааг зохицуулжээ.
Журмын дээрх заалтын дагуу Ховд аймгийн Хөгжимт драмын театрын дуучин Б.Цэнд-Аюушид Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/661 дүгээр тушаалд заасан соёлын хүндэт жуух бичиг нөхөн олгогдсон байдаг.
Төсвийн байгууллагын үйл ажиллагаанд өнөөдөр байгаа алдааг маргааш нь засч, залруулах, баримт бичгийг нөхөн олгох боломжтой байхад үүнийг байгууллагын удирдлагад хамаатуулж, мэргэшсэн төрийн албан хаагчийг шуудхан л ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн харилцааг нь дуусгавар болгохыг Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-т “төрийн алба, мэргэшсэн, тогтвортой байх” зарчимд нийцэхгүй гэж үзэж байна.
Долоо. Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “Төсвийн шууд захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагч нь харьяалагдах дээд шатныхаа төсвийн захирагчтай төсвийн жил эхлэхээс өмнө үр дүнгийн гэрээ байгуулна ” гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.Г- нь хариуцагч Ховд аймгийн Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулан ажилладаг.
Энэ талаар анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “үр дүнгийн гэрээ байгуулан ажиллахаар байна” гэж дүгнэсэн атлаа “Төсвийн тухай хуулийг зөрчсөн талаар ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн хариуцлага тооцсоныг буруутгахааргүй байна” гэсэн нь харилцан зөрчилтэй байна.
Учир нь Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Үр дүнгийн гэрээний биелэлт, хэрэгжилтийн явц байдалд үндэслэн үр дүнгийн гэрээг дүгнэх эрх бүхий этгээд нь дараах арга хэмжээг авна” 40.4.2-т “хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд урамшуулах, хариуцлага тооцох” гэжээ.
Гэтэл хариуцагч Ховд аймгийн Засаг даргаас нэхэмжлэгч Д.Г-гийн 2018 оны үр дүнгийн гэрээг үнэлж, дүгнээгүй нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2/332 дугаар албан бичгээр нотлогддог.
Ийм байхад хариуцагчаас нэхэмжлэгчийг шуудхан л ажлаас чөлөөлсөн нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй байгааг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэнгүй.
Найм. Маргаан бүхий захиргааны акт болох хариуцагч Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/79 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Д.Г-г Ховд аймгийн Хөгжимт драмын театрын даргын ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасныг баримталжээ.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “маргаан бүхий захиргааны актад Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасныг баримталсныг захиргааны актын алдаа мөн” гэж хүлээн зөвшөөрсөн атлаа “уг алдаа нь нэхэмжлэгчийн гаргасан сахилгын зөрчлийг үгүйсгэхгүй” гэх үндэслэлээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь эрх зүйн зөрчилтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлийг тусгажээ.
Гэтэл хариуцагчаас нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 4/1588 дугаар албан бичгээр нотлогддог.
Ийм байхад анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-т заасныг баримталж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хуулийг буруу тайлбарлан хэрэглэлээ.
Ес.Төрийн албанд 18 жил, үүнээс соёлын салбарт 12 жил, шат шатаар дэвшин эрхэлсэн, төрийн мэргэшсэн албан хаагч Д.Г-г эрх зүйн үндэслэл муутай захиргааны актаар шуудхан л ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон нь нэхэмжлэгчийн Үндсэн хуулиар баталгаажуулсан хөдөлмөрлөх, цалин хөлс авах эрхийг нь зөрчиж байна.
Дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж, Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 13 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Д.Г-гийн Ховд аймгийн Засаг дарга болон ажлын хэсэгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэхийг хүсье” гэжээ.
ХЯНАВАЛ :
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 13 дугаар шийдвэртэй хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мын гаргасан давж заалдах гомдлын дагуу хянаад шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулав.
Нэхэмжлэгч Д.Г- нь Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан “Ховд аймгийн засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/79 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Хөгжимт драмын театрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэх-ийг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Маас Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/706 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгт холбогдуулан Ажлын хэсгийн дүгнэлтийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага тус бүрд дүгнэлт хийж хэргийг шийджээ.
Аймгийн Засаг дарга 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/706 дугаар захирамжаар Хөгжимт драмын театрын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж дүгнэлт гаргах ажлын хэсгийг томилжээ. Ажлын хэсэг 2018 оны 11 дүгээр сарын 13-наас 14-ний өдрүүдэд Хөгжимт драмын театрын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, шалгалтын дүнг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр тус газрын хамт олны хуралд танилцуулж, хяналт шалгалтын илтгэх хуудас, дүгнэлтийг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр аймгийн Засаг даргад танилцуулсан нь хууль зөрчөөгүй байна.
Уг ажлын хэсгийн шалгах явцад Хөгжимт драмын театрын дарга Д.Г- нь Сангийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Төсвийн байгууллагын мөнгөн кассын ажиллагааны тухай 276 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 2.6, 3.8.5, 3.13, 8.3 дахь заалтууд, Сангийн сайдын 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 216 дугаар Төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг зарцуулах, тайлагнах, нягтлан бодох бүртгэлд тусгах хяналт тавих журам-ын 6.1.4, 7.2, 7.5, 8.1 дэх заалтууд, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5, 35 дугаар зүйлийн 35.2, 44 дүгээр зүйлийн 44.3 дахь заалтуудыг хангалтгүй хэрэгжүүлсэн, Соёлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-д заасан соёлын ажилтны хөдөлмөрлөх нөхцөл, мэргэжлийн онцлогтой холбоотой нэмэгдэл хөлс олгох талаар заалтын хэрэгжилт хангалтгүй, Хамт олны төлөөллөөс хамтын гэрээний төслийг боловсруулж удирдлагад танилцуулсан байх ч хамтын гэрээ хийгдээгүй, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай 258 дугаар тогтоолын 1.10 дахь заалтыг хэрэгжүүлээгүй, Дуучин Б.Цэнд-Аюушид ирсэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Жуух бичгийн нэрийг дур мэдэн хусаж арилган бүжигчин М.Болормаад өгсөн зөрчлүүд тогтоогджээ.
Анхан шатны шүүх дээрх дүгнэлтийн зөрчил тус бүрд нэг бүрчлэн дүгнэлт хийж, холбогдох нотлох баримтыг цуглуулж энэхүү “ажлын хэсгийн дүгнэлтийг хүчингүй болгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үндэслэлтэй зөв шийдвэрлэсэн байна гэж үзэв.
Нэхэмжлэлийн дараагийн шаардлага болох Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/79 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Хөгжимт драмын театрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд анхан шатны шүүх Соёлын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-д “... аймаг, Нийслэлийн соёлын байгууллагын дарга, захирлыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн аймаг, нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлнө...” гэж заажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтаар соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцсөн гэх баримт байхгүй, төрийн захиргааны төв байгууллагаас зөвшилцөөгүй тухай тодорхойлсон байна.
Хэдийгээр хариуцагч амаар зөвшилцсөн гэж тайлбарлах боловч баримтаар нотлогдоогүй байх тул Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/79 дугаар захирамжийг хүчингүй болгож, Хөгжимт драмын театрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүй юм.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж хуульчилсан байна.
Иймд нэхэмжлэгчийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу тооцож үзэхэд сүүлийн 3 сар буюу 2018 оны 9, 10, 11 дүгээр сард авсан нийт цалин, хөлс 1.887.870 төгрөгийг сүүлийн ажилласан 3 сард хуваахад 1 сарын дундаж цалин хөлс 629.290 төгрөг болж байна.
2018 оны 9, 10, 11 дүгээр сард нийт ажилласан 54 хоног байх бөгөөд /54:3=18/ 1 сард дунджаар ажлын хоног 18 байх тул 1 сарын дундаж цалинг ажлын 18 хоногт хувааж тооцвол /629.290:18=34960/ 1 хоногийн дундаж цалин 34960 байх бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 06-наас 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүртэл ажлын 139 хоног байх тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг тооцвол, /34960x139= нийт 4.859.440 төгрөг/ /Дөрвөн сая найман зуун тавин есөн мянга дөрвөн зуун дөчин/ төгрөгийг нэхэмжлэгчид олгохоор байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь :
1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 13 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/79 дугаар захирамжийг хүчингүй болгож, Д.Г-г урьд эрхэлж байсан Ховд аймгийн Хөгжимт драмын театрын даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 4.859.440 /Дөрвөн сая найман зуун тавин есөн мянга дөрвөн зуун дөчин/ төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/706 дугаар захирамжаар зохион байгуулагдсан Ажлын хэсгийн дүгнэлтийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР