Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тогтоол

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1244

 

 

 

 

 

 

 

     2022            10            06                                           2022/ШЦТ/1244

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэрэндулам,

улсын яллагч Г.Лхагвасүрэн

хохирогч Г.Г.............рь,

шүүгдэгч А.Б...............х нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2208 0097 30848 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2022 оны 09 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шар ням овогт А.................ны Б...............х, Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Гучин-Ус суманд 1986 оны 3 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ........................................

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч А.Б...............х нь Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдөр бусдын биед халдлаа гэх шалтгаанаар хохирогч Г.Г.............рийн нүүрэн тус газарт гараараа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, баруун нүдний дотор булан хэсэгт цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцрал, баруун тохой, зүүн бугалганы цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч А.Б...............х нь 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ......................... байрны голд “Soko” хүнсний дэлгүүрийн хойно байрлах нэг давхар объектод үйл ажиллагаа явуулахаар тохижилтын ажлыг найз Хүрэлсумын хамт хийж байжээ. Энэ үед гаднаас Г.Г.............рь, П...................т нар ирж тухайн газар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна. Ийнхүү согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа А.Б...............х нь Г.Г.............рийг найз Хүрэлсумыг цохисон гэх шалтгаанаар маргалдаж улмаар биед нь халдан хамар ясны хугарал, баруун нүдний дотор булан хэсэгт цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцрал, баруун тохой, зүүн бугалганы цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал

- Хохирогч Г.Г.............рийн

Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байх 6-р байрны хажууд нэг давхар объектод өөрийн багш болох бурханч лам П...................ттай уулзахаар 14 цагийн үед ирсэн. Тухайн үед манай багшийн хажууд Б...............х гэх лам нэг найзтайгаа байж байсан ба Б...............х лам багшид нэг шил архи гаргаж өгсөн. Бид 4 нөгөө архийг нь хувааж уугаад юм ярьж байгаад сүүлдээ үл ялих зүйлээс болж маргалдаад би Б...............хтой муудалцсан... Тэгэхээр нь би нөгөө хүнд хандаж олон хүүхэдтэй байж архи битгий уу, ингэж архи уугаад яваад байвал удахгүй үхнэ гэж хэлээд хацар рүү нь нэг удаа алгадсан чинь хажуугаас Б...............х лам найзыгаа өмөөрөөд над руу дайраад хэл амаар доромжлоод миний баруун нүд рүү гараараа нэг удаа цохиход нь би газар унасан. Тэгсэн миний цээж рүү хөлөөрөө нэг удаа хэвлий давсаг хэсэг рүү 2 удаа өшиглөөд тэгээд манай багш П...................т салгаад нөгөө ламыг гаргасан. Тэгсэн чинь буцаж орж ирээд миний толгой руу гараараа нэг удаа цохиод дахиад өшиглөх гэж оролдсон. Тэгээд би босож ирээд би чамайг ахдаа хэлнэ, цагдаад өгнө гэсэн чинь тэг, өг чи гээд хэл амаар доромжлоод байсан...миний баруун нүд хөхөрсөн, цээж хэвлий хөндүүртэй, шээхэд давсгаар хатгуулж байна. Толгой бас хөндүүртэй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дахь тал),

- Гэрч Б..Э.......................р.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г.Г.............рь залгаад уйлаад ахаа намайг хүн зодчихлоо гэхээр нь би Г.Г.............рийг хаана байгаа газрыг нь асуухад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр 5 шарын хойно 8 дугаар байрны хажууд хүрээд ир гэхээр нь би гэрээсээ гарч дүү Г.Г.............рийн зааж өгсөн газарт очиход Г.Г.............рь уйлсан багш гэх П...................т нь тайвшруулсан байдалтай байж байсан. Тэгэхээр нь би дүү Г.Г.............риас юу болсон талаар асуухад Багшийн шавь Б...............х миний нүүр рүү гараараа цохиж хөлөөрөө гэдэс рүү өшиглөсөн баг байгаагүй байсан бол намайг алах байсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал),

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 3579 дугаартай дүгнэлт:

“Хэсэг газрын үзлэгт: Баруун нүдний дотор булан хэсэгт бүдэг хөх өнгийн зурвас цус хуралттай, хамрын нурууны баруун талын уг хэсгээр бага зэрэг овойж хавдсан, тэмтрэхэд бага зэрэг эмзэглэлтэй. Баруун тохойн гадна булан хэсэгт 3.5х3см, зүүн бугалганы гадна дунд хэсэгт 1.8х1.8см дугуй хэлбэртэй бүдэг ногоон өнгийн цус хуралттай. Биед өөр ил харагдах гэмтэлгүй.

2022.02.28-ны өдрийн Мед траума эмнэлгийн Толгойн КТГ-д: ...шинэ цус хуралт болон эзлэхүүнт бүтцийн эмгэг өөрчлөлтгүй. Тархины бор баг цагаан эдийн ялгарал хэвийн...суурь болон гавлын ясанд хугаралгүй...хамрын баруун хажуу хана 1 мм орчим ялимгүй зөрүү бүхий хугаралтай, хамрын таславч бага зэрэг баруун тийш мурийлттай. Баруун нүдний эргэн тойрон болон хамрын баруун талын зөөлөн эдэд бага зэргийн хавантай...гэжээ.

1. Г.Г.............рийн биед хамар ясны хугарал, баруун нүдний дотор булан хэсэгт цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцрал, баруун тохой, зүүн бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алагдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч А.Б...............х нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

 

1.4.Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 3579 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч А.Б...............х нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр “хувийн таарамжгүй харилцааны улмаас” хохирогч Г.Г.............рийн эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч А.Б...............х нь хохирогч Г.Г.............рийг цохиж биед хамар ясны хугарал, баруун нүдний дотор булан хэсэгт цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцрал, баруун тохой, зүүн бугалганы цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч А.Б...............х нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Г.Г.............рь нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд баримтаар 285.000 төгрөгийг нэхэмжилснээс шүүгдэгч А.Б...............х нь хохирогчид ...............өгрөг төлж хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгч А.Б...............хыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...шүүгдэгч А.Б...............хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг...”

Шүүгдэгч А.Б...............х нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч А.Б...............х нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 66 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 30 дахь тал), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 64, 41 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Иймд улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгч А.Б...............хын анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал болон тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч А.Б...............ход торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

 

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2208 0097 30848 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шар ням овогт А.................ны Б...............хыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б...............хыг  600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б...............ход оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б...............х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.МӨНХЗУЛ