| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2016/0331/И |
| Дугаар | 475 |
| Огноо | 2016-07-08 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 475
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ, Архангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 2 дугаар баг оршин суух, ВС67032115 регистрийн дугаартай, Загал овогт Базарсадын Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6-12-5 тоотод оршин суух ВЭ75020709 регистрийн дугаартай, Боржигон овогт Амгалангийн Байгалмаад холбогдох Худал гүжирдлэгийнхээ ор үндэсгүй, худал гэдгийг олон нийтэд хүргэж, нэр төр алдар хүндийг сэргээхийг даалгах, сэтгэл санааны хохирол 3.000.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Бат-Эрдэнэ, хариуцагч А.Байгалмаа, иргэдийн төлөөлөгч Б.Батгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Бат-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Баянхонгор аймгийн Шинэжинст сумын засаг дарга ажилтай Базарсад овогтой Бат-Эрдэнэ миний бие 2012 оны орон нутгийн сонгуулийн дүнгээр ардчилсан намаас Шинэжинст сумын Засаг даргын албан тушаалд томилогдон одоог хүртэл ажиллаж байна. Энэ хугацаанд сум орноо хөгжүүлэх ард түмнээ ая тухтай орчинд сэтгэл амгалан амьдрах боломжийг хангах, төрийн бодлогыг иргэдэд хүргэхэд бие сэтгэлээ зориулж ажиллаж байгаа гэж боддог. 2015 оны үндсэн чиглэлээ батлуулахаар уг хуралд төлөөлөгч Засаг даргын хувьд оролцсон бөгөөд хурлаар хэлэлцэх асуудлын дараалалд засаг даргыг огцруулах тухай асуудлыг Монгол ардын намаас оруулж байгаа талаар танилцуулав. Огцруулах асуудлын утга нь Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нийгмийн бодлогын ажилтнаар ажиллаж байгаад төрийн албаны шалгалтанд удаа дараа тэнцээгүйн улмаас аймгийн төрийн албаны зөвлөлийн албан бичгийн дагуу ажпаасаа халагдсан Амгалан овогтой Байгалмаад ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн гэсэн үндэслэлээр огцруулах санал оруулж байгаа хэмээн тайлбарласан билээ. Энэ асуудлыг тус сумын Засаг даргаар 8 жил ажилласан О.Бямбатогоо санаачлан Байгалмаад Чамайг Бат-Эрдэнийг огцруулбал ажилд чинь эгүүлэн тавиулна, сургуульд явуулж өгнө, төлбөрийг чинь даана.. гэх мэтээр ятгаж удаа дараа А.Байгалмаатай уулзаж ятгаж байсан талаар А.Байгалмаагийн садан төрлийн ах н.Жаргалсайхан нь надтай нэг анги учраас энэ талаар надад хэлж байсан. Мөн Хурлын нарийн бичгийн дарга н.Цэнгэлмаа нь гэртээ А.Байгалмаа болон ажилдаа тэнцэхгүй иргэдээс удаа дараа мөнгө авч хувьдаа завшсан нь Цагдаагийгийн байгууллагын шалгалтаар тогтоогдож ажлаасаа халагдсан н.Гансүх нарыг дуудан аваачиж Б.Бат- Эрдэнийг огцруулвал буцааж ажилд авах, мөн албан тушаалуудыг хувааж засаг даргаар Ганбатыг, хурлын даргаар Энхтөрийг, орлогч даргаар Мөнгөнтулгыг гэх мэтээр албан тушаал хуваарилж байсныг Байгалмаа надад өөрөө утсаар хэлж байсан болно.
Баянхонгор аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн албан тоотыг үндэслэн миний бие нь 2014 оны 09 сарын 01-ний өдөр 75 дугаартай захирамж гарган А.Байгалмааг ажлаас нь чөлөөлсөн. Уг шийдвэрийг А.Байгалмаа эс зөвшөөрч Захиргааны хэргийн анхан шатны 3 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Захиргааны хэргийн шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжпэгч А.Байгалмаагийн гаргасан Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 26 дугаартай тушаалыг хүчингүй болгож, А.Байгалмааг өмнө эрхэлж байсан ажил болох Шинэжинст сумын нийгмийн хөгжлийн ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, мөн тус сумын Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 75 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж 2015 оны 03 сарын 02-ны өдрийн 5 дугаартай шийдвэрийг гаргасан. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр А.Байгалмаагийн нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учир дараагийн алхам буюу цагдаагийн байгууллагад Баянхонгор аймгийн Шинэжинст сумын засаг дарга Б.Бат- Эрдэнэ нь 2013 оноос эхлэн удаа дараа хүч хэрэглэн хүчиндсэн гэсэн ор үндэсгүй, илт худал гүжирдлэгийг гаргасныг цагдаагийн байгууллага шалгаж прокурорын байгууллага хяналт тавьж ажилласан. А.Байгалмаагийн гаргасан гомдлыг шалгаад Баянхонгор аймгийн Прокурорын газрын 2015 оны 04 сарын 20-ны өдрийн 5/211 тоот хяналтын прокурор Д.Эрдэнэсоёлын эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоол гарч миний бие Б.Бат-Эрдэнийг А.Байгалмааг хүчиндээгүйг нотолсон албан тушаалтны шийдвэр гарсан. Дээрхи шийдвэрийг Баянхонгор аймгийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Одхүү хянаж үзээд мөн л А.Байгалмааг хүчиндээгүйг давхар тогтоож 2015 оны 05 сарын 01-ний өдрийн 61 тоот тогтоолыг гаргасан. Мөн дээрхи 2 прокурорын тогтоолуудыг хэргийн материалын хамт Улсын ерөнхий прокурорын туслах, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Е.Сагсай татан авч хянасан. Ингээд иргэн А.Байгалмааг Б.Бат-Эрдэнэ миний бие хүчиндээгүйг Прокурорын байгууллагаар 3 шат дамжлагтайгаар тогтоож, А.Байгалмааг ажлаас үндэслэлтэй халсан талаар Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарч Баянхонгор аймгийн Шинэжинст сумын засаг дарга миний бие хууль бус үйлдэл гаргаагүйг холбогдох хууль хяналтын байгууллага тогтоосон юм.
Гэтэл А.Байгалмаа нь холбогдох хууль хяналтын байгууллагын эцсийн шийдвэр гараагүй байхад ор үндэсгүй, илт худал гүжирдлэгээ Шинэжинст сумын иргэдийн төлөөлөгчийн хурал, сумын иргэд хөдөлмөрчтэй уулзах уулзалт ярилцлага, сумын иргэд хөдөлмөрч, Баянхонгор аймагт Хүний Эрхийн Комиссын Дарга Бямбадоржоор ахлуулсан ажпын хэсэг ирж иргэдтэй уулзсан уулзалтан дээр, Авилгатай тэмцэх газар, Хүний эрхийн комисс, Баянхонгор аймгийн засаг дарга Д.Жаргалсайхан, Баянхонгор аймгийн иргэдийн хурлын дарга Д.Ширмэн, Баянхонгор аймгийн хууль зүйн хэлтэс, сумын ИТХ зэрэг бүх байгууллагуудад болон олон нийтэд ор үндэсгүй, илт худал гүжирдлэгээ ярьж бичиж Баянхонгор аймгийн Шинэжинст сумын засаг дарга Б.Бат- Эрдэнэ гэгч хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн мэтээр хүнд гэмт хэрэгт холбогдуулан гүтгэж Баянхонгор аймгийн Шинэжинст сумын засаг дарга хүний нэр хүнд, алдар хүндийг Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж болох Шинэжинст сумын хэмжээнд төдийгүй Баянхонгор аймагт ор үндэсгүй худал гүжирдлэгээ тараасан билээ.
Ор үндэсгүй, илт худал гүжирдлэгийг олон нийтэд тараах болсон гол шалтгаан нь Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нийгмийн бодлогын ажилтнаар ажиллаж байгаад төрийн албаны шалгалтанд удаа дараа тэнцээгүйн улмаас Баянхонгор аймгийн төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2014 оны 05 сарын 30-ны өдрийн 91, 2014 оны 07 сарын 03-ны өдрийн 123 тоот албан бичгүүдийн дагуу А.Байгалмааг ажлаас нь халсанд өс санаж дээр дурдсан хүмүүстэй үгсэн хуйвалдаж сумын засаг дарга хүний нэр хүндийг унагах, сумын засаг даргын ажлаас огцруулах зорилготой байсан нь илт байна.
Уг худал гүжирдлэгийн улмаас би ажил албаа хэвийн явуулахад хүндрэл учруулж сум орныхоо иргэдийн эрх ашиг, хөгжил дэвшлийн төлөө чадах чинээгээрээ зүтгэж байсан надад хүнд цохилт болж, иргэд сонгогчид гэмт хэрэгтэн мэтээр ойлгогдож, хувь хүний нэр хүнд намын нэр хүндийг давхар унагаасан явдал болсон бөгөөд ард иргэдийн дунд Б.Бат-Эрдэнэ А.Байгалмааг ажлын байран дээрээ хүчиндсэн гэнээ гэсэн яриа гарч хүний нүүр харж чадахгүйд хүрч, энэ хэргийг эцэслэн шийдвэрлэтэл сэтгэл санааны хүнд дарамтад байсан. Түүнчлэн миний ойр дотны найз нөхөд төрсөн ах дүү нар ч хүнд байдалтай байсан. Монгол улсын засаг захиргааны нэгж болсон Баянхонгор аймгийн Шинэжинст сумын ард иргэдийн дунд сумынх нь Засаг дарга хүн хүчиндсэн гэсэн яриаг хүн болгон ярьж байснаас үзэхэд дээрх худал гүжирдлэг сумын нийт иргэд болон аймгийн төвийн иргэд, найз нөхөд, ах дүү хамаатан садан зэрэг маш олон хүнд тарж сумын засаг даргын хувьд нэр хүнд хэрхэн унасан нь ойлгомжтой.
Мөн хөрөнгө мөнгө идсэн хэмээн олон гүтгэлгийн баримт бэлдэж тэр бүгдийг Сангийн Яам, Засгийн газрын 11:11 дугаарт гомдол гаргаж Аймгийн Аудитын байгууллагаар шалгуулсан боловч хөрөнгө мөнгө шамшигдуулсан зүйл гараагүй шударга үнэнээр ажиллаж байгааг баталсан.
Иймд А.Байгалмаад Баянхонгор аймгийн Шинэжинст сумын иргэд хөдөлмөрчидтэй хийх уулзалт, сумын иргэдийн хуралд, Баянхонгор аймгийн төрийн албан хаагчдын хурал цуглаан дээр Баянхонгор аймгийн Шинжинст сумын засаг дарга Б.Бат-Эрдэнэ ажпын байран дээрээ хүчиндсэн гэсэн гүжирдлэгийнхээ ор үндэсгүй, худал гэдгийг олон нийтэд хүргэж, нэр төр, алдар хүндийг сэргээхийг даалгах, сэтгэл санааны хохиролд 3.000.000 төгрөгийг А.Байгалмаагаас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлээ дэмжиж байна. А.Байгалмаа нь намайг тус сумын Засаг дарга болсны дараа ажилд орох хүсэлт гаргасны дагуу ажилд авсан. Төрийн албаны шалгалтанд тэнцээгүй учир түр ажлын байранд авч ажиллуулсан. Ингээд төрийн албаны шалгалтанд А.Байгалмаа тэнцээгүй, 2-3 удаа шалгалтанд орж тэнцээгүй юм. Төрийн албаны зөвлөлөөс шалгалтанд тэнцээгүй хүнийг ажиллуулахгүй байх чиглэл, албан бичиг ирсэн. Ингээд Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг зөрчиж болохгүй тул ажлаас чөлөөлсөн. А.Байгалмаа нь ажлаас чөлөөлсөн шийдвэрийг эс зөвшөөрч аймгийн Засаг дарга болон шүүхэд хандсан. Шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон юм. Гэтэл А.Байгалмаа нь шүүхийн шийдвэр хууль бусаар гарсан, та нар нөлөөлсөн гэж хэлээд Цагдаагийн байгууллагад хандана гэсэн, Цагдаагийн байгууллагад хандахдаа Засаг дарга бэлгийн дарамт үзүүлсэн..гэсэн үндэслэлээр хандсан юм. Хэрэв бусдад хүчиндүүлсэн бол тухайн үедээ цаг хугацаа өнгөрөөгүй байхад хандах ёстой байсан. Гэтэл тэгээгүй, улмаар шат шатны дээд байгууллагад намайг бусдыг хүчиндсэн мэтээр гомдол гаргаж шалгуулсан боловч бүх шатны газар нь намайг буруугүй болохыг тогтоосон. Тэгээд надад өшиглөж гомдон намайг сумын ИТХ-ын даргад өргөдөл гарган Засаг даргаас огцруулах асуудлаар хандсан байсан. Мөн Хүний эрхийн үндэсний комисст хандан төрийн албаны шалгалтанд тэнцээд ажлаасаа халагдсан мэтээр гомдол гаргасан байна. Тэгээд төрийн албаны шалгалт өгөөгүй нь тогтоогдож Бямбадорж дарга хэрэгсээгүй юм. Мөн намайг төсвийн хөрөнгө зориулалт бусаар зарцуулсан, хөрөнгө мөн ашигаж шамшигдуулсан мэтээр олон байгууллага албан тушаалтанд хандаж байсан. Тэгэхээр бол энэ хүний гаргаж байсан гомдол санал бол бүгд худлаа юм. Нас биенд хүрсэн хүмүүсийн хувьд бид бэлгийн харьцаатай байсан нь үнэн. Ажлаас халагдсандаа өширхөж ийм байдлаар надад хандаж байна гэж ойлгож байна. Олон нийтийн хурал цуглаан дээр Засаг дарга нь ажлын байран дээр бэлгийн дарамт үзүүлдэг, намын шугамаар хүнийг ажилд авч, ажлаас чөлөөлдөг гэж ярьсан байсан. Гансүх гэж манай цагдаагаар ажиллаж байгаад ажлаас халагдсан нөхөртэй тохиролцож Гансүхээр өргөдөл бичүүлж сумын ИТХ-д намайг ажлаас халуулах талаар хандаж байсан. Цагдаа прокурорын байгууллагаас намайг А.Байгалмааг хүчиндсэн эсэх, бэлгийн дарамт үзүүлсэн эсэхийг шалгаад эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан юм. Намайг ажлын байран дээр бэлгийн дарамт үзүүлдэг, хүчин хийдэг хүн гэсэн мэдээлэл сум орон нутаг, олон нийтийн дунд их тарсан, цахим орчинд хүртэл мэдээлэл гарсан. Би одоо Шинэжинст сумын Засаг даргын албан тушаалыг хашиж байна. Энэ хүн эрх нь зөрчигдсөн бол тэр зөрчигдсөн эрхийн талаар төрийн байгууллага албан тушаалтанд гаргах эрх нь байгаа, гэтэл энэ хүн миний сум орон нутагт хийсэн ажил, арга хэмжээг бүгдийг үгүйсгэж, харлуулах чиглэлээр гомдол санал гаргаж намайг ажлаа хийж чаддаггүй, хариуцлагагүй этгээд гэсэн ойлголт төрүүлж намайг ажилгүй болгох зорилготой хандаж байсан гэж ойлгож байна. Би сэтгэл санааны хохирол 3.000.000 төгрөгийг өөрийн бодож байгаагаар тооцож гаргасан, ер нь бол энэ хүний тараасан худал мэдээлэл, гүтгэлгээс болж хохирсон хохирлын хувьд бага мөнгө гэж үзэж байна. Худал мэдээлэл тараасан байгууллага албан тушаалтны өмнө худал мэдээлэл тараасан гэдгээ хүлээхийг А.Байгалмаад даалгах ёстой гэж үзэж байна..гэжээ.
Хариуцагч А.Байгалмаа шүүхэд гаргасан тайлбартаа:
Засаг дарга Б.Бат-Эрдэнийг миний зүгээс нэр төрд нь халдсан зүйл байхгүй. Миний гаргасан гомдолд Б.Батэрдэнэ нь манай хамаатны ах Г.Жаргалсайхантай үгсэж хуйвалдан хэргийг нуун дарагдуулсан. Баянхонгор аймгийн засаг дарга Д.Жаргалсайханд миний бие гомдол гаргасны дагуу хариуд нь сумын ИТХ-д гомдол гаргах эрхтэй гэсний дагуу миний бие гомдол гаргасан бөгөөд засаг дарга байсан н.Бямбатогоогийн ятгалгаар нэр төрд нь халдсан хэрэг биш юм. Мөн Хүний эрхийн үндэсний комисст миний бие гомдол гаргасан бөгөөд хэргийг татан авч хянаагүй байна гэсэн хариуг ХЭҮК-ын мэргэжилтнээс авсан. Баянхонгор аймгийн Аудитын газраас хөндлөнгийн аудит явуулж гарсан зөрчлийн баримтыг үндэслэн Авлигтай тэмцэх газарт гомдол гаргаж шалгуулсан. Уг хэргийн улмаас миний бие доромжлол гүтгэлэг амсаж сэтгэл санааны хохирол их амсаж байгаа боловч хуулийн хүрээнд үнэн зөв шударга шийдвэр гарна гэдэгт итгэж байна..гэжээ.
Хариуцагч А.Байгалмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би анх ажилд орох үедээ засаг дарга Б.Бат-Эрдэнийн нэрийг ч мэддэггүй байсан. Ингээд ах Жаргалсайханы хэлснээр сум орон нутагтаа очиж ажиллая гээд хүсэлт гаргаж ажилд орсон. Ажлаа хийж байх хугацаанд би ажлаа зохих ёсоор хийж чадахгүй ажил цалгардуулдаг асуудал гаргаагүй. Намайг ажиллах хугацаанд миний гар утсанд энэ хүнээс явуулсан бэлгийн дарамт үзүүлсэн мессеж бичсэн нь тодорхой байдаг. Анх 2014 оны 09 сард аймгийн Засаг даргад анх гомдол гаргасан. Энэ үндэслэл нь миний ажлын байранд сонгон шалгаруулалт зарласан зар гаргасны дагуу би аймгийн Засаг даргад өргөдөл гаргасан. Ингээд аймгийн ЗД-ын ХЗХ-ийн дарга Баярмаа надад хариу өгөхдөө тухайн сумын ИТХ-д хандах эрхтэй гэсэн хариу өгсөн. Намайг ажилд орсноос хойш Бүх ирсэн бичиг баримтаа засаг дарга надад танилцуулж цохолт хийлгэж бай.. гэснээр өөрөө цохолт хийдэг байсан. Улмаар ажлын байрандаа орой үдэш дуудаж бэлгийн дарамт үзүүлдэг байсан. Би Б.Бат-Эрдэнэтэй холбоотой бэлгийн дарамт үзүүлсэн асуудлыг хөндлөнгийн хүмүүст огт хэлж байгаагүй, харин хууль хяналт, төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудад энэ асуудлаа эрхээ хамгаалах зорилгоор хандаж байсан. Ажлын өрөөндөө дуудаад хананд шахаж байгаад доромжилдог байсан. Намайг ажлаас халах үед сумын ЗДТГ-ын дарга Улаанбаатар хотод амралтаа авсан байхад дуудаад миний тушаалыг гаргуулж байсан. Би тэр үеэр амралтаа авсан байсан. Би энэ хүний нэр төрийг гутаан доромжлох зорилгоор сум олон нийт, хурал цуглаан дээр худал мэдээ мэдээлэл тараасан зүйл байхгүй. Сумын ИТХ-д энэ хүний ажил үүрэг, хувийн байдалтай холбоотой гомдлыг гаргасан. Надад хариу өгөөгүй. Төрийн албан хаагчидтай уулзах уулзалтын талаар би мэдэхгүй, ийм хурал болоогүй. Харин ХЭҮК-ын дарга нь Баянхонгор аймгийн иргэдтэй уулзах уулзалтан дээр Б.Бат-Эрдэнэ нь төсвийн хөрөнгө мөнгийг ашиглан шамшигдуулж ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа талаар ярьсан. Харин сумын ард иргэдэд худал мэдээ мэдээлэл тараасан зүйл огт байхгүй. Би энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй харин миний нэр төр энэ хүнээс болж их унасан тул нэр төрөө сэргээлгэх болно..гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч А.Байгалмаад холбогдуулан Худал гүжирдлэгийнхээ ор үндэсгүй, худал гэдгийг олон нийтэд хүргэж, нэр төр алдар хүндийг сэргээхийг даалгах, сэтгэл санааны хохирол 3.000.000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Б.Бат-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлагыг доорхи үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. Учир нь:
Нэхэмжлэгч Б.Бат-Эрдэнэ нь хариуцагч А.Байгалмаад холбогдуулан Худал гүжирдлэгийнхээ ор үндэсгүй, худал гэдгийг олон нийтэд хүргэж, нэр төр алдар хүндийг сэргээхийг даалгах, сэтгэл санааны хохирол 3.000.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч А.Байгалмаа хүлээн зөвшөөрөөгүй байна.
А.Байгалмаа нь Шинэжинст сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 33 дугаар тушаалаар Шинэжинст сумын нийгмийн хөгжлийн ажилтнаар томилогдож тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн 26 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байна.
Нэхэмжлэгч Б.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд А.Байгалмаа нь Б.Бат-Эрдэнэ намайг хүчиндсэн гэж өргөдөл гаргаж энэ асуудал 2014 оны 12 сарын 18-нд хуралдсан сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал дээр яригдаж миний нэр төрийг унагаасан гэж тайлбарлаж байна.
Хариуцагч А.Байгалмаа нь Шинэжинст сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Ганбатад гаргасан өргөдөлдөө Б.Бат-Эрдэнэ нь ажлын байран дээр хүч хэрэглэн ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн гэж дурдсан бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн 2014 оны 12 сарын 18-ны өдрийн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит хуралдааны хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд А.Байгалмаагийн гаргасан өргөдлийг хэлэлцэхээр заагаагүй, мөн хавтаст хэргийн 8-11-р хуудсанд авагдсан баримтанд А.Байгалмаагийн гаргасан Бат-Эрдэнэ нь ажлын байран дээр хүч хэрэглэн ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн гэх өргөдлийг хэлэлцсэн талаар бичигдээгүй байх тул А.Байгалмааг Шинэжинст сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралдааны үед Б.Бат-Эрдэний нэр төрийг гутаасан мэдээ тараасан гэх үйлдэл тогтоогдохгүй байна гэж үзнэ.
Түүнчлэн нэхэмжлэгч нь А.Байгалмааг Баянхонгор аймгийн Шинэжинст сумын иргэд хөдөлмөрчидтэй хийх уулзалт, Баянхонгор аймгийн төрийн албан хаагчдын хурал цуглаан дээр ажлын байран дээрээ хүчиндсэн гэж өөрийг нь гүжирдсэн гэж нэхэмжлэлдээ бичсэн байх боловч хариуцагч А.Байгалмаа дээрх хурал цуглаан дээр Б.Бат-Эрдэний нэр төрийг гутаасан үйлдэл хийсэн гэх талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч нотлох баримтаар нотолж чадаагүй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12-т иргэн төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байхаар заасан ба иргэн энэхүү эрхээ хэрэгжүүлж холбогдох байгууллага, албан тушаалтанд гомдол гаргасныг нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан гэж үзэх боломжгүй юм.
А.Байгалмаа нь Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт хандан Шинэжинст сумын Засаг дарга Б.Бат-Эрдэнэ нь 2013 оны 12 дугаар сар, 2014 оны эхээр, 2014 оны 05 саруудад өөрийг нь хүч хэрэглэн хүчиндсэн тухай гомдол гаргасныг шалгаад Баянхонгор аймгийн прокурорын газрын 2015 оны 04 сарын 20-ны өдөр 5/211 дүгээр прокурорын тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцохгүй гэж заасан ба Б.Бат-Эрдэнэд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн Прокурорын тогтоолыг үндэслэн хариуцагч А.Байгалмааг нэхэмжлэгчийг гүжирдсэн гэж үзэх боломжгүй.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Б.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй А.Байгалмаад холбогдох Худал гүжирдлэгийнхээ ор үндэсгүй, худал гэдгийг олон нийтэд хүргэж, нэр төр алдар хүндийг сэргээхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Хариуцагч А.Байгалмаагийн нэхэмжлэгч Б.Бат-Эрдэний нэр төр алдар хүндийг гутаасан мэдээ тараасан үйлдэл нь нотлогдоогүй үндэслэлээр нэр төр алдар хүндийг сэргээх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа тул нэр төр гутааснаас учирсан хохирол үүсэхгүй.Иймд гэм хорын хохирол 3.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.2-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй хариуцагч А.Байгалмаад холбогдох Худал гүжирдлэгийнхээ ор үндэсгүй, худал гэдгийг олон нийтэд хүргэж, нэр төр алдар хүндийг сэргээхийг даалгах, сэтгэл санааны хохирол 3.000.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 ийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62950 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээж
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ
ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА
Б.БОЛОР-ЭРДЭНЭ