Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 1498

 

Д.Лхамсүрэнгийн  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ч.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2016/04946 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Лхамсүрэнгийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Эрдэнэбаатарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 70 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч Д.Лхамсүрэнгийн  гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Ч.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Д.Лхамсүрэн,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ц.Амармэнд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Лхамсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Би Д.Эрдэнэбаатартай харилцан тохиролцож нотариатаар батлуулан 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 70 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлдүүлсэн. Д.Эрдэнэбаатар нь хүүнд 3 000 000 төгрөг төлж, өөр төлөлт хийгээгүй тул үндсэн зээл 70 000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Эрдэнэбаатар шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Миний бие 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Н.Мөнхцэцэгтэй харилцан тохиролцож 70 000 000 төгрөгийг зээлж авсан бөгөөд гэрээг түүний туслах Д.Лхамсүрэнтэй байгуулсан уг авсан зээлээ н.Мөнхцэцэгт дараах байдлаар төлж байсан. Үүнд:

2014 оны 7 дугаар сарын 23-ны өдөр "газар капитал" ББСБ-аас Н.Мөнхцэцэгтэй хамтран авсан 20 000 000 төгрөгийг хүүгийн хамт төлсөн.

2015 оны 8 дугаар сарын 01-ны өдөр Н.Мөнхцэцэг Эрдэнэцэцэг гэдэг хүний дансруу яаралтай 3 000 000 төгрөг шилжүүлээч гэснээр шилжүүлсэн.

2014 оны 12 дугаар сарын 19-ны өдөр төмөр хэрэгтэй гэсний дагуу 20 900 000 төгрөгийн төмөр өгсөн.

2015 оны 12 дугаар сарын 19-ны өдөр иргэн Д.Шараагаас 25 000 000 төгрөгийг Н.Мөнхцэцэгийн дүүгийн хашаа байшинг барьцаалж зээл авч хүүгийн хамтаар барагдуулсан.

2014 оны 12 дугаар сарын 10-ны Төрийн банкны дансаар 50 000 000 төгрөгийг Н.Мөнхцэцэгт шилжүүлсэн.

 Зөвхөн дээрх баримтаас харахад 118 900 000 төгрөгийг төлсөн байна. Би Д.Лхамсүрэнгээс 70 000 000 төгрөг зээлээгүй бөгөөд Н.Мөнхцэцэгээс зээлсэн мөнгөө бүгдийг төлж барагдуулсан гэж үзэж байгаа тул шүүхийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

           

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Д.Эрдэнэбаатараас 70 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Лхамсүрэнгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 508 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Лхамсүрэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 27-ны өдрийн № 101/ШШ2016/04946 шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Би Д.Эрдэнэбаатартай 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулж мөн өдрөө нотариатаар батлуулсан. Д.Эрдэнэбаатар зээлийн гэрээнд 30 000 000 төгрөг, 40 000 000 төгрөг бэлэн тоолж авлаа гэж бичээд гарын үсэг зурж надаас 70 000 000 төгрөг авсан болно. Энэхүү гэрээг би шүүхэд гаргаж өгсөн.

Гэтэл анхан шатны шүүх зээлийн гэрээгээр зээлдүүлэгч Д.Лхамсүрэн нь зээлдэгчид мөнгийг бодитойгоор шилжүүлсэн хүлээлгэн өгсөн болохоо баримтаар нотлоогүй гэж үзсэн. Шүүх   миний   гаргасан   нэхэмжлэлийн   шаардлагыг   бүхэлд нь   хэрэгсэхгүй болгосон юм.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн № 101/ШШ2016/04946 шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

             Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийг 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

             Нэхэмжлэгч Д.Лхамсүрэн нь 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Д.Эрдэнэбаатарт 70 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоногт 0,5 хувийн алданги тооцохоор тохирч байгуулсан гэрээг үндэслэн хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 70 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

             Хариуцагч Д.Эрдэнэбаатар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн татгалзлын үндэслэлээ  “...2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Н.Мөнхцэцэгтэй харилцан тохиролцож 70 000 000 төгрөгийг зээлж авсан ч 118 900 000 төгрөгийг төлсөн. Би Д.Лхамсүрэнгээс 70 000 000 төгрөг зээлээгүй бөгөөд Н.Мөнхцэцэгээс зээлсэн мөнгөө бүгдийг төлж барагдуулсан” гэсэн тайлбар гаргаж мэтгэлцэж улмаар шүүхэд Н.Мөнхцэцэгт зээлийг эгүүлэн төлсөн гэсэн бичгийн баримтууд гаргаж өгчээ. /хэргийн 15-23, 33 дугаар тал/        

 

              Гэрч Н.Мөнхцэцэг нь Д.Эрдэнэбаатар 115 000 000 төгрөгийн зээл авч 135 000 000 төгрөгийг би хүлээн авсан.” гэж Д.Эрдэнэбаатарын тухайн зээл Д.Лхамсүрэнгийн зээлтэй холбоогүй, талаар гэрчлэн мэдүүлжээ. /хэргийн 40 дүгээр тал/

 

             Шүүх хариуцагч Д.Эрдэнэбаатарын Н.Мөнхцэцэгтэй байгуулсан зээлийн гэрээний үүрэгтэй холбогдох нотлох баримтыг үндэслэсэн нь нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцээгүй байна.

 

              Мөн хэргийн 4 дүгээр талд авагдсан 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний доод хэсэгт “...20 000-30 сая төгрөг, 10 000-40 сая төгрөг тоолж авлаа.” гэсэн бичилт хийж, зээлдэгч Д.Эрдэнэбаатар гарын үсэг зурсан баримтыг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй, дүгнэлт өгөлгүйгээр зээлдүүлэгч зээлдэгчид мөнгийг бодитойгоор шилжүүлэн өгсөн болохоо нотлоогүй гэсэн дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай болжээ.

 

            Хариуцагч Д.Эрдэнэбаатар нь Д.Лхамсүрэнгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй талаар тайлбарыг гаргаж, зээлийг Н.Мөнхцэцэгт төлсөн гэж хэрэгт өгсөн нотлох баримтуудад тайлбар гаргаж өгсөн /хэргийн 33 дугаар тал/ байхад нэхэмжлэгчид хариуцагчийн тайлбарыг шүүх хуралдааны өмнө танилцуулж хуралдааныг хийсэн нь эсрэг талын татгалзал, түүнийг нотлох баримтад тайлбар өгөх нэхэмжлэгчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т заасан эрхийг хязгаарласан байна.           

               

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4  дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ гэсэн зохицуулалтад нийцнэ гэж үзэв.

 

Анхан шатны шүүх нөхцөл байдал тодорхой бус байхад буюу зээлийн гэрээг Д.Лхамсүрэнтэй байгуулсан учир шалтгаан, зээлийн гэрээ байгуулсан үйл баримтын талаар зөрүүтэй тайлбар гаргасан байхад тодруулаагүй хэргийг шийдвэрлэжээ.

 

Зээлдүүлэгч Д.Лхамсүрэнгээс 70 000 000 төгрөгийг зээлдэгч Д.Эрдэнэбаатарт зээлдүүлсэнтэй холбоотойгоор зээлийн эх үүсвэрийг тодруулах зорилгоор нэхэмжлэгчийн нэр дээрх холбогдох дансыг хэрэгт хавсаргах нь ач холбогдолтой байна.

 

Иймд давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хэмжээнд дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

             1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2016/04946 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

             2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Лхамсүрэнгээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 508 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Н.БАТЗОРИГ

 

                          ШҮҮГЧИД                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                            Ч.ОЮУНЦЭЦЭГ